A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4337/

Үүнийг хэрэгжүүлбэл зээлийн хүү гарцаагүй буурна!

Үүнийг хэрэгжүүлбэл зээлийн хүү гарцаагүй буурна!
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4337/
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 32.7 хувьтай тэнцэж байна. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага 17.0 хувийг “муу нэртэй, луу данстай” банкууд санал болгож байна
  • Уул уурхайн компаниудын өөрийн хөрөнгийн өгөөжийн түвшин 35 хувиас буурдаггүй, дунджаар 60-70 хувийн өгөөжтэй бол активын өгөөжийн үзүүлэлтээр АНУ-ын JP Morgan Chase банк 1.15 хувиар топ банкуудыг тэргүүлж байна
  • 2017 онд 3.1 тэрбум ам.долларын валютын нөөцтэй манай улс дөрвөн тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авсан
  • Нүүрсээр баян, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой  
  • Санхүүгийн тогтворгүй байдал, санхүүгийн хямралын үед ашигладаг Төв банкны гол хэрэгсэл бол Төв банкнаас олгодог санхүүжилт юм
  • Гүрж улс татварын реформ хийснээр нэгдсэн төсвийнх нь татварын орлого 2003 онд 469 сая ам.доллар байсан бол 2007 онд 2.2 тэрбум ам.долларт хүрч, татварын орлого нь 4.7 дахин буюу 470 хувиар өсжээ

Энэхүү нийтлэлийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бүх хүнд зориулав

Б.Мэдрээ Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч, Худалдаа, Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч

Зээлийн хүүг буулгахыг шаардсан “эх орончид”-ын дүрийг ирэх саруудад Та олноор харна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Сонгуулийн тов ойртохын хэрээр арилжааны банкууд руу давшлагчдын дуу хоолой дийлдэхээ больж, зээлийн хүүг хүчээр буулгахыг шаардсан сайн дурын уран сайханчдын хийрхэл хэрээс хэтрэх магадлалтай. 

Зээлийн хүүг бууруулах нь шинэ цагийн ардчилсан монголчуудын мөнхийн хүлээлт байсаар ирлээ. Гэвч саарал ордны зөөлөн суудал горилогчид энэ амин чухал асуудлыг ажил хэрэгчээр шийдэх бус овжиноор ашиглан, улс төрийн оноо авах мөнхийн сэдэв болгож байгаа нь харамсалтай. Ер нь улстөрчдийн хуурамч амлалт, мэргэжлийн бус сонирхогчдын хоосон цэцэрхлийг хойш нь тавиад яг бодит амьдрал дээр зээлийн хүүг бууруулах боломж бий юу? Монголын банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй хүний хувиар үнэнийг хэлэхэд зээлийн хүүг бууруулах боломж бий. Гол нь үүнийг хүчээр шийдэх гэж муйхарлаж, түр зуурын шинжтэй аргаар тарамдах бус ул суурьтай, шинжлэх ухааны үн дэслэлтэй, бодлоготой, далайцтай, тууштай хэрэгжүүлэх нь чухал юм. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос зээлийн хүү хэт өндөр байсан (Зээлийн хүү 1993 онд жилийн 300 хувь байсан) бөгөөд Төв банк, төр засаг, арилжааны банкууд сүүлийн 30 орчим жил бууруулсаар өнөөгийн жилийн 17.0 хувийн түвшинд хүргээд буй юм. Гэхдээ зээлийн хүү өнөө хэр хоёр оронтой тоогоор хэмжигдэж байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр түвшин юм. 

"Муу нэр, луу данстай" арилжааны банкууд 

Монголд зээлийн хүү өндөр буйд банкуудыг буруутгах нь цөөнгүй. Хүмүүс хүсэн хүлээж буй зүйлийг нь ярихад амархан итгэдэг. Хүмүүсийн олонх нь асуудлын голыг олохыг чармайдаггүй. Үүний нэг тод жишээ бол арилжааны банкууд зээлийн хүүг хүчээр өндөр тогтоож, иргэдийг хүүлж, хэтэвчээ түнтийлгэж байна хэмээн зарим нэгэн чичилдэг. Тэгвэл бодит байдал дээр арилжааны банкууд тийм их ашиг олж байна уу? 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар арилжааны 14 банк нийт 96.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол харин “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулсан. Мөн 2017 онд арилжааны банкууд нийт 241 тэрбум төгрөгийн ашиг олсон бол ганцхан “Эрдэнэс Тавантолгой” үүнээс хэд дахин их ашигтай ажилласан байна. Банкууд нийгмийн зарим хэсгийн ойлгодог шиг их хэмжээний ашиг олдоггүй нь ойлгомжтой боллоо. Гэтэл өнөөгийн нийгэмд арилжааны банкуудыг өндөр ашиг олдог, шулаач, мөлжигч, луйварчин, мөнгө хүүлэгч хэмээн буруутган, чичилсээр. Тэгвэл яагаад зээлийн хүү өндөр байна вэ? 

Зээлийн хүүг банк тогтоодоггүй!

Арилжааны банкны зээлийн хүү үндсэндээ дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, хүүгийн зардлаа тооцдог. Үүнд, хадгаламж эзэмшигчдэд тооцож буй хүүгийн зардлаас гадна харилцагчдад тооцож буй хүүгийн зардал багтана. Мөн арилжааны банкууд дулаан, цахилгааны мөнгө, тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэг үйл ажиллагааны зардлаа нэмнэ. Үүнээс гадна, эрсдэлийн нэмэгдэл гэж бий. Зээл авсан иргэн зээлээ бүрэн төлөхгүй байх явдал дэлхийн аль ч банкинд тохиолддог. Тиймээс арилжааны банк эрсдэлийн сан байгуулдаг. Эцэст нь, цэвэр ашгийг нэмснээр зээлийн хүү тогтдог учиртай. 1990-ээд оны эхээр инфляц 300 гаруй хувь, зээлийн сарын хүү 25 гаруй хувьтай байсан. Үүнийг бууруулахаар банкууд л ажилласаар 1998 онд төгрөгийн зээлийн хүү жилийн 45.8, валютын зээлийн хүү жилийн 34.2 хувьтай болгож байсныг тайлан баримтаас харж болно. Энэ үед хууль гараагүй, төр ч дэмжээгүй, банкуудыг ч шахаагүй. Харин банкууд өөрсдөө л зээлийн хүүг бууруулсаар өдгөө 2019 оны II улирлын байдлаар төгрөгийн зээлийн хүү жилийн 17.0, валютынх 10.3 хувьтай байгааг Төв банкны тайлангаас харж болно. 2008 оноос валютын хадгаламжийн статистикийг тооцож эхлэхэд төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13.6, валютын хадгаламжийнх 7.4 хувьтай байсан. 2019 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13.5, валютынх 4.2 хувьд хүрээд байна. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчдэдээ төлдөг хүү нь банкуудын нийт зардлын 60 орчим хувийг бүр дүүлдэг хамгийн том зардал юм. 

Зээл олгогч нараас арилжааны банкны зээлийн хүү хамгийн өндөр нь үү?

Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, даатгал, банк гэсэн гурван тулгууртай ч сүүлийн 30 орчим жил ачааны хүндийг зөвхөн Монголын арилжааны банкууд үүрч ирлээ. Монгол Улсад таван субьект зээл олгох эрхтэй. Иргэний хуулиар Иргэд1 хоорондоо зээл олгох эрхтэй бол байгууллагын түвшинд Арилжааны банк2, Хадгаламж зээлийн хоршоо3, Банк бус санхүүгийн байгууллага4, Ломбард5 зээлийн үйлчилгээ үзүүлж болно. Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.0 (17.0-30.0%) хувьтай байгааг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны II улирлын тайлангаар Хадгаламж зээлийн хоршооны жигнэсэн дундаж зээлийн хүү жилийн 34.8 (30,0- 40%), Банк бус санхүүгийн байгууллагынх 37.2 (24.0-40.0%), Ломбардынх 42.0 (36.0-60.0) хувьтай байна. Албан мэдээлэлд үндэслэн тооцоход санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 32.7 хувьтай тэнцэж байна. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага 17.0 хувийг “муу нэртэй, луу данстай” банкууд санал болгож байна.

Монголын банкууд дэлхийн түвшнээс илүү өндөр ашиг олдог уу?

Дэлхийн банкны 2017 оны тайлангаар Монгол Улс (20.01 хувь) дэлхийн 200-гаад орноос зээлийн хүүгийн түвшнээрээ их буюу аравт, татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжид төлж буй хүүгийн түвшнээрээ дэлхийд долдугаарт жагсжээ. Зээлийн хүүгийн түвшинг банкуудын ашигтай холбодог. Монголын банкууд үнэхээр их хэмжээний ашиг олоод байна уу гэдгийг бусад орны банкуудтай харьцуулахад ашигт ажиллагаа нь хэр байгааг тооцоо судалгаа, баримттай тооцъё. Дэлхий даяар банкуудын ашигт ажиллагааг ROE (Return on eguity) буюу өөрийн хөрөнгийн өгөөж, ROA (Return on assets) буюу активын өгөөжөөр хэмждэг. Эхлээд дэлхийн эхний топ зургаан банкны ашигт ажиллагааг харцгаая. Өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хятадын Construction Bank Сorporation банк 14.76 хувиар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн өгөөжөөр толгой цохиж буй том банкны өгөөжийн түвшин 15 хувьд ч хүрэхгүй байгаа бол хамгийн бага нь Японы Mitsubushi банк 8.43 хувьтай байна. Гэтэл уул уурхайн компаниудын өөрийн хөрөнгийн өгөөжийн түвшин 35 хувиас буурдаггүй, дунджаар 60-70 хувийн өгөөжтэй байдаг. Тэгвэл активын өгөөжийн үзүүлэлтээр АНУ-ын JP Morgan Chase банк 1.15 хувиар топ банкуудыг тэргүүлж буй бол Японы Mitsubushi банкных 0.43 хувьтай нь багад тооцогдож байна. Дэлхийн тэргүүлэх банкууд ийм дүр зурагтай байгаа бол Монгол Улстай хөгжлийн түвшин ойролцоо гэгдэж буй улсуудын банкны үзүүлэлтийг харцгаая. Активын өгөөжөөр хамгийн өндөр нь 2.80 хувьтай Беларусийн Alfa банк байгаа бол Коста Рикагийн Banco de Costa Rica банк хамгийн бага буюу 0.34 хувьтай байна. Монголын томоохон компаниудаас “Тавантолгой” компанийн активын өгөөж хамгийн өндөр буюу 33.38, өөрийн хөрөнгийн өгөөж нь 58.9 хувьтай байна. Гэтэл иргэдийг шулж, их ашиг олдог хэмээн чичлүүлдэг Монголын банкны системийн өгөөж хэд дахин доогуур. Тухайлбал, Худалдаа, хөгжлийн банкны активын өгөөж 0.27 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж нь 2.11 хувьтай. Тэгэхээр Монголын банкууд их ашиг олж бусдыг шулдаг гэх хардлага худлаа болж таарч байна. Хэр хэмжээний мөнгө эргэлдүүлж нэг төгрөгийн ашиг олсноор нь банкны салбарыг мөн дүгнэдэг. Монголын банкууд 2018 онд 33.1 их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлээд 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. 2017 онд ч арилжааны 14 банк 28.7 их наяд төгрөг эргэлдүүлээд 241.9 тэрбум төгрөгийн (ам.долларт шилжүүлбэл, 109 сая ам.доллар) ашигтай ажилласан байна. 2006-2017 онд Монгол Улсын банкны системийн өөрийн хөрөнгийн өгөөж 7.9 хувьтай байхад манай улстай орлогын түвшин ижил гэгддэг орнуудынх 14.6 хувьтай байв. Монголын банкуудын өгөөжийн түвшин олон улстай харьцуулахад бараг хоёр дахин бага байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, банкны эзэн өөрийн хөрөнгөөрөө банк ажиллуулаад 7.9 хувийн өгөөж хүртэхийн оронд мөнгөө хадгаламж болгосон бол дунджаар 13.5 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг. Санхүүгийн бодит тооцоолол, аудитаар баталгаажсан тайлан үнэнийг ийн өгүүлж байна. 

"Үнэнг гутлаа өмсөх зуур худал уул давдаг"

Зээл хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хөтөлсөн нь маргашгүй үнэн. АНУ-ын автомашины агуу зохион бүтээгч Генри Форд зохион бүтээсэн автомашинаа цөөхөн хэдэн баян хөрөнгөтөнд борлуулж байсныг нь JP Morgan тэргүүтэй банк санхүүжүүлсний үр дүнд автомашиныг хүн бүрийн унаа болгосон. Цаад агуулгаараа банк дэмжиж, үүнийг банкирууд хийсэн. Өнөөдөр сэтгэгч, зохион бүтээгчдийн санааг нэвтрүүлсэн гар утас, хөргөгч, компьютер, зурагт зэрэг бүтээгдэхүүн нийтийн хэрэглээ болсон. Энэ бүхнийг хэн санхүүжүүлсэн бэ? Банк болон банкирууд биш гэж үү. Банкирууд залхуу, худалч бус хөдөлмөрч, үнэнч, авьяаслаг хүмүүсийг дэмжиж, орлого, эрсдэлийг нь тооцсоны үндсэн дээр санхүүжилт олгодог. Ингэснээр хөгжил, дэвшил, ахиц бий болдог. Үүнийг эдийн засгийн өсөлт гэж бид нэрлээд байгаа юм. Хүн төрөлхтөнд, дэлхий нийтэд өгч буй банкны өгөөж маш өндөр. Тухайлбал, Худалдаа, хөгжлийн банкны зээлээр “Говь” компани, “Монос” групп, “Могол” ноос, “Оргио” тахиа, “Шар доктор”, “Янмал” оймсны үйлдвэр, олон арван орон сууц, оффисын байр гээд дурдаад байвал олон дотоодын баялаг бүтээгчийг санхүүжүүлсэн. Эдгээр бизнес эрхлэгч баялаг бүтээж, олон мянган ажлын байр бий болгож, төсөвт татвараа төлж байна. Одоо зээлийн хүүг бууруулахад юуг хийх ёстой тухай өөрийн санал бодлоо хуваалцъя.

Төгрөгийн дархлааг хамгаалах нь 

Зээлийн хүүг бууруулахын тулд нэн тэргүүнд монгол төгрөгийн үнэ цэнийг ярихаас өөр аргагүй болно. Тэгвэл монгол төгрөгийн өнгийг юу тодорхойлдог вэ? Валютын орох, гарах урсгалын тэнцвэр алдагдсанаас ам.долларын ханш чангарч, түүнтэй харьцах төгрөгийн үнэ цэнэ буурч байна. Иймд, Монгол улсад валютын ханшийн тогтвортой байдал болон валютын орох, гарах урсгалын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах шаардлагатай. Зээлийн хүү өндөр байгаа нь бодлогын хүү, инфляциас ч илүү ам.долларын эсрэг төгрөгийн дархлаатай холбоотой. Монгол Улс 1993 оноос төгрөг, ам.долларын хослолыг тооцож эхэлсэн. Тухайн үед нэг ам.доллар 396.51 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин 1994 онд нэг ам.доллар 414.09 төгрөг, 1999 онд 1072.37 төгрөг болтлоо өссөн. 2015 онд “ногоон”-ы ханшийн эсрэг төгрөг 1995.51, 2016 онд 2489.53 нэгжид хүрсэн бол 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэг ам.доллар 2734.33 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл социализмын үед буюу 1989 онд нэг ам.доллар тогтмол ханштай буюу ердөө хоёр төгрөг 99 мөнгө байлаа. Монгол Улс тухайн үед өнөөгийнх шиг их хэмжээний бараа, үйлчилгээ импортолдоггүй, социалист орнуудтай шилжих рублиэр худалдаа хийж, балансаа гаргадаг байлаа. Үүнээс үзэхэд, сүүлийн 30 орчим жилийн турш Монгол Улс тасралтгүй төгрөгийн ханшийг гадаад валютын эсрэг алджээ. Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал ганхахад хүргэж буй гадаад валютын нөөцийг дотооддоо боломжит хэмжээнд хуримтлуулах нь чухал. Төв банк болон холбогдох байгууллагын тайлан мэдээллээс харахад Монгол Улс 2016 онд 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй атлаа гурван тэрбум ам.долларын импорт хийсэн байна. 2017 онд 3.1 тэрбум ам.долларын валютын нөөцтэй манай улс дөрвөн тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алдагдал байнга хүлээж, дараа жилийнхээ нөөцийг түрүүлээд “идэж” ирсэн гэсэн үг. Монгол Улс валютын орох, гарах урсгалд тасралтгүй алдагдал хүлээсээр ирсэн нь ам.доллар ховордож, төгрөг үнэгүйдэх шалтгаан болж буй. Бид жилд 3.0-4.0 тэрбум гаруй ам.доллар буюу Монголбанкны дансан дахь валютын албан нөөцийг бүгдийг нь импортын бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж байна. Бид валютын орох, гарах урсгалыг хянаж зохицуулсан цагт зээлийн хүүг жинхэнэ утгаар нь бууруулж чадна.

Монгол Улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал

Монгол Улс бүтээгч, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэгч орон болохгүйгээр үүнийг шийдэх боломжгүй. Үүний тулд хүнд аж үйлдвэр буюу суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал. Хилийн чанад руу урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээхэд, 

Нэгдүгээрт: Цахилгаан станц барьж, цахилгаанаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хэрэгтэй. Одоогоор Монгол Улс өмнөд болон хойд хөршөөсөө эрчим хүч худалдан авч, их хэмжээний валютын урсгалыг гадаадад алдаж байна. Ялангуяа, уул уурхайн “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниуд БНХАУ-аас импортолсон цахилгаан эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсээр баян, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Ингэснээр цахилгаан худалдан авахад зарцуулдаг ам.долларыг дотооддоо валютын нөөц болгон үлдээнэ. Хоёрдугаарт: Газрын тосны нөөцтэй цөөн орны нэг болох манай улс нефтиэ өөрсдөө бушуухан нэрдэг болмоор байна. Монгол Улс одоогоор шатах тослох бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авдаг, шатахуунаас хараат, нэг ёсондоо колони улс болсон нь үнэн. Бид түлш, шатахуунд жилд 1.5 тэрбум гаруй ам.доллар алддаг. Иймд, энэ ажлыг цаг алдалгүй түргэвчлэх учиртай. Гуравдугаарт: Шил, шилэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Шилний үйлдвэргүй учраас зөвхөн архи, пивоны шил импортлоход жилд 200 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Шилний хэрэгцээ үүгээр дуусахгүй бөгөөд хотын төвд сүндэрлэж буй шилэн барилгуудын гадна, дотно фасадаас эхлээд цонхны шил, жимсний чанамал, өргөст хэмхийн шил, шилэн эдлэл гээд энэ төрлийн бүтээгдэхүүнд хэдий хэмжээний валют гадаад руу урсаж буй бол? Гэтэл шилэнд сая саяар нь “ногоон” алддаг Монгол Улс шилний үндсэн түүхий эд болох цахиурын нөөцтэй орон. Дөрөвдүгээрт: Өдгөө түүхийгээр нь шахуу гадаадад гаргаж буй зэсээ боловсруулах нь зээлийн хүүг бууруулах бодит алхам. Зэс зэвэрдэггүй, эвдэрч гэмтдэггүй эд учраас Энэтхэгийн Шинэ Дэлигийн баячуудын хороололд цэвэр, бохир усны хоолойг хүртэл зэсээр хийж амьдрал ахуйдаа хэрэглэсээр ... Өдгөө урд хөрш рүү түүхийгээр нь импортолж буй зэсийн баяжмалыг нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон экспортын орлогыг өсгөснөөр валютын гаднаас орох нөөцийг бас нэмэгдүүлнэ. Тавдугаарт: Дээд зэргийн ган хайлах үйлдвэр бидэнд хэрэгтэй. Монгол шиг жижиг зах зээлд хүнд аж үйлдвэр зохимжгүй гэж зарим эдийн засагч үздэг нь хоцрогдсон ойлголт. Ган хайлах бага чадлын үйлдвэр байгуулаад ашигтай ажиллуулж болно. АНУ-д “Нукор” нэртэй дээд зэргийн гангийн жижиг үйлдвэрийн сүлжээ ийм загвараар ажиллаж байна. Гэтэл төмрийн хүдрийн арвин нөөцтэй монголчууд өнөө хэр дээд зэргийн чанартай ган хайлж чадахгүй, арматур төдийхөн л хийгээд сууж байгаа нь харамсалтай. Монголын валютын нөөцийг хилийн чанад руу урсгадаг импортын бүтээгдэхүүнийг орлох энэ таван үйлдвэрийг эх орондоо байгуулсан цагт төгрөгийн ханшийг хамгаалж, бас чангаруулж чадна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Аж үйлдвэрийн яам тусад нь байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна “хос төмөр зам” барих хэрэгтэй. Сүхбаатар хотоос Замын Үүд хүртэл хос төмөр зам барихаас гадна уул уурхайн түүхий эд зөөх “экспортын төмөр зам” тавих шаардлагатай. Автомашинаар нүүрс, төмрийн хүдэр зөөхөд өртөг зардал өндөртэй. Энэ төмөр замыг нарийн, бүдүүн цариг гэж цэц булаалдахын оронд “Экспортын төмөр зам” гэж эергээр нэрлэж болно. Эдгээр арга зам, алхам бол макро түвшний буюу төрийн оролцоо шаардсан ажил. Төр бодлогоо гарган, хувийн хэвшилтэй хамтран ажиллавал зээлийн хүүг гарцаагүй нэг оронтой тоонд оруулж чадна. 

Банкны систем гар доороо зохицуулж болох алхамууд...

Дээрхээс гадна банкны систем гар доороо зохицуулж, зээлийн хүүг бууруулахад түлхэц өгөх хэд хэдэн арга зам бий. Нэгдүгээрт: Монголд 730-аад хууль хэрэгжиж буйн 55 хуулинд нь банкны салбартай холбоотой зүйл заалт агуулагддаг. Эдгээр хуулийн цөөнгүй нь банкны өртөг зардлыг нэмэгдүүлсэн зүйл заалт чамгүй багтаасан байдаг. Нэг ёсондоо, популист улстөрч-гишүүд банкуудыг өндөр ашигтай гэж хялайн-нүд үзүүрлэж, хуулиар дөнгөлж, чангатгаж, өртөг зардлыг нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт: Эдгээр хуулийг дагасан 70 орчим дүрэм, журам, зааврууд мөн банкуудыг чангалсан, өртөг зардлыг нэмэгдүүлдэг. Үүнийг заавал засаж өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар бол банк нь салбар, тооцооны төв шинээр байгуулахад хураамж төлөх ёсгүй байдаг. Учир нь банкны нэгж нь тухайн байгууллагын нэг хэсэг учраас нэгдсэн байдлаар тайлан баланс нь тооцогдож татвараа төлдөг. Гэтэл Монголбанк “Нэгжийн тухай журам” баталж, түүнд нь хэрэв банк шинэ салбар байгуулбал гурван сая төгрөгийн хураамжийг Монголбанкинд төлөхөөр заасан байдаг. Энэ мэт шимтгэл, хураамж банкны өртөг зардлыг өсгөдөг. Гуравдугаарт: Карт уншигч машинуудыг цэгцлэх. Монголд нэг дэлгүүрт ороод бараа худалдан авахад банк тус бүр карт унших машинтай. Харин бусад оронд карт унших ганцхан машинтай, бүх банкны картыг уншиж, орсон мөнгө банкуудад нь программын кодоор ангилагддаг. Гэтэл банкууд тэр ПОС машиныг нь худалдан авна, суурилуулна, боловсон хүчнээ сургана, засна, цаасаар нь хангана. Энэ бүхэн давхардсан зардал болдог. Уул нь, ПОС машин чинь дэлгүүрийн кассын машин. Тэгэхээр дэлгүүрийн өмч байх ёстой. Банкны өмч яавч биш. АТМ ч ялгаагүй. Нэг дэлгүүрт 4-5 банкны АТМ байна. Үүнийг бас төгрөгөөр цэнэглэнэ. Харуул хамгаалалтаас эхлээд мөнгө цэнэглэх хүн, засварчин-инженер цалинжуулна. Үүнийг дагасан хамгаалалт, унаа шатахууны зардал бас гарна. Бусад улсын Төв банкны тухай хуулийн эрх үүрэгт арилжааны банкууд дэд бүтцээ өргөжүүлэхэд нь Төв банк нь үүнийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Банкууд дундаа процессэнгийн төв байгуулж, нэг ПОС машинтай байж яагаад болохгүй гэж. Арилжааны банкууд хоорондоо хэл амаа ололцохгүй байж болох ч хуулиар зохицуулж болно. Хэрэв Монгол банкны тухай хуульд нэг заалт оруулаад, банкуудын дэд бүтцийг цэгцлэх ажлыг Төв банк санаачлан зохион байгуулна гэж заасан байхад арилжааны банкууд “мэдлээ, гүйцэтгэе л” гэж хэлнэ.

Ухаан зарвал хийх арга заавал олдоно

Дээр дурдсан арга замуудыг үе шаттай хэрэгжүүлж, тууштай, тогтвортой үргэлжлүүлэхэд төр засаг, Төв банкны оролцоо чухлаас чухал. Угтаа зээлийн хүү бага байх нь банкинд ч ашигтай. Учир нь банкны эрсдэл буурч, муу болон чанаргүй зээл багасна. Хадгаламж эзэмшигчдийнхээ л мөнгийг зээлдүүлдэг банкны салбарын зээлийн эргэн төлөлт сайн байснаар хадгаламж эзэмшигчдэд мөнгөө илүү найдвартай өгч чадна. Мөн бизнес тэлж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн тоо, хөрөнгө нэмэгдэнэ. Хүү өндөр байх нь хамгийн түрүүнд иргэд, зээлдэгчдэд дарамт болдог. Тэгэхээр аль аль талынх нь ашиг сонирхол зээлийн хүүг бууруулах цэг дээр нийлж байна.

Төв банкны зорилгыг өөрчлөх шаардлагатай

Төв банк нь санхүү, мөнгөний тогтолцоог хөгжүүлэхэд чиглүүлэгч болсноос гадна эдийн засгийн бодлогод гол үүрэг гүйцэтгэдэг. Төв банкны гол зорилго нь юу вэ? Эн түрүүн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад зорилгыг нь чиглүүлэх. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, хүчтэй савалгаа, хямрал, хүндрэлээс сэргийлж, инфляцыг нам доогуур түвшинд тогтвортой барих ёстой гэсэн үг. Энэ бол Төв банкны эдийн засгийн үүрэг. Төв банкны өөр нэг үүрэг зорилго бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах. Төв банкууд санхүүгийн системийн ажиллагааг хэвийн байлгах, ялангуяа, санхүүгийн тогтворгүй байдал, хямралаас урьдчилан сэргийлэх, болзошгүй сөрөг нөлөөг бууруулахыг зорин ажилладаг. 

Эдгээр зорилгыг биелүүлэхэд төв банкуудад ямар арга хэрэгсэл байдаг вэ?

Хоёр төрлийн хэрэгсэл бий. Эдийн засгийн тогтвортой байдал талаас нь авч үзвэл гол хэрэгсэл нь мөнгөний бодлого. Жишээлбэл, Төв банкууд богино хугацаатай хүүгээ өсгөж, бууруулдаг. Нээлттэй зах зээлээс үнэт цаас худалдаж авах, эсвэл борлуулах замаар үүнийг хэрэгжүүлнэ. Ихэвчлэн эдийн засгийн өсөлт хэт удааширсан, эсвэл инфляц хэт нам доогуур түвшинд хүрсэн тохиолдолд Төв банкууд бодлогын хүүгээ бууруулах, өсгөх замаар эдийн засгийг идэвхжүүлэх, халалтаас сэргийлэх арга хэмжээ авдаг. Хүү бага байснаар эрэлт, худалдан авалт нэмэгдэж, эдийн засагт хийх хөрөнгө оруулалт өснө. Эдгээр нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлдэг. Хэрэв эдийн засаг хэт хурдтай өсөж, инфляц асуудал болсон бол Төв банкны авдаг ердийн арга хэмжээ нь бодлогын хүүгээ өсгөх. Банкуудад богино хугацаанд мөнгө зээлэхдээ авдаг овернайт хүү (нэг хоногийн хугацаатай банк хоорондын зээлийн хүү). Жишээлбэл, Төв банк бодлогын хүүг өсгөснөөр банкны системд хүү нэмэгдэнэ. Энэ нь орон сууц, автомашин худалдан авалт, хөрөнгө оруулахад шаардлагатай зээлийн хүүг өсгөх замаар хэт халсан эдийн засагт ирэх дарамтыг хөнгөлдөг. Санхүүгийн тогтворгүй байдал, санхүүгийн хямралын үед ашигладаг Төв банкны гол хэрэгсэл бол Төв банкнаас олгодог санхүүжилт юм. Санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд Төв банкуудын хийж чадах нэг зүйл бол санхүүгийн байгууллагуудад олгодог богино хугацаатай зээл байдаг. Өөрөөр хэлбэл, тогтворгүй байдал болон хямралын үед санхүүгийн байгууллагуудад богино хугацаатай зээл олгосноор тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, улмаар зах зээлд үүссэн тогтворгүй байдлыг намжаахад тус болдог. Төв банкийг ийм үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаар нь “авралын буюу эцсийн ганц зээлдүүлэгч” гэх нь ч бий. Ихэнх Төв банкны хувьд гурав дахь хэрэгсэл нь санхүүгийн зохицуулалт болон хяналт юм. Төв банкууд хүндрэлд орсон банкуудад авралын ганц зээлдүүлэгч болох үүргээ 2008 оны хямрал болтол сайн ойлгоогүй байсан. 

Уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгсэлийг төв банкны тухай хуульд тусгаж өгвөл цаг үетэйгээ хөл нийлүүлнэ гэсэн үг

Дэлхийн санхүү, эдийн засгийн 2008-2010 оны хямралаар Төв банкууд санхүүгийн зах зээл дэх тогтворгүй байдлыг удирдахын тулд хөрвөх чадвараар банкуудыг хангаж, чухал хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд АНУ-ын Төв банк, Европын Төв банк, Английн Төв банкууд санхүүгийн байгууллагуудад богино хугацаатай, хөрвөх чадвар өндөртэй, санхүүгийн хэрэгсэл нийлүүлж, санхүүжилтийн дутагдлыг хааж байсан. Хөрөнгө, мөнгөний дутагдалтай байгаа санхүүгийн байгууллагуудад санхүүжилт олгох замаар зах зээлийг тайвшруулах, бүх төрлийн санхүүгийн байгууллагын хөрвөх чадварыг сайжруулах, зээл олгох олон өөр төрлийн тусгай хөтөлбөрүүдийг санаачилж, хэрэгжүүлсэн. Жишээлбэл, TARP (Troubled Asset Relief Program) буюу хүндрэлд орсон активуудыг худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлсэн. АНУ-ын Засгийн газар түр хугацаагаар зарим банкны активыг худалдан авч, эзэмшигчийн байр сууринд очсон. 2010 оны 12 дугаар сар гэхэд АНУ-ын Төв банк буюу Холбооны Нөөцийн Банк (ХНБ)-наас хямралын үед нийт 21 мянган зээл олгосон. Энэ 21 мянган зээлээс ганц нь ч төлбөрөө хоцроогоогүй буюу дефолт зарлаагүй. Зээл нэг бүр эргэн төлөгдсөн. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго ашиг олно гэхээсээ илүү санхүүгийн системийг тогтворжуулахад оршиж байсан ч эцсийн эцэст татвар төлөгчид хожсон. Дэлхийн олон орны Төв Банкуудын 2008-2010 оны хямралын үед ашигласан үндсэн хэрэгслийг “их хэмжээний актив худалдан авалт” гэдэг. Энэ нь олон нийтэд “Бонд худалдан авах хөтөлбөр” буюу QE (quantitative easing) гэдгээр танигдсан. Үүнийг эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн Тоон үзүүлэлтээр хөнгөвчлөх буюу мөнгөний зөөлөн бодлого гэж ч хэлж болно. 

Энэ хөтөлбөр ямар зарчмаар хэрэгжсэн бэ?

Урт хугацааны хүүд нөлөөлөхийн тулд Төв банкууд үнэт цаас болон Засгийн газрын дэмжлэгтэй байгууллагуудын моргейжийн зээлтэй холбоотой үнэт цаасыг их хэмжээгээр худалдан авсан. Урт хугацааны хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд түлхэц өгсөн. Мөн Урт хугацааны дахин санхүүжүүлэх хөтөлбөр, Хүчинтэй хугацааг сунгах хөтөлбөр, Хугацаатай дуудлага худалдааны хөтөлбөр, Арилжааны Векселийн санхүүжилтийн хэрэгсэлийн хөтөлбөр, Тэг хувийн хүүгийн бодлого зэрэг хөтөлбөрүүдийг зэрэгцэн хэрэгжүүлсэн. Санхүүгийн хямрал хүн төрөлхтнийг үргэлж дагалдана, хэзээ ч алга болохгүй. Эдийн засгийн болон Санхүүгийн хямрал, сэргэлтийг гэтлэн давахын тулд манай Төв банк буюу Монголбанкинд уламжлалт бус мөнгөний бодлогыг хуулинд нь заавал тусгаж өгөх шаардлагатай. Үнийн тогтвортой байдлыг хангах гэсэн зорилгыг Төв банкны тухай хуульд тусгаж өгөх нь “байг” оносон зорилго болно, одоогийн төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн зорилгыг хэнбуйгай ч хэрэгжүүлж чадахгүй. Ажилгүйдлийг бууруулах нь Төв банкны үндсэн зорилгын нэг яах аргагүй мөн. Үүнийг ч бас Төв банкны зорилгод тусгаж өгөх шаардлагатай. 

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-тай яаж харилцах вэ?

ОУВС нь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход дэлхий дахины хэмжээнд хамтын үйл ажиллагаа шаардлагатай гэсэн итгэл үнэмшлээр байгуулагдсан. ОУВС-д Ядуурлыг хэрхэх тухай ямар бодлого явуулах ёстой вэ гэдэг талаарх бодлого байдаггүй. ОУВС-гийн зорилт нь дэлхий дахины эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал бөгөөд хөгжиж байгаа орнуудын ядуурлыг бууруулах асуудал биш юм. Харин энэ байгууллага богино хугацаатай санхүүгийн тусламж үзүүлж байгаа орнуудынхаа хөгжлийн дотоод асуудалд оролцсоор л. Аливаа нэгэн улс хямралд орчихсон байхад ОУВС-гийн хэрэгжүүлсэн программ, олгосон хөрөнгө мөнгө байдлыг тогтворжуулж чадахгүй байснаар барахгүй олонх тохиолдолд нөхцөл байдлыг, тэр тусмаа ядуу хүмүүсийн байдлыг үнэндээ улам дордуулж байсаар ирсэн. ОУВС-гийн бодлого олон оронд өлсгөлөн, бослого үймээн гарахад хүргэсэн. ОУВС огт тохирохгүй нөхцөл байдалд ч өөрийнхөө бодлогоо хүчээр тулган явуулдаг бөгөөд бусдын үгийг сонсдоггүй байгууллага гэдгийг Нобелийн эдийн засгийн шагналт, эдийн засгийн ухааны доктор, профессор, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны эдийн засгийн зөвлөх Ж.Стиглиц хэлсэн. Тиймээс өөрийн орны хөгжлийн онцлог, байр суурийг баттай хамгаалж харилцах нь зүйд нийцнэ. 

Зээлийн хүүг бууруулахад инфдяцыг яах вэ?

Хариулт нь гэвэл инфляцыг аль болохоор тогтвортой нам түвшинд байлгах. Инфляц урт хугацаанд нам дор байснаар, эдийн засаг илүү тогтворжиж, энэ нь эдийн засгийн эрүүл өсөлт, бүтээмж болон эдийн засгийн идэвхийг дэмждэг. Тиймээс инфляц доогуур түвшинд хадгалагдах нь эерэг зүйл. Мөнгөний бодлогын нэрт эдийн засагч Милтон Фридман “Хаана мөнгө байна, тэнд инфляц байдаг” гэж хэлсэн. Инфляц бол анхаарах чухал асуудал, энэ нь үнийн тогтвортой байдалд үргэлж анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг юм. Гэхдээ ажилгүйдэл ба эдийн засгийн өсөлт адилхан чухал гэдгийг макро эдийн засгийн хүрээнд байнга хэрэгжүүлж байх зүйл мөн. АНУ-ын Төв банкны Ерөнхийлөгч асан Бернанке хэлэхдээ ерөнхийдөө инфляц хоёр хувьтай байх нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Ихэнх Төв банкны инфляцын зорилтот түвшнийг харвал хоёр, эсвэл 1-3 хувийн хооронд хэлбэлздэг. 

Зээлийн хүүг бууруулахад татварын бодлогод өөрчлөлт оруулах талаад 

Монгол улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад ч тэр, зээлийн хүүг бууруулахад ч тэр, татварын эрх зүйн тааламжтай, тодорхой, бизнесийг дэмжсэн орчин бүрэлдүүлэх нь нэн чухал билээ. Банк, санхүүгийн байгууллагаас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан өрийн бичиг-бондын хүүг татвараас чөлөөлөх, зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээл төлүүлэх санхүүгийн үйл ажиллагаанд НӨАТ болон үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар ногдуулахгүй байх, мөн төлбөрийн картын төлбөр тооцоог өргөн дэлгэр нэвтрүүлэхэд нэгдсэн нэг ПОС-Терминалыг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагыг үндэслэн Татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм. Арилжааны банк нь зээлийн барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 1.5 сая хүртэл төгрөг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад хоёр хувь татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгийн 0.6-1.0 хувиар тооцож үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх зэргээр зардал гарч байна. Тэгэхээр иргэн зээл авахаар хоёр өрөө орон сууцаа барьцаалсан тохиолдолд банкны нягтлан бодох бүртгэлийн балансад уг хөрөнгө банкны өмчлөх бусад хөрөнгө болж, банкны балансын гадна бүртгэгддэг. Иргэн зээлээ төлсөн тохиолдолд байраа буцаагаад авдаг. Гэтэл арилжааны банкууд барьцаанд авсан учраас үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг арилжааны банкууд төлдөг. Энэ нь нэмэлт зардал гардаг учраас банкууд үүнийг зээлийн хүүдээ шингээдэг гэх мэт олон жишээ дурдаж болно. Ийм байдлаас үүдэн банкууд барьцаа хөрөнгөө өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэхгүй байх, бусдын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах гэх мэт далд эдийн засаг бий болгох, нөгөөтэйгүүр энэ татварын зардлуудыг зээлдэгчид үүрүүлэх, ингэснээр зээлийн хүү өсөх гэх мэт сөрөг үр дагавруудыг үүсгэх магадлал өндөрсөх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зохих нэмэлтийг оруулах шаардлагатай байна. 2004 онд Гүрж улс татварын хуулиа үндсээр нь өөрчилж, татварын 22 төрөл байсныг зургаа хүртэл цөөрүүлж, хувь хэмжээг нь бууруулсан. Энэхүү татварын реформыг Гүрж улс хийснээр нэгдсэн төсвийнх нь татварын орлого 2003 онд 469 сая ам.доллар байсан бол 2007 онд 2.2 тэрбум ам.долларт хүрч, татварын орлого нь 4.7 дахин буюу 470 хувиар өсжээ. Гүрж улсад 2007 онд бүртгэгдсэн татвар төлөгчдийн тоо 2004 оныхоос 86 хувиар өссөн байна. Ингэж Гүрж улс өөрийн жишээгээр, Татварын орлого нь түүний хувь хэмжээнээс хамаардаг буюу татварын хувь хэмжээг бууруулбал, далд бизнес ил гарч, төсвийн орлого нэмэгддэг гэдэг онолыг үндэслэгчдийн нэг Америкийн эдийн засагч Лаффер (эдийн засагчид “Лафферын-муруй” гэдэг)-ын онолын үйлчлэлийн зүй тогтлыг дэлхий дахинаа батлан харуулав. 2009 оны Forbes сэтгүүлийн Tax Misery Index (“Татварын мангаа”) чансаагаар Гүрж улс нь татварын дарамт багатай улсуудаас Катар, Арабын Нэгдсэн Эмират, Хонконгийн дараа дөрөвдүгээр байрт оржээ. Гэтэл Монгол Улсад 2018 оны байдлаар татварын 51 төрөл байгаа бөгөөд тэдгээрийн хувь хэмжээ нь 0-40 хувийн хооронд байна. 2015 оноос 2018 оны хооронд манай улсын татвар төлөгчдийн тоо өсөх биш эсрэгээрээ 0.17 хувиар буурчээ. Хэдийгээр татварын орлого 2.73 их наяд төгрөгөөс 4.75 их наяд төгрөг болж 74 хувиар өссөн ч энэ нь жилд ердөө 18.4 хувиар татварын орлого өсөж байна гэсэн үг юм. Дээрх тоон үзүүлэлтүүдээс үзэхэд Монгол Улс татварын дарамт өндөртэй орны тоонд орж байгааг харуулж байна. Эцэст нь, Монгол Улс татвараа бүрэн хурааж авдаг тогтолцоотой болж, хангалттай хэмжээний мөнгөн хуримтлалттай болсноор төрөөс цалинждаг хүмүүсийн цалин орлого нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө.

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

A

Жижиг

A

Дунд

A

Том

Steppe Gold хүдэр боловсруулах үйлдвэрлэлээ эхэллээ

 0 сэтгэгдэл

Steppe Gold компани “Алтан цагаан овоо” ордын хүдэр боловсруулах үйлдвэрлэлээ эхэллээ. Тус компани тонн тутамдаа хоёр грамм алтны агуулгатай 533 мянган тонн хүдрийн чулуулгийг олборлож, овоолгон уусгах технологиор боловсруулж эхэлжээ. Алтны гарцын хувь нь 70 хувьтай байх тооцоотой. Одоогоор Steppe Gold компани ялган боловсруулах боломжтой 24 мянган унц алт бүрдээд байгаа юм. Нэг унц алтны ханш 1600 ам.доллар байна гэж тооцвол энэ нь 38 сая ам.долларын мөнгөн дүнтэй дүйцэж байна. Steppe Gold компани 2020 онд нийт 60 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. “Алтан цагаан овоо” ордоос бүрдүүлсэн эерэг бэлэн мөнгөний урсгалаа цаашид ил уурхайгаа өргөжүүлэх судалгаа болон боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхэд зориулахаар төлөвлөснөө тус компани мэдэгдлээ. “Бид Монголын санхүүгийн байгууллагууд болон хувь нийлүүлэгчдээсээ сайн дэмжлэг авч, хайгуул, хөгжүүлэлтээс олборлолт, үйлдвэрлэлийн шат руу шилжиж байгаадаа баяртай байна” гэж Steppe Gold-ийн гүйцэтгэх захирал Т.Батаа мэдэгджээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай “тоглох” вэ

 0 сэтгэгдэл
  • Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн амжилттай “тоглох” вэ
  • Хувьцаа худалдан авснаар тухайн компанийн эзэмшигч болж, жил бүр ногдол ашиг авах, хувьцаагаа өссөн үед нь арилжиж, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой

Сүүлийн жилүүдэд компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгох нь эрс нэмэгдсэн. Хувьцаа арилжиж, тэрбумтан болсон хүмүүс ч цөөнгүй. Гэвч бодит байдал дээр иргэдийн дийлэнх нь хөрөнгийн зах зээлийн мэдлэггүйн улмаас санхүүгийн хохирол амсах нь түгээмэл байдаг. Тиймээс уншигчдадаа зориулж хувьцаа худалдан авахдаа анхаарах зүйлсийг бэлтгэлээ. 

Хувьцаа ба бондын ялгаа

Хөрөнгийн зах зээлд бонд болон хувьцаа гэсэн санхүүгийн үндсэн хоёр хэрэгслийг арилжаалдаг. Хувьцаа урт хугацаанд үр өгөөжөө өгдөг бол бонд тодорхой хугацаанд тогтмол хүүгийн орлого өгдөг. Та хувьцаа худалдан авснаар тухайн компанийн эзэмшигч болж, жил бүр ногдол ашиг авах, хувьцаагаа өссөн үед нь арилжиж, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой. Хувьцааг дотор нь энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж ангилдаг. Энгийн хувьцаа эзэмшигч ханшийн зөрүүнээс ашиг олдог. Харин тухайн компани ногдол ашиг хуваарилах бодлого баримталж байгаа бол энгийн хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөж тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Давуу эрхтэй хувьцаа өрийн хэрэгсэлтэй адил тогтмол орлоготой байх ба энгийн хувьцаанаас ялгаатай нь компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Харин бонд худалдан авах нь тухайн компанид та зээлдүүлэгч болж буй хэрэг бөгөөд хүүгийн орлогоор ашиг олдог.

Сонголт

Бирж дээр хувьцаанууд харилцан адилгүй үнээр зарагддаг бөгөөд тухайн үнийн дүн нь зах зээлийн бодит үнэлгээ мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, томоохон компанийн нэг ширхэг хувьцаа 200 мянган төгрөг байхад өөр компанийн хувьцаа 500 төгрөг байх жишээтэй. Хувьцааг зах зээлийн үнээс бага эсвэл ихээр үнэлэх нь түгээмэл бөгөөд үүнийг санхүүгийн суурь шинжилгээгээр тодорхойлдог.

Хэрхэн худалдан авах вэ

Хувьцаа эзэмшихийн тулд та Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниудаас сонголт хийж, дансаа нээлгэнэ. Ингэснээр өмч хөрөнгийн захиран зарцуулах эрх нээгдэж, арилжаа хийх боломжтой болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Билгүүн: Урт хугацаандаа зэсийн үнэ буурч магадгүй

 0 сэтгэгдэл
  • Манай бондын өгөөж харьцангуй өндөр тогтоно. Гэхдээ бид олон улсын хөрөнгийн зах зээлд бонд нэмж гаргах байдлаар санхүүжилт татах нөхцөл бүрдэх магадлал бий
  • Хятад хэр хэмжээний мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлэхээс хамаараад манай эрдсийн ирээдүй тодорхойлогдоно 

“Эдийн засаг хүндэрч, зайнаас ажиллах шаардлага тулгарч, үйлчилгээний газрууд зогсонги байдалд орсон энэ үед компани, ААН-үүдийг НДШ-ээс гурван сар ч болтугай чөлөөлж өгвөл том дэмжлэг болно” гэж MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн ярилаа. 

-Зах зээлд арилжаа хийдэг хүмүүс үнээ алдахгүйн тулд хошуурч байна. Зарим нь зах зээлийг орхиж байна. Монгол Улсын хэмжээнд үнэт цаасны зах зээлийг харахад “Мазаалай”, “Хуралдай” бондын хүү хэзээ ч байгаагүйгээр өсжээ. Яагаад ийм зүйл болоод байна вэ? 

-Хөрөнгө оруулагчид гэлтгүй дэлхий дахинаараа сэтгэл зүйн шоконд ороод байна. Сэтгэл зүйн шок хүмүүсийг сонин үйлдэл хийхэд хүргэдэг юм байна. Жишээлбэл, баруунд ариун цэврийн цаас хомсдлоо. Хэрвээ ариун цэврийн цаасыг америкчууд Хятадаас импортолж хэрэглэдэг байсан бол хомсдоно гэж бодож нөөцлөх нь зөв. Дундаж америк иргэн жилд 100 ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг гэж байгаа. Гэтэл тэр 100 ширхэг ариун цэврийн цаасных нь ердөө 10 хувийг л импортолдог. Хөрөнгө оруулагчдад ч гэсэн сэтгэл зүйн шок үүсээд байна. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг энгийн хүмүүс гаргаж байгаа. Харин хөрөнгө оруулагчид эрсдэлээс айж байна. Аль болохоор эрсдэлгүй байх, өсөх хөрөнгө рүү өнөөдөр шуурч эхэллээ. Зах зээлд зарим хөрөнгийн үнэ савлагаатай байгаа. Үүнийг эдийн засгийн суурь ухагдахууны талаас нь тайлбарлах боломжгүй болсон. 

-Монголын Засгийн газар ойрын хугацаанд бондоо эргүүлж төлөх ёстой. Үүнтэй холбоотойгоор дахиад бонд гаргах болов уу гэсэн хүлээлт байгаа байх. Гэтэл санхүүгийн зардал өслөө. Ингэснээр шинэ жишиг тогтох болов уу, эсвэл өмнөх түвшин рүүгээ буух уу? 

-Аливаа нэг тусгаар улсын бонд хоёр оронтой тооны өгөөжтэй байх тохиолдол урьд нь гарч байгаагүй. Магадгүй дампуурлын ирмэгт ирсэн улс орнуудад л харагддаг байсан үйл явдал байх. Манай бондын өгөөж харьцангуй өндөр тогтоно. Гэхдээ бид олон улсын хөрөнгийн зах зээлд бонд нэмж гаргах байдлаар санхүүжилт татах нөхцөл бүрдэх магадлал бий. Хөгжилтэй орнуудын төв банк дандаа мөнгө хэвлэж, дотоодын эдийн засгаа сэргээж байгаа. Манай улс бондын өгөөжийг илүү өндөр болгохын тулд хөгжсөн орнуудынхтай холих арга хэрэглэх нь зөв. 

-Уул уурхай Монголын эдийн засгийн гол салбар. Тэгэхээр богино хугацаанд нүүрсний орлогоо нөхөж чадах болов уу? 

-Богино хугацаанд нөхөх хэцүү. Нэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарыг дуустал хаачихлаа шүү дээ. Хоёр сарын экспортын орлогыг гүйцэж нөхнө гэдэг маш хэцүү асуудал. Гэхдээ урд хөршийн зах зээлд нүүрсний эрэлт байгаа болохоор экспорт гайгүй байх нь. Гэтэл 2020 оны дунд хугацааг харахаар зэсийн ханш унаад эхэллээ. Мөн кокосжих нүүрсний ханш унах вий гэсэн айдас байна. Дэлхийн эдийн засаг хоорондоо уялдаатай. БНХАУ-ын гаргаж буй бүтээгдэхүүнүүдийг Европын холбоо, Хойд Америкийн улсууд гээд хөгжингүй зах зээлтэй хэрэглэгчид авч байна. Гэвч хэрэглэгч улсуудад вирусийн тархалт нэмэгдэж, магадгүй 2-3 сараар сул зогсох нөхцөл байдал үүслээ. Энэ нь Хятадын компаниудад сөргөөр нөлөөлнө. Тиймээс урт хугацаандаа манай экспортын бүтээгдэхүүний үнэлгээ буурах магадлалтай. 

-Цаг үе хүндрэлтэй байгаа нөхцөлд нэг цонхны бодлого хэрэгтэй юу? 

-Мэдээж хэрэгтэй. Дотоодоосоо гарч байгаа хэмжээгээ ихэсгэхийн тулд нэг цонхны бодлого барих нь зөв. Энэ ч харагдаж байна. Хямралын үед нэг цул болж ажиллаж чадаж байгаа. Төр засаг нь үнэн зөв мэдээллийг цаг тухайд өгч байна. Иргэд төртэй хамтарч ажиллаж чадаж байгаа нь эндээс харагдлаа. Эрүүл мэндийн салбарт учрах эрсдэлийг тодорхой хэмжээгээр амжилттай давж байгаа туршлагыг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх боломжтой юм байна гэж харлаа. 

-Аж үйлдвэрийн салбар руу барууны гэлтгүй дэлхийн чадварлаг институттэй орнууд төсвийн болон хавсарсан бодлого хэрэгжүүлж байна. Мөнгөний бодлогоо зөөллөх, хэцүү байгаа салбараа зээлийн баталгаагаар дэмжиж байна. Харин манай төсвийн бодлого хэр оновчтой байна вэ? 

-Хэсэг эдийн засагч төсвийн зардлыг танах хэрэгтэй гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь төсвийн зардлыг нэмэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Миний хувьд богино хугацаанд төсвийг тэлэх шаардлагатай. Ингэхдээ урт хугацаанд өгөөжөө өгөх төслүүдэд хөрөнгө оруулах замаар тэлэх хэрэгтэй. Манай улсад нэг дутагдалтай зүйл бий. 2012 онд эдийн засгийн байдал хүндэрч эхлэх үед төсвийн бодлогоороо эдийн засгаа сэргээх гэж оролдсон. Ингэхдээ улс төрийн зорилт тавьж, импортыг орлох, эдийн засгийг төрөлжүүлэх салбар руу хөрөнгө оруулахаар “Чингис” бондоос санхүүжүүлсэн. Энэ буруу шийдвэр том өр авчирсан. Эдийн засагт ээлтэй зүйл болоогүй. 

-Төсвийг тэлэх бодлогыг аль салбар руу онилбол илүү үр дүнтэй вэ? 

-Мэдээж уул уурхай. Уул уурхай манай улсын тэргүүлэх салбар бөгөөд олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болгож буй шүү дээ. Тэгэхээр уул уурхайн салбарынхаа олборлогч компаниудыг дэмжихийн зэрэгцээ ханган нийлүүлэгчдийг нь мөн харж үзэх хэрэгтэй. Ингэснээр тэр ажлын байрыг хамгаалж үлдэнэ. 

-Уул уурхайн салбарын ажил лах хүчин одоогоор 50 мянга гаруй байна. Энэ нь бусад салбарынхаас бага тоо. Тэгэхээр бусад салбартаа нөлөөлж чадах болов уу? 

-Нөлөөлнө. Уул уурхайн салбар зогслоо гэхэд банк санхүүгийн салбар зогсох эрсдэлтэй. Бусад үйлчилгээний салбарт ч сөргөөр нөлөөлнө. Орлогын эх үүсвэр хаана байна гэдгийг онилох нь чухал. Хямралын үед манай бодлого баригчид прагматик байдлаар нөхцөл байдалд хандах хэрэгтэй. 

-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эрдэс баялгийн салбараас улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн дүнг харахад 2019 оны мөн үеийнхээс 10.6 хувиар буурсан байна. Төсвийн орлогын алдагдлыг нөхөх боломж бий юу? 

-Тийм боломж байхгүй. Мега төслүүдийг хийгээд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл боломжоор хангаж өгвөл давуу тал үүсэж магадгүй. Хөрөнгө оруулалтын чиглэлийн хэлцлүүд боломж авчирна. 

-Өвчнөөс үүдсэн эдийн засгийн хямрал үүслээ. Манай Засгийн газар юу хийвэл оновчтой бол? 

-Хөрвөх чадварын хямрал нүүрлээд байна. Манай улсын аж ахуйн нэгжүүдэд, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдэд ч тулгарч байгаа. Энэ эрсдэлээс гарахын тулд төв банк валют хэвлэж, зах зээлд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний үнэлгээ унана гэдэг хамгийн том эрсдэл. 

-Эрсдэлийг давах, бизнесийг дэмжихэд хэрэгжүүлж буй арга хэмжээнээс иргэд рүү юү, бизнесийнхэн рүү чиглэсэн нь оновчтой байна уу? 

-Манай бодлого баригчид, ялангуяа мөнгөний бодлого хэрэгжүүлэгчдээс иргэд рүүгээ ч, аж ахуйн нэгж рүүгээ ч чиглэсэн хөтөлбөрүүдийг ярьж байгаа. Гэхдээ асар ойлгомжгүй, иргэд, ААН яаж хөтөлбөрт хамрагдах нь тодорхойгүй байна. 

-Уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт татах боломж хэр харагдаж байна? 

-Хөрөнгийн зах зээл дээр бүх хувьцаа хэрхэн унаж байгааг бид харлаа. Дийлэнх хөрөнгө оруулагч тухайн салбар ямар байгаагаас нь хамаарч хамтарч ажилладаг. 2009-2012 он хүртэл Монгол руу хөрөнгө оруулбал өсдөг гэсэн ойлголттой байлаа. Хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй ингэж ажилладаг л даа. Шинжээчийн нүдээр харахад аль ч IPO, шинээр үнэт цаас гаргах асуудал өнөөгийн зах зээлд хүндрэлтэй. 

-Оюутолгой нэмэлт хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэж мэдэгдсэн. Гүний уурхай, Тавантолгойн цахилгаан станцад нэмэлт санхүүжилт шаардлагатай гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Нийлээд 4.5 тэрбум орчим төгрөг нэмж татах шаардлагатай гэхээр нь Rio Tinto-гийн хувьцааны ханшийг харлаа. Гэтэл ханш нь унаад 36 орчим ам.доллар болсон байна. Өнгөрсөн жилийнх нь ногдол ашигтай харьцуулаад үзэхээр өгөөж нь 10 хувь л байсан. Ингэж хоёр оронтой тоо руу орсон нөхцөлд ямар ч том компани хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулна гэдэг асар хүндрэлтэй. Нөгөө талаасаа манай улсад тулгарах бэрхшээлийг харж үзээд донор байгууллагууд санхүүжилтийг эрчимжүүлэх бодлого барьж болох юм. 

-Хятадаас хамаарал багатай өөр зах зээл рүү хуваарилах боломжтой юу? 

-Томоохон хөрөнгө оруулагчид Хятадтай ойрхон болохоор л Монгол руу хөрөнгө оруулдаг. Хүнд үйлдвэрлэлд ашигладаг эрдсийн бүтээгдэхүүнүүдийг БНХАУ руу зардаг. Дэлхийн хамгийн том хэрэглэгч урд хөрш хэвээрээ л байна. Цар тахлын хямралаас үүдээд шинэ хандлага гарч ирж болох юм. Урд хөрш өвчний тархалтыг харьцангуй хохирол багатай давж байна. Мөн Азийн улсууд нэг цул болж чаддагийг харууллаа. Энэ бол хямрал дууссаны дараа давуу тал болно. Хятад хэр хэмжээний мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлэхээс хамаараад манай эрдсийн ирээдүй тодорхойлогдоно. Хятад эдийн засгаа аврахын тулд шийдэмгий алхам хийдгийг хөрөнгө оруулагчид мэдэх учраас Монголд илүү найдлага тавьж магадгүй гэсэн хүлээлт байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ажлын байрыг хадгалж үлдэхийг улс орнууд урьтал болгож байна

 0 сэтгэгдэл
  • Нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг хойшлуулж, хувийн хэвшлийн алдагдлыг бага байлгах бүхий л арга замыг эрэлхийлэх болов

Коронавирусийн цар тахлын үед дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралтай тэмцэхийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаарх хоёр дахь цувралаа бид энэ удаа хүргэж байна. Уналт гүнзгийрэх нь улам тодорхой болж, зах зээлийн итгэл суларч эхэллээ. Бизнесүүд хаагдсанаар ажилгүйдэл тэлж, энэ нь бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болж байна. Ажлын байрыг хамгаалах арга хэмжээ цаг алдалгүй авахаа улс орны эрх баригчид мэдэгдэж, дэлхийн санхүүгийн ертөнцөд юу болж байгааг дор бүрнээ ажигласаар. Их гүрнүүд мөнгөний зөөлөн бодлого руу хэлбийж, төсвийн зардлаа эргэн харж байна. Нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг хойшлуулж, хувийн хэвшлийн алдагдлыг аль болох бага байлгах бүхий л арга замыг эрэлхийлэх болов. Тэдний нэг нь Франц улс. Тус улс эдийн засаг, өрхүүдийг дэмжих зорилгоор 300 тэрбум еврогийн өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж байна. Иргэдийн амьжиргаа дордож эхэлсэн тул өрхүүдийг газ, цахилгаан, халаалт, түрээсийн төлбөрөөс чөлөөлж, 335 тэрбум ам.долларын банкны зээлд Засгийн газар нь баталгаа олгохоо мэдэгдлээ. Европын орнууд хувийн хэвшлийн компанийн зээлд баталгаа гаргаж, эдийн засгийн уналтыг саармагжуулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Испанийн Засгийн газар 100 тэрбум ам.долларын компанийн зээлд баталгаа өгч, 17 тэрбум еврогийн шууд дэмжлэг хувийн хэвшилдээ үзүүлэхээ илэрхийлсэн. COVID-19 вирусээс хамгийн их хохирол амсаж буй Итали улс 28 тэрбум ам.долларын төлөвлөгөө гаргаж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох баталгааны санд мөнгө нэмж оруулахаар боллоо. Түүнчлэн Англи улс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй хүмүүст зориулсан Засгийн газрын тэтгэмжийн хүртээмжээ өргөжүүлж, корпорацын бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүллээ. Азийн эдийн засагт нөлөө бүхий оролцоотой БНХАУ, БНСУ, Япон хямралтай хэрхэн тэмцэж байгааг бид эхний цувралдаа онцолсон. Эдгээр орон эдийн засгийн хямралаас өөрсдийгөө аврах ажиллагааг хамгийн ажил хэрэгчээр шийдвэрлэж буй. Morgan Stanley банкны таамгаар АНУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 30 хувь унаж, ажилгүйдлийн түвшин 12.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс Холбооны нөөцийн сан 500 тэрбум ам.долларын үнэт цаас, 200 тэрбум ам.долларын орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас худалдан авсан. Мөн бизнес, ажил эрхлэлтийг хамгаалах үүднээс нэмж хоёр их наяд ам.долларын санхүүгийн дэмжлэг АНУ-ын Сенат олгохоор зарлалаа. Хойд хөрш болох ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин эдийн засгийн хямралаас хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжихээ мэдэгдлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулгыг хойшлуулж байгаагаа хойд хөршийн тэргүүн үүгээр мэдэгдсэн. Бизнесийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг зургаан сараар хойшлуулахаар болсон. Мөн хөрөнгийн гадагшлах урсгалыг хязгаарлахын тулд Оросоос гарч буй бүх хүү, ногдол ашгийн төлбөрийг одоогийн хоёр хувиас дээш 15 хувь болгох санал гаргав. Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ойртуулахын тулд сард 152 ам.доллар болгон нэмэгдүүлэх санал мөн дэвшүүлээд байна. Хөл хорио тогтоосон хугацаанд иргэдийнхээ цалин болон бусад хангамжийг хэвээр хадгалахыг онцлон тэмдэглэсэн юм.