A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1844/

Өвлийн усанд сэлэлтээр дэлхийд тэргүүлэгч Ш.Даваадорж 11 медаль хүртжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1844/


БНХАУ-ын Таерзиун, Жинан хотуудад 2019 оны нэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын Их Наадамд 26 орны 1200 тамирчид оролцсоноос Монгол Улсын Спортын мастер Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медаль хүртэж дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.

Сүүлийн гурван жилд тэрээр Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль нийт 38 медаль хүртсэн амжилттай яваа юм. Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долдугаар байранд орсон.

2018-2019 оны Дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдийн эхний тэмцээн нь Латви улсын Рига хотод болж нийт 25 орны 300 тамирчдаасШ.Даваадорж 4 мөнгө, 1 хүрэл медаль авч, өндөр амжилт үзүүлж байсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жүдогоор залуучуудын эмэгтэй дэлхийн аварга төрлөө

 0 сэтгэгдэл
  •  Мароккогийн Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д нийт 81 орны 517 жүдоч (294 эрэгтэй, 223 эмэгтэй) оролцож байгаа юм. Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) хүч сорьж буй. Эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний даваанд Германы Анника Вурфелийг, хоёрдугаар тойрогт Узбекистаны Сита Кадамбоеваг, хэсгийн аваргын төлөө Нидерландын Наоми ван Кревелийг ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Бразилын Ларисса Пиментаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авчээ. Харин аваргын төлөө Тайванийн жүдоч Сү Лин Сүаныг цэвэр ялснаар Мароккогийн ордонд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулав. Л.Сосорбарамаас өмнө Ө.Дүүрэнбаяр таван жилийн өмнө үеийн тамирчдаа манлайлан аваргалсан түүхтэй. Монголын жүдочид 2018 оныг эс тооцвол 2008 оноос хойш жил бүр залуучуудын ДАШТ-ээс ямар нэгэн медаль хүртсээр ирсэн. Манай жүдочид залуучуудын ДАШТ-ээс нийт 17 медаль хүртээд байна.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Жилд 1.5 сая ам.долларын санхүүжилт хийж байна

 0 сэтгэгдэл



•Монголд хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна

•Шинэ талбайнууд битүү дээвэртэй болохоор өвлийн цагт ч хөлбөмбөг тоглож, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой болно.

• Хөлбөмбөгийн талбайг Air dome ашиглан битүү дээвэртэй болгохоор тохиролцсон бөгөөд шаардлагатай зардлыг хоёр талаас 50, 50 хувиар гаргахаар болжээ. 

• Японд 45 мянган хөгжөөн дэмжигчийнх нь өмнө тоглох амаргүй. Японд 6:0-ээр хожигдоно гэдэг хөгжлийн алхам.


Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, FIFA­гийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаад буцлаа. Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн А.Ганбаатарын урилгаар FIFA­гийн ерөнхийлөгчийн хувиар дахин ирсэн нь энэ. Түүний хувьд зургаан жилийн өмнө буюу 2013 онд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа манай улсад анх удаа ирж байв. Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ­ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, FIFA Forward төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой ирсэн аж. Тэрбээр нэг өдрийн айлчлалынхаа хүрээнд Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, FIFA Forward хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт барьсан ногоон талбайн нээлтэд оролцов. Жианни Инфантиногийн хамтаар Францын шигшээ багт тоглож 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга монгол цустай гэгддэг Юрий Жоркаеф иржээ. Жоркаеф нь FIFA­гийн төслийн менежерийн албан тушаал хашиж байгаа гэнэ. Жианни Инфантино Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа одоо байгаа хөлбөмбөгийн талбайuгаас хоёрыг нь Air dome ашиглан битүү дээвэртэй болгохоор тохиролцсон бөгөөд шаардлагатай зардлыг хоёр талаас 50, 50 хувиар гаргахаар болжээ. Шинэ Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтийн үеэр FIFA­гийн ерөнхийлөгч Жианни Инфантинотой цөөн хором ярилцлаа. 


-Юун түрүүнд монгол оронд тавтай морил?­ 

-Баярлалаа. Монголд маш тааламжтай цагаар ирлээ. Энэ өдрүүдэд Ази тивд 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ­-ний урьдчилсан II шатны тоглолт болж байна. Монголын баг ч чамлахааргүй амжилттай орол­цож байгаа. Монголд хөлбөмбөг хэмээх гайхалтай спортыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй хүн бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

-Өнөөдөр /өчигдөр/ та шинэ талбайн нээлтэд оролцлоо. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?­

-Би энд ирсэндээ маш их баяртай, бас бахархалтай байна. Монголд бас нэг сайхан хөлбөмбөгийн талбай, спортын цогцолбор байгуулж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа Монголын хөлбөмбөгийн гайхалтай, сэтгэл хөдөлгөм түүхийн нэг хэсгийг бичиж байна. Ингээд гурван стандарт хэмжээний талбайтай боллоо. Шинэ талбайнууд битүү дээвэр­тэй болохоор өвлийн цагт ч хөлбөмбөг тоглож, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой болно. Зөвхөн шигшээ баг гэлтгүй, хөвгүүд, охид, мөн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээ ч улирал харгалзахгүй явуулах боломжтой. Ер нь Монгол улс тэр чигээрээ спортын орон шүү дээ. бөхийн барилдаан гээд ганцаарчилсан спортын төрлөөр хэдийн дэлхийд гялалзсан. одоо бас хөлбөмбөг хүчтэй хөгжиж байна. Хөлбөмбөг хамгийн гайхамшигтай спорт. Энэ бол багийн спорт. Үнэндээ сургуульд, амьдралд, хүүхдүүдэд багаар ажиллах, өрсөлдөгч, шүүгч гээд бусдыг хүндлэх төдийгүй ялах, ялагдах гээд маш олон ур чадвар суулгадаг спорт. Энд байгаа хөвгүүд, охид үүнийг харуулж байгаа шүү дээ. Энэ бол ердөө л эхлэл. Бид хамтдаа шаардлагатай байгаа барилга байгууламжийг барьж байна. Монголд хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Танайд дэлхийд гялалзах техникийн ур чадвар, биеийн хүчний давуу тал бий. Тэгэхээр энэ бүхний төлөөх үйл ажиллагаа, үр дүн гайхалтай байна гэдэгт итгэлтэй байгаа.

-FIFA Forward хөтөлбөрийн хүрээнд монголд хэрэгжсэн төслүүдийн тухай юу хэлэх вэ?­

-Энэ хөтөлбөр бол шинэ зүйл. Би гурван жилийн өмнө FIFA-­гийн ерөнхийлөгч болсноосоо хойш үүнийг хэрэгжүүлж байгаа. Одоо харин бид энэ хөтөлбөрийн хүрээнд жилд 1.5 сая ам.долларын санхүүжилт Монголд хийж байна.
Бидний зогсож буй энэ талбай, бас талбайн битүү дээврүүд үүний нэг хэсэг. Бас холбооны үйл ажиллагаа, тэмцээний зохион бай гуулалтад санхүүжилт хийж байгаа шүү дээ. FIFA Forward хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөг зохион байгуулалт тун сайтай болж байгаад талархаж байна. Тун удахгүй үүний үр дүн харагдана. Хэдхэн арван жилийн өмнө Европын орнуудад үүний үр дүн харагдсан. Тиймээс Монголд ч гэсэн адилхан.

-МХБХ-ны сүүлийн жилүүдийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би зургаан жилийн өмнө Монголд ирж байснаас хойш тун гайхалтай хөгжиж. Би танай улсад хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаад ОУХБХ-ны ерөнхийлөгчийн хувиар. ОУХБХ-ны зүгээс сүүлийн гурав, дөрвөн жил санхүүжилт хийсний дараа шүү дээ. Ер нь улс орон даяараа сүүлийн зургаан жилд их өөрчлөгджээ. Бас үндэсний шигшээ багийн амжилт дээшилж байна. Зөвхөн үндэсний шигшээ ч гэлтгүй, өсвөр залуус, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн эхлэл тавигдаж, хөгжиж байна. Бурхан тэнгэр танай багийн амжилтыг харж байгаа юм шиг. Монголын баг 6:0­ээр Японд хожигдсон. Мэдээж Японд тоглох амаргүй. 45 мянган дэмжигчийнх нь өмнө. Бразилчууд ДАШТ-ний хагас шигшээд өөрсдийнхөө цэнгэлдэхэд 7:1­ээр Германд хожигдож байсан шүү дээ. Тэгэхээр 6:0­ээр Японд хожиг­доно гэдэг хөгжлийн алхам.  Хэдхэн жилийн өмнө байсан бол Монголчууд Японд 30:0­ээр хожигдох байсныг ч үгүйсгэхгүй. Энэ бол сайны дохио. Яг өнөөдрийн хувьд үр дүн тийм ч чухал биш болов уу. Хамгийн гол нь Монголд хөлбөмбөгийн хөгжил өндөр түвшинд гарах ажлыг одооноос эхлүүлж байна. Монголын холбоо маш их хичээж ажиллаж байгаа. Тиймээс бид ч бүх талаар туслахад бэлэн. Магадгүй тав, арван жилийн дараа арай өөр үр дүн харагдаж болох юм.


Дашрамд сонирхуулахад, FIFA-­гийн төслийн менежер Юрий Жоркаеф Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүү­лэхэд анхаарал хандуулах бөгөөд ирэх онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй хамт манай улсад ирж нөхөрсөг тоглолт зохион байгуулах гэнэ. Тэрбээр “Би Монголд анх удаа ирлээ. Аавынхаа талаас би монгол цустай. Тиймээс энд ирсэндээ их бахархалтай байна. Дараа нь би гэр бүлтэйгээ нэг өдөр энд дахиад ирнэ гэж төлөв­лөсөн. Надад Монгол улс, хүмүүс маш их таалагдаж байгааг хэлье. Мэдээж энд хөлбөмбөгийн төлөө хийх зүйл маш их байна. Би дэлхий даяарх өсвөр насныхан, сургуулийн хүүхдүүдийн хөлбөмбөгийн хөгжлийн хөтөлбөр дээр ажилладаг. Тэгэхээр Монголд ч гэсэн түүнийг хэрэгжүүлэх тухай бодох болно. Учир нь энд хөлбөмбөг тоглох гэсэн хүсэл эрмэлзэл их байгааг би харлаа. Тиймээс ямартай ч би буцаж ирнэ” гэв.













A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

 0 сэтгэгдэл

Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн 3х3 төрөл манай улсад эрчтэй хөгжиж, баг тамирчид маань тив дэлхийд нэрээ цуурайтуулах болсон. 3х3 сагсан бөмбөгийн U23 ангиллын шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулантай ярилцлаа.

-FIBA 3x3 холбооноос Мон­голын багуудыг, ялангуяа эмэг­тэй багийг онцолж бай­на. Та бүхэн өнгөрсөн жил оролцохдоо ялалт аваа­гүй ч энэ жил шилдэг наймд шал­гарлаа. Сэтгэгд­лээсээ хуваалцахгүй юу?

-U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан. Ноднин жилийнх анхных гэдэг утгаараа чухал ач холбогдолтой байсан. Гэхдээ бэлтгэл сур­гуулилалт энэ жилийнх шиг хангалттай байж чадаагүй юм. Мөн тухайн үед манай баг “Үхлийн зон”-д орсон байсан. Чех, Япон, Аргентин зэрэг хүчирхэг багтай таарч байв.

Тэр тэмцээнд манай баг нэг ч ялалт аваагүй. Бид нар тэр тэмцээнээс сургамж аваад, илүү их хичээцгээсэн маань үр дүнд хүргэсэн байх.
-Хурдацтай сайжирч хөгжихөд олон хүчин зүйл нөлөөлсөн байх?

-Би сагсан бөмбөгийн спортоор хичээллээд удаагүй. Гадаад, дотоод руу тэмцээн уралдаанд яваад, ялагдаад ирэхээр хүн чинь бас боддог юм билээ. Монгол хүнд чинь бас “шар” байна, улам их хичээх ёстой юм байна, бэлтгэл сургуулилтаа сайн хийе гэж бодсон. Мөн дасгалжуулалт, бэлтгэлийн систем маш их нөлөөлсөн. Зөвхөн бидэнд зохицсон багийн системийг бүтээж, бэлтгэл сургуулилтыг маань хангасан С.Тулга багшийн маань хувь нэмэр хамгийн их. Түүнчлэн, дэмжигч байгууллагуудаа дурдахгүй өнгөрч болохгүй. Дуртай спортоороо хичээллэж, амжилт гаргах бүх л бололцоогоор хангаж байгаа, “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, MCS Coca cola болон Улаанбаатар-Амазонс эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубийн ивээн тэтгэгч ах нартаа болон багш нартаа баярлалаа гэж хэлье.
-Танай ах Энхбаатар ч бас 3x3 төрлийн шигшээ багийн тамирчин. Сүүлд болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа хамт оролцсон. Анх спорттой хэрхэн холбогдож байв?

-Энэ их сонирхолтой түүх. Ах бид хоёр хэн хэн нь сагсаар хичээллэж байгаагүй. Ах маань МУИС-д элссэн жил найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм билээ. Тэгээд л бэлтгэлдээ яваад байх шиг байсан. Нэг л мэдэхэд Sprite лигийн MVP болоод, үнэхээр, сайжирсан байсан. Ах хүн гэдэг дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг. Ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо хоёр жил гаруй л болж байна. Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ах маань алт, би мөнгөн медаль хүртсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж бол үнэхээр гоё. Бахархаад л.
-Гадны хэвлэлд англиар чөлөөтэй ярилцлага өгөхийг чинь үзсэн. Бэлтгэлийнхээ хажуугаар хичээлдээ явна гэдэг амаргүй байх?

-Австралид хоёр жил амьдарч ахлах сургуулиа төгссөн болохоор хэлний маань түвшин сайн байгаа байх. Эхэндээ бол хэл сурахад амархан байгаагүй. Хэл сурах гэж байгаа хүмүүст зөвлөхөд ном уншаарай л гэж хэлье. Анх очоод маш их ном уншиж, кино үздэг байсан. Би МУИС-д Санхүүгийн менежментийн чиглэлээр хоёрдугаар курст суралцдаг. Боловсрол маш чухал гэж үздэг учраас тэмцээнээс бусад үед хичээлээ огт тасалдаггүй. Багш нар маань заримдаа ойлгохгүй байх нь бий. Гэхдээ энэ бол миний л асуудал учраас аль алиных нь балансыг алдахгүй гэж хичээдэг.
-Танай багийн тамирчин Цэрэнлхам тэмцээний үеэр бэртэл авсан ч эмчгүй учраас Японы багаас туслалцаа авч байсан. Энэ мэтчилэн бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Монголд сагсан бөмбөгийн спортыг маш их дэмждэг болж, хөгжиж байгаад их баяртай байдаг.

Гэхдээ зарим тал дээр дэлхийн жишигт хараахан хүрэх болоогүй. Жишээ нь, сая болсон тэмцээнээр Японы шигшээ багийн дөрвөн тамирчнаас гадна ахлах болон туслах дасгалжуулагч, эмч, бариач, сэтгэл зүйч гээд зургаан хүн хамт ирсэн. Гэтэл манай баг эмчгүй л очиж оролцсон. Бидний хувьд ялахаасаа ялагдсан нь олон болохоор бэрхшээл, асуудлууд, тэр болгоныг давж туулж байгаа нь амттай санагддаг.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч Германы багтай хийсэн тоглолт үнэхээр үзүүштэй, сайхан болсон. Нэмэлт цаг дээр buzzer beat хийж ялалт авсан шүү дээ. Энэ тоглолтын талаар яривал?

-Германтай тоглохын өмнө багш маань “Манай бэлтгэл маш сайн хангагдсан байгаа. Айх хэрэггүй. Хийх ёстой комбинацуудаа хийгээд, эхнээсээ онооны тэргүүллийг авч шоконд оруулах хэрэгтэй. Хүлээгээгүй юмыг нь хий” гэж хэлсэн. Бид нар ч тоглолтдоо маш зоригтой, эрчтэй орсон. Тэр тоглолтыг манайх 5:1-ийн харьцаатай хошуучилж эхэлсэн. Германы шигшээ баг бид нарыг тэгж эхэлнэ гэж бодоогүй байх. Тэр тоглолтоос онцлох зүйл гэвэл манай хамгаалалт байсан. Комбинацууд маань сайн ажиллаж, бид хүссэнээрээ тоглож чадсан. Цаг дуусахаас гурван минутын өмнө Лхамка эгч хөлөө бэртээж, их эвгүй унасан. Шууд л түргэний машин аваад явсан. Тэр үед бид хоорондоо ярилцсан л даа. Манайх ялж байгаад оноогоо бариулж байсан юм. “Гурвуулаа одоо хичээе, гуравхан минут тэсье” гэж ярьсан. 3х3 төрөл өөрөө асар хурдан темптэй явдаг учраас дөрвөн хүн ээлжилж, амрахгүй л бол их ядардаг. Цаг дуусах дөхөөд их ядарсан байсан. Тэгээд нэмэлт цаг дээр Минжин маань маш шийдэмгий байж, гоё шидэлт хийсэн. Тэр үеийн мэдрэмж бол миний сагсны карьерынхаа турш авсан хамгийн гоё мэдрэмж. Тийм мэдрэмж авах гэж л сагс тоглодог, цаг хугацаагаа зориулдаг байх.
-Тоглолт үзэж байхад манай охид хүчтэй сэтгэл хөдлөл гаргаж байгаа нь анзаарагдсан. Ялангуяа тамирчин Цэрэнлхамын эмоцио илэрхийлж буй бичлэг олон нийтэд их хүрсэн байна лээ. Ер нь сэтгэл хөдлөлөө хэр илэрхийлдэг вэ?

-Зарим хүмүүс сөргөөр хүлээж аваад байх шиг байсан. Лхамка эгч бэртээд, хөл нь бараг хоёр дахин бүдүүрч хавдсан байсан. Өвдсөн ч гэсэн багийнхаа төлөө хэцүү нөхцөл байдлаас багтаа тусахын тулд сэтгэл зүйн хүчтэй эмоци үзүүлэхээс өөр аргагүй. Ер нь миний хувьд аль болох эмоцио гаргаж тоглодог.
-Спортын сэтгэл зүйчтэй ажиллаж байна уу?

-Спортын сэтгэл зүйч Золзаяа багштайгаа хамтарч ажилладаг. Тэмцээнд орохын өмнө уулзаад, зөвлөгөө аваад явахад сэтгэл зүйн байдал, хандлага их сайхан болдог.
-Маргааш тэмцээнд явах гэж байгаа. Ямар тэмцээнд оролцож байгаа вэ?
-
Катарын Доха хотод 12-16-ны хооронд болох Дэлхийн анхны элсний наадамд оролцоно. Олимпийн хорооноос хүлээн авч, манай баг тамирчдыг үдэж өгсөн. Манай U23 ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Даваа: Тулааны спортын тамирчид бусдаас илүү ёс суртахуунтай байх ёстой

 0 сэтгэгдэл

Ахмад тамирчин Ц.Давааг яг ийм спортын хүн гэж тодорхойлоход хэцүү. Боксын шүүгч хийн гүйж явснаа дараа нь кикбоксын дэлхийн аваргад оролцлоо гээд алга болчихно. Мөн олон улсын тэквондогийн ДАШТ-ээс таван мөнгөн медаль авсан намтартай. Энэ бүхний хажуугаар ууланд аялна, дугуй унана, илтгэл тавьж лекц уншина гээд нийгмийн идэвх тун өндөр нэгэн. Залууст үлгэр дуурайл болж байгаа энэ эрхмийг сониныхоо хүндэт зочноор урьж ярилцлаа.

-Таныг боксчин, дугуйчин, аялагч, нийгмийн идэвхтэн л гэх юм. Яг алинаар нь тодор­хойл­бол танд илүү ойр байх бол?

-Миниий голлож хичээллдэг төрөл бол тулаан. Тэр дотроо контакттай тулааны бүх төрөл орно. Ялангуяа олон улсын буюу Хойд Солонгосын тэквондогоор тэмцээн уралдаанд илүүтэй ордог.
Яагаад гэвэл олон улсын тэквондод нас хязгааргүй, чи зод­олдож чадаж л байвал зодолд гэсэн зарчимтай. Харин бусад тул­ааны төрлүүд ихэвчлэн 40 насаар хязгаар тогтоосон байдаг.
Миний хувьд 55 настай. Үндсэндээ 44 жил зодолдож байна гэж хэлж болно. Миний хувьд залуучууд, дүү нартаа ёс сур­тахуун, тамирчин хүн ямар байх ёстой талаар хэлж, ойл­гуулахыг хамгийн их хич­ээдэг. Ер нь тамирчин хүн амжилт гар­гасан ч бай, гаргаагүй ч бай эцсийн эцэст эцэг эх болж, амьдрал зохиодог. Харин аав болохын тулд ёс суртахуунтай эр хүн байх зарчмыг залуучуудад үлгэрлэн харуулахын тулд их хичээнэ. Энэ ч утгаараа бүх л төр­­лийн спорт руу орж, олон ч хүн­тэй найзалж нөхөрлөлөө. Би кикбоксын дэлхийн аварга, олон улсын тэквондогийн дэл­хийн аваргын таван мөнгөн медальтай. Боксын гурван одтой шүүгч. Мөн мөсөн хад, ханан хад­анд авиралтын улсын аварга. Сүүлийн үед дугуй их унадаг болсон. Дугуйгаар Бээжин хүртэл явж байлаа.
-Та нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг. Нас бол зөвхөн тоо юм гэсэн мессежийг таны постноос харж болохоор. Мөн өдий насны хүн мөртлөө хорин хэдтэй залуучуудтай тулалдаад медаль аваад ирэх жишээний. Энэ болгоныг яаж амжуулж, зохицуулж байна вэ?

-Зорилготой хүнд цаг зав гардаг, зорилгогүй хүнд шалтаг шалтгаан мундахгүй гэж ярьдаг даа. Ер нь зорилго байвал амжуулдаг л юм билээ. Хэрэв чи өөртөө цаг гаргаж чадахгүй байгаа бол цагаа зөв зохицуулахгүй байна гэсэн үг. Сүүлийн үед залуус илүү материаллаг зүйлд сонирхолтой болсон юм уу гэж надад анзаарагддаг. Эцсийн эцэст хүн эрүүл байж сайн сайхан амьдарна, ажлын бүтээмж өндөр байна. Гэтэл ажлаар шалтаглаж бүхний ард үлдэх гээд байдаг хандлага ажиглагдах юм.
Миний хувьд тамхи татдаггүй, архи уудаггүй. Илүү гарсан зав чөлөө болгоноо өөрийнхөө сайн сайхан, эрүүл мэндэд зарцуулдаг.
Ер нь хүмүүс, ялангуяа эрчүүд биеэ хамгаалах чадвартай байх ёстой. Гэхдээ тулааны спортоор хичээллэг тамирчид бусдаас илүү ёс суртахуунтай хүн байх ёстой юм. Тухайн хүн амжилт гаргах тусмаа даруухан байж, өөрийгөө хянаж, бусдад үлгэр дуурайл үзүүлэх нь хамгийн гол зарчим. Энэ зарчмыг багш нар тамирчиддаа суулгаж өгөх нь чухал. Нэг ёсондоо цохилт зааж өгөхөөс өмнө тамирчны ёс суртахуун, өөрийгөө авч явах зарчим, ах захаа хүндлэх ёсыг багаас нь төлөвшүүлдэг болмоор байгаа юм.
-Залуучуудтай рингэнд гараад тулалдахад ямар бодол төрдөг вэ. Өөрөөсөө олон дүү, эрч хүчтэй залуусыг ялаад байгаа нууц нь юундаа байдаг бол?

-Зодолдоно гэдэг зүгээр л алалцахын нэр биш. Хүнийг ялахын тулд ухаантай байх хэрэгтэй. Гоё техниктэй, хэчнээн зоригтой байлаа гээд ухаангүй бол чи ялж чадахгүй. Тулааны урлаг гэдэг маш богино хугацаанд сэтгэхийг шаарддаг. Богино хугацаанд сэтгэж, түүнийгээ гүйцэтгэж сурах нь хамгийн том ялалт юм болов уу.
-Хэчнээн ухаантай байгаад бие хөдлөхгүй бол хэцүү шүү дээ. Харин таны бие энэ түв­шинд тулалдахад бэлэн хэвээр гэсэн үг үү?

-Тийм байхын тулд тогтмол бэлтгэл хийх хэрэгтэй. Би зогсоо зайгүй бэлтгэл хийдэг. Энэ чанараараа л өдийг хүртэл явсан байх. Нэг долоо хоног бэлтгэл хийхгүй болохоор л бие хүндэрч, техник, хурд алдагдах гээд байдаг юм.
Ер нь хүний хүч чадал, бие организмын байдал нь идэж буй хоол хүнс, амралт, амьдралын хэвшлээс шууд шалтгаалдаг. Жишээ нь, хүн өдөрт ажлаа хийж явсаар харихад 2500 килокалори хаядаг. Тиймээс 16 төрлийн амин дэм, 13 төрлийн амин хүчил, хоёр төрлийн ханасан болон ханаагүй тосны хүчил идэж байж алдсан эрч хүчээ нөхөх учиртай.
Хэрэв чи орой гэртээ очиж цуйван юм уу будаатай хоол идчихээд унтаад байвал алдсан килокалорио хэзээ ч нөхөхгүй. Хүмүүсийн дархлаа суларч, өвчин тусаад байгаагийн шалтгаан ерөөсөө л энэ.
Эмэгтэйчүүд ямар нэг баяр ёслол дөхөөд ирэхээр хамгийн богино хугацаанд тураадаг фитнес клуб хаана байна гээд хайдаг. Хэдийгээр богино хугацаанд жин хаяж болдог ч эрүүл мэндээ асар ихээр золиосолж байгаа юм. Энэ мэт алдааг нь хэлж ойлгуулахын тулд би лекц, сургалт их хийдэг.
-Таны биед ямар нэг өвчин хууч байна уу?

-Байхгүй дээ. Харин тулааны спортоор хичээллэдэг учраас бэртэл гэмтэл л их байна.
-Одоо залуучууд 40 гараад ирэхээр өөрсдийгөө ахмадын тоонд оруулж, гүзээ суугаад эхэлдэг. Энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?

-Би сүүлийн дөрвөн жилийн турш Европоор их явлаа. Тэнд бэлтгэл сургуулилт хийж байхдаа хөгжилтэй нийгмийн хүмүүсийн амьдралын хэвшил ямар байгааг ажиглахыг хичээсэн. Өндөр хөгжилтэй орны иргэдийн баримталдаг гол зарчим нь ерөөсөө эрүүл байх юм байна. Орой ажил хэдээс ч тарсан бай, заавал 1-2 цагийг эрүүл мэнддээ зарцуулаад хэвшчихэж. Өнөөгийн монгол­чууд шиг бухимдаад, нэгнийгээ үзэн ядаад, уурлаж хараагаад байх юм алга. Бие биенээ хүндэлж, нэгэнтэйгээ маш соёлтой харьцаж байна. Энэ соёл улсын хөгжил юм байна, улс орноо хөгжүүлж байна гэж байшин барилга барихаасаа өмнө иргэдээ эрүүлжүүлж, ёс суртахуун, боловсролтой болгох нь чухал гэдгийг би эндээс ойлгосон.
-Англи хэл, монгол бичиг сурч байгаа гэсэн байх аа?

-Би хэл сурахаасаа өнгөрсөн гээд хойш суух арга алга. Яагаад гэвэл гадаадын тэмцээн уралдаанд ороход англи хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс Европт таван сарын турш англи хэлний курст суулаа. Европоор тойрохдоо үүргэвчээ үүрээд л автобус, онгоц, галт тэрэг гээд аль таарсан унаандаа суугаад явчихдаг. Ингэж аялах нь нэгдүгээрт зардал хэмнэнэ. Хоёрдугаарт, тухайн ард түмний амьдрал, соёл, ёс заншлыг мэдэж авахад дөхөм байдаг. Олны дунд нэлээд явсны ачаар англи хэлийг тодорхой хэмжээнд сурлаа. Төгс биш ч гэлээ ямар ч байсан хоолоо олоод идэх, хэрэгтэй унаагаа олоод суучих хэмжээнд хүрсэн.
-Саваагүй гэмээр нэг асуулт байна. Амьдрал дээр биеэ хамгаалах зорилгоор тулааны ур чадвараа ашиглах тохиолдол гарч байв уу?

-Тийм тохиолдол зөндөө бий. Энэ жил Бельгид худалдааны гудмаар алхаж байтал гурван монгол таарлаа. Намайг зогсоогоод “Ах аа, хэдүүлээ ганц юм уучих уу” гэж байна. “Уучлаарай ах нь уудаггүй юм. Тэгээд ч маш их ажилтай байна” гэсэн чинь намайг хоргоож чангаагаад өдөж байна. Элдэв янзын хараал ч урсгаж эхэллээ. Замд хөндөлсөөд байхаар нь түлхэж холдуулаад явах гэтэл хутга гаргаад ирсэн. Тэгэхээр нь цохиод автал унаад өглөө. Хоёр дахь нь хүрээд ирэхээр нь бас л цохиод унагаачихсан. Нөгөө хоёр чинь босож ирэхгүй болохоор нь эмнэлэг, цагдаа дуудсан. Олны хөлийн газар болохоор хүмүүс тойроод шавчихаж. Гэтэл хаанаас ч юм хоёр цагдаа хүрч ирээд намайг гавлаж, нөгөө хоёрыг эмнэлгийн машинаар аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод байцаалт өгөхөд камерт бүх юм бичигдээд үлдсэн байсан болохоор намайг буруугүй юм байна гээд суллаж явуулсан.
-Хүний нутагт нэгнийгээ дээрэлхдэг онцгүй нөхдүүд байж дээ?

-Шоронгоос гарч ирсэн нөх­дүүд юм билээ. Тэнд амьдардаг монголчуудыгаа дарамталж, мөнгийг нь авдаг гэсэн. Тэндхийн монголчууд дараа нь “Хэдэн болдоггүй нөхдийг та сайхан хашраалаа. Ёстой их баярлалаа” гэж байсан. Гадаа­дын улс оронд амьдралын төлөө зүтгэж буй зөв сэтгэлтэй хүмүүсээс гадна иймэрхүү болж бүтэхгүй нөхдүүд ч байх юм.
Ер нь Европт брэндийн том дэлгүүрт ороход хамгаалагч нар нь байнга хянадаг. Брэндийн дэлгүүрээс хулгай хийдэг монголчууд тэнд цөөнгүй байдаг юм байна. Энэ мэтээс болоод монголчуудын нэр хүнд унаж байгааг өөрийн биеэр мэдэрсэн дээ.
-Ярианыхаа сэдвийг спорт руу хандуулъя. Таны бодлоор манай тулаанчдын түвшин ямар шатанд хүрээд байна вэ?

-Монголд тулааны урлаг хөгжиж, мундаг залуучууд гарч ирж байна. Гэхдээ тэднийг дэмжих бодлого дутагдалтай юм шиг санагддаг. Олимпын төрөл, олимпын бус төрөл гээд ялгачихсан. Жишээ нь би кикбоксын дэлхийн аварга, олон улсын тэквондогийн дэлхийн аваргын таван мөнгөн медальтай хэрнээ олимпын бус төрлөөр хичээллэдэг гэдэг утгаараа төрөөс дэмжлэг авч үзээгүй. Бид тэмцээн уралдаанд орох зардлаа дандаа өөрсдөө олдог. Харин сүүлийн үед тулааны том том бооцоотой тэмцээнүүд бий болсон нь залуучуудад сайхан боломж нээж өглөө. Одоо Америк, Япон, Солонгост цөөнгүй монгол залуу тулалдаж байна.
Ер нь тулалдах чадвар, тэсвэр, эр зориг монгол хүний цусанд байдаг юм шиг байгаа юм. Энэ чанар нь дэлхийд хэдийн танигдчихсан. Одоо ивээн тэтгэгч сайтай болчихвол UFC зэрэг том талбар руу ч гарах боломж байна. Нэг ёсондоо тамирчдыг хооронд нь зүгээр зодолдуулах биш, тэднийг ашиглан шоу хийж мөнгө олох боломж улам нээлттэй болж байна.
-Та боксын шүүгч хүн болохоор энэ спортын талаар ярилцъя. Монголын боксчид энэ жил уламжлалаа таслалгүй ДАШТ-ээс медаль аваад ирлээ. Харин ирэх жил Токиогийн олимпод яах бол?

-Мэдээж сайн хүүхдүүд байна. Гэхдээ наана нь олим­­пын эрхээ авах том шалгуур бий. Хамгийн гол нь ялагдчихаад ямар нэг шалтаг тоочоод суух биш, түүндээ дүгнэлт хийж илүү сайжрах нь чухал. Нэгэнт ялагдсан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Сая дэлхийн аваргаар Б.Чинзориг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нарыг луйвардуулчихлаа гээд л яриад байна. Э.Цэндбаатар дээр гэхэд хажуугийн таван шүүгч бүгд 5-0 гэсэн оноо өгчихөөд байхад маргах ямар ч шаардлагагүй. Хожихоороо баатар аятай яриад, хожигдохоороо хэн нэгэн рүү буруугаа нялзаадаг байдлаа болимоор байна. Хэрэв шүүгчид бурууг өгөөд өөрсдийгөө өмөөрөөд байвал хэзээ ч сайжрахгүй. Тив, дэлхий, олимпын рингэнд дандаа шигшэгдсэн сайн шүүгчид ажилладаг юм. Энэ бүхнийг үгүйсгэж болохгүй л дээ.
Үзэгчид харахад нэг тамирчин идэвхтэй ажиллаад л байна. Гэхдээ тэр дунд онооны цохилт байхгүй бол оноо дарахгүй шүү дээ. Харин өрсөлдөгч нь хамгаалж байгаад нэг оновчтой цохилт хийгээд оноо авчихаж болно. Үүнийг энгийн хүмүүс харчихаад “Ингэж зодож байхад нөгөө талд ялалт өглөө, шүүгч нарыг хахуульдсан байна” гээд яриад эхэлдэг. Ямар цохилтод оноо дарах ёстой вэ гэсэн дүрэм байна шүү дээ.
-Н.Төгсцогтын талаар ямар бодолтой байна вэ?

-Монголоос явснаас хойш огт өөр болсон байна лээ. Угаас боксын эх оронд байгаа болохоор ямар алдаа гаргаж байна, юун дээр ажиллах шаардлагатайг олж харж, зөв тийш чиглүүлэх чадвартай хүн олон бий. Н.Төгсцогт бол ямар ч хийгүй тоглодог онцлогтой боксчин. Хүн харахад уран гоё юм байхгүй. Гэхдээ маш оновчтой, хүчтэй цохилттой, хий багатай. Мөн ажиллах чадвараар хэнийг ч дагуулахгүй. Ер нь ийм боксчин л амжилт гаргах магадлал өндөр байдаг юм. 




-У.Мөнх-Эрдэнийн талаар ямар бодолтой байна вэ. Үеийнхэн нь зодог тайлчихаад байхад ганцаараа үзсэн хэвээр төдийгүй УАШТ-ээс мөнгөн медаль авлаа шүү дээ?

-Манай У.Мөнх-Эрдэнэ маш их хөдөлмөрч хүүхэд. Хөдөлмөрийнхөө үр шимээр амжилтад хүрсэн. Цаашид олимп, ДАШТ-д орох эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тухайн үед сорилго, спаррингийг шударга хийж, хэн ялж байгааг нь л явуулах ёстой. Шинэ тамирчинд зам тавьж өгөх ёстой гэж ярьдаг. Тэгвэл шинэ тамирчин нь У.Мөнх-Эрдэнийг хожиж байж л том тэмцээний эрхээ авна шүү дээ. Дотооддоо ялж чадахгүй бол гадагш гараад амжилт гарахгүй нь тодорхой. Энэ хүн яах аргагүй олимп, дэлхийн рингэнд өөрийгөө хэн бэ гэдгийг харуулсан тамирчин. Хэрэв одоо чадаж л байвал тэмцээнд явж болно шүү дээ.
-Таныг шүүгчээр ажиллаж байхад энэ хүнийг дэмжээд өгчихөөч гэсэн хүсэлт ирдэг байв уу?

-Би нэг тэмцээнийг рингний хажууд шүүлээ. Гэтэл 4:1-д орчихож. Нөгөө дөрвөн шүүгч эсрэг талд ялалт өгчихсөн гэсэн үг. 4:1-д орсон болохоор намайг дуудаад авч хэлэлцлээ.
Тэгэхээр нь би “Та нар наад хуучирсан арга барилаасаа сал. Аливаа юм шударга л байх ёстой” гэсэн. Гэтэл тэр нь нэг компанийн нэрэмжит тэмцээн байсан юм билээ. “Эднийх зардал гаргаад энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тиймээс эдний тамирчныг дэмжих хэрэгтэй байна” гэсэн. “Больж үз та нар. Ийм жижиг тэмцээн дээр хүртэл луйвар хийж байгаа юм бол хэзээ ч сайн тамирчин төрөхгүй. Иймэрхүү яриа хийх гэж байгаа бол намайг рингний хажууд битгий суулгаарай” гэсэн. Тэрнээс хойш надтай иймэрхүү яриа хийхээ больсон.
Ер нь ихэнх жижиг тэмцээн дээр намайг ерөнхий шүүгчээр тавьдаг юм. Учир нь шүүгч нар өмнө нь өөрийнх нь багш байсан хүмүүсийн нөлөөнд автчих гээд байдаг. Харин би зөвхөн өөрийнхөөрөө шүүдэг болохоор ерөнхийгөөр тавих сонирхолтой юм шиг байна лээ.
-Шударга шүүсэнд баяр­лалаа гэсэн үгийг тамирчдаас сонсож байв уу?

-Би лав тийм үг сонсоогүй. Гэхдээ багш нар заримдаа хажуугийн шүүгчдийг солих хүсэлт гаргах тохиолдол бий. Ийм үед ихэнх нь над руу ирдэг юм. “Энэ шүүгчийн оронд Давааг суулгамаар байна” гэж хандах тохиолдол олон. Надад итгэж байгаагийн илрэл л юм даа.
-Боксоор олон жил тоглохоор тархи толгойндоо гэмтэл авах эрсдэлтэй гэдэг. Гэтэл та 40 гаруй жил тоглочихжээ. Гайгүй байна уу?

-Мэдээж олон удаа хүнд цохилт авбал тархи толгойнд нөлөөлнө. Гэхдээ тулааны төрлүүд бокс шиг толгойдоо цохилт авах нь бага. Ихэвчлэн хөл рүү өшиглөнө. Каратэ, кикбокс гэхэд тархи толгойдоо цохиулаад байх нь харьцангуй бага болохоор гайгүй ээ.