A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3774/

Өнөө цагийн улс төрийн коньюнктур

Өнөө цагийн улс төрийн коньюнктур

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3774/
  • Өрхөд орж ирж байгаа мөнгөөр хичнээн хэмжээний бараа үйлчилгээ худалдан авч чадаж байгаа боломжийг өрхийн орлого гэдэг
  • Эдийн засаг макро түвшиндээ өсөөгүй нэг ч жил байдаггүй юм. Тэр өсөлтийг цалин хөлсөнд шингээхгүй явж ирсэнийг төсвийн хулгай тэвчишгүй хэмжээнд хүрсэн гэж үзэх үндэслэлтэй

Монголын амьдралын ѳнѳѳгийн байдал тѳлвийг эдийн засаг, нийгэм, улс тѳр, ёс зүй гэсэн дѳрвѳн чиглэлд авч үзэж болно. Цаг хугацааны хувьд ѳнгѳрснийг биш яг ѳнѳѳдрийг авч үзэхийг урьтал болгох ёстой юм. Учир нь миний удаа дараа хэлээд байдаг каузал судалгаа нь ѳнгѳрсний алдаанд дүгнэлт хийж ирээдүй рүү зүглэхийг хүлээн зѳвшѳѳрдѳггүй, харин ѳнѳѳдрийн байдлыг нарийн судалж тэндээс маргааш орж ирэх нѳхцѳл шалтгааны тѳлѳв байдлыг гаргаж ирэхэд чиглэгддэг, энэ бол их чухал. Энэ нь ѳнгѳрсний алдааг үгүйсгэж байгаа явдал огт биш, нэг талаас ѳнгѳрсѳн үйл явц нь түүх судлаачдын ажил, нѳгѳѳ талаар одоог илүү судлах нь ирээдүйг зѳв тодорхойлох хүчин зүйл байдагтай холбоотой юм. Учир нь ирээдүй цагийн фундамент нь өнгөрсөн цаг дотор байж чадахгүй, тийм байж болохгүйд л хамаг учир нь байгаа юм. Каузал учир шалтгааны хэлхээ нь одоог алгасан өнгөрснийг ирээдүйтэй холбох нөхцөл байхгүйг заадаг, ийм л бодит зүй тогтолтой! Тэгэхээр өнгөрсний алдааг засч үүндээ дүгнэлт хийгээд ирээдүй рүү хандана гэж бодож янз янзын төлөвлөгөө хийсээр ирсэн нь бүгд бүдүүлэг алдаа байжээ. Гэхдээ ѳнгѳрсѳн цаг, ер нь аливаа цаг нь харьцангуй байдаг учраас зарим туулаад ѳнгѳрсѳн цаг дотор болсон үйлийг янз янзын нѳхцѳл орон зайд нѳхцѳлт байдал дор шилжүүлэн тавьж хооронд нь харьцуулж “яагаад” гэдэг асуултанд хариулах шаардлага мэдээж гарна, энэ нь бас л каузал арга мѳн. Турайлаад, регресс, чимээгүйн цаг, прогресс гэсэн орон зайг нийгмийн амьдралын уналт, шударга ёсны тѳлѳѳ тэмцлийн хүрээнд аваад үзье л дээ. Үүний тулд эхлээд нийгмийн амьдралын эх үүсвэр нь юу юм, шударга ёс гэж юуг хэлээд байна, энэ хоёр чухал ухагдахуун хаана, хэрхэн огтлолцож байна гэдэг талаархи ойлголтын зѳрүүг углуургаар нь задлаж үндсээр нь эргүүлж тавих ёстой, ингэхгүйгээр шударга ёсны тѳлѳѳ гэх бүх тэмцэл нуран унасаар байх болно. Уналтыг дан ганц эдийн засгийн ухагдахуунаар хязгаарлан ойлгох нь буруу, нийгмийн амьдрал, төрийн удирдлагын системын уналтыг нэн тэргүүнд судалж цаг тухай бүрт нь учир шалтгааныг олж дүгнэлт хийдэг байх ёстой. Нийгмийн амьдралын түвшинг өнөөдрийг хүрэл буруу тодохойлсоор ирсэн, амьдралын түвшингийн суурь үзүүлэлт нь цалин хөлс юм шиг ярьж ухуулсаар байгаа. Тодорхой хүрээнд, салбарт цалин хөлсний өсөлтийг голлож авч үзэхийг үгүйсгэхгүй. (эмч, багш нарын цалин ч гэдэг юм уу) Цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг ярихдаа төсвийн боломжийг суурь үзүүлэлт болгодог нь буруу. Индексчлэл ярих ёстой юм, бусад бүх оронд энэ зарчмыг баримталдаг. Өнгөрсөн 30 жилд эдийн засгийн өсөлтийг суурь үзүүлэлт болгон жил бүр индексчлэл хийсэн бол өнөөдөр эмч багш нарын цалингийн доод хэмжээ 2.6 сая төгрөгт хүрчихсэн байх ёстой байв. Эдийн засаг макро түвшиндээ өсөөгүй нэг ч жил байдаггүй юм, хөдөлмөрчин ард түмэн үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж иржээ гэсэн үг. Тэр өсөлтийг цалин хөлсөнд нэг ч удаа шингээгээгүй явж ирсэнийг нь харин төсвийн хулгай тэвчишгүй хэмжээнд хүрсэн гэж үзэх үндэслэлтэй! Нийгмийн амьдралын түвшингийн хэмжүүр нь цалин хөлс биш, энэ бол буруу ойлголт. Нийгмийн амьдралын суурь үзүүлэлт нь өрхийн бодит орлого юм. Өрхөд орж ирж байгаа мөнгөөр хичнээн хэмжээний бараа үйлчилгээ худалдан авч чадаж байгаа боломжийг өрхийн орлого гэнэ. Энэ үзүүлэлт байнгийн уналттай явж ирсэн. Үүнийг ерөөсөө ярьдаггүй юм, сонгуулийн жил бүүр ч ярихгүй биз ээ. Эндээс харахад, ойлголтын энэ мэт зөрүүнүүдийг нэг мөр шийдэхгүйгээр хүн амыг ядуурлаас гарган нийгмийн амьдралын түвшингийн уналтыг саармагжуулан зогсоох арга байхгүй гэсэн дүгнэлт зүй ёсоор гарч байгаа юм. Ядуурлын гол шалтгаан нөхцөл нь нийгмийн баялаг, үндэсний бодит орлогын шударга бус (тэгш бус биш) хуваарилалт юм. Ерөөсөө үүнийг л товчхондоо шударга бус ёс гээд байна л даа! Гэтэл “шударга ёс” ухагдахуун дээрээ ойлголтын зөрүү санаатай гаргадаг, “шударга ёсны төлөө тэмцсэнээр юу хожих юм” гэж хэлдэг төрийн түшээ хүртэл байна. Ингээд бодохоор нийгэм зүйн түлхүүр утга, ухагдахууны хүрээнд ойлголтын зөрүү дэндүү их байна гэсэн дүгнэлт гарч байна. Ийм их ойлголтын зөрүүн дотроос зөв үзэл баримтлал гарч, асуудал зөвөөр шийдэгдээд явна гэдэг нь ногоон хурганы арьсаар сэгсүүргэн дээл хийж өмсөхтэй л зүйрлэж болохоор юм, ерөнхийдөө худлаа, тийм боломж үнэндээ байхгүй ээ!

Чимээгүй цаг

Уналтнаас шууд хөгжил рүү орох арга механизмыг хэн ч олж тогтоогоогүй, учир нь тийм боломж байхгүй. Тухайлбал, манай нийгмийн амьдрал бүхэлдээ уналтын процесст байна. Энэ бол муу нөхцөл байдал, ийм нөхцөлд шууд л хөгжил яриад модул гаргахыг оролдоод байгаа нь том алдаа. Регресс байгаа л бол прогресс руу шилжих боломж хомс байна гэсэн үг, ингэхээр шилжилтийн үе заавал байна, эхлээд уналтыг тогтоох ёстой, үүнийг л чимээгүй (дүлий) цаг гээд байна. Унаж яваа биетийг шууд өргөнө гэвэл асар их хүч шаардагдана, байгалийн хуулиар бараг л боломжгүй, эхлээд хүчтэй уналтыг тогтоон барих, дараа нь өргөхтэй зүйрлүүлж болох юм! Хамгийн зөв гарц нь эхлээд нийгмийн амьдралын түвшингийн уналтыг зогсоох ёстой. Гол нь цалин нэмэхэд биш, өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхэд байдаг хүч хөрөнгөө дайчлах ёстой. Үүний тулд өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесс, ажлын байр, том хөрөнгө оруулалтыг дагуулан диверсификаци хийх, хууль зөрчөөгүй, хүний эрхэнд заналхийлэл учруулаагүй л бол профит олох бүх аргыг чөлөөтэй тавих (эмсийн хүрээлэн, казино, мөрийтэй тоглоомын газрууд гэх мэт) зэрэг эдийн засгийн девалификаци хийх бүх боломжийг задгай тавих ёстой. “Соц” системд байсан, өнөөдөр тултал хөгжсөн Польш зэрэг орнуудын замналыг судлахад анхандаа төвөгтэй асуудлууд гардаг, соёл иргэншил хөгжихийн хирээр тэр нь хумигдчихдаг юм билээ. Хѳгжил цэцэглэлтэд хүрэх цорын ганц арга нь Шинэ Үндсэн хуулийг ард түмнээрээ сайтар хэлэлцүүлэх шаардлагыг хангах явдал байсан, харамсалтай нь тэгж чадсангүй. Социалист системээ нураасан орнууд дараа нь капиталист систем рүү орцгоосон. Гэхдээ миний дээр хэлсэн бодит зүй тогтлоор шууд л капитализмын хөгжлийн зарчмуудыг аваад хэрэглэх боломж байгаагүй, бүгд шилжилтийн үеийг дамжсан. Шилжилтийн үеийн онол арга зүйн үндэслэлийг АНУ-д төвтэй нийгмийн ухааны хүрээлэнгүүд боловсруулан гаргасан байдаг юм. Чанарын шинэ системд шилжих арга зүй, зарчмын үндэслэлүүдийг нэгтгэн Харвардын их сургуулийн багш, пентагоны Зөвлөх Э.Люттваак Turbocapitalism хэмээх гарын авлагыг гаргасан байдаг. Энэ бүтээлд “хурдасгасан капитализм”-ын онолын томьёолол, арга зүйн үндэслэлүүдийг тусгасан байгаа. Шилжилтийн үеийн түргэсгэсэн капитализмыг Э.Люттваак 15- 20 жилээр тооцоолсон байдаг юм. Тэгэхээр манай улс 2010 оноос хэтрүүлэхгүйгээр шинэ Үндсэн хуулиа батлан хөгжил рүү шаламгайлан орох ёстой байлаа. Гэвч манай улс төрчид цолтой “балваанууд” үүнийг ухаарч ойлгосонгүй. Эрдэмтэд судлаачид шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг маш хүчтэй тавьж байсан боловч авч хэлэлцэлгүй байсаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгч инээдтэй баримт бичгийг ард түмнээс огтхон ч асуулгүй хүч түрэн баталлаа. Хэрэгжих эсэх нь тодорхойгүй. Социализмаас капитализм руу чанарын шилжилт хийх нь эволюцийн шинжтэй үйл явц мөн. Шилжилтийн энэ цаг хугацаанд манай улс яаж шүү амь зогоож, өөрчлөгдөж байгаа, цаашид ямар хандлага гарч ирж байгааг улс тѳрийн коньюнктур гэгчээр тодорхойлж болно. Улс төрийн коньюнктур буюу цагийн нөхцөл байдлыг томьёолон гаргаж ирэхийн тулд өнгөрснийг судлах шаадлагагүй, каузал арга хэрэглэн өнөөдрийг судлах ёстой. Өнөөдрийн улс орны амьдрал нь нэгэнт суурийг нь гаднаас тавиад өгчихсөн турбокапитализм буюу хүчирхийллийн системээр нөхцөлдөж байгаа болохоор дахин чанарын өөрчлөлт хийхийн тулд шинэ Үндсэн хууль заавал хэрэгтэй нь ойлгомжтой юм. Давхар турбодизель хөдөлгүүртэй машин шиг хүчиндэхгүй бол хөгжих нь бүү хэл арагш ухран мөхөж болох цаг байсан, байсаар ч байна. Ерөөс энэ онолын баримтлалын утга нь энэ. Турбокапитализм нь гурван гол зарчим номлодог. 

1. Эдийн засгийн гол тулгуур обьектууд нэг гарт төвлөрөх ёстой. Энэ нь манайхаар Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой. 

2. Төрийн удирдлага цэргийн эсвэл намын гарт төвлөрсөн байх ёстой. Улс төрийн альгоритмын зарчим хатуу хэрэгжих ёстой. Манайхаар МАНАН дэглэм. 

3. Дундаж давхарга устаж ард түмэн ядууран улс төрийн тэмцэл явуулах чадваргүй болсон байх ёстой. Манайд энэ зарчим дэндүү сайн хэрэгжсэн! Шилжилтийн үеийг хүндрэлтэйгээр даван туулсан монголчууд одоо жинхэнэ шинэ Үндсэн хуулиа л цаг алдалгүй батлах ёстой юм. 

Төлөв байдал, таамаглал

Цаашдын төлөв байдлыг урьдчилан дүгнэхийг оролдьё. 

1. Сонгуулиар хуучин намууд арагш шидэгдэж шинэ эвслүүд хүч түрэн гарч ирэх байх. Маш ширүүн тэмцэл өрнөнө, нийгмийн дунд үл ойлголцол ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. 

2. Шударга ёсны төлөө, хуучин системийн эсрэг тэмцэл ширүүснэ. Эх орончдын ялалтаар тэмцэл дуусна. Хуучин барилгын хазгай суурин дээр шинэ байшин барьж болохгүй гэдгийг ойлгосон ард түмэн нэгдмэл идеал дор нягтрана, нэг талдаа гарна!




A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хууль, парламентын эрхийн дээгүүр гишгэлсэн шийдвэрт ямар хариу барих вэ

  • Халдашгүй байдлыг үл тоон хорьдог буруу жишиг Ж.Эрдэнэбатаар дуусгавар болоосой
  • Энд Ж.Эрдэнэбат аль нам, ямар фракцын гишүүн гэдэг хамаагүй. Хэрэг хийсэн, эсэх нь ч дараагийн асуудал. Харин парламентын гишүүнийг баривчлах, цагдан хорих хязгаарыг давсанд л гол учир бий

УИХ-д сонгогдсон эрхмүүд өчигдөр Төрийн ордонд гишүүний түр үнэмлэхээ ёслол төгөлдөр гардаж авлаа. Уг нь 76 гишүүн үнэмлэхээ авах ёстой байсан ч нэг нь ирж чадсангүй. Тэр бол хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ж.Эрдэнэбат гишүүн. Сонгуулийн өмнөхөн, бүр тодруулбал зургадугаар сарын 12-нд түүнийг Ерөнхий сайд байхдаа үйлдсэн гэх хэрэгт нь холбогдуулан цагдан хорьсныг бид мэднэ. СЕХ-ны даргын тайлбарласнаар бол гишүүний үнэмлэхийг заавал өөрт нь гардуулж өгөх ёстой тул хэн нэгэнд дайх боломжгүй гэнэ. Тэгэхээр СЕХ-ны төлөөлөл хорих ангид очих уу, эсвэл Ж.Эрдэнэбат гишүүнийг суллах уу гэдэг нь сонирхол татаж байна. Нэгэнт гишүүнээр сонгогдсон юм чинь яаж ийж байгаад үнэмлэхийг нь өгөх байлгүй дээ. Ер нь энэ жилийн сонгууль хорих ангиас зургаан хүн нэр дэвшин өрсөлдөж, нэг нь ялалт байгуулсан гэдгээрээ түүхэнд үлдэх байх. 

Уг нь сонгуульд нэр дэвшигчийг баривчлах, хорих тохиолдолд заавал СЕХ-ноос зөвшөөрөл авна гэх хуулийн өөрчлөлтийг парламент өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн тухай хууль батлахдаа оруулсан. Харин шүүх өөрийн шийдвэрээ “Нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид урьд эхэлсэн ажиллагаандаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй” хэмээн тайлбарласан. Ийм тайлбараар таван нэр дэвшигчдийг хорьсон шалтгаанаа зөвтгөдөг юм байж. Тэгвэл бүрэн эрх нь хэвээр байгаа УИХ-ын гишүүнийг хорьсон нь хуулийг жинхэнэ утгаар нь уландаа гишгэсэн үйлдэл болсон. Энд Ж.Эрдэнэбат аль нам, ямар фракцын гишүүн гэдэг хамаагүй. Хэрэг хийсэн, эсэх нь ч дараагийн асуудал. Харин Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дээгүүр гишгэж, парламентын гишүүнийг баривчлах, цагдан хорих хязгаарыг давсанд л гол учир бий.

Тухайлбал, Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заажээ. Мөн УИХ-ын тухай хуульд “Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” хэмээсэн байна. Ийм тодорхой заалтууд байсаар атал УИХ-ын гишүүнийг баривчилж байгаа нь шүүх төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдаж буйг тодорхойлчихож байгаа хэрэг биш үү. Цаашилбал хуулиар хамгаалагдсан хүн, дархлагдсан бүрэн эрхт этгээдийг чингэж “элэг барьж” чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг яадаг бол гэсэн айдсыг ч төрүүлэх нь лавтай. Нөгөөтэйгүүр гишүүнээ өмгөөлж, бүрэн эрхийг нь хамгаалах ёстой УИХ, СЕХ таг чиг өнгөрсөн нь тун ч буруу жишиг тогтох үндэс болчихлоо. Энэ янзаараа бол дургүй хүргэсэн гишүүнээ барьж аваачаад хорьчихвол хэн ч өмгөөлж хамгаалдаггүй тийм тогтолцоо бүрдэхэд гайхах зүйл алга. Хэрэв хууль, шүүхийнхэн тийм л эрхтэй юм бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хамгаалалтаа авч хаявал таарна.

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан маш ойлгомжтой тайлбарласан. Тэрбээр “ Шүүх нь хараат бусаар ажиллах боломж хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулчихвал түүнийг улс төрийн явцуу сонирхлоор ашиглаж, парламентыг тогтворгүй байдалд оруулах магадлалтай. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг өндрөөр хамгаалсан хууль нь өөрчлөгдөөгүй байхад шүүх түүнийг үл тооно гэдэг бол байж боломгүй” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ. Үүнийг бичихдээ Ж.Эрдэнэбат гишүүнийг онцгойлон үзэж, өмгөөлж, хамгаалах гэсэнгүй ээ. Аль намын гишүүн байх нь ч чухал биш гэдгийг дээр өгүүлсэн. Түүний оронд Дорж, Дондогийн хэн ч байлаа гэсэн асуудлыг хуулийн дагуу л шийдэх ёстой гэсэн санаа юм. Хэрэв ийм л үед бурууг эсэргүүцэж, дуугарахгүй бол цаашид хэн дуртайгаа барьж хорьдог буруу жишиг тогтчих гээд байна. Санаачилсан хуулийг нь дэмжихгүй бол “барьж хорьчиход ядах юм байхгүй шүү” гэж шантаажлаад л хэргээ бүтээдэг болно гэсэн үг. Уг нь ийм эрсдэл бий болгохгүйн тулд л УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээчийг гаргаж ирсэн гэж боддог юм.

Харин одоо шүүхийнхэн энэ бүх бантангаа яаж цэвэрлэх гэж байгаа юм бол. Нэгэнт УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчихсон юм болохоор үргэлжлүүлэн хориод байж чадахгүй байх. Тэгэхээр шинэ парламент бүрдсэний дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулах биз. Хэрэв тэр үед УИХ хүсэлтийг нь хүлээн авбал бүх зүйл зөв голдрилдоо орох учиртай. Хууль тогтоох дээд байгууллагаас ч дээгүүр эрх мэдэл эдэлж, дуртай хүнээ барьж хорьдог буруу жишиг Ж.Эрдэнэбатаар дуусгавар болоосой билээ. Мөн Үндсэн хууль, парламентын дээгүүр гишгэлсэн хуулийнхан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ. Харин хамгийн түрүүнд дуугарах ёстой, гишүүнийхээ эрхийг хамгаалах учиртай УИХ-ын дарга Г.Занданшатар болоод гишүүд нь бүлх залгисан мэт чимээгүй өнгөрөв. Ангийнх нь нэгэн баригдахад дуугүй өнгөрсөн УИХ-ын гишүүд өөрсдийнх нь ээлж ирэхэд яах бол. Хаа очиж түүнтэй нэг тойрогт өрсөлдсөн эсрэг намынх нь нэр дэвшигч С.Баярцогт баривчилгааг буруушааж, өрсөлдөгчөө өмөөрч харагдана лээ. Эр хүн гэж магтъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томсгосон мажоритар тогтолцооны сул тал асар их байна

  • П.Наранбаяр: Надад итгэж саналаа өгсөн 23,479 хүний санал гээгдчихлээ

"Зөв хүн электорат" эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг ихээр гээгдүүлдэг болох”-ыг тодотгов. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл "Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, улс төрийн хүчин өрсөлдөхөд бэрх байдаг. Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог" гэлээ. Харин 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт тус эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр "Надад 22 дугаар тойргийн 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул талын илрэл боллоо" гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх вэ

  • “Давхар дээлт”-ийн тооноос хэтэрсэн “эзэнтэй яам”-даа хэрхэх нь Ерөнхий сайдын толгойны өвчин болоод байна
  • У.Хүрэлсүх ахлах зөвлөх Б.Энх-Амгаландаа Барилга хот байгуулалтын яамыг, эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэл баатарт Эрүүл мэндийн яамыг, улс төрийн зөвлөх Б.Цэнгэлд Зам тээврийн яамыг өгч, олон жил итгэл даан, тойрон хүрээлсэн шадар туслахуудаа мялаахаар шийдсэн гэх
  • Ерөнхийлөгчийн санал болгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг зайлшгүй давхар дээлтэй үлдээх ёстой болоод байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд танхимынхаа бүтцийг Үндсэн хуульд нийцүүлэн оруулж ирэхдээ “эзэнтэй яам”-дыг хэрхэн багтаах талаар толгой гашилгаж суугаа

(У.Хүрэлсүх шинээр бүрэлдэх Засгийн газартаа чиг үүргийн дөрвөн яам үлдээж, “давхар дээл” өмсүүлээд, чиглэлийн яамдаас БСШУСЯ-ыг хоёр хувааж, Соёл, спортын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам болгон “төллүүлэх” бололтой. Соёл спортын яамны сайдаар БСШУСЯ-ны дэд сайд Б.Ганбаярыг томилуулахаар санал оруулна гэсэн яриа бий)

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна “давхар дээлтэй” дөрвөн сайд л Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, бусдыг нь гаднаас томилохоор заасан. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал сонгуулийн бэлтгэл ажлаас ч хүнд байгаа бололтой. Дөрвөн жилийн өмнө МАН-ыг үнэмлэхүй олонх болоход “олдвол өлдөнө” гэгчээр суудал булаалдсан олон лидерээ хэрхэн шингээх нь асуудал болно гэж байв. Энэ удаад ч “зовлон” давтагдаж, зоолох нь цөөн, гомдох нь олон болоод байна. Ерөнхий сайд Үндсэн хуулийн шаардлагад нийцүүлэн танхимынхаа бүтцийг шинэ парламентаар батлуулна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд ерөнхий чиг үүргийн зургаан яам бий. Үүнд Батлан хамгаалах яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам дээр нэмээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн яамд багтаасан. Харин боловсрол, зам тээвэр, уул уурхай тэргүүтэй долоон чиглэлийн яамтай ажиллахаар уг хуульд заасан байдаг. Тэгвэл одоо Ерөнхий сайд ямар нүүдэл хийж, хэнийг тулаанд сойж буй талаар таамгийг эх сурвалжуудаас авснаар хүргэе. У.Хүрэлсүх шинээр бүрэлдэх Засгийн газартаа чиг үүргийн дөрвөн яам үлдээж, “давхар дээл” өмсүүлээд, чиглэлийн яамдаас БСШУСЯ-ыг хоёр хувааж, Соёл, спортын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам болгон “төллүүлэх” бололтой. Соёл, спортын яамны сайдаар БСШУСЯ-ны дэд сайд Б.Ганбаярыг томилуулахаар санал оруулна гэсэн яриа бий. Харин Ерөнхий сайдын үүсгэн байгуулсан Зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаярт Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өгөхөөр “бэлдсэн” аж. Түүнчлэн ахлах зөвлөх Батцэнгэлийн Энх-Амгаландаа Барилга хот байгуулалтын яамыг, эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатарт Эрүүл мэндийн яамыг, улс төрийн зөвлөх Б.Цэнгэлд Зам тээврийн яамыг өгч, олон жил итгэл даан, тойрон хүрээлсэн шадар туслахуудаа мялаахаар шийдсэн гэх. Б.Цэнгэл нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч, сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байсан ч мандат авч чадаагүй юм. Харин одоо тэрбээр яам толгойлохоор бэлтгэлээ базааж буй. Ерөнхий сайд нам доторх франкцуудад бялуу хүртээхгүй бол удаан тогтох боломжгүй. Тиймээс лидерүүд ч өөрийн хүнээ яам толгойлуулахаар зүтгүүлж байна. Сү.Батболдын фракц УИХ-д хүчтэй хэвээр байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд давхар дээл өмсөн суух хүн нь Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нараас гадна өөрөө ч очих сонирхолтой байгааг эх сурвалж онцолсон. Мөн генеск Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга эдүгээ яамаа то-гойлохоор нэр нь орж ирэх сурагтай. Ерөнхий чиг үүргийн үлдсэн гурван яамнаас Батлан хамгаалахыг Н.Энхболдод, Сангийн яамыг Ч.Хүрэлбаатарт хуучнаар нь хариуцуулах бололтой. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамыг шинэхэн гишүүн Б.Энхбаярт өгч болзошгүй. Гэвч Ерөнхийлөгчийн санал болгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг зайлшгүй давхар дээлтэй үлдээх ёстой болоод байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд танхимынхаа бүтцийг Үндсэн хуульд нийцүүлэн оруулж ирэхдээ “эзэнтэй яам”-дыг хэрхэн багтаах талаар толгой гашилгаж суугаа. Б.Энхбаярыг ирээдүйн Хууль зүйн сайд гэж олон нийт хүлээн зөвшөөрдөг ч Ерөнхий сайд Сумъяабазарыг яамтай нь авч үлдээд, ХЗДХЯ-ыг чиглэлийн яам болгон Ц.Нямдоржид өгөх хувилбар ч яригдаж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дэд сайд Г.Өнөрбаяр яригдаж байгаа бол Боловсрол, шинжлэх ухааны яам, ХХААХҮЯ-д фракцууд хүнээ зүтгүүлж, тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа бололтой. Ерөнхий сайд хоёр Шадар сайдтай байх бүтэц зүтгүүлэх боловч УИХ-аар дэмжигдэх эсэхэд эргэлзэж байгаа аж. Хэрэв батлагдвал нэгийг нь Я.Содбаатарт өгөх төлөвтэй. Гэвч ЖДҮ-д холбогдож нэр муутай болсон Содоо шинэ Засгийн газрын нэр хүндийг унагах эрсдэлтэй хэмээн шүүмжлэл дагуулж буй. Ямартай ч сонгуулийн дараа бужигнадаг төрийн алба энэ удаад хөл алдахгүй, харин толгой нь хэрхэн өөрчлөгдөхийг нам доторх тохироо шийдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого хийх Ажлын хэсэг байгуулжээ

  • Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хянан шалгах үүргээ биелүүлээгүй гэв
  • 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ

Ардчилсан нам болон бусад бие даагч, эвслүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ. Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүүг томилсон аж. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ. Ардчилсан намын мэдээлснээр, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр ноцтой зөрчил олон гарсан байна. Тухайлбал, нэг хүн олон удаа санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэдээр санал өгүүлсэн болон нас барсан иргэний нэрийг ашиглаж санал өгүүлсэн, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг нэмж бүртгэн санал өгүүлсэн аж. Хууль зөрчсөн эдгээр үйл ажиллагааг МАН удирдан зохион байгуулж байна гэж иргэд үзсэн тул нэн даруй үнэнийг тогтоох шаардлагатай гэж улс төрийн нам, эвслүүд болон Ардчилсан нам үзсэн байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү “Бид өнгөрсөн хоёр хоногт нийт 29 тойргийн хэмжээнд мэдээлэл авч цэгцэллээ. Сонгуулийн явцтай холбоотой бүх гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст энэ удаагийн сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Тиймээс сонгуульд оролцсон гурван нам эвсэл, бие даагчдын шаардлага эсэргүүцэлтэй Ардчилсан нам санал нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж байна” гэв. Үндсэн хуулийн бус үйл ажиллагаанд төрийн алба хаагчид идэвхтэй оролцсоныг улс төрийн намууд, иргэд мэдээлж байгаа тул сонгуулийг шууд удирдан зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох машин, бусад шалгах шаардлагатай баримт материалуудыг тусгайлан авч шалгах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн хянан шалгах үүргээ хариуцлагагүй биелүүлсэн Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрыг оролцуулалгүй, сонгуульд оролцоогүй төрийн байгууллагаар хуулийн дагуу шалгалт явуулж, дүн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна гэлээ.