A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5397/

10 настай хятад хүү монгол найзууддаа тусламжийн маск илгээлээ

10 настай хятад хүү монгол найзууддаа тусламжийн маск илгээлээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5397/
  • Тэрбээр томоохон их сургуулийн эрдэмтэн профессоруудтай ном хаялцаж, мэтгэлцээн өрнүүлдгээрээ гадаад оюутнуудыг гайхшруулдаг гэнэ

БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн COVID-19 цар тахал дэлхий дахиныг айдаст автуулсаар байна. Хил хязгаараас үл хамааран улам газар авсаар байгаа аюулт өвчнийг монголчууд даван туулахад тус болох зорилгоор урд хөршийн 10 настай бяцхан хүү тусламжийн маск илгээжээ. БНХАУ-ын Шанхай хотод амьдардаг Лю Ю Шуань хүү цар тахлын хүнд нөхцөлд байгаа улс орнуудын иргэдэд хандан “Нэгэн сэтгэлээр нэгдэж, аюулыг хамтдаа даван туулцгаая” гэсэн уриалга бүхий захидлын хамт тусламжийн маскаа илгээсээр байгаа гэнэ. Тэрбээр Норвегийн Норд их сургуулийн профессор Фроде Меллемвик, АНУ-ын Виржиниагийн их сургуулийн профессор Аллен Линч, АНУ дахь профессор Аллен болон Виржиниа, Мэрилэнд дэх бусад найзуудаараа дамжуулан тухайн бүс нутгийн эмнэлгүүдэд тусламжийн маскаа хүргүүлээд байгаа бол энэ удаад Шанхай хотын East Normal их сургуулийн докторантур Ч.Ариунжаргалаар дамжуулан Монгол Улсын иргэд болон тусламж хэрэгтэй байгаа үе тэнгийн найзууддаа бас хүргүүлэхийг зорьжээ. Дашрамд сонирхуулахад, тусламж илгээсэн Лю Ю Шуань хүү дэлхийн нэр хүнд бүхий томоохон их сургуулийн эрдэмтэн профессоруудтай ном хаялцаж, мэтгэлцээн өрнүүлдгээрээ гадаад оюутнуудыг гайхшруулдаг гэнэ. Англи хэлийг төгс эзэмшсэн тэрбээр чөлөөт цагаа ном уншиж, дэлхий ертөнцийг судлахад зориулдаг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Орон орны өвөрмөц соёл

 0 сэтгэгдэл

Дэлхий ертөнц даяаршиж бас ондоошиж байна. Хүн төрөлхтний үнэт зүйл нэг боловч амьдралын хэмнэл, өдөр тутмын соёл нь ялгаатай. Мэндлэх, хооллохоос эхлээд оршуулах ёслолд хүртэл орон бүр өөр өөрийн өвөрмөц соёлыг тээн иржээ. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг учир эдгээр соёлыг урьдчилан мэдэж аваад, аялал болон ажил хэрэгтээ ашиглаарай.

Турк


Хол замд явж байгаа хүнийхээ араас сайн сайхныг хүсэн ус цацдаг. Эрэгтэй хүний үсийг эрэгтэй хүн, эмэгтэй хүний үсийг эмэгтэй хүн л засдаг. Хэрвээ төрийн далбаагаа харсан л бол хаана ч байсан үнсэж хүндэтгэх ёстой.

Малайз

Малайзад дохио зангаа илэрхийлэх, зүг чиг заахдаа зөвхөн эрхий хуруу ашигладаг. Учир нь долоовор хуруу нь бүдүүлэг байдлын илэрхийлэл бөгөөд эрхий хуруугаа гаргах нь илүү эерэг гэж үздэг. 

Франц


Харин Францад амьдардаг хүмүүс уулзахаараа хацраа гурван удаа нийлүүлэн үнсэж, мэндэлдэг. Мөн үнсэлтийн тоо бүс нутгаас хамаараад өөрчлөгддөг аж. Мөн та ямар нэг үдэшлэгт оролцож байгаа бол зочдыг таньдаг эсэхээсээ үл хамааран бүх хүнтэй мэндлэх ёстой. 

Япон

Японд хооллох үедээ сорох чимээ гаргах нь тухайн хоол танд үнэхээр таалагдаж буйг илтгэдэг гэж үздэг. Тиймээс гоймон идэх үедээ сэтгэл амар сорж болно. Мөн энд нэрийн хуудас солилцох соёл маш чухал бөгөөд та нэрийн хуудсаа англи хэл дээр бичихээс гадна заавал япон хэлээр бичсэн байх ёстой.

Энэтхэг

Энэтхэгт хоолонд зүүн гараараа хүрч болдоггүй. Зөвхөн баруун гараараа хоол иддэг. Учир нь зүүн гараа ашиглахыг доромжлол гэж үздэг бөгөөд бие зассаныхаа дараа зүүн гараараа цэвэрлэгээ хийдэгтэй холбоотой. Мөн хоёр эрэгтэй хүн хөтлөлцөх нь энд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. 

Герман

Германд уулзалт, магистрын төгсөлтийн үеэр алга ташихын оронд ширээгээ тогшдог. Мөн шар айргаа жингэнүүлэн тулгаж, Prost гэж хэлэх нь таны хүндэтгэлийг илэрхийлнэ. 

Австрали

Манайд бусдын гарыг хэт чанга атгах нь бүдүүлэгт тооцогддог бол энэ нь Австралид хүндэтгэлийг илэрхийлдэг.

Унгар

Харин Унгар улсад шар айраг, дарс зэргээ тулгадаггүй. Энэ уламжлал тус улсад 1848 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед Австри Унгарыг эзлэн авч, баяраа тэмдэглэн тулган ууж, найр наадам хийж байв. Энэ цагаас хойш Унгарчууд тулгаж уухыг хориглох болжээ. 

БНСУ


Солонгост хамт ажиллагсадтайгаа оройн хоолонд орох болон караокед дуулах нь хамгийн их тархсан соёл. Ажлын амжилтаа тэмдэглэх, шинэ хүн ажилд орох, ажил хэрэгч уулзалтын дараах албан бус арга хэмжээ гэх мэт олон зүйлд энэ соёл үйлчилнэ.

БНХАУ

Хятадад бэлгийг хүлээн авахаас өмнө гурван удаа татгалздаг уламжлалтай. Тиймээс авах хүртэл нь бэлгээ үргэлжлүүлэн өгөх нь чухал. Ялангуяа бизнес уулзалтын үед хятад харилцагчдаа бэлэг бэлдэх нь түгээмэл.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын үед бэлэн гоймонгийн аварга компанийн орлого өслөө

 0 сэтгэгдэл
  • Дэлхий даяар 6.27 сая хүнд халдварлаж, 375,600 хүний аминд хүрээд буй цар тахал хүмүүсийн худалдаа, хэрэглээний хэв маягийг өөрчилсөн шинэ нөхцөлд компаниуд дасан зохицож байна

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Ази тивийн хэрэглэгчид гэртээ хооллох нь эрс ихэссэн тул Nissin Foods Co шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх ажлаа эрчимжүүлж, шинэхэн савласан ногоо нэмж борлуулахаар төлөвлөж байна. Японы Nissin Foods Holdings Co-гийн Хонконгод бүртгэлтэй салбар компани Nissin Foods Co бүтээгдэхүүний эрэлт ихэссэнтэй нийцүүлж хавч, карригаар амталсан дөхөм (бэлэн) гоймон, халуун ногоотой соус бүхий шарсан төмс шинээр гаргаад байна. Nissin Foods-ийг үндэслэгч нь дэлхийн II дайны дараах хүнд цаг үед өлөн зэлмүүн хүмүүс хүнсний дэлгүүрийн урт дараалалд зогсохыг хараад анх дөхөм гоймонг бодож олжээ. Хүмүүсийн дунд хөл хориотой уялдан үүссэн шинэ дадал заншил цар тахлаасаа ч удаан үргэлжилнэ хэмээн Nissin Foods-ийн гүйцэтгэх захирал Киотака Андо үзэж байна. “Коронавирусийн цар тахал дэгдсэнээр хүмүүс гэртээ байхаас аргагүй болсон нь хэрэглэгчийн эрэлтийг эрс ихэсгэхэд хүргэлээ” хэмээн захирал мягмар гарагт ярилцлага өгөхдөө тайлбарласан юм. “Хүмүүс гадаа гарах нь багасаж, гэртээ байх нь ихсэх хэрээр хүнсний бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж амьдралын хэв маяг хүртэл өөрчлөгдөж байна. ”Эхний таван сард тус компанийн борлуулалтын өсөлтийн хувь тогтмол хоёр оронтой тоогоор хэмжигдэж ирсэн нь цаашид он дуустал хэвээр үргэлжлэхээр байгаагийн зэрэгцээ өрсөлдөөн ч ширүүссэнийг Андо дурдлаа. Дэлхий даяар 6.27 сая хүнд халдварлаж, 375,600 хүний аминд хүрээд буй цар тахал хүмүүсийн худалдаа, хэрэглээний хэв маягийг өөрчилсөн шинэ нөхцөлд компаниуд дасан зохицож байна. БНХАУ-ын Yum China Holdings Inc гэртээ яаж хоол болгохыг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн заавар бүхий үхрийн зүссэн мах нийлүүлж эхэллээ. Халуун тогооны Haidilao International Holding Ltd хэрэглэгч тавхан минутад багтаан гэртээ хоол бэлтгэх боломжтой кунпао сам хорхой, жигнэсэн тахиа, ногоо, соусын бүрдэл борлуулж байна. Nissin Foods энэ оны эхний таван сард 12 төрлийн шинэ дөхөм гоймон зах зээлд гаргалаа. Тус компани 2019 оны мөн үед ердөө наймыг гаргаж байжээ. Энэ жил илчлэг бага, шим тэжээл ихтэй дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн давамгайлав. Тус компани Хонконгийн зах зээлд шинэ ургацын хүнсний ногоо хэрчин савлаж нийлүүлэхээр төлөвлөж байна. Nissin Foods Holdings Co дэлхийн анхны дөхөм гоймон болох Chicken Ramen-ыг 1958 онд гаргасан түүхтэй. Өдгөө дэлхийн 80 гаруй улсад бизнес эрхэлдэг тус компани Cup Noodles зэрэг хэд хэдэн олон улсын брэндтэй. Тус компани дөхөм гоймонгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх хэдэн үйлдвэрлэгчийн нэг ч бизнес нь сүүлийн жилүүдэд суларч ирснийг цар тахал гэнэт өөрчиллөө.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Трамп Америкийн хотуудад цэрэг байршуулж эхэллээ

 0 сэтгэгдэл
  • Трамп сонгуулийн жилд өөрийгөө хууль, дэг журмыг сахиулагч гэж харуулахын сацуу коронавирусийн үед муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлээс олны анхаарлыг хөндийрүүлэхийг эрмэлзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон даяар хүчирхийлэл, эсэргүүцэл газар авч буй үед Америкийн цэргүүдийг муж улсууд болон хотуудад байрлуулна хэмээн мэдэгдсэнээ хэрэгжүүлж болзошгүй байна. Тэрбээр нийслэл Вашингтон хотод хөл хорио тогтоохын өмнөхөн “Бид бослогыг зогсооно, хууль бус явдлыг зогсооно” гэж амласан. Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийснийхээ дараа Лафайет талбайгаар явган алхаж, босогчдын галдаж гэмтээсэн Сент Жонсын сүмд очив. Цагдаа нар тэр хавьд цугларсан жагсагчдыг нулимс асгаруулагч хий, морь ашиглан зам гаргажээ. Хар арьст Жорж Флойд гэгчийн амьсгалыг цагдаа боож, санамсаргүй аллага үйлдсэнээс үүдсэн бослогод дөрөөлөн Трамп сонгуулийн жилд өөрийгөө хууль, дэг журмыг сахиулагч гэж харуулахын сацуу коронавирусийн үед муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлээс олны анхаарлыг хөндийрүүлэхийг эрмэлзэж байна хэмээн хэвлэл бичиж буй. Хэрэв орон нутгийн захиргаад бослогыг дарах шаардлагатай арга хэмжээ авахаас татгалзвал “Би Нэгдсэн улсын зэвсэгт хүчнийг илгээж, тэдний оронд асуудлыг шийднэ” гэж Трамп мэдэгдсэн нь олон нийтийг цочролд оруулав. Хүчирхийллийг дарах зорилгоор цэрэг илгээхийн тулд ямар хуулийн зохицуулалт ашиглах талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр шууд хариулаагүй боловч дараа нь Цагаан ордонд хэлсэн үгэндээ “Би та бүхнийг хамгаалахын тулд тэмцэнэ. Би бол хууль ёс, дэг журмын төлөөх та бүхний Ерөнхийлөгч, тайван жагсагчдын холбоотон” гэсэн байна. Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учирсан онцгой нөхцөл байдалд цэргүүдийг энгийн иргэдийн эсэргүүцлийг дарахад ашиглах боломжийг тусгасан бүр XIX зууны үеийн хууль бий. АНУ-ын Батлан хамгаалах яам үндэсний гвардийн 600-800 цэргийн албан хаагчийг Вашингтонд байрлуулахаар илгээснээ мэдээлэв. Үндэсний гвардийнхан хөшөө дурсгалууд болон Цагаан ордныг хамгаалж, цагдаагийн газартай уялдаатай ажиллахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч даваа гарагт мужууд болон хууль хэрэгжүүлэх байгууллагын удирдлагатай утсаар ярьж, “Та нар зонхилох ёстой. Тэгэхгүй бол цагаа үрсэн хэрэг болно. Тэд та нарыг дэвслэх гэж байна. Тэнэг амьтад шиг харагдах байх шүү” гээд мужийн захирагчдыг “сул дорой” хэмээн зэмлэв. Үүний зэрэгцээ Трамп америкчууд Флойдын амийг хөнөөсөнд зүй ёсоор хилэгнэж байгааг ойлгож, тайван жагсаалыг дэмжихээ илэрхийлсэн. Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж, найман минут амьсгалыг нь боогдуулсны улмаас эмнэлэгт нас барсан хэрэгт буруутгагдаж буй цагдаа Дерек Човиныг тав хоног хойшлуулсны эцэст баасан гарагт баривчилжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Судсан дотор явах чадвартай микроробот бүтээлээ

 0 сэтгэгдэл

Хүний зүрх судасны тогтолцоон дотуур “зорчих” чадвартай микророботыг ХБНГУ-ын Штутгарт дахь Оюунлаг систем хөгжүүлэх Макс Планкийн хүрээлэнгийн (MPI-IS/Max Planck Institute for Intelligent Systems) эрдэмтэд Турк, АНУ-ын судлаачидтай хамтран бүтээлээ. Эрдэмтэд хүний судас дуурайлгасан лабораторийн орчинд соронзон жолоодлогот микророботыг амжилттай удирдан залж, хорт хавдрын эсэд эм тээвэрлэж хүргэх туршилтыг амжилттай хийсэн нь инвазив бус эмчилгээний салбарт нэг шатны дэвшил болов. Дотроо хавдар эмчлэх эм бүхий бөмбөлөг хэлбэртэй микроробот нь хорт хавдрын уургийн эсрэг биеэр бүрсэн бүрхүүлээрээ хавдрын эсэд “наалдах” чадвартай. Дараа нь хэт ягаан туяаны үйлчлэлээр микроробот доторх эмээ хавдрын эс дотор шахах аж. Ердөө найман микро-метрээс (0.008 мм) үл хэтрэх хэмжээтэй бөөрөнхий микророботыг шилний бичил хэсгээр бүтээжээ. Бөмбөлгийн нэг тал нь никель, алт ны нимгэн бүрхүүлтэй, нөгөө тал нь хавдрын эмийн молекул, хавдрын эс таних чадвартай тусгай био молекулаас бүрдэнэ. Хүний судсан дахь цус ны урсгал дотор уг “робот”-ыг соронзон орны үйлчлэл ашиглан жолоодох юм. Туршилтаар секундэд 600 микрометр урагшилж буй микророботыг анагаах ухааны хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хэд хэдэн бэрхшээл шийдвэрлэх ёстойг уг судалгааны удирдагч, MPI-IS-ийн захирал Млетин Ситти тайлбарлав.