A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3392/

Өөр эмэгтэйд хайртай ч эхнэрээсээ салмааргүй байна

Эхнэрийнхээ хайр халамжийг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай

Өөр эмэгтэйд хайртай ч эхнэрээсээ салмааргүй байна

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3392/

Засгийн газрын мэдээ сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө өгч байна. Энэ удаа Focus on the Family Mongolia байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул манай уншигчдаас ирсэн асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй. 

ХҮҮХЭД ШИГ ЗАН ГАРГААД БАЙГАА ЭЭЖИЙГЭЭ ЯАХ ВЭ 

-Ээж маань 50 настай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л хүүхэд шиг болоод байх юм. Уурлах, гомдох, баярлах нь их амархан болсон. Гэхдээ гомдол нэхэх нь ихсээд байна. Цаашид яаж харьцвал дээр вэ? ­

-Энэ нь насны сэтгэл зүйн онцлог болон дааврын өөрч­лөлттэй холбоотой байж болох юм. Ээж тань ямар нэгэн зүйлд санаа зовниж, стресстэй байгаа эсэхийг анзаараад үзээрэй. Өөрийнх нь сэтгэл санааг ойлгож сонсох хүн байхгүй үед түүнийгээ уур бухимдал, гомдлоор гадагшлуулдаг байж болох юм. Хамгийн гол нь сэтгэл санааных нь байдлыг сонсож ойлгохыг хичээгээрэй. Ганцаардаж байгаа мэдрэмж төрж байгаа эсэх, найз нөхөдтэй эсэх, өөрийнх нь сэтгэлийг зовоож байгаа ямар нэг зүйл байгаа эсэх гэх мэт. Аль болох өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь сэтгэл санааг өөдрөг болгодог. 

ЭХНЭРЭЭСЭЭ ХАЙР МЭДЭРДЭГ БОЛ ӨӨР ХҮНД СЭТГЭЛТЭЙ БОЛОХГҮЙ

-Эхнэр маань надаас олон эгч ч бид хамтдаа амьдралаа босгож, бизнесээ ч хөл дээр нь тогтоосон. Гэвч би өөр бүсгүйд сэтгэлтэй болж, бие энд ч сэтгэл тэнд явах боллоо. Гэр бүлээ салгамааргүй, бас тэр сайхан хайрыг амьдрал болгомоор байна. Яах вэ? ­

-Та гэр бүлийнхээ хүнээс хайр мэдэрдэг, нэг нэгэндээ сэтгэлээрээ ойр дотно байдаг бол өөр эмэгтэйд сэтгэлтэй болох боломжгүй юм. Эхнэртэйгээ хамт бизнесээ босгосон гэхээр магадгүй хоёулаа маш их ажиллаад харин өөрсдөдөө бага цагийг гаргаснаар нэг нэгнээсээ хол хөндий болсон байж болно. Энэ нь хайргүй болсон гэсэн үг биш бөгөөд магадгүй энэхүү үгүйлэгдэж байгаа орон зайг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай юм. Тиймээс та яарч шийдвэр гаргалгүй сэтгэлзүйчээс биечлэн зөвлөгөө аваарай. 

14 БОЛ ДОТНО ҮЕРХЭХ НАС БИШ

-Охин мааны 14 настай. Хэдэн сарын өмнөөс нэг хөвгүүнтэй үерхэх болсон. Хайр дурлалын асуудалд орооцолдоход хэтэр- хий балчир юм шиг санагдаад байна. Нас нь болоогүй байна гэж хорьж цагдах нь зөв үү, эсвэл зөнд нь орхих хэрэгтэй юу?

-Эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл нь яах аргагүй үерхэл нөхөрлөлийн асуудал байдаг. Эрэгтэй, эмэгтэй жирийн найз нөхөрлөлийн харилцаа бол энэ насан дээр байх нь хэвийн хөгжлийн үе юм. Тухайлбал, спортоор хичээллэх, хичээлд нь туслах, дугуйланд хамт явах зэрэг нь хэвийн боловч харин дотно үерхэх нас биш юм. Тиймээс охинтойгоо ярилцах, ямар хил хязгаар тавих, гэртээ хэзээ ирсэн байх талаар зөвшилцөх нь зүйтэй. Загнаж буруутгах, уурлах, элдэв үгээр хэлэх зэрэг нь туслахгүй бөгөөд сайн ярилцаж энэ харилцааг үргэлжлүүлэх нь ямар үр дагаварт хүргэж болохыг ярилцаарай.

ЭХНЭРЭЭ АРХИНААС ГАРГАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ БАЙНА 

-Би эхнэртэйгээ ханилаад 35 жил болж байна. Гэвч сүүлийн хэдэн жил бор дарсанд хэтэрхий их дурлах боллоо. Архинаас гаргах эмчилгээнд явуулах гэж хэд хэдэн удаа оролдсон ч “би архичин биш” гээд халгаадаггүй. Эхнэр архи уух тусам гэр бүлийн амьдрал маань нүдэн дээр сүйрч байна. Одоо би яах вэ? ­

-Таны ханийн сэтгэл санааг зовоосон ямар нэгэн асуудал байгаа учраас архи ууж эхэлсэн болов уу. Архинд донтсон хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл бол үгүйсгэл байдаг. Хэчнээн их хэлээд аргадаад ч нэмэргүй өөрийгөө архичин биш гэж үгүйсгэдэг. Тиймээс албадан эмчилгээ хийлгээд ч тусалдаггүй. Хүнийг өөрчлөлтөнд хүргэдэг хамгийн том хүчин зүйл бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал. Олон арга хэмжээ аваад ч нэмэргүй бол хэцүү ч гэсэн тухайн хүн шалдаа буусан цагт ухааралд ирэх үе бас байдаг. Танд хэцүү байгаа бол өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. 

ХОЁР ТАЛААСАА БУУЛТ ХИЙЖ, ЗОХИЦОЖ АМЬДАР

-Эхнэр маань үргэлж л өөрийхөөрөө зүтгэж, бүх зүйлд намайг буруутгадаг. Эхэндээ би өхөөрдөж, бууж өгдөг байсан ч энэ нь сүүлдээ амьдралын хэвшил болж тогтох янзтай. Үргэлж л бууж өгнө гэвэл би цаашид тэсэхгүй бололтой. Яавал дээр вэ? ­

-Аливаа гэр бүлийн харилцаа нь нэг нэгэндээ буулт хийж, биесээ ойлгон хүлээн авах, итгэж найдах гэсэн уялдаатай бат бөх оршин тогтнодог. Аль нэг нь илүү давуу эрх эдэлж байна, би тэгш эрхтэй байх хэрэгтэй гэж оролдох нь хаана хүрэхээ мэдэхгүй явж байгаатай адил юм. Дийлэнхдээ хосууд өөрсдийнхөө өссөн орчин харилцаанаас шалтгаалан яг эцэг, эхтэйгээ харилцдаг шигээ харилцаж санаанд нь нийцэхгүй бол ханиас нь л бүх зүйл болоод байна гэж эндүүрдэг. Ханиа 100 хувь өөрийн хүссэнээр өөрчлөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд харилцан хоёр талаасаа буулт хийж зохицож амьдрах нь харилцааг илүү эерэг байхад нөлөөлнө.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Охидын аялал дурсамж өнгөлдөг

Дэлхий нийтээр цар тахал дэгдэж онц байдал зарласан учир хүмүүс хагас жилийн турш гэртээ байж, хөл хорионы дэглэм мөрдсөн. Гэхдээ урин цаг ирсэн учир удаан хугацаанд уйдсан иргэд аялалд гарахаар зэхэж эхэлжээ. Аялал бол амьдралын хэв маягийг өөрчилж, дурсамжийг өнгөлдөг шидтэй. Тийм ч учир жирэмсний, соло, хосуудын зэрэг төрөл бүрийн аяллын чиг хандлага дэлгэрэх болсон бөгөөд сүүлийн үед эмэгтэй найзуудын аялал эрэлттэй болжээ. Түүнчлэн Харвардын их сургуулийн эрдэмтэд найз охидоороо аялах нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг мэдэгдсэн байна. Ажлын хамт олон, гэр бүлийн гишүүдтэйгээ бус зөвхөн эмэгтэй найзуудаараа аялах шалтгааны талаар хүргэж байна.

Нөхөрлөл илүү бат бөх болно

Эмэгтэйчүүд найзуудтайгаа уулзаж, ярилцахад стрессээс ангижирдаг болохыг судлаачид тогтоожээ. Гэхдээ бид нас ахих тусам ажил, гэр бүлдээ илүү анхаарч, найз нөхдөдөө зарцуулах цаг багасдаг учир харилцаа хөндийрдөг. Тиймээс нөхөрлөлөө бэхжүүлэх шилдэг арга бол зөвхөн найзуудынхаа хамтаар аялалд гарах юм. Аяллын үеэр та найзуудтайгаа улам дотно болж, он удаан жил хадгалагдан үлдэх цоо шинэ дурсамжуудыг бүтээнэ. Найзуудтайгаа аялахдаа нөхөр, хүүхэд, найз залуугийн алийг ч бүү авч яваарай.

Эрх чөлөөг мэдэрнэ

Өдөр тутмын ажил, нэгэн хэвийн амьдралаас түр хугацаанд завсарлага авч, орчноо солих нь танд эрх чөлөө мэдрүүлнэ. Мөн найзуудтайгаа хамт сахилгагүй үйлдэл хийж, төөрч, бүтэлгүйтэх ч хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээн, эрх чөлөөг мэдрүүлж, эрч хүч сэлбэнэ.

Шинэ хүмүүстэй танилцана

Найзуудтайгаа хамт байхдаа шинэ хүмүүстэй танилцах магадлал хамгийн өндөр. Гэр бүлээрээ эсвэл ажлын хамт олонтойгоо аялах үед шинэ хүнтэй танилцах, ганц бие бол хайр дурлалын шинэ романс үүсгэх боломж бага. Найз нөхөдтэйгөө хамт байхдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө илүү чөлөөтэй, нээлттэй мэдэрдэг байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бага насны хүүхэдтэй гэр бүл тайван, хөдөлгөөн багатай нохой тэжээвэл тохиромжтой

  • Гэр бүлдээ дахин нэг гишүүн нэмэх сонирхолтой хүмүүс өрхийн төсөв, цагийн хуваарь зэргийг мөн тооцоолох шаардлагатай

Нохой бол хүүхдэд хариуцлагатай байх, бусдыг хайрлах, хамтран ажиллах чадваруудыг суулгаж өгдөг багш юм. Хэрэв та бага насны хүүхдэдээ нохой авч өгөх хүсэлтэй байгаа бол өөрийн амьдралын хэв маягт хамгийн сайн тохирох үүлдрийг судлахыг зөвлөж байна. Зарим үүлдрийн нохой маш хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, тоглох дуртай байдаг. Ийм төрлийн нохойг өсвөр насныхан, эсвэл залуучууд тэжээхэд тохиромжтой. Харин бага насны хүүхэдтэй гэр бүл илүү тайван, хөдөлгөөн багатай нохой тэжээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нас бие гүйцсэн хөгшин нохой гэсэн үг. Гэр бүлдээ дахин нэг гишүүн нэмэх сонирхолтой хүмүүс өрхийн төсөв, цагийн хуваарь зэргийг мөн тооцоолох шаардлагатай. Тухайн үүлдрээс нь шалтгаалан нохойн ааш авир янз бүр байдаг. Тиймээс анх удаа нохой тэжээх гэж буй хүмүүст зориулан хамгийн нөхөрсөг, хайр татам нохойнуудыг танилцуулж байна.

Кавальерын хаан Чарльз спаниэль

Кавальер бол Их Британиас гаралтай спаниелийн жижиг үүлдэр юм. 2000 оноос хойш АНУ-д алдартай болж, тус улсын хамгийн цэвэр цустай үүлдрийн 19 дүгээр байрт жагсчээ. Жижиг биетэй, нөхөрсөг, тайван, дөлгөөн зан авиртай уг нохой нь гэр бүлийн аль ч гишүүний хайрыг татаж чадна гэдэгт итгэж болно. Түүнчлэн торгомсог зөөлөн үс, сэтгэл булаам ухаалаг чанар нь Кавальерын хаан Чарльз спаниэльтай дагалдан ирж буй бонус юм.

Бернесийн уулын нохой

Уг үүлдрийн нохойг илүү шинэлэг зүйлд дуртай, том нохой тэжээх хүсэлтэй хүмүүст санал болгож байна. Швейцараас гаралтай уг нохой нь зөөлөн дөлгөөн зангаараа бусдаас ялгараад зогсохгүй хамгийн тайван нохойны нэгд тооцогддог. Эзэндээ үнэнч, байгалиасаа номхон дөлгөөн зан авиртай. Хүүхэдтэй маш зөөлөн харьцдагаас гадна хурдан нийгэмшдэг давуу талтай.

Аласкан Маламют

Спитц төрлийн маш хүчтэй, 38 кг хүртэлх жинтэй ажилчин Аласкан Маламют нь сайхан сэтгэлтэй, үнэнч, зальтай боловч нэр хүндтэй нохой. Үслэг сүүл, соотон чихээрээ бусдаас ялгардаг. Эрч хүчтэй, хөдөлгөөн ихтэй, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгах дуртай энэ төрлийн нохдод сургуулилт хамгийн чухал байдаг.

Бостон терьер

Бостон терьер үүлдрийн нохой нь АНУ-аас гаралтай бөгөөд маш ухаалаг гэдгээрээ алдаршсан. 2019 онд хамгийн алдартай цэвэр цустай үүлдрийн нохдын 21 дүгээрт жагсаж байв. Бостон терьер нь биеэр жижиг, хөдөлгөөн багатай тул орон сууцанд амьдардаг хүмүүс тэжээхэд тохиромжтой. Энэ үүлдрийн нохой бага насны хүүхэдтэй тоглох, өрөө хооронд хэсүүчлэн алхах зэрэгт хамгийн дуртай.

Лабрадор ретривер

Хамгийн нэртэй үүлдрийн нэг. Үнэнч зан болон ажиллах чадвараараа алдаршсан тайван нохой. Бие нь өтгөн, богино үстэй. Түгээмэл өнгө нь шар, шаргал, хар хүрэн. Лабрадор ретриверүүд идэвхтэй байдлыг илүүд үздэг, цэвэр агаарт зугаалах, тоглох дуртай, усанд сайн сэлдэг. Тэд сайхан сэтгэлтэй, уяхан, хүүхдүүдтэй маш эелдэг тоглодог. Танихгүй хүн болон бусад нохойнд сайн ханддаг. Эзэнд нь аюул тохиолдоход зайлшгүй аварна. Лабрадорууд шинэ дадлыг хурдан хүлээж авдаг бөгөөд сургахад хүндрэл багатай. Залуудаа үсчсэн зантай байдаг ч нас ахих тусмаа тайван болдог.

Беагле

Өхөөрдөм, найзархаг, хайр татам гээд олон сайн чанар агуулсан беаглийн уг гарал нь тодорхойгүй байдаг ч Их Британид XI зууны үед нэгдүгээр Уильям авч ирснээр нь сайн мэднэ. Тус нохой нь нөхөрсөг байдлыг илүүд үздэг бөгөөд урт хугацаанд ганцааранг нь байлгахад тохиромжгүй.

Бишон фриз

Францаас гаралтай Бишон фризийн хувьд гаднын хүн гэх ойлголт байхгүй, бүгдэд найзархаг ханддаг. Өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэй хүртэл эелдэг ханддаг хэмээн АНУ-ын нохой судлалын клуб тодорхойлжээ. Энэ төрлийн нохой нь хөгжилтэй, сониуч байдлаараа гэр бүлд илүү аз жаргал, баяр баясал авчирна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Ялалтад тэмүүлсэн морьд” марк гарчээ

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Монгол шуудан” компаниас “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний зураг бүхий маркийг анх удаа худалдаанд гаргав. Маркны нэг тус бүрийн үнэ нь 800 төгрөг бөгөөд өнөөдрөөс марк цуглуулагчдын цуглуулгад зориулан худалдаалах гэнэ. Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан 2015 онд Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь Москва дахь Монголын Элчин сайдын яамны хашаанд хоёр жил болсон байдаг. Улмаар хоёр жилийн дараа дээрх хөшөөг Москвагийн ариун газар болох Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

1001 шөнийн үлгэрийн нисдэг хивс бодит зүйл үү

  • Түүхэнд бичсэнээр ордны алхимичид газраас хэдэн тохой өндөрт хөөрөх хивс бүтээсэн аж. Тэд онцгой бүтээлээ МЭӨ 977 онд Савын хатан хааныг ширээнд суухад өргөн барьсан гэдэг
  • Монголын эзлэн түрэмгийллийн дараа шидэт хивсний үйлдвэрлэл зогсож, ул мөр нь алдарчээ

Шүүр унан нисдэг шуламсын тухай үлгэр Европт дундад зууны үед дэлгэрсэн бол дорнын эртний домог, хууч ярианд нисдэг хивсний тухай дүрслэл бий. Шидэт ертөнцийн бэлгэдэл болох нисдэг хивсний тухай өгүүлэмж анх “1001 шөнийн үлгэр”-т Шахеразада султанд ярьж байгаагаар дүрслэгддэг. Түүхэн эх сурвалжууд уг домгийг үгүйсгэсээр ирсэн. Гэвч эртний алдагдсан гар бичмэлүүдэд шидэт тээврийн хэрэгслийн нууцыг тайлсан тухай бичиж эхэлжээ. Юунаас үүдэж ийм өгүүлэмж бий болсон бэ? Охайо дахь Америкийн их сургуулийн араб судлаач Шон Энтони твиттертээ дорнын үлгэрт хивс-онгоц хэрхэн үүссэн талаар дурджээ. Түүний ярьснаар “1001 шөнийн үлгэр”-ийн анхны хувилбарт шидэт хивс байгаагүй агаад үлгэрийг арабаас анх хөрвүүлсэн Францын орчуулагч Антуан Галлан нэмсэн байж магадгүй аж. Үлгэрийн цомогт багтдаг “Али-Баба дөчин дээрэмчин”, “Аладдины шидэт дэнлүү” зэрэг үлгэрүүд эртний гар бичмэлээр олдоогүй. Иймээс доктор Галлан эзэнгүй үлгэрийн зохиогч болсон байж болзошгүй. Уг өгүүлэмжийг нэмэхэд Сирийн Алеппо хотын маронит угсааны Ханна Диаб гэгч нэлээд алдартай аялагч, зохиолч тусалсан байх боломжтой гэж эрдэмтэд үздэг. Түүхч Азхар Абиди “Хивс-онгоцны нууц түүх” судалгааны номдоо “Дундад зууны Европт шидэт нисдэг шүүр тээврийн хэрэгсэл болохоос өмнө дорно дахинд хулгайч, адал явдал хайгчид хивс-онгоцыг ашигладаг байсан” хэмээн бичжээ. Тэрбээр XIII зууны гар бичмэлд шидэт хивсний тухай дурдсан байдаг гэж нотолж буй. Уг гар бичмэлийг зохиогч нь еврей эрдэмтэн Исаак ибн Шарира гэх боловч уг баримт өөрөө сураггүй алга болсон гэдэг. Гэвч ийм бичмэл үнэхээр байсан гэдэгт эргэлздэг хүн олон. Шарирагийн бичсэнээр бол XIII зууны эцсээр сүүлийн нисдэг хивсийг нэхэж худалдсан байна. Улмаар Монголын эзлэн түрэмгийллийн дараа шидэт хивсний үйлдвэрлэл зогсож, ул мөр нь алдарчээ. Шидэт хивсний талаар хамгийн эртний хоёр эх сурвалжийн нэг нь МЭӨ I зуунд амьдарч байсан еврейн түүхч Иосиф ибн Матитяхугийн үлдээсэн гар бичмэл гэдэг боловч хоёулаа бас л олдоогүй. Энд бичсэнээр ордны алхимичид газраас хэдэн тохой өндөрт хөөрөх хивс бүтээсэн аж. Тэд онцгой бүтээлээ МЭӨ 977 онд Савын хатан хааныг ширээнд суухад өргөн барьсан гэдэг. Хожим хатан хаан хайр сэтгэлийн бэлгэдэл болгож, алт эрдэнээр чимсэн ногоон өнгийн асар гоёмсог хивсээ Соломон хаанд илгээжээ. Харамсалтай нь зав зайгүй хаантан хивсийг биеэр хүлээн авч чадаагүй тул бараа бологчдын нэгэнд өгсөн байна. Үүнд уурссан Савын хатан хаан гар урлалчдын хөөсөн учир тэд хэрэн хэсэж явсаар МЭӨ 934 онд Багдадад суурьшсан гэдэг домог бий. Нисдэг хивсийг хэрхэн бүтээсэн тухайд гэвэл нэхмэлийн машин дээр энгийн хивсний адилаар нэхэж, онцгой будгаар будсан гэж бичсэн боловч яаж удирдан нисгэдэг талаар өгүүлсэн хэсгийг тайлж уншихад бэрх байв. Үүнд уулын тусгай шавар зуурч, грек тостой холин халааснаар соронзон таталцлын эсрэг чанартай болдог байсан гэнэ. Гар урлаачид уг зуурмагаар хивсийг будаж, тодорхой орцыг ашигласнаар хивс газраас хэдэн тохой хөндийрдөг байсан аж. Дэлхийг хойноос урагш хэрсэн соронзон шугамыг ашиглан хивсээ хөдөлгөдөг байсан бололтой. Шарирагийн бичсэнээр Александри хотын номын санд уншигчид тавиуруудын хооронд хивс хөлөглөдөг байсан аж. Хожим нь мусульманы нэг цэргийн жанжин бүгдийг шатаасан гэдэг. Арабын баян гэр бүлүүд хурдан удмын морины наймаанд ихээхэн хөрөнгө зардаг бөгөөд нисдэг хивс тэдний ажилд сөрөг нөлөө үзүүлэх тул дорд гаралтай хэдэн гар урлалч тээврийн хэрэгслийн зах зээлийг эзлэхээс болгоомжлон шахан зайлуулсан байж болох юм. Нисдэг хивсний талаар олон үлгэр домогт өгүүлдэг авч уран сэтгэмжийн дүрслэл үү эсвэл бодит зүйл үү гэдгийг ялган салгаж, баримтаар нотолж чадалгүй өдийг хүрсэн юм.