A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3907/

Өвдөөд ирсэн хүүхэд инээгээд гарах нь хамгийн том жаргал

Өвдөөд ирсэн хүүхэд инээгээд гарах нь хамгийн том жаргал

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3907/
  • “Ханиагаад 10 хонож байна, хатиг гараад 20 хонолоо.... Ажил ихтэй үзүүлж амжихгүй юм, аав нь хөдөө яваад ирэхгүй удчихлаа” хэмээн, нус нь гоожиж, нулимс нь урсах бяцхан үрээ дагуулан ирсэн эцэг эхийн цуваа яаралтай тусламжийн тасагт тасралтгүй хөвөрнө. Тэд дээрх шалтгаанаа эмчид уламжлахдаа “арай хатгаа болчихоогүй биз дээ, ажлаас чөлөө өгөхгүй” хэмээнэ
  • Эрэмбэлэн дараалах ангиллын дагуу хүнд өвчтэй хүүхэд эмнэлгийн тусламжийг дараалал хүлээхгүй авах зохицуулалттай. Гэтэл урдуур хүүхэд орууллаа гэж ундууцах эцэг, эх олон байв
  • “Хүүхдийн эв дүйг олно гэдэг амаргүй. Цамцаа сөх, амаа ангай гээд том хүнд хэлдэг шиг хандаж болохгүй. Уйлчих л юм бол уушги, дотрыг нь чагнах аргагүй” хэмээн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат- Амгалан ярилаа

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн хаалгаар ормогц ой хүрээгүй бяцхан үрээ тэвэрсэн залуухан ээж “Замаас холдоорой” хэмээн сандран орилсоор хажуугаар зөрөн өнгөрөв. Гар нь чичирхийлж, царай нь зэвхий цайсан тэрбээр хахсанаас болж таталт өгсөн хүүгээсээ уучлал эрэн амандаа бувтнах нь өрөвдөлтэй. Тэрбээр “Эмч ээ, миний охин гурилан боовонд хахчихлаа. Түргэн дуудсан ч хүлээж тэсэлгүй хүрээд ирлээ. Ирэх замдаа таталт өгсөн” гэж эрээнтэж, зангирсан хоолойгоор тусламж эрэв. Харин эмч үзлэг хийгээд “Битгий сандар. Хүндрэл үүссэн бол хүүхэд ийм тайван байхгүй. Тэгээд ч амьсгалын зам нь чөлөөтэй сонсогдож байна. Юутай ч рентгэнд харуулаад, эргээд эмч дээрээ ирнэ шүү” гээд гаргав. Үрийнхээ толгойг илэн, нулимс дүүрэн нүдээр эмчийн зүг ширтэх ээж “хүндрэл үүсээгүй” гэх үгийг сонсоод, сая л санаа амрах шиг боллоо. Ээж, хүү хоёрыг өрөөнөөс гарсны дараа эмч “дараагийнх нь ороорой” гэж хэлэх үедээ хаалганы хажууд зогсож буй биднийг анзаарч “яаралтай тусламжийн тасгийн ажлыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлч үү, ороод ир. Манай эмнэлэгт их юм болно, цаг ч хурдан өнгөрнө” гэсээр биднийг угтсан юм. 

Надад өөр ажил хийх тухай бодох зав ч гардаггүй

Амсхийх чөлөөгүй ажиллаж, эрэмбэлэн ангилах дарааллаар хүүхдүүдэд үзлэг хийн, зөвлөгөө өгөх шавилхан биетэй, шалмаг хөдөлгөөнтэй энэ эмчийг Б.Бат-Амгалан гэдэг. Эмчийн мэргэжил эзэмшээд 10 жил, хүүхдийн эмчээр долоо дахь жилдээ ажиллаж буй тэрбээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчийн алба хашдаг. Ачаалал ихтэй, хөндлөнгийн нүдээр харахад хэтэрхий хүнд юм шиг энэ ажлаасаа Б.Бат-Амгалан эмч залхаж байсан удаагүй гэнэ. Тэрбээр “Надад өөр ажил хийх тухай бодох зав ч гарч байгаагүй. Өглөө ажилдаа ирээд нэг л мэдэхэд орой болчихдог. Шөнийн ээлжинд жижүүрлэхдээ ч цаг харах завдалгүй ажилладаг юм. Хэдий завгүй ч би ажилдаа хайртай. Хүүхэд шиг хөөрхөн зүйл байхгүй шүү дээ. Үзлэг хийхэд үнэр нь хүртэл сайхан. Бас тэд худлаа ярьдаггүй, өвчин зовууриа яг, таг хэлнэ. Эдгэх нь ч хурдан. Өглөө үзүүлээд, хатгаа гэж оношлуулсан хүүхэд сая утлага хийлгээд явлаа. Хоёрхон утахад л цээж нь онгойгоод, ханиад нь хөнгөрчихсөн байгаа биз” хэмээв. Завсар чөлөөгүй үзлэг хийх тэрбээр өвчтөнд зөвлөгөө өгсний дараа яриагаа үргэлжлүүлэн “Удаан ажилласан эмч нар бараг л сэтгэлзүйч шиг болчихдог. Янз бүрийн л зан, араншинтай хүнтэй харьцана. Өвчтөн ороод ирэхэд тэр хүнтэй хэрхэн харьцах хэрэгтэйг гадарладаг болчихдог. Хүүхдийн эв дүйг олно гэдэг амаргүй. Цамцаа сөх, амаа ангай гээд том хүнд хэлдэг шиг хандаж болохгүй. Уйлчих л юм бол уушги, дотрыг нь чагнах аргагүй” хэмээн ярих нь эзэмшсэн мэргэжлийнхээ хүнд хүчир, хэцүү бэрхээс урьтаж сайн сайхныг харж, мэдэрдэг болохыг нь илтгэнэ.

Ажлын өдөр 200-250, амралтын өдөр 300-350 хүнд үзлэг хийдэг 

ЭХЭМҮТ-д хүндэрсэн л бол харьяалал харгалзахгүй хот, хөдөөгийн хүүхдүүд бүгд хандана. Тус төвд хандсан бүх өвчтөн хүнд, хөнгөнөөс үл хамааран Яаралтай тусламжийн тасгийн эмчид үзүүлж, ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэх, хаана хандах зөвлөгөө авдаг. Тиймээс энэ тасгийн ачаалал бусдаасаа их байдаг төдийгүй амьсгалын замын өвчлөл ихэсдэг хүйтний улиралд бүр ч завгүй ажилладгийг тасгийн эмч нар хэлж байлаа. Ханиад томуугийн идэвхжил огцом өсдөг өнөө үед ажлын өдөр 200-250 хүүхэд яаралтай тусламжийн тасагт ханддаг байна. Харин амралтын өдрүүдэд дээрх тоо 300-350 болж өснө. Түүнчлэн нийт өвчтөний талаас илүү хувь нь ажлын цаг дууссаны дараа ирдэг байна. Тиймээс тус тасаг жижүүрийн эмч нарынхаа тоог жирийн үеийнхээс хоёр дахин нэмжээ. Хэдий эмч нарын тоог нэмэх зохицуулалт хийсэн ч ачааллаа дийлэхгүй байгаа нь эмнэлгийн коридорт эгнэх эцэг эхчүүд, өвдсөн хүүхдүүдийн дарааллаас харагдана. Эрэмбэлэн дараалах ангиллын дагуу хүнд өвчтэй хүүхэд эмнэлгийн тусламжийг дараалал хүлээхгүй авах зохицуулалттай. Гэтэл урдуур хүүхэд орууллаа гэж ундууцах эцэг эхчүүд ч олон байв. Өвдсөн л бол өвдсөн хэмээн халуурч, хахаж, өвчиндөө зовиурлан уйлах хүүхдээ яаралтай үзүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Гэвч амь нас нь цаг хугацаагаар хэмжигдэж буй өвчтөнүүдээ эхлээд үзэх гэсэн эмчийн сэтгэл, эмнэлгийн зохицуулалтыг ойлгоосой гэсэн бодол эрхгүй төрсөн. Харамсалтай нь, өөрийн асуудлыг уулын чинээ, өрөөлийн зовлонг юман чинээ тоодоггүй, ухвар мөчид хүн олон аж. Б.Бат-Амгалан эмчтэй хамт энэ өдөр жижүүрлэх эмчийг Ж.Бат-Ундрах гэнэ. Зүрх судасны их эмч тэрбээр “Бидний ажил ачаалал ихтэй. Гэхдээ манай эмнэлэг хүний нөөцийн бодлого сайтай учир эмч нарын хүрэлцээ гайгүй. Өвчлөл их үед хоёр эмч жижүүрт гардаг учир эмч бүр сард 6-7 удаа 24 цагаар үзлэг хийнэ. Хоносон эмч маргааш нь 12 цагт буудаг. Манай тасгийнхнаас гадна мэс засал, рентген зэрэг нарийн мэргэжлийн эмч нар мөн жижүүр хийдэг учир үзлэг, шинжилгээ хийхэд хүндрэл гарах нь бага. Өнөөдрийн хувьд манай тасагт хоёр үндсэн эмч, дөрвөн резидент эмч, гурван сувилагч, нэг асрагч хоногоор ажиллаж байна” хэмээн ажлаа танилцууллаа. Биднийг ийн ярилцаж байх үед гаднаас орж ирэх сувилагч “Таталт өгсөн хүүхэд ирлээ” хэмээхэд Б.Бат-Амгалан эмч яаран гүйж одов. Бид ч дагаад гарлаа. Хорвоод мэндлээд хоёрхон сар болсон бяцхан үрийнхээ хажууд байж, суух газраа олж тэвдэх залуу эмэгтэй хүлээн авахын өрөөнд нулимс нэрэн зогсоно. Хүүхдийнх нь зүүн гар, хөл таталт өгч, хүүхэн хараанд нь өөрчлөлт орсон учир тайвшруулах тариа хийн, хүчилтөрөгчийн аппарат залгах арга хэмжээг юун түрүүнд авлаа. Ийнхүү яаралтай хүлээн авахад хүнд өвчтөн ирэхэд эмч, сувилагч, асрагч гээд бүх л хүн “түргэн авна”. Нэг нь сториг нь хурдан нээх, нөгөө нь тариа тарих, асрагч лифт дуудах… гээд ажилтан бүр хуваарьт үүргээ түргэн гүйцэтгэх гэж яарна. Таталт өгч, дуу нь гарахгүй байсан хүүхэд тариандаа тайвширч, сая нэг аажуухан уйлах үед ээжийнх нь царай гэрэлтэв. Байдлыг ажиглан, санаа зовинон зогссон миний сэтгэл ч цэлмэсэн юм. “Өвдөөд ирсэн хүүхэд эрүүл болоод гарах л хамгийн сайхан” хэмээх эмч нар хэчнээн хүүхдийн алтан амийг аварч, хэдэн айлд аз жаргал бэлэглэсэн бол гэх гэгээн бодол сэтгэлд буулаа.

Хүүхдийг хүүхдээр асруулаад орхидог эцэг, эх ч бий

“Ханиагаад 10 хонож байна, хатиг гараад 20 хонолоо.... Ажил ихтэй үзүүлж амжихгүй юм, аав нь хөдөө яваад ирэхгүй удчихлаа” хэмээн, нус нь гоожиж, нулимс нь урсах бяцхан үрээ дагуулан ирсэн эцэг, эхийн цуваа яаралтай тусламжийн тасагт тасралтгүй хөвөрнө. Тэд дээрх шалтгаанаа эмчид уламжлахдаа “арай хатгаа болчихоогүй биз дээ, ажлаас чөлөө өгөхгүй, гэрээр эм уугаад эмчлэх боломж бий юу” хэмээнэ. Түүнчлэн их хэмжээний эм, витамин уусан, гадны биет залгисан, хамартаа юм оруулчихсан зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандах хүүхэд ч цөөнгүй байв. Эдгээрээс гадна гээгдсэн, төөрсөн, хүчирхийлэлд өртсөн, осгосон зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай ихэнх хүүхдийг тус эмнэлэг хүлээн авдаг. Энэ талаар Б.Бат- Амгалан эмч “Хүүхдийн бие их онцлогтой. Ямар ч өвчин туссан зөв эмчилгээ хийгээд, асаргаа сайн байвал хурдан эдгэдэг. Гэвч эцэг, эхчүүд ажлын ачааллын улмаас өвдсөн хүүхдээ өөрөө асрахгүй байх тохиолдол их гарна. Хүүхдийг хүүхдээр харуулдаг хариуцлагагүй эцэг эх ч бий. 13-18 настай ах, эгчид нь орхиод явчихаар хүүхдийн өвчлөл эдгэхэд бэрх шүү дээ. Ийнхүү хараа, хяналт сул байсны улмаас элдэв юм залгих, хахах зэрэг хүндрэл үүсдэг. Ер нь манай эмнэлгийн ачаалал жилийн аль ч улиралд, өдрийн аль ч цагт бага байдаггүй. Гэхдээ ямар ч эмч олон хүн үзлээ гэж цааргалахгүй. Хамгийн гол хүндрэл учруулдаг хүчин зүйл бол томчууд. Нэг хүүхдийг 2-4 хүн дагаад, үзлэгийн энэ жижигхэн өрөөнд минь шуугилдаад ороод ирнэ. Эсвэл хаалган дээр, хэд хэдээрээ овоороод зогсчихно. Анхаарал сарних, агаар дутагдах гэх мэт олон хүндрэл үүснэ шүү дээ. Үүнийг зохицуулах үүрэгтэй эрэмбэлэн ангилалтын сувилагч гэж бий. Гэвч хүмүүс шаардлага тавихаар нь хүлээж авдаггүй. Зарим нь бичлэг хийнэ, фэйсбүүкт тавина гэж хүртэл сүрдүүлдэг. Тэр ч байтугай давтан үзлэг хийнэ, эргээд ирээрэй гэхээр маргааш машин явахгүй, манайхан ажилтай гэж элдэвлэнэ. Хүүхдийнхээ төлөө анхаарал, цаг заваа зарцуулж, эмчийн ажилд хүндэтгэлтэй хандах ухамсар зарим хүнд байдаггүйд харамсдаг” хэмээн халагласныг уншигчдадаа уламжилъя. “Хүүхдийн маань царай хөхөрчихөөд амьсгалахгүй байна” гэх хүнд дуудлага бидний яриаг тасалдуулсан юм. Эмч нар бүгд сэхээний өрөө рүү яаран гүйлдэж одов. Энэ удаад ч мөн алтан гарт эмч нар хүүхдийн амийг аварсан байна лээ. Эх нялхсын эмч нарын завгүй өдрүүд ийн үргэлжилсээр. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төмс, хүнсний ногооны үнэ хоёр дахин нэмэгдлээ

  • Шинэ ургац гарахаас өмнө төмс, хүнсний ногооны үнэ нэмэгддэг ч сүүлийн таван жилд одоогийнх шиг хоёр дахин нэмэгдэж байсангүй

Өнгөрсөн амралтын өдрүүдээс зарим худалдааны зах болон супер маркетууд нэг кг төмсийг 2500 төгрөгөөр борлуулсан нь иргэдийг ихээхэн бухимдуулав. Төмс, хүнсний ногооны үнэ хэрхэн нэмэгдсэн талаар сурвалжлахаар Бөмбөгөр худалдааны төвийг зорилоо. Эгнэн өрсөн төмс болон бусад хүнсний ногооны үнийг хэд хэдэн удаа өөрчилсөн бололтой балалж, сохолсон байсан юм. Тухайлбал, төмс 2500 төгрөг байсныг 2000 болгожээ. Лууван 2200 төгрөг байсныг 2000 болгосон бол хүрэн манжинг 500 төгрөгөөр бууруулан 3000 төгрөг болгожээ. Өнгөрсөн амралтын өдөр төмс болон бусад хүнсний ногооны үнэд ийнхүү өөрчлөлт орсон хэмээн тус төвийн худалдагч нар хэлэв. Бөмбөгөр худалдааны төвөөр үйлчлүүлэх 40 гаруй насны эмэгтэй “Амралтын өдөр нэг кг төмс 2500 төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр (өчигдөр) хүнсний ногооны үнэ 200-500 төгрөгөөр буурсан байна. Дахиад буурах байх гэсэн хүлээлттэй байгаа учраас их хэмжээгээр авалгүй, боломжийнхоо хэрээр бага багаар авч байна. Коронавирусээс болоод иргэдийн худалдан авалт муу байхад үнээ нэмж байгаад бухимдаж байна” хэмээлээ. 

Тус төвд монгол төмс 2000, лууван 2000, байцаа 2500, сонгино 5000, шар манжин 6000-7000 төгрөг болсон байв. “Тариалан эрхлэгчдийн зооринд хадгалсан төмс, хүнсний ногоо дуусах дөхөж байгаа учраас үнэ нь ийнхүү нэмэгдсэн. Шинэ ургацын ногоо гарахаас өмнө жил бүр үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль шүү дээ. Тэгэхээр гайхах зүйл байхгүй” хэмээн Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч Г.Чимгээ хэлсэн юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмс болон зарим хүнсний ногооны үнэ хоёр дахин нэмэгдсэн байлаа. Тэр ч байтугай нэг сарын өмнөхөөс ч хоёр дахин нэмэгдсэн байсан юм. Тухайн үед төмс 900, манжин 2500, сонгино 1500 төгрөгөөр худалдаалж байсан гэх үнийн мэдээллийг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Шинэ ургац гарахаас өмнө төмс, хүнсний ногооны үнэ жил бүрийн өдийд нэмэгддэг хэдий ч сүүлийн таван жилд одоогийнх шиг хоёр дахин нэмэгдэж байгаагүйг тоо баримтаас харж болохоор байлаа. Харин Хүчит шонхор захад төмс, хүнсний ногооны үнэ Бөмбөгөр худалдааны төвтэй адил байсан ч монгол гэх тодотголтой сонгино арай хямд буюу 2000-3500 төгрөг байсан юм. Тус захын худалдагч М.Сарнай “Өнгөрсөн амралтын өдрүүдэд төмс болон бусад хүнсний ногооны үнэ нэмэгдсэн.

Шинэ ургац гараагүйтэй холбоотой үнийн хөөрөгдөл үүсэж байна. Цаашид үнэ нь улам нэмэгдэнэ гэх яриа гарсан. Бид 100-200 төгрөг л нэмж зарж байгаа. Төмс цаанаасаа ирэхдээ 1800 төгрөгөөр ирсэн. Гэтэл хүмүүс биднийг үнээ нэмсэн юм шиг буруутгаж, уурлах юм. Хаягдал их байдаг болохоор ашиг олоход ч хэцүү байдаг” хэмээн учирлалаа. Хүчит шонхор захад хятад хүнсний ногоо зардаг лангуу цөөхөн харагдана. Хятад гэх тодотголтой төмс, лууван, байцаа, сонгино бүгд 1500 төгрөгийн үнэтэй байсан юм. Тус лангууны худалдагч бүсгүй “Хөл хорионоос болоод хятад ногоо орж ирэх нь багассан. Гэтэл монгол ногооны үнэ нэмэгдсээр байна. Наадам өнгөртөл энэ байдал үргэлжилнэ гэсэн. Худалдан авалт үнэхээр муу байна. Гэхдээ өдөр тутмын хэрэглээ болохоор бага ч гэсэн орлого оруулж байгаад талархах нь зүйтэй байх” гэв. 2018 онд 2,888 тонн төмс импортоор оруулж ирж байсан бол өнгөрсөн онд 381 тонн болж, 2020 оны эхний таван сарын байдлаар 4.3 тонныг л оруулж ирснийг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Үүнтэй холбоотойгоор хүнсний ногооны үнэ нэмэгдэж байгаа гэх хардлага байна. Учир нь манай улс дотоодынхоо хэрэглээний 40 хувийг л хангаж чаддаг. Үлдсэн 60 хувийг импортын хүнсний ногоо орлодог. Гэтэл хөл хорионоос болж импортын хэмжээ буурсан тул дотоодынхоо хэрэглээг хангаж чадахаа больж, үнийн хөөрөгдөл үүсгэж байна. Ногоочдоо дэмжихийн тулд энэ онд хүнсний ногооны гаалийн татварыг 30 хувь болгох тогтоол гарч, ирэх наймдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон. Энэ шийдвэр сайшаалтай хэдий ч ийнхүү хориг тавих нь хэр зөв болохыг холбогдох албан тушаалтнууд нь эргэн харах буй за.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хичээлгүй өнжсөн жил хүүхдүүд түлэгдэж, гэмтэх нь нэмэгджээ

  • 1-4 насны хүүхдийн түлэгдэлт осол гэмтлийн хамгийн их хувийг эзэлж байна
  • ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ
  • Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ
  • Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг

Сүүлийн хэдэн жил хүүхэд элдэв төрлийн гэмт хэрэг, осол гэмтлийн золиос болох үзэгдэл газар авлаа. Өдөр бүр л хүүхэд ямар нэг байдлаар осолдсон, эсвэл гэмт хэргийн хохирогч болсон, гэмтэж, бэртсэн таагүй мэдээ тасралтгүй сонсогдсоор. Энэ харгис нийгмийн золиос нь бяцхан үрс болж байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Хүчирхийлэл, гол усны үер, халуун хоол цайнд хүүхдээ түлж гэмтээсээр байна. Халдварт өвчин тархсанаас болж сургууль, цэцэрлэг хаасан нь хүүхдүүдэд том эрсдэл болжээ. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж гэмтсэн, буцалсан ус, халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байгаа аж. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлэгчдийн дийлэнх нь хүүхэд болохыг эмч нар хэллээ. Тус эмнэлгийн Түлэнхий нөхөөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Хишигсүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж буй. ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ. ГССҮТ-өөс гаргасан статистикийг харахад 2020 он гарсаар 10 мянга орчим хүүхэд их, бага хэмжээгээр түлэгдэж, гэмтсэн байна. ГССҮТ-өөс гаргасан тандалт судалгаанаас харахад 2020 оны I улиралд буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд улсын хэмжээнд осол гэмтэл, гадны шалтгаанаар 31841 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 625 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 19 тохиолдлоор нэмэгджээ. Зөвхөн Улаанбаатар хотод ч биш орон нутагт ч хүүхдүүд түлэгдэж, гэмтэх тохиолдол элбэг байгаа талаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Н.Сандуй ярьжээ. Тус аймгийн эмнэлгийн гэмтлийн тасгаар үйлчлүүлсэн иргэдийн 90 хувийг 0-5 насныхан эзэлж байгаа аж. Тэдний дийлэнх нь халуун хоол, цайнд түлэгджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллээс харахад 0-5 нас хүүхдийн өвчлөлийн шалтгааны нэгдүгээр зэрэгт бичигдэж байна. ГССҮТ-ийн эмч нарын ярьж буй гаар хүүхэд нэгнийгээ харж, асарч үлдсэнээс болж ахуйн осолд өртдөг аж. Эмч Н.Ууганбаяр тавдугаар сард ГССҮТ-өөр гал түймрийн улмаас түлэгдсэн хүүхэд цөөнгүй ирснийг хэлсэн. Зуны улиралд түлэнхийн тасгийн үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг гэнэ. Учир нь хүүхдээ хөдөө явуулж, хараа хяналтгүй байлгадгаас болж халуун хоол цайнд түлэгдэх тохиолдол гарсаар байдгийг анхааруулсан байна. Ийн хүүхдүүд халуун хоол цайнд түлэгдэж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна. Энэ бүхэн цэвэр эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж буйг эмч нар хэллээ.

Уг нь улс даяар “Эцэг, эхийн хариуцлагыг өндөржүүлье” сэдэвт аян өрнүүлж буй ч халдварт өвчний мэдээнд дарагдаад үр дүн нь төдийлэн харагдахгүй байгааг ч гэмтлийн эмч нар хэлж байв. Зарим хүнд хэлбэрийн түлэнхийн үед арьс нөхөн сэргээх эмчилгээ хийдэг бөгөөд бага насны хүүхдүүд жил бүр ийм эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг аж. Түлэнхий бол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй согог юм. Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Энэ ч үнэний ортой. Бага насандаа нүүрээ түлж, шанаандаа том сорвитой болсон, М өдгөө насан туршдаа сэтгэлийн шархтай явна. Тэрбээр үсээ байнга шанаа руугаа унжуулж, түлэгдэж, атиралдсан арьсаа нуудаг. Түүн шиг бие, сэтгэлдээ насан турш шархтай амьдруулахыг хүсэхгүй л бол эцэг, эхчүүд хүүхэддээ санаа тавих хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ түлэгдэхээс хамгаалахыг байнга анхааруулдаг ч эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал хүүхдээ насан туршид нь согогтой болгож буй нь харамсалтай. Хүүхдийн түлэгдсэн талбай алга дарам хэмжээтэй байхад л амь насанд аюул учрах эрсдэлтэй болохыг эмч нар хэлдэг. Өдгөө түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 35 нь хүндэвтэр түлэгдсэн бөгөөд удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Багадаа 20 гаруй хоног эмчлүүлэх хэрэгтэй болж байна. Ах, эгч нараар нь дүүг асруулснаас болж бага насны хүүхэд түлэгдэж, гэмтдэг гэдгийг эмч нар онцолсон. Дэлхийн олон оронд зөвхөн насанд хүрсэн эцэг, эх гэрийн асрагчаар бага насны хүүхдийг харуулж, асруулах дүрэмтэй байдаг бол манай улсад ийм журам байхгүй. Зургаан настай нэгдүгээр ангийн хүүхэд дүүгээ асрах үүрэг хүлээдэг. Найман настай эгчээр нь дүүг харуулж үлдээснээс болж галаа түлэх гэж байгаад гэрээ шатааж, хөрш нь харсан тулдаа унтрааж, хоёр хүүхдийн амийг аварсан жишээ саяхных. Гэтэл эцэг, эхчүүдийн хүүхдээ тохойн чинээ ах, эгчид нь даатгаж гэртээ хаядаг зан жаалуудыг гэмтлийн эмнэлгийн өвчтөн болгох шалтгаан болж байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд гэр бүлдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүрэгтэй гэж заасан. Гэвч эцэг, эхчүүд хуулийн энэ заалтыг огт хайхардаггүйгээс болж хүүхэд эрсдэлд ороор байна. Нөгөө талаар үүргээ ухамсарлаагүй, хүүхдээ түлж гэмтээсэн эцэг, эхэд хариуцлага хүлээлгэдэггүй. Монголд хэрэгтэй, хэрэггүй өч төчнөөн хууль байдаг ч иргэд тэр бүр мэддэггүй. Бас хуулиа мөрдөггүй, хариуцлага хүлээлгэдэггүй байдал хүүхэд хамгааллыг улам сулруулж байна. Эцэг, эхийн хэнэггүй зан ч засагдахгүй нь бололтой. Хатуу харицлага хүлээлгэдэг бол хүүхэд бүх зүйлд хохирохгүй байх байлаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг дутагдалтай тал бий. Хүүхдийг хүүхдээр асруулж болохгүй гэсэн заалт алга. Иймээс ах, эгчид нь даатгаж үлдээгээд ажилдаа явдаг эцэг, эхчүүдийг буруутгах боломжгүй юм. Жил бүр хүүхдийн түлэгдэлтийг хэвлэл мэдээллийг хэрэгсэл бишгүйдээ л хөндөж тавьдаг. Гэвч эцэг, эхчүүд болон холбогдох мэргэжлийн хүмүүс төдийлэн хайхарч үздэггүй. Хэрэв үр дүнд хүрдэг байсан бол өнөөдөр бага насны хүүхдүүд түлэнхийн тасгийг дүүргэж, шархны халуун болж шаналахгүй байх байлаа. Хүүхдийн байгууллагууд ч ах, эгч нараар нь бага насны хүүхдийг асруулж буйд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Энэ талаар нарийн судалгаа хийх шаардлагатай байна. Хэчнээн өрх хэдээс хэдэн насны хүүхдээр балчир дүүг нь харуулж, асруулдаг талаар судалгаа хийх хэрэгтэй болов уу. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засгийн хүндрэл он дамжих нь тодорхой боллоо

  • ОУВС Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх ээлжит тайлангаа шинэчлэн танилцуулсан. Эхний таамаглалаа танилцуулахад, дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар агшихаар байсан бол удаах таамгаа өөрчилж, 4.9 хувь болголоо. Тодруулбал, дэлхийн эдийн засаг 2020 онд 4.9 хувиар агшихаар байна 
  • Экспортоо нэмэгдүүлж, хувийн хэвшлийн үйл ажил лагаанд тулгарах төрийн хүнд суртал, саад тээгтэй тэмцэх хэрэгтэй байна 

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг... Ингэж хэлэхээс өөр аргагүй байдал өнөөдөр үүслээ. Оны эхний улиралд 10.7 хувиар агшсан эдийн засгийн уналт 2021 он хүртэл үргэлжлэх нь тодорхой боллоо. Төгрөгийн ханшийн уналт улирал дамжиж, сүүлийн гурван сарын хугацаанд бүр ч даамжирлаа.

Сонгуулийн сурталчилгаа орон даяар өрнөсөн өдрүүдэд ам.доллар ч “унтсангүй”. Төв банкны зарласан албан ханшаар 2820.59 төгрөгтэй тэнцэв. Түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүн энэ ч үүгээр хэмжигдэхгүй нь бололтой. Ханшийн энэхүү өөрчлөлтийг төр засаг тоож байгаа шинж огт алга. Төгрөгийн ханш сулрах хэрээр манай улсын гадаад өрийн хэмжээ цаг хормоор нэмэгдэж, өрхийн орлогыг ханшийн эрсдэл өм цөм хулгайлахын зэрэгцээ хүндрэл энэ эрчээрээ улам гаарах нь. Мөнгөний бодлого тодорхойлогчид долоо хоног болгон валютын дуудлага худалдаагаар зах зээлд ам.доллар нийлүүлсэн ч үр дүн нь тун тааруу хэвээр буй. Үүнээс улбаалан дотоодын валютын албан нөөц хорогдсоноос биш албан нөөцөө өсгөх санаачилга ажил болж, ашиг тус нь амьдралд харагдсангүй. Төв банк ярихаас хэтрэхгүй байна. Бодлогын хүү, инфляц аль аль нь нам түвшинд байгаа боловч төгрөг урьд өмнө байгаагүйгээр доройтлоо. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, сүүлийн 12 сарын хугацаанд нэг их наяд төгрөг валютын хадгаламжийг зузаалжээ. Өөрөөр хэлбэл, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь эрс нэмэгдсэн байна. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтийг эрчимжүүлсэн хэрэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээсэн бодлогын уршиг, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн шийдвэрүүд, төсвийн экспортын орлого эрс багассан явдал өнөөдөр төгрөгийн ханшийн уналтыг улам өрдсөөр байна. Төгрөгийн ханшийн дээрх үнэгүйдлээс төр засагт иргэд итгэхгүй байгааг харж болох юм. Төрийн мөнгөний бодлогод найдахгүй байгааг эндээс давхар бас анзаарсан биз ээ. Эрх баригчид эдийн засгийг тогтворжуулж байгаа эсэхийг ирэх өдрүүдэд ам.долларын ханш хариулна. Ханш орвонгоороо өөрчлөгдсөөр байвал тэд ажлаа хийж чадахгүй, амлалтаа биелүүлэхгүй байгаа хэрэг. Наадам найр, хурдан морь, хуушуур яах вэ. Баларч дордож буй эдийн засгийн жолоо цулбуурыг шинэ эрх баригчид эмхэлж авч чадахгүй бол улсаараа хямралын ангал руу хийсэх нь. Төсвийн алдагдал оны эхний таван сарын байдлаар 1.6 их наяд төгрөг болж, 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтууд ташраараа царцаж мэдэхээр байна. Цаасан дээр буулгасан төсөөлөл төдий бүтээн байгуулалтуудаа тэд зогсоох хэрэгтэй. Товчхондоо, валютын ханш болон төсвийн хямралд улсаараа нэрвэгдэж байна. Манай улс ирэх 4-5 жилийн хугацаанд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр хүү төлөх ёстой. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс дөрөв дахин давсан өндөр өрийг өрөөр санхүүжүүлж гадаад өрийн хэмжээг улам тэлсэн гэсэн үг.

COVID-19 цар тахлаас үүдэн дэлхий нийтээр уул уурхайн бараа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буурч, хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт их хэмжээгээр гадагшилсаар буй. Үүний нөлөө хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, засаглал сул, гэрээний соёлгүй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй орнуудад хамгийн хүчтэй мэдрэгдэж байна. Ийм орны нэг нь манай улс бөгөөд ирэх өдрүүдэд бүсээ чангалах амаргүй сорилт тулгарах нь. Өрх болон аж ахуйн нэгжүүд зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжээд хагас жил болж байна. Гэвч эдийн засагт гэрэл асаах бодлого шийдвэр өнөөдрийг хүртэл эрх баригчдаас огт гарсангүй. Монголын эдийн засгийн аврах шийдэл одоогоор тодорхойгүй байна. Ядарсан, зутарсан олны цөхөрсөн итгэл бөхөж мэдэх нь. Хар, саарал жагсаалт, олон сар үргэлжилсэн хөл хорио, үйл ажиллагаа нь тасалдсан бизнес, ашиг нь буурсан хувийн хэвшил, алдагдалд хэдийн орсон аж ахуйн нэгж ирж буй эдийн засгийн хүндрэлийг одоо тэсэж дийлэхгүй. Тиймээс бүсээ чангал гэж хэлэх нь басамжилсан хэрэг. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар, 40 гаруй мянган иргэн ажлын байраа алдсан. Энэ тоо дахиад хэдэн зуун мянгаар тэлж болзошгүй. Өлөн зэлмүүн, өр зээлд баригдаж, ажилгүй зогсох өдрүүд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд одоо бодит эрсдэлд тооцогдож байна. Улаан гэрэл ассан эдийн засгийг, туйлдаа хүрсэн ядуурлыг, ажилгүй болсон мянга мянган хүнийг, эргэлтийн хөрөнгөгүй болсон олон зуун аж ахуйн нэгжийг шинээр бүрдэх Засгийн газар аварч дөнгөх нь юу бол. Эдийн засагч Н.Энхбаяр “Шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө улам амаргүй зорилт, эрсдэл тулгарахаар болж байна. Дэлхий нийтээр өсөлтийн хурд саарч, худалдааны эргэлт удаашрах нь түүхий эдийн эрэлт, үнэ ханшид таагүй нөлөө үзүүлж, улмаар Монгол Улсын экспортыг бууруулах хүчин зүйл болно” хэмээн анхаарууллаа. Гадаад зах зээлээс ирж буй эрсдэлийн нэг нь энэ. ОУВС Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх ээлжит тайлангаа шинэчлэн танилцуулсан. Эхний таамаглалаа танилцуулахад, дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар агшихаар байсан бол удаах таамгаа өөрчилж, 4.9 хувь болголоо. Тодруулбал, дэлхийн эдийн засаг 2020 онд 4.9 хувиар агшихаар байна. Хэдий тийм боловч хөгжиж буй орнууд эдийн засгийн ухаалаг бодлогоор хүндрэлээс даруй гарч, иргэдийнхээ амьжиргаанд хамгийн их санаа тавьж байна. Экспортоо нэмэгдүүлж, дотоодын төслүүдээ дэмжихээс гадна хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарах төр засгийн хүнд суртал, саад тээгтэй тэмцэж байна. Дэлхийн банк болон ОУВС тэргүүтэй олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагууд эдийн засгийн хүндрэлээр зогсохгүй хямрал болон гүнзгийрэхээр байгааг сануулсан. Хамгийн ноцтой нь, манайхтай ижил хөгжиж буй орнуудын 100 гаруй сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурах төлөвтэй гарсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцооллоор, дэлхийн эдийн засаг энэ онд зургаан хувиар агших төдийгүй ажилгүйдлийн түвшин хоёр дахин нэмэгдэж, 9.2 хувьд хүрч өсөх шинжтэй байна. Манай улсын ажилгүйдлийн түвшин одоогоор 8.1 хувь буюу дээрхтэй ойролцоо байгаа. Цаашид хямрал он дамжин үргэлжилбэл хоёр дахин өсөж болзошгүй. Ерөнхий сайд асан С.Баяр "Хүнд жилүүд айсуй. Ардын амьдрал хэцүү шүү" хэмээн жиргэжээ. Түүний хэлснээр амаргүй өдрүүд эхэллээ. Төсвийн мөнгөөр туйлах биш ирэх оноос төлж эхлэх тулсан өрийн дарамтыг хэрхэн хөнгөвчлөх, яаж татвар нэмэхгүйгээр барагдуулахыг бодох цаг иржээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН 62 суудал авлаа

  • Зургаан нэр дэвшигч хорих ангиас сонгуулийн сурталчилгаа хийн, өрсөлдөж нэг нь сонгогдлоо

Санал хураалтын дүнгээр МАН 62, АН 11 суудал авч, бие даагч болон эвслээс гурван нэр дэвшигч сонгогдлоо

Сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25 хувьтай байв

Монголын парламентын түү­хэнд найм дахь удаагийн УИХ­-ын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөх ёстойг СЕХ­-ноос мэдээлж, ирцийн эцсийн мэдээг өнөөдөр өгөхөө хэлэв. Гэхдээ ирц ямар байсан явцын мэдээг 12:00, 17:00 цагийн байдлаар өгсөн юм. Тухайлбал, өчигдөр өглөө 07:00 цагт эхэлсэн сонгуулийн санал хураалт 12 цагийн байдлаар 507 мянган иргэн буюу нийт сонгогчдын 25.1 хувь нь саналаа өгснийг тус хорооноос мэдээлсэн. Мөн 17 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 52.6 хувьд хүрсэн байв. Мөн зөөврийн саналын хайрц­гаар хүндэтгэх шалтгаантай 19956 иргэн саналаа өгсөн байна.

Х.Баттулга: Сонгуулиар байгуулагдах УИХ, Засгийн газартай шуурхай хамтран ажиллана

Төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-­ын дарга, Ерөнхий сайд нарын саналаа өгсөн байдал олон нийтийн анхаарлын төв байлаа. УИХ-­ын дарга Г.Занданшатарын хувьд гэргий Г.Отгонгэрэлийн хамт УИХ­-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд саналаа өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн 23 дугаар тойргийн наймдугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өгчээ. Мөн түүний санал өгсөн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгсөн. Тэрбээр саналаа өгснийхөө дараа ард түмэндээ хандан “Миний бие энэ удаагийн сонгуулиар байгуулагдах УИХ, Засгийн газартай эдийн засгийг босгох, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, цар тахлын хүндрэлээс гаргах тал дээр шуурхайлан ажиллана. Бизнесийн салбарт ажиллаж байсан хүний хувьд зовлон, жаргалыг соргогоор мэдэрч, давуу талаа ашиглана гэдгээ хэлье” гэсэн юм. 

Дээлтэй сонгууль дэлхийн анхаарлыг татав

УИХ-­ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна мянга, мянган хүн саналаа өгөхдөө дээлээр гангарсан нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог болов. Тэр дундаа олон залуус дээл өмсөж шинэ хэв маягийг бүрдүүлсэн нь онцгой байлаа. Залуусын улс төрийн идэвхийг сэргээх, сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор дээлтэй сонгуулиа өгөх уриалга гаргасан нь нүдээ олж олон ч залуусыг хамруулж чадав. Мөн төрийнхөө сонгуульд үндэсний хувцсаараа гангарч, хүндэтгэл үзүүлсэн нь гадаадын олон ажиглагчийн анхаарлыг татсан байна. Түүнчлэн монгол залуусын дэглэсэн шинэ стилийг азийн загварын агентлагууд ч анхааралдаа авсан талаарх мэдээллүүд сошиал ертөнцөд эрчимтэй түгжээ. 

Хорихоос өрсөлдсөн нэр дэвшигчдээс Ж.Эрдэнэбат сонгогдлоо

УИХ-­ын 2020 оны сонгууль өндөржүүлсэн бэлэн байдал, коронавирусийн халдвараас сэргийлэх хөл хорионы үед болж буйгаас гадна зургаан нэр дэвшигч хорих ангиас сонгуулийн сурталчилгаа хийн, өрсөлдсөнөөрөө онцлог. УИХ­-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн Н.Номтойбаяр, 13 дугаар тойргийн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, 23 дугаар тойргийн Х.Бат-­Ялалт, Дархан­-Уул аймагт нэр дэвшсэн Б.Бямбасайхан, Хөвсгөл аймагт өрсөлдсөн Д.Ганболд нар хорих 461 дүгээр ангиас өрсөлдсөн юм. Тэднээс Ж.Эрдэнэбат сонгуульд амжилттай оролцож дахин парламентын гишүүн болох болзлоо хангажээ. Энэ үйл явдал нь Монголын парламентын түүхэнд төдийгүй олон улсын түвшинд шинэ үзэгдэл болсон юм. 

Нэг нэр дэвшигчдийн тухай мэдээлэл АН, МАН-ын маргаанаар үргэлжлэв

Сонгуулийн санал хураалтын өдөр АН-­ын төв штабаас мэдээлэл хийж, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлэв. УИХ­-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАН­-аас нэр дэвшин өрсөлдсөн Г.Амартүвшинг 2014 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гаргасан гэх албан бичгийг ил болгож, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг СЕХ-­ноос шаардсан юм. Харин МАН-­ын сонгууль эрхэлсэн байгууллагаас энэ мэдээллийг няцааж, АН-­ыг Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Сонгуу­лийн сурталчилгааны явцад Г.Амартүвшин нь өөрийгөө Монгол Улсын иргэн гэдгийг Гадаадын иргэн харьяатын газар, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтоор няцаасан бөгөөд маргаан эцэслэн шийдэгдсэнгүй.