A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2087/

Өглөө нь нууцаас гарч, орой нь нэвтрүүлэг болдог “нууц материал”

Та нарын тавьж байгаа жүжиг Монголын эдийн засагт яаж нөлөөлөх бол

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2087/


Би та нарт дэлхийн түвшний зохиол, найруулгатай кино ярьж өгье.

Зохиолын дагуу өглөө нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэхийн дарга нь журмын нөхдийн хамт хэвлэлийхнийг цуглуулан ард түмнийг айлгаж, хэсэг бүлэг хүмүүсийг үзэн ядуулах гэсэн цорын ганц зорилготой схем үзүүлнэ. Уг мэдэгдэлд яригдаж байгаа бүхэн хуулийн дагуу хийгдсэн байна уу үгүй юу хамаагүй. “Пөөх эд нар чинь ямар аймар юм бэ” гэж хэлүүлж л байвал болно. Хэдхэн цагийн дараа нөгөө сэтгүүлчдэд нэгэн зэрэг ил болгосон гээд байсан “нууц” баримтуудаар нь хийсэн нэвтүүрүүлэг цацагдана. Хэрэг эрхлэхийн даргатай үгээ нэгтгэсэн мэт ярих энэ нэвтрүүлэг өглөө эхэлсэн “үзэн ядалтын гал”-ыг дэвэргэж, оргилд нь хүргэнэ. Маргааш өглөө нь хэвлэлийхнийг цуглуулж баривчилгаа хийнэ. Энэ сайн чанарын кино, жүжгийн найруулагчдад тавих хэдэн асуулт байна.

Асуулт нэг.

Үнэхээр л попроогүй, жинхэнэ булхайн схемийг ил тод болгох гэсэн юм бол яагаад ямар ч баримтгүй “баримт” өгч байгаа юм бэ. Схем дээр дурдагдсан гүйлгээ, дамжлага, бизнесийн үйл ажилгааны аль ч хэсгийг нь ямар ч хууль хүчний байгууллага хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаагүй гэдгийг сануулах нь зүйтэй биз. Гаднын орны жишээ ярих дуртай улс хаана, хэзээ УИХ-ын гурван гишүүн нь хэвлэлийхнийг цуглуулж байгаад аль ч хууль хүчний байгууллагаар буруу нь тогтоогдоогүй хувь хүн, компанийг гэмт хэрэгтнээр цоллож болдог байсан юм бэ. Ямар ч тогтоол шийдвэргүйгээр эд нар гэмт хэрэгтэн гэж олон нийтэд зарласныхаа дараа “одоо миний хэлсэн зүйлс үнэн эсэхийг холбогдох газрууд шалгана, тогтооно” гэж хэлдэг Хэрэг Эрхлэхийн даргатай улс орон байна уу. Буруу нь тогтоогдох хүртэл буруугүй гэдэг зарчим бус “буруутай гэдгийг чинь төрийн нэрийн өмнөөс зарлачихъя.

Нэвтрүүлгийн араас мэдүүлэг авч, хэрэг үүсгэдэг цорын ганц орон бол Монгол

Харин дараа нь та нар буруугүй гэдгээ чадвал батал” гэдэг хуулийн тогтлолцоотой улс уу, бид. Би ч гэсэн тэр “Схемийг” хараад айсан, сүрдсэн, яригдаж байгаа хүмүүсийг үзэн ядах сэтгэл төрсөн, “схем”-ийн зураг цорын ганц зорилгоо биелүүлсэн гэсэн үг.

Асуулт хоёр

Үнэхээр л мэдээллийг цэгцтэй өгч, ард иргэдэд зөв ойлголт олгох гэж сэтгүүлчдэд нэгэн зэрэг аймшигт “схем”, мэдээллийг цацсан юм бол яаж хэдхэн цагийн дараа уг мэдээлэл дээр  нь суурилсан эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлэн болох вэ. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга л нууцлалын зэрэглэлээс гаргасан болохоос биш аймшигт бүлэглэл хав дарж, хэнд ч мэдэгдэхгүй байсан мэдээлэл гээгүй бил үү. Олон цаг, өдрийн хөдөлмөр шингээн анализ хийчихсэн нэвтрүүлэг бэлдчихсэн байж байдаг. Хүмүүсийг мэдээллээр бөмбөгдөж байгаад юу болсныг нь ойлгож амжаагүй байхад баривчилгаа хийсэн тохиолдол энэ анхных биш. Үнэхээр л буруутай юм бол бурууг нь нотолчихоод энэ ажлуудаа хий л дээ. Чоно борооноор гэгчээр баахан үймээн шуугиан тарьчихаад завсар чөлөөгөөр нь хорьж цагддаг ажиллагаа Монголын “норм” боллоо.

Нэвтрүүлгийн араас мэдүүлэг авч, хэрэг үүсгэдэг хууль шүүхийн тогтолцоотой цорын ганц орон бол Монгол болж хувирч байна.

Асуулт гурав

Гавлахын учир юунд вэ. Зугтаж оргоогүй хэн нэгнийг хэвлэлийхний өмнө Холливуудын кино шиг гавлан, “SWAT”- ын машинаар авчирдаг болсон юм уу. Машиныг нь хүртэл “баривчилдаг” нь яаж байгаа юм бэ. Киноны зохиолыг бичиж байгаа хүмүүс энэ дээр арай л хэтрүүлчих шиг болсон. Эргэн тойронд нь байдаг, гайгүй хүн шүү гэж боддог, өмнөөс нь дугарчих магдлалтай хэн хүнд “энэ хүн дууссан, ойртож болохгүй гэмт хэрэгтэн” гэдэг мессежийг өгч түлхэхийн тулд ингэж ажилладаг гэж Д.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьж байсан санагдаж байна. Гэхдээ тэр хууль хүчнийхний ашигладаг аргыг чинь одооны Засгийн газрын тэмцээд байгаа, өмнөх Засгийн газар ашигладаг байгаагүй бил үү.

Асуулт дөрөв

Үзэгчдийн таашаалыг хүртэхийн тулд хийж байгаа энэ киноны “үнийг” энгийн иргэд төлнө гэдгийг ойлгож байна уу. Энэ Засгийн газрын үед ажилгүйдэл хэдэн хувиар буурсан бэ, шатахууны үнэ багассан уу, ханш юу болсон бэ, бидний амьдрал сайжрав уу, тартагтаа тулав уу. Энэ бүх бодит асуудлуудыг шийдэхийн оронд “бүх нийтийн дайсныг бий болгох” нь амар шүү дээ. Дайн дажин, нийтлэг дайсан байгаа цагт жинхэнэ ажил хийх хэрэггүй.

Харамсалтай нь, сонгож авсан дайсны нэг нь Монголын эдийн засгийн гучаад хувьтай тэнцэх  активтай, 2000-аад хүнийг ажлын байраар хангадаг, Монгол Улсын бүх олон улсын гүйлгээг дамжуулдаг ууган банкны нүүр царай. Олон улсын эдийн засаг, зах зээл хэрхэн ажилладаг, нэрээ гаргахын төлөө улстөрчдийн хэлсэн хариуцлагагүй ганц үг нь энэ зах зээлд хэрхэн нөлөөлдгийг хэлээд хэлээд нэмэргүй бололтой. Олон улсын эдийн засагчид, улстөрчид Монгол Улстай битгий түншил гэж хэлэх хүртэл нь битгий попор л доо. Та нарын тавьж байгаа жүжиг, кино чинь Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гээд тавхан хором ч гэсэн бодоод үз л дээ. Энэ поп үйл ажилгаанаас нь үүдэх эдийн засгийн үр дагаврыг даван туулах чадамж энэ Засгийн газарт байхгүй, тэгэхээр энгийн ард иргэд, тэдний өдөр тутмын амьдрал л хохироод дуусна шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Байх ёсгүй хурган дарга нарт зарах ёсгүй хэдэн зуун саяыг заржээ

“Тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй

 0 сэтгэгдэл


Нэг төрийн албан хаагч 17 хүнд үйлчилж буй үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Гурван сая хоёр зуун мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхийн тулд 192 мянган төрийн албан хаагчийг “тэжээж” байгаа гэсэн үг. Манай орны урд БНХАУ 1.3 тэрбум хүнд 70 сая төрийн албан хаагч үйлчилж буйгаараа бичигджээ. Харин тус жагсаалтад ОХУ 142, АНУ 147, Франц 191 хүнд нэг төрийн албан хаагч ногдсон үзүүлэлтээр гайхагдсан байна. Өөрөөр хэлбэл, францчууд нэг төрийн албан хаагчдаа 191 хүнд үйлчилснийх нь төлөө цалин олгож байна. Манайхтай ижил хүн амтай литва улс гэхэд ердөө 20 мянган төрийн албан хаагчтай ажиллаж, амьдарч болоод л байгаа юм. Гэхдээ манай улсын хувьд тэдгээр орноос ядуу зүдүүгээр ялгарах, хот хөдөөгөөр хуваагдах онцлог бий. Түүндээ тааруулан төрийн байгууллагын орон тоог баталж, төсөв хөрөнгөө уядаг жишигтэй. Харин үүнийг нийслэлийн удирдлагууд юман чинээ тоохгүй байгаа баримтууд аудитын шалгалтаар илэрлээ.

Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд нийслэлийн төрийн албан хаагчийн орон тоог хэтрүүлсэн эсэхэд шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн байна. Нийслэл дэх төрийн аудитын газраас Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гүйцэтгэлийн тайланд энэ тухай  дэлгэрэнгүй танилцуулжээ.

Нийслэлд төсвийн 90, орон нутгийн өмчит 12 үйлдвэрийн газарт, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот 62 үйлдвэрийн газарт, хоёр хувьцаат компанид нийт 34.1 мянган иргэн төрийн алба хашиж байна. Төсвөөс цалинждаг нийслэлийн бүх орон тоог Засгийн газрын тогтоол, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар баталдаг. Гэтэл 2017 онд нийслэлийн харьяа 14 байгууллага дээрээс баталсан албан хаагчийн орон тоог 73-аар хэтрүүлж, төсвийн мөнгөнөөс зүй бусаар хороожээ. Тухайлбал, “Нийслэлийн орон сууцны корпорац” ОНӨААТҮГ 11, нийслэлийн авто замын хөгжлийн газар 13, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар 23 албан хаагчаар хэтрүүлсэн байна. Дээрх 14 байгууллага баталсан орон тоог хэтрүүлснээс 631 сая төгрөгийг цалинд зарцуулсан гэж аудитын байгууллага тогтоожээ.

Мөн Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай чанартай болгох зорилгоор 2016 онд нэгэн тогтоол баталж дагаж мөрдөхийг хуулиар заажээ. Тус тогтоолд Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол нэг дэд буюу орлогч даргатай байх, 100-гаас цөөн ажилтантай бол орлогч даргагүй байхаар тусгажээ. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2016 онд А/635 дугаар захирамж гаргахдаа дээрх чиглэлийг баримтлаагүй аж. Үүний улмаас 17 байгууллага хурган даргыг илүү зардлаар тэжээж байна. Заримд нь бүр хоёр дэд дарга илүү гарсан байх жишээний. Нийслэлийн тээврийн газар 90, нийслэлийн өмчийн харилцааны газар 65 албан хаагчийн орон тоотой байхад хоёр ч дэд даргатай ажиллаж байгааг ойлгоход бэрх. 2017 онд нийслэлийн харьяаны 100-аас цөөн орон тоотой 13 газрын дэд буюу орлогч даргын цалинд 171.1 сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл байх ёсгүй албан тушаалд өгөх ёсгүй мөнгө зарцуулжээ. Өнгөрсөн жил ч энэ хэмжээний мөнгө төсвөөс гарсан нь тодорхой. Мөн нэг дэд даргатай байх ёстой нийслэлийн авто замын хөгжлийн газар, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн газрын алба, өнөр бүл хүүхдийн төв зэрэг байгууллагууд илүүдсэн дэд дарга нартаа 35.8 сая төгрөгийн цалин өгчээ.

Дээрээс тархсан төрийн эсрэг “вирус” доош халдварлан дүүргийн удирдлагууд ч дэд дарга нэмдэг аргад мэргэшжээ. БГД-ийн ИТХ-ын тэргүүлэгчид тогтоол батлан гурван дэд даргатай байхыг хүссэн бол БЗД-ийн итх хоёр дэд дарга ажиллуулахгүй бол төрийн ажлыг барахгүй гэж үзжээ. Үүнээс гадна Багануур, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг нэг, бусад нь хоёр ч хурган даргыг илүү тэжээж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т дүүргийн Засаг даргыг ганцхан орлогчтой байхаар заажээ. Гэтэл бүх дүүргийн засаг дарга нар орлогчоо нэмж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсээр. Хууль зөрчиж томилсон хурган дарга нарын цалинд жил бүр 155.6 сая төгрөг зарцуулж буйг ч тогтоогоод байна. Үүнийг олон жилээр үржүүлбэл тэрбум төгрөг давсан үргүй зардал гарна гэсэн үг.

Эл гүйцэтгэлийн тайланд дурдсан дээрх зөрчлийн талаар аудитын байгууллага нийслэл, дүүргийн удирдлагад үүрэг даалгавар өгч, ирэх сарын 10-н гэхэд гаргасан зөрчлөө арилган эргэж мэдээлэхийг сануулсан байна. Үр ашиггүй зардлуудыг танах талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгөх, зөрчил гаргасан байгууллага, албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг НИТХ-ын даргад анхааруулаад байгаа. Мөн УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу нийслэлийн төрийн захиргааны болон хэрэгжүүлэгч агентлагуудын дэд буюу орлогч дарга, дүүргүүдийн Засаг даргын орлогч болон бусад шаардлагагүй орон тоог хасаж, төсвийн зардлыг хэмнэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Дүүргийн Засаг дарга нарыг ч орлогчийнхоо асуудлыг шийдвэрлэх саналаа ирүүлэхийг сануулжээ. Харамсалтай нь дүүргийн удирдлагууд гүйцэтгэлийн тайлантай танилцсан гэдгээ бичгээр илэрхийлсэн боловч засаг даргын орлогчийн орон тоог цөөрүүлэх санал өгөөгүй л байна.

Шаардлагагүй орон тоог нэмж үүсгэн 32 хурган дарга залжээ

Зөвхөн Налайх дүүргийн Засаг дарга л гурав байсан орлогчоо хоёр болгон бууруулсан тухайгаа илтгэжээ. Энэ нь төрийн мөнгийг зүй бусаар зарцуулсан “хэрэг”- тээ гэмших нь бүү хэл, төрийн хяналтын байгууллагыг үл тоосон үйлдэл гэдэг нь илэрхий. Хэтрүүлж хэлбэл хууль зөрчөөд зогсохгүй, улсын мөнгөнөөс бүлэглэн “хумсалсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Ер нь “тэлээ хурга” тэжээх гэж татвар төлдөггүй, хууль зөрчиж хурган дарга томилдоггүй гэдгийг засаг ноёдод сануулах юун.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.2- т “иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу дүүргийн засаг “ноёд”-ыг хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж, огцруулах үндэслэл ч бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мэдээллийн аюулгүй байдал цахим шилжилтэд бэлэн биш

Сонгуулийн үеэр регистрийн дугаарын эрэлт ихэсдэг

 0 сэтгэгдэл


Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны зорилтдоо “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тусгасан. Төрийн байгууллагууд иргэний регистрийн дугаараар бүх мэдээллийг нь нэг дор авч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болно гэж сурталчилж буй энэ ажлын сөрөг үр дагаврын талаар төдийлэн хөнддөггүй. Мэдээллийн аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстойг мэддэг ч нууцлал, хамгааллын талаар сурталчлан, иргэн бүрт цэгцтэй ойлголт өгөхийг хүсэхгүй мэт таг чиг сууна.

Таны оршин суугаа хаягаас эхлээд гэр бүлийн байдал, төлсөн татвар, эд хөрөнгө, эзэмшил, өмч, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон талаарх түүх зэрэг асар олон өгөгдлийг нэг дор нэгтгэн, “регистрийн дугаар” гэдэг арван тэмдэгтээс бүрдсэн “цоож” зүүгээд, цахим ертөнцөд орхино.

Хачирхалтай нь захын нэг программист тэрхүү серверт нэвтэрч, таныг нэгд нэгэнгүй судалж чадна гэвэл ямар сонсогдож байна вэ. Түүнчлэн та өөрөө ямар нэгэн байдлаар регситрийн дугаараа бусдад алдахад л амьдралын хамаг нандин нууцаа дэлгэнэ гэсэн үг болох нь.

“Монгол Улс төрийн мэдээллийн серверээ хакердуулсан” гэж парламентын гишүүн нь баримт дэлгээд байхад ямар ч арга хэмжээ авдаггүй эрх баригчид таны, миний мэдээллийг хамгаалахын төлөө санаа тавина гэж найдахад бэрх. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018 оны аравдугаар сард ирүүлсэн тайланд “Казахстанд байрлалтай “Kaspersky lab” компанийн Зүүн Азийг хариуцсан захирлаас манай улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртсөн тухай и-мэйл ирсэн” гэж дурдсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авах төлбөрийг шийдэж өгөлгүй удаасаар, гурван сарын дараа тус компани “Монголын төрийн мэдээллийн сан халдлагад өртжээ” гэж дэлхий дахинаа “шившиглэсэн”. Ингээд манай улсын цахим аюулгүй байдлын индекс 89 байраар ухарч, 103 дугаарт бичигдэх болсон харамсалтай тохиолдлыг эрхэм гишүүн мэдээлсэн нь саяхан. Улсын мэдээллийн аюулгүй байдал ийм ноцтой түвшинд байхад 3.2 сая иргэний мэдээллийг хадгалж хамгаалах нөхцөл бүрдээгүй нь ойлгомжтой.

ИРГЭДИЙН НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ СОНГУУЛЬД АШИГЛАДАГ

Техник, санхүүгийн нөхцөлөөс гадна улс төрийн зорилгоор иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд хайнга ханддаг гэж IT инженерүүд үздэг. Иргэний регистрийн дугаарын цаана хадгалагдсан мэдээлэлд үндэслэн сонгуулийн сурталчилгааны арга тактик боловсруулах, цаашлаад саналаа өгөөгүй тохиолдолд өмнөөс нь санал тоолуулах зэргээр ашигладаг тухай тэд ярьдаг.

Улсын бүртгэлийн архивт 94 сая гаруй хуудас материал бий. Мөн Монголдоо хамгийн том буюу 60 орчим терабайт хэмжээтэй дата хадгалдаг 67 сервертэй. Үүнээс сонгуулийн үйл ажиллагаанд 2082 файл хэлбэрийн сан ашигладаг гэсэн тоо бий. Иргэний бүртгэлийн мэдээллийн санд 2017 оны байдлаар арваас дээш сонгогч бүртгүүлсэн 13 мянга гаруй өрх байв. Ингэж “бөөгнөрсөн” хоёр зуугаад мянган сонгогч сонгуулийн менежерүүдийн хувьд гол түшиц бүлэг нь болдог гэсэн. Үүний зэрэгцээ сурталчилгааны ажилтан нэг бүрээс тухайн тойргийн хаягтай, 20-оос дээш хүний утас, регистрийн дугаар олж ирэхийг шаарддаг аж. Олж авсан иргэдийн дата мэдээлэлд тулгуурлан, амьжиргааны түвшин, ажил эрхлэлт, ашиг сонирхол, холбоо сүлбээг нь нэвт судлан, ухуулагч нараа “тавьдаг” тактик бий. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын ялалт байгуулсан шалтгааныг алдагдсан дататай холбож тайлбарладаг. Энэ арга өнгөрсөн хоёр сонгуульд манай улсад хэрэглэгдсэн, 2020 онд ч төгс боловсронгуй хэлбэрээр ашиглахаар зэхэж байгаа тухай учир мэдэх хүмүүс хэлж байна.

• Техник, санхүүгийн нөхцлөөс гадна улс төрийн зорилгоор иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд хайнга ханддаг гэж IT инженерүүд үздэг. 

• ЭСЯ-д виз мэдүүлэхэд материал бүрдүүлж өгөх нэрийдлээр олон зуун мянган хүний хаяг, утас, регистрийг бүртгэж авсаар байна. 

• Хууль хяналтын байгууллагааас зуучлах үйлчилгээ эрхэлдэг зарим газрын хаалгыг барьсан ч, бүртгэж авсан иргэдийн нууцлал бүхий мэдээллийг нь тэдэнд үлдээчихдэг.

ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ХАМГИЙН ИХ "ОЛЗОЛДОГ" ГАЗАР НЬ ЗУУЧЛАХ ТӨВҮҮД

Үлгэрт дээрэмчдийн эрдэнэсийн агуйг “Сим-сим, онгой” гэх шидэт үгээр нээдэг шиг таны регистрийн дугаар алт, алмазаас илүү үнэт мэдээллээ дэлгэх түлхүүр болж болзошгүй. Та болон таны ойрын хүмүүст бараг өдөр тутам регистрийн дугаараа алдах тохиолдол гардаг гэхэд хилсдэхгүй. Үүрэн телефоны оператор компани, үйлчлүүлдэг спорт болон бусад клуб, харъяалагддаг олон нийтийн байгууллагаас эхлээд захын нэг сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн карт эзэмшихэд хүртэл бүхий л мэдээллээ агуулсан хувийн нууц дугаараа өгөх шаардлагатай тулгарч байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн регистрийн дугаарыг “хомроголон хурааж” байгаа газрууд бол гадаадад ажиллах хүч зуучлах төвүүд юм. ЭСЯ-д виз мэдүүлэхэд материал бүрдүүлж өгөх нэрийдлээр олон зуун мянган хүний хаяг, утас, регистрийг бүртгэж авсаар байна. Хууль хяналтын байгууллагааас ийм үйл ажиллагаа явуулдаг зарим газрын хаалгыг барьсан ч, бүртгэж авсан иргэдийн нууцлал бүхий мэдээллийг нь тэдэнд үлдээчихдэг. Хууль бус учраас хаагдсан газрууд тэдгээр мэдээллийг хэрхэн ашигладгийг хэн ч сонирхохгүй орхидог нь харамсалтай.

Саяхан цагдаагийн байгууллагад АНУ-ын ЭСЯ-ны зүгээс иргэдийн мэдээллийг хууль бусаар авсан газрын талаар гомдол ирүүлсэн ч хэрэг үүсгэн шалгаагүй аж. “Иргэдийн мэдээллийг хуурч мэхлэх замаар олж авсан бол...” гэх зүйл заалт ямар ч хуулийн санкцад байдаггүй тул цагдаагийн байгууллага буцаахаас ч яах билээ.

Монгол Улсад мөрдөгдөж буй хувь хүний нууцын тухай хуулийн 5.1-д “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасан байдаг. Төрийн нэгдсэн системд байршуулсан бүх нууцыг минь хурууны хээ дарах төдийд чөлөөтэй тольдож байгаа энэ үед дээрх заалт даанч даажинтай. Нөгөөтэйгүүр нууцлалын өндөр зэрэглэлтэй төрийн албаны шалгалтыг хэдхэн код тайлаад хариултыг нь гаргаад авчихдаг IT салбарын зарим мэргэжилтний өмнө “хувийн нууцаа би өөрөө хамгаална” гэж хууль ярьж ханхалзаад нэмэргүй.

Хувийн мэдээллийг хамарсан зохицуулалтыг АНУ-д “нууцлалын бодлого”, Европын холбоо болон дэлхийн бусад орнуудад “хамгаалалтын бодлого” гэж нэрлээд тусгайлсан хуулиар хамгаалж, зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг нь чангатган зааж өгсөн байдаг. Гадна ертөнцөд хувь хүний мэдээллийн нууцлал нэн тэргүүнд тавигдаж, төрийн халдашгүй дархан байдалтай эн зэрэгцэх түвшинд яригддаг жишиг Монголд хэзээ тогтох вэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Н.Ганболд: Онгоцны түрээсийг зогсоох эсэхийг ярилцаж байна

Гэрээг нэг талаас шууд цуцлах эрх байхгүй

 0 сэтгэгдэл


Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглаж байсан “Boeing 737 MAX” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ компанид ашиглаж байгаа тус загварын агаарын хөлгийн нислэгийг энэ сарын 11-ний өдөр түр хугацаагаар зогсоож, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж гаргатал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн юм. Энэ талаар МИАТ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболдтой ярилцлаа.

-Индонезид болсон “Boeing 737 MAX” онгоцны ослын дараа АНУ-д уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсныг тус компани нуусан нь ил боллоо. Яг энэ үедээ танай компанид онгоцоо худалдсан байна. Одоо зээлийн төлбөр, бусад асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Түрээсийн гэрээнд төлбөрийн зохицуулалтыг бүрэн оруулсан. Энэ онгоцыг түрээсэлж авсан компани нь “Avolon”. Энэхүү компанитай бид и-мэйлээр холбогдож, онгоцны түрээсийг зогсоох эсэх асуудлаар ярилцаж байна. Түрээсийн гэрээнд манай тал төлбөр тооцоогоо тасралтгүй төлөх үүрэгтэй ч, энэ онцгой тохиолдолд Avolon компанийн төлөөлөлтэй уулзаж, цаашдын нөхцөлийн талаар тохиролцоонд хүрэх шаардлагатай болсон. Тиймээс энэ сарын 28-нд цаг тохирсон, эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний тооцоолсноор “Boeing 737 MAX” онгоц ирэх сарын 15 хүртэл нислэгт гарахгүй. Тэгэхээр нэг сарын түрээсийн төлбөрийг төлөх эсэх асуудлыг Avolon, эсвэл “Boeing” компанитай уулзсаны эцэст тодорхой болох юм.

-Дэлхийн 70 гаруй орон тус онгоцноос татгалзсан. Тухайлбал, Канад улс төлбөрөө буцааж авахыг шаардахаас гадна хохирлын нөхөн төлбөр шаардаж байна. Харин МИАТ компани яах гэж байна?

-Энэ асуудалд эцсийн хариулт хэлэхэд эрт байна. Онгоц худалдах, түрээслэх бодлогын баримт бичигт хориос дээш жилийн наслалттай онгоц ашиглахгүй гэж заасан байдаг юм. Өнөөдрийн байдлаар манайд 2000 оны хоёр ширхэг онгоц нислэг үйлдэж байна. Энэ оныг дуусгаад буюу ирэх оны тав, арванхоёрдугаар саруудад онгоцуудыг буцаах юм. Одоо авах гэж байгаа онгоц бол ашиглалт нь дууссан дээрх онгоцыг орлоно гэсэн үг. Анх 2011 онд “Boeing” компанитай байгуулсан гэрээгээр 2016 онд гурван онгоц худалдаж авах байсныг 2019 он болгож хойшлуулсан. Эхний онгоц нь хоёрдугаар сард ирсэн. Төлбөрийн асуудал өмнөх онгоцуудыг ашиглаж байсан жишгээр явах ёстой. Гэвч одоогоор үүнийг түрээсийн компани төдийгүй “Boeing”-той ярьж шийдвэрлэх шаардлагатай болоод байна.

-Сард хэдэн төгрөг түрээсэнд төлдөг юм бэ?

-Одоогоор түрээсийн төлбөрийн асуудлаар компани хооронд хэлцэл өрнөж байгаа тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Танай компани шинэ онгоц авч нислэгийн тоог нэмсэн. Гэвч энэ онгоцны зогсолт зуны нислэгийн ачаалалд яаж нөлөөлөх вэ?

-Дөрөвдүгээр сард багтаад асуудлаа шийдэх байх. Нэмэлт нислэгүүд долдугаар сараас эхэлдэг юм. Зуны нислэгээс өмнө асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Төлөвлөгөөний дагуу ажиллаж чадна гэсэн үг үү?

-Ойрын 2-3 сардаа бол нислэгт онгоц дутагдах асуудал гарахгүй. Манай зургаан онгоц хангалттай. Нэг онгоцныхоо ашиглалтыг л нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Хоёр дахь онгоцоо авахаа хойшлуулсан гэх мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү?

-Хойшлуулах талаар яриа явж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй. Дээр хэлсэн уулзалтад бид энэ саналаа тавина. Гэрээг нэг тал дангаар цуцлах эрхгүй. Онгоцоо авахын өмнө бид барьцаа байршуулдаг. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зохицож шийдвэр гаргах байх.

“Boeing 737 MAX”онгоц ирэх сарын 15 хүртэл нислэгт гарахгүй

-“Boeing 737 MAX”онгоцыг ямар чиглэлүүдэд ашиглаж байсан бэ. Онгоц зогссоноор ямар эрсдэл бий болж байна вэ?

-Бангкок, Европын чиглэл болон хонгконгийн чиглэлд түлхүү ашиглаж байсан. Одоогийн байдлаар манай компанийн өвлийн улирлын ашиглалт явж байгаа учраас нислэгийн тоо тийм шахуу биш. Тиймээс бусад онгоцуудаараа нислэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрэн байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрхэм генерал, офицерууд аа, энх цагт цэрэг яагаад эндээд байна вэ?

Гадаад ажиллагааны гавьяаны ард дотоодод бугшсан бүхэн дарагдах ёсгүй

 0 сэтгэгдэл


2013 оны аравдугаар сарын 6. Ховд аймагт байрлах зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарав.

2015 оны 12 дугаар сарын 23. Налайх дүүргийн городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдон нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтлээ.

2017 оны нэгдүгээр сарын 23. Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан Б ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, есөн хуруугаа тайруулахад хүрэв.

2017 оны хоёрдугаар сарын 17. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түллээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 11. Хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархдав.

2017 оны зургадугаар сарын 13. Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг алба хаагч нас барав.

2017 оны наймдугаар сарын 4. Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж, нэг нь нас барав.

2017 оны наймдугаар сарын 27. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар усанд осолдож амиа алдав.

2019 оны нэгдүгээр сарын 22. Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч А амиа алдав.

2019 оны нэгдүгээр сарын 30. Увс аймгийн Баруунтуруунд цэргийн албанд татагдсан цэрэг харуулын байрнаасаа галт зэвсэгтэй оргож, хил даваад алга болсон гэх дуулиан дэгдлээ. Түүнийг Тувагийн нутаг дэвсгэрээс хоёрдугаар сарын 2-ны өдөр амиа алдсан байхад нь олов.

2019 оны гуравдугаар сарын 1. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч г элс ачиж явсан ангийнхаа машинд дайруулж амиа алдав.

Цэргийн баяр дуусав уу, үгүй юу ямар муухай юм бичээд эхлэв ээ гэж зарим нь бодож магадгүй. Үнэндээ эдгээр тохиолдлыг шүүн олж, эвлүүлэн бичих амаргүй байлаа. Уншихад сэтгэл өвтгөм хэрнээ маш урт жагсаалт байгаа биз. Харамсалтай нь, энэ бүхэн сүүлийн тавхан жилийн дотор Монгол Улсын зэвсэгт хүчний салбарт болжээ. Ялангуяа сүүлийн хоёр жилд амиа алдсан цэргийн тоо эрс нэмэгдсэнийг та анзаарч харсан байх. Тиймээс цэргийн баярын уур амьсгал намжаагүй байхад, энэ салбарын асуудал ид яригдаж буй энэ үед Монголын батлан хамгаалах салбарт бодлого дутагдах болсныг, Зэвсэгт хүчний өнөөгийн ороо бусгаа байдлын тухай зориглон бичихээр шийдлээ.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр батлан хамгаалах салбар шиг нэр хүндтэй салбар Монголд үгүй. Гадаад харилцааны тал дээр ГХЯ-наас ч илүү үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Яагаад гэвэл НҮБ-ын энхийн ажиллагаанд монгол цэргүүд оролцож, үүргээ нэр төртэй биелүүлсээр 20 шахам жилийг ардаа орхив. Чухам энэ ажиллагааны ачаар монгол цэрэг ямар тэсвэр тэвчээртэй, ямар ур чадвартай болохыг дэлхий дахинд мэддэг боллоо. Цэнхэр дуулгатнууд бол Монголын нэрийг дэлхий дахинд эергээр харуулж буй цөөн тохиолдлын нэг. Эрэлхэг зоригтой эдгээр дайчдаар монгол хүн бүр бахархаж байна.

Гэхдээ гадаад ажиллагаанд гарсан гавьяаны ард дотоодод бугшаад буй муу муухай бүхэн дарагдаж үлдэх ёсгүй. Энэ салбарт эрдэнэт хүний амь үрэгдэх нь энгийн үзэгдэл боллоо. Монгол цэргүүд африкийн их халуун, афганистаны өндөр уул, Иракийн элсэн цөлд, дайны галын тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа ч ингэж эрсдээгүй юм. Гэтэл эх орондоо алба хааж буй цэргүүд яагаад амь үрэгдэж, эндэж байна вэ.

Хамгийн сүүлд Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж байсан байлдагч даргадаа дэглүүлж, амиа алдлаа. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд өвчний улмаас нас барсан гэж гарчээ. Үүнд бухимдсан ар гэрийнхэн нь БХЯ-ны гадаа суулт зарлаж байна. Хүүгээ эр цэрэгт мордуулсны дараа цогцсыг нь хүлээн авч, тэдэн шиг шаналан суугаа олон ээж, аав бий. Харин алдаа гаргасан албан тушаалтнуудад бүгдэд нь хариуцлага тооцсон бил үү. Салбар хариуцаж буй сайд, дарга нар нь ямар арга хэмжээ авав. Ард түмнээсээ байг гэхэд ар гэрийнхнээс нь уучлалт гуйв уу. Харамсалтай нь дарга нар нь хариуцлага ярихын оронд нуун дарагдуулж, чимээгүй өнгөрөөхийг илүүд үзсээр ирлээ. Амиа алдсан цэргүүдийг өвчний шалтгаанаар гэж хэдий болтол аргацаах юм бэ. Булавч бултайна, даравч далдайна гэгчээр эхнээсээ нуун дарагдуулсан хэргүүд чинь дараа дараагийн осол эндэгдлийн үндэс болсоор байгааг ухаарч байна уу.

Монгол цэргүүд галын тэргүүн шугам дээр үүрэг гүйцэтгэж байхдаа ч ингэж эрсдээгүй

Үнэнийг хэлэхэд энэ салбарт болохгүй юм асар их байна. Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнийн үед цэрэг амиа алдсан хэрэг гарахад “Би төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг хүн. Осол эндэгдэл гарсан асуудлыг салбарын сайд биш, ЗХЖШ-ын дарга мэднэ” гэх агуулгатай юм ярьж, асуудлыг өөрөөсөө холдуулахыг хичээж байв. Тэгвэл бүхнийг мэддэг, асар их эрх мэдэлтэй гэх ЗХЖШ-ын даргын суудал эзгүйрээд бараг хагас жил боллоо. УИХ-ын эрхэм түшээд орны хүнийг нь томилохын оронд сандал суудлын хэрүүл хийсээр хайран цаг хугацааг алдаж байна. Тэгэхээр цэргүүд амь насаа алдсан хэргийн хариуцлагыг хүлээх хүн байхгүй байна гэсэн үг мөн үү!

Уг нь батлан хамгаалах салбар бол улс орны аюулгүй байдлыг хангадаг, шаардлага гарвал зэвсэг хэрэглэдэг онцгой салбар. Тэдний өөрсдийнх нь ярьдгаар байнга дайны цагийн байдалтай үүрэг гүйцэтгэдэг. Ийм онцгой салбар учраас сахилга, хариуцлагын асуудлыг маш нухацтай авч үзэх ёстой. Гэтэл манайд яг эсрэгээрээ, хамгийн хариуцлагагүй салбар нь батлан хамгаалах болоо юу даа.

Энэ салбараас муу муухай бүхэн сонсогдох болоод удлаа. Генерал, дээд офицерууд нь нисэх онгоцоо, тэр бүү хэл танкаа хүртэл гаднынханд худалдсан тохиолдол гарч, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байв. Тэр ч бүү хэл салбар хариуцаж байсан сайд нь армийн хэрэглээний аяга, халбаганы тендерт оролцсон асуудал хүртэл гарч байсан удаатай.

Үнэхээр энэ салбарт болж бүтэхгүй зүйл дэндүү их байгаа учраас цэргийн баяраар хундага тулгаж, нэгнийгээ шагнаад өнгөрөөх биш, алдаа дутагдлаа ярилцаж, гарц шийдэл эрэлхийлэх ёстой. Монгол залуус цэрэгт татагдаад амиа алдах биш, эр цэргийн албанд яваад давхар мэргэжил эзэмшиж яагаад болохгүй гэж. Алба хаах хугацаандаа улс орны бүтээн байгуулалтад оролцож, мэргэжил эзэмшиж, цалин хөлс авах боломжийг нь хангаад өгч болохгүй гэж үү.

Гэтэл монгол цэрэг эрс энх цагт амиа алдсаар байгаа нь юутай эмгэнэлтэй. Нуун хааж, асуудлыг өөрсдөөсөө холдуулах тусам бугласан идээ бээр улам томрох вий. Онцгой салбар нэрийн дор бүхий л булхайтай асуудлаа дарж, далдалж өнгөрөөдөг байж болохгүй. Батлан хамгаалах салбар миний, бидний бодлоор Монгол Улсын нүүр царай, бусад бүх салбарт бүхий л талаараа сайны үлгэр жишээ болдог байх ёстой гэж үздэг юм.