A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2650/

20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Мал аж ахуйг усаар хангах боломж хязгаарлагдмал байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2650/


Монголын эдийн засаг, ажиллах хүчний чухал тулгуур болох мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Монгол Улс шинэ төлүүдээ хүлээж авснаар малын тоо толгой хэдэд хүрээд байна вэ?

-Манай улсын малын тоо 1990- 2018 оны хооронд 2.6 дахин өсөж, 66.5 сая толгойд хүрсэн. Энэ оны зургадугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 21.6 сая төл хүлээн аваад байна. Ингэснээр манай малын тоо толгой 80 гаруй саяыг давлаа. Малын тоо өссөнөөс сүргийн бүтэц алдагдаж, чанар муудсаныг гадаад, дотоодын мэргэжилтнүүд хэлж байгаа. Ялангуяа, бог мал илүү өсөж, ямааны тоо толгой 1990 оноос хойш тав дахин нэмэгдээд байна. Тоон үзүүлэлтээр дүгнэвэл 1961-1990 онд ямаан сүрэг нь дунджаар нийт малын 19.5 хувийг эзэлдэг байсан бол 2018 оны байдлаар 40.8 хувийг бүрдүүлж байна.

Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрсэн. Манай нүүдлийн мал аж ахуй бэлчээрт суурилдаг. Монгол Улс 2017 оны эцэс гэхэд 112.7 сая га талбай бүхий бэлчээртэй байна. Үүнийг 1960 онтой харьцуулахад бэлчээр 27.9 сая талбайгаар буурсан гэсэн үг. Бэлчээрийн талбай хот суурин газар болон уул уурхайн нөлөөгөөр буурч байгаа. өмнө нь 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 30 гаруй байсан бол одоо энэ ачаалал гурав дахин нэмэгдсэн.

-Уур амьсгалын өөрчлөлт манай мал аж ахуйн салбарын томоохон сорилт болоод байна. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Мал аж ахуй бол манай улсын хүнс тэжээл, экспортыг бүрдүүлж буй нэг салбар. Тиймээс мал  аж ахуйн тогтвортой өсөлтийг бүрдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах нь хамгаас чухал. Мал аж ахуйн чиглэлээр олон жил хийсэн судалгаа, тайланг нэгтгэн, хэд хэдэн асуудалд дүгнэлт хийгээд байна. Мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогын хэрэгжилтэд цаг уур, ялангуяа, дулаарал, байгалийн хүчин зүйл хамгийн их нөлөөтэй. Энэ нь мал аж ахуйн хөгжлийг хязгаарлах гол хүчин зүйл болж байна. Тухайлбал 1940-2015 он хүртэл 75 жилийн хугацаанд манай агаарын хэм 2.24 градусаар дулаарсан.

-Дулаарал хуурайшилтаас үүдэн усны хүрэлцээ хангамж ч муудаж эхэлснийг мэргэжилтнүүд хэлдэг. Усны хангамж ямар түвшинд байна вэ?

-Мал аж ахуйг усаар хангах боломж хязгаарлагдмал байна. Энэ салбар ихэнхдээ газар доорх усаар ундаалдаг. 1990 оноос хойш инженерийн хийцтэй худгийн тоо харьцангуй багассан. Тодруулбал, 1990 онд малын тоо толгой 25 сая байхад инженерийн хийцтэй 25 мянган худагтай байлаа. Харин өнөөдөр инженерийн хийцтэй худгийн тоо 13.6 мянган, малын тоо 66.5 саяд хүрээд байна. Үүнээс үзэхэд энэ төрлийн худгийн тоо 1.7 дахин багассан бол малын тоо 2.6 дахин өсжээ. Энэ хэрээр малыг усаар хангах боломж багассан гэсэн үг. гэтэл гар аргаар ус түгээдэг худгийн тоо ихэссэн. 1990 онд 17 мянган гар худаг байсан бол одоо 30.2 мянгад хүрээд байна. Ер нь мал аж ахуйн баталгаатай эх үүсвэрийн хүрэлцээ хангамж муудаж буй нь үнэн.

2035 он гэхэд Монгол Улс 50 сая малтай байх төлөвтэй

Үүнд усны хангамжийн бодлого нөлөөлснөөс инженерийн хийцтэй худаг гаргах өртөг зардал өндөр зэрэг бусад хүчин зүйлийг нэрлэж болно. Хөрөнгө санхүүжилтийн дутагдлын улмаас 2000 оноос хойш төрөөс малчдыг гар аргаар ус түгээдэг худаг байгуулахыг дэмжсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуурайшилт их, хур тунадас бага байгаа тул газар доорх усны түвшин буурч, зарим гар худаг ажиллахаа больсон. Мал аж ахуйн усан хангамжийг шийдэхийн тулд шинэ соргог бэлчээр бий болгох, отрын бүс эзэмших, инженерийн 280 худаг гаргах зэрэг ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай. Ойрын таван жилд 5000 худаг гаргах хэрэгтэй байна.

-Бэлчээр сүйтгэгч мэрэгч амьтад Монгол орны бэлчээрийн нэг дайсан болоод байгаа. Үүнийг хэрхэн бууруулж байна вэ?

-Үлийн цагаан оготно манай улсын нийт нутаг дэвсгэрийн 40 сая га талбайд тархсан гэсэн судалгаа бий. Уг амьтан уул хээр, тал хээрийн бүсэд тархаад байсан бол одоо Монгол алтайн нурууг чиглэж байна. Үүнээс гадна үлийн цагаан оготно харьцангуй сийрэг байгаа таван сая га газарт царцаа тархлаа. Царцаа нь оготно багатай газар тархдаг. Тэгэхээр нийтдээ 45 сая га талбайд хөнөөлт мэрэгч амьтан, шавж тархсан гэсэн үг. Энэ тархалтыг бууруулах нь чухал. Үүний тулд бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг авах хэрэгтэй. Бид жилд нэг сая га талбайг бэлчээр устгаж буй амьтдаас хамгаалж чадахгүй байна.

Тиймээс алдаж буй талбайгаа малчдын мэдэлд шилжүүлэх хэрэгтэй. Мэдээж, хөрөнгө мөнгө их зарцуулна. Үүнийг олон нийтийн дэмжлэгээр хийнэ хэмээн Засгийн газрын тогтоолд тусгасан. Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно болон царцаатай тэмцэх ажлыг өнгөрсөн сард дундговь аймгийн захиргаа, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэдийг хамруулж, онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан. Энэ ажил маш амжилттай, үр дүнтэй болсон.

-Зуд гангийн давтамжийн дүр зураг ямар байна вэ?

-Ган зуд тохиолдсон үед нийт малын 10 хүртэл хувь буюу 5-6 сая толгой малыг өвөлжүүлэх, хаваржуулах боломжийг бүрдүүлэх бодит шаардлага бий болсон. Сүүлийн 70 жилд Монгол улсад 12 удаагийн томоохон зуд болсон. Нийт малын 60.3 хувьтай тэнцэхүйц буюу 40 сая толгой мал хорогдож, мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулаад байгаа юм. 1996-2010 оны хооронд тохиолдсон таван удаагийн зуднаар 21.5 сая толгой мал хорогдсон байна.

2009-2010 оны зуднаар хамгийн олон буюу 10.3 сая мал хорогдож, тухайн үеийн ханшаар 570 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Мөн 32 мянган өрх 50-иас дээш хувьтай тэнцэх малаа алдаж, 8000 өрх огт малгүй болсон. Ингэснээр малчид мал маллах хүсэлгүй болж, залуус хот суурин газрыг бараадах шалтгаан болсон. Энэ нь эргээд гэр хороолол хүрээгээ тэлэх, агаарын бохирдол нэмэгдэх, замын түгжрэл, ажилгүйдэл зэргийг нэмэгдүүлж байна. Энэ мэт ган, зудаас үүдэн маш их хохирол учирдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгааны дүнд мал аж ахуйн үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн ялгарал өндөр байна. Бусад салбараас хүлэмжийн хийн ялгарал илүү байгаа нь малын тоо толгойтой шууд холбоотой. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд малын тоо толгойг бууруулах шаардлагатай. Олон улсын байгууллагууд 2035 он гэхэд Монгол Улсын малын тоог 35 сая болгох хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Харин бидний хийж буй судалгаагаар 2035 онд Монгол улс 50 сая толгой малтай байх төлөвтэй.

-Тэгвэл малын тоог зохистой түвшинд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Социализмын үед манай улс нийт малынхаа 46 хувийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж  эдийн засгийн эргэлтэд оруулдаг байсан. Тухайн үед адуу, үхэр, сарлаг, хонь, ямааг бэлтгэх болон амьдаар нь Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Сэлэнгэ аймгийн Цагаан эрэг, Дорнод аймгийн Эрээнцав, Хөвсгөл аймгийн Хатгал боомтоор Зөвлөлт холбоот улс руу гаргадаг байсан. Харин өнөөгийн нөхцөлд мал, махны экспортыг бүх хэлбэрээр дэмжих хэрэгтэй. Энэ зах зээлийг нээлттэй, зохицуулалттай, хяналттай байлгах нь хамгийн чухал. Малын зүй зохистой тоог барихын тулд бид энэ жил 20 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа. Бидний бодлого, төлөвлөгөө тодорхой байгаа учир төрийн зүгээс ч, малчдын зүгээс ч хамтран ажиллах шаардлага тулгарч байна. Үүний тулд малчдыг орлогожуулах, сүргийн бүтцийг зохистой болгох, малын зүй бус хорогдлыг багасгах, зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.

-Салбарын яам мал, махны экспортын квотыг дангаараа олгодог уу?

-Малын тоо толгой өсөж, зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай болсон тул Засгийн газраас 2017 онд “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 284, “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 318 дугаар тогтоол гарсан.

Тухайлбал, Засгийн газрын 284 дүгээр тогтоолд “...хөрш орнуудын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын хилийн зарим боомтын ойролцоо малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулан ажиллуулах арга хэмжээ авахыг” тусгасан. Мөн 318 дугаар тогтоолд “...Мал сүргийн тоо, толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсөн” хэмээн заасан.

Дээрх тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд манай улсад анх удаагаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд малыг үйлдвэрийн аргаар нядлан гадаад, дотоодын зах зээлд мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх “Малын гоц халдварт өвчингүй эрүүл хорио цээрийн бүс байгуулах” төслийг эхлүүлсэн. Одоогоор энэ төслийн хүрээнд малыг хөлөөр нь экспортлох ажлыг хийгээгүй байгаа. Мал, мах экспортлох ажлыг зохион байгуулахдаа орон нутгийн иргэд, малчдын санал асуулгыг авдаг. Үүний квотыг Засгийн газраас тогтоодог учир манай яамнаас тодорхой тоо, хатуу зохицуулалт хийдэггүй. Эцэст нь аль ч түвшинд асуудлыг авч үзэхдээ тоог тодорхой байлгах хэрэгтэй. Үйлдвэрийн аргаар бэлтгэх, гар аргаар бэлтгэх малын тоо болон хөрш хоёр орон руу гаргах малын тоо тодорхой байх ёстой. Бидний эцсийн зорилго бол 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их 20-иор Трамп, Шигийн халз тоглолт болно

 0 сэтгэгдэл


Саяхныг хүртэл Их 20-ийн дээд уулзалт уйтгартай, заримдаа бүр ёслолын чанартай арга хэмжээ болж, гол эдийн засгийн удирдагчид асуудлыг найрсгаар хэлэлцдэг байв. Мэдээж Трампаас өмнө л дөө. Америкийн Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш дээд хэмжээний уулзалтын ёс журамд драм, хурцадмал, тодорхойгүй байдлаас авахуулаад ямар нэг зүйл авчирсан. Үнэхээр ч энэ сарын 28-29-нд болох Их 20-ийн цугларалтын өмнө Трамп өөрийгөө давсан үймээн тарьж байна.

Тэрбээр Хятадтай худалдааны зөрчил хурцдаж буйг худалдааны дайн болгоно хэмээн сүрдүүлсэн нь Осакагийн чуулганыг 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн том үр дагаварт хүргэж болзошгүй. Сөргөлдөөний барьц нь багадсан мэт ноён Трамп Европ, Японыг худалдааны дайны овоо хараандаа авч, гол хоёр холбоотноо машины тарифаар сүрдүүлж буй. Мөн Евро бүс болон хятадын мөнгөний бодлогын талаарх трампын шүүмжлэл нэмэгдэнэ.

Энэ бүхнээс харахад Осакад товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт дэлхийн санхүүгийн зах зээлд чухал дохио өгөх юм. Өнгөрсөн мягмар гарагт Трамп твиттертээ “Ноён Шитэй утсаар сайхан ярилцлаа. Бид уртасгасан уулзалт хийнэ” гэж бичсэн нь байдлыг жаахан намжаав. Хоёр улсын албаныхан ба шинжээчдийн таамаглаж буй хамгийн сайн хувилбар нь АНУ тарифаа хойшлуулж, тавдугаар сард тасарсан худалдааны хэлэлцээг сэргээх явдал гэж үзэж байна.

Харин муу хувилбар нь худалдааны сөргөлдөөнийг шинэ хүйтэн дайн руу хөтлөх эрсдэлтэй юм. Хэрэв уулзалт эхлэхээсээ өмнө цуцлагдах буюу тохиролцоонд хүрч чадахгүй бол дэлхий ертөнц хоёр тэргүүлэх эдийн засгийн хурц зөрчлийг харах агаад хохирол нь санхүүгийн зах зээлийн нуралт, өсөлтийн удаашралаар илэрнэ. Ийм магадлалыг үгүйсгэх аргагүй. Учир нь хоёр удирдагч бараг эсрэг тэсрэг гэмээр эрс ялгаатай хандаж байгаа нь өмнө нь бас асуудал үүсгэж байсан. Трамп дураар авирлаж, хэлэлцээний ширээний нөгөө талд суугаа хүний тэнцвэрийг алдагдуулдаг арга барилтай хүн.

Ноён Ши маш болгоомжтой бөгөөд түүнийг хүрээлэгчид үр дүнг нь урьдаас товлоогүй уулзалтад оролцуулахыг хүсэхгүй байгаа. Хятадын зарим албаны хүний хэлснээр Трампын дээрэнгүй авир ноён Шид татаас, оюуны өмч гээд олон асуудлаар АНУ-ын шаардлагыг зөвшөөрөхөд саад хийж байж магадгүй юм. Вилсоны төвийн судлаач, дипломатч Роберт Дейли “Трамп Ши Жиньпинийг овоо хараандаа авна гэж ярьдаг атлаа гэнэт сайхан аашлаад унавал гайхал төрүүлэх нь мэдээж” хэмээн өгүүллээ.

Бээжингийн нэгэн шинжээч Хятадын удирдагчийг шахсан байдалд оруулах тусам бууж өгсөн мэт ойлгогдох буулт хийхээс татгалзна хэмээн тайлбарлав. Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед их долоо, Их 20-ийн уулзалтын бэлтгэл ажилд оролцож байсан зөвлөх Мэтью Гудман одоогийн байдлыг шинэ хүйтэн дайн гэж нэрлэхэд эрт байна хэмээв. Түүний бодлоор эдийн засгийн харилцааг илүү шударга болгох зорилт тавигдаж байгаа аж. Харин Трампын зөвлөх Клит Уилемс “Засаг захиргаа Хятадад анхаарч буй хэдий ч бусад оронд бас тариф тогтоосон нь хятадын талаарх өөрийн стратегийг дэмжүүлэх аргыг хайж байна. Гэхдээ Хятадыг тохиролцоонд хүргэхүйц хатуу байр суурь баримталж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Ши Жиньпинийг Маогаас хойш их хамгийн хүчирхэг удирдагч гэж үздэг боловч дотооддоо улс төр, эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч буй нь түүний хийх боломжтой алхмуудыг хумьж байна. Хятадын эдийн засаг сулрах шинжтэй байгаа нь худалдааны дайны хохирлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн хонконгт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн явдал ноён Шигийн захиргаадах арга барилыг эсэргүүцсэн түгшүүр үүсгэв. Шинжаан дахь Исламын шашинт цөөнхийг бөөнөөр хорьж буй асуудал ч өрнөдийн анхааралд өртөөд байна.

Нөгөө талаас Трампын байр суурь өөрийнх нь бодож байгаа шиг бат бэх үү гэдэг эргэлзээтэй.  Түүний тарифын бодлого эсэргүүцэлтэй тулгарч, эдийн засагт хохирол учруулж эхэлснийг статистик харуулж буй. Трамп, Ши нарын хэн хэнд дотоодын шахалт тулгарч байгаа нь харагддаг. Тэд Осакад эвлэрэлд хүрч магадгүй л юм. Гэхдээ урт хугацааны энх тайван тогтоож чадна гэдэг юу л бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх 10 жил арматурын импортод $1.5 тэрбумыг алдана

2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна

 0 сэтгэгдэл


Манай улс 2030 он хүртэл жилд 300 мянган тонн арматур хилийн чанадаас худалдан авна гэж “Барилга.мн”-ийн судлаачид тооцож байна. Монгол Улс дотоодын эрэлтээ хангахын тулд жилд дунджаар 130-150 сая ам.долларын арматур импортолдог. Энэ дүнгээр тооцвол ирэх 10 жилд бид багаар бодоход 1.3-1.5 тэрбум ам.долларыг арматур авахын тулд хилийн чанад руу урсгаж, ийм хэмжээний валютыг гадаад зах зээлд алдах нь.

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний арвин нөөцтэй, энэ төрлийн түүхий эд баялгаар бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол Улс барилгын төмөр хийцээ ийнхүү хилийн чанадаас импортолж суух ч гэж. Манай улсын төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар жинхнээсээ “алтан дээр суусан гуйлгачин” болжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас ялангуяа, хоёр хөршөөсөө худалдан авч байна.

Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж.

Учир нь Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг л дотоодоос нийлүүлж, зах зээлийнхээ дийлэнхийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Манай улсад одоогоор 12 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр үйлдвэрийн хүчин чадал нийлээд 80 мянган тоннд хүрэх аж. Гэтэл бидний эрэлт хэдийн 300 мянган тонныг давжээ.

Улаанбаатарт сүндэрлэх барилгын тоо өсөж, бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр арматурын эрэлт хэрэгцээ сүүлийн хоёр жилд өсөж эхэлсэн байна. Гэтэл он гарсаар үнэ ханш нь мэдэгдэхүйц өсөөд буй төмрийн хүдрийн ханш сүүлийн 3-4 жилд тасралтгүй унаснаас үүдэн үйлдвэрлэгчид санхүүгийн хүндрэлтэй нүүр тулчихсан. Мөн сүүлийн 2-3 жилд манайд барилгын салбар удааширснаас дотоодын арматурын жижиг үйлдвэрүүд үүд хаалгаа барихад хүрчээ. Бүтээгдэхүүний үнэ болон барилгын салбарын удаашралаас үүдэн дотоодын үйлдвэрлэгчид цөөнгүй жилийг хүндхэн өнгөрөөсөн аж.

Гэтэл орчин цагийн Монголд хотжилтын хүрээг тэлж, хүн амаа орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөх тусам барилгын салбарын дутууг дүүргэх арматурын импорт өссөн байна. Ирэх жилүүдэд ч барилгын багана болсон арматурын хэрэгцээ өснө үү гэхээс буурахгүйг судлаачид онцолж байгаа юм. Тухайлбал, арматурын эрэлт 2030 он гэхэд 454 мянга орчим тоннд хүрэх төлөвтэй.

Гэвч манай арматурын зах зээл өнөө хэр гадаадын үйлдвэрлэгчдийн атганд байсаар. Ялангуяа, арматур нь барилга байгууламжийн голлох түүхий эдийн нэг бөгөөд барилгын үйлдвэрлэлийн төсөвт өртгийн 30 хувийг шингээдэг гол нэрийн бүтээгдэхүүн. Гэтэл сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэл царцсанаас нийт эрэлтийн голыг импортын бүтээгдэхүүнээр  хангаж байна” хэмээн “Барилга. мн” төвийн захирал Г.Батсүх өгүүлсэн юм. 

Энэ хэрээр барилгын салбарын гол түүхий эд валютын ханшийн савалгаа, гадаад зах зээлээс  шууд хамаарах нь. Өнгөрсөн онд ч арматурын нийлүүлэлт нэг бус удаа тасалдсанаас манай дотоодын зах зээлд үнэ ханш нь огцом өсөж, барилгын салбарынханд багагүй дарамт болсон юм.

• Гаалийн ерөнхий газрын мэдээллээр монголчууд жилд ойролцоогоор хагас тэрбум ам.доллартай тэнцэх үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авдаг. 

• Үүний гуравны нэгийг нь төмөр хийцийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох арматурт зарцуулдаг аж. 

• Монгол Улс сүүлийн жилүүдэд арматурын нийт эрэлтийнхээ ердөө 20-30 хувийг дотоодоосоо нийлүүлж байна.

Цаашлаад арматурын ханшийн өсөлт өнөө хэр иргэдийн худалдан авах чадвараас давсан хэвээр байгаа нь барилга, орон сууцны үнийг өдөөх эрсдэл болжээ. Гэтэл Улаанбаатарын утааг бууруулахын тулд хүн амаа барилга орон сууцаар хангах хэрэгцээ шаардлага Монгол Улсад байсаар. Харин энэ зорилгыг биелүүлэхэд арматурын үнэ ханш басаж болохгүй сорилт болж мэдэх нь. Арматур буюу ган туйвангийн үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлэх, бэлдэц үйлдвэрийг ажиллуулах шаардлагатай байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлсэн.

Дайран дээр давс гэгчээр дотоодын эрэлт өсөхийн хэрээр айлаас арматур худалдан авдаг бидний хилийн чанад руу урсгах валютын хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй. Цаашлаад арматур дагасан валютын урсгал улсын төлбөрийн тэнцэлд дарамт болж, төгрөгийн ханш сулрах бас нэг шалтгаан болно. Тиймээс хилийн чанадаас валютаар тус бүтээгдэхүүнийг худалдан авах дотоодын иргэд, бизнес эрхлэгчид ханшийн савлагаанд хэтэвчээ сэгсрүүлэх эрсдэлийг мартаж болохгүй. Бид дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлж чадаагүйгээс үүдэлтэй ийм олон сөрөг нөлөө Монголын эдийн засагт учрах төлөвтэй.

Иймд ирээдүйд их хэмжээний валютын урсгалыг гадагшаа алдахгүйн тулд дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, арматурын зах зээлийг өөрсдийн атгандаа оруулах шаардлага тулгарсаар байна. Ингэснээр дотоодын чанартай түүхий эдээр барилгын салбараа хангаад зогсохгүй валютын гадагшлах урсгалыг улсдаа шингээж, төгрөгийн ханшийг хамгаална. Цаашлаад үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхийн хэрээр ажлын байр бий болгож, үйлдвэржилтийн үр шимийг дотооддоо шингээх боломж бүрдэх юм.

Нэгэн цагт барилгын материалын нийт эрэлтийнхээ бараг 80 хувийн хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд цемент, блок, хадаас зэрэг түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж, энэ хэрээр импорт буурч, валютын гадагшлах урсгалыг багасгаж байгаа. Монгол Улсад цементийн үйлдвэрлэл цэцэглэснээр жил бүр гадаад руу урсдаг байсан 100 хүртэлх сая ам.долларыг дотоодод тогтоож чадсан. тэгвэл ийм өөрчлөлт арматурын салбарт үгүйлэгдэж байна.

Монгол шиг ид хөгжиж, хотжилт хүрээгээ тэлж буй улсад ирээдүйд ч барилгын салбар эрчтэй хөгжиж, энэ хэрээр бараа материалын эрэлт өсөх нь тодорхой. Ялангуяа, “барилгын яс” болдог арматурын үйлдвэрлэл улсын хөгжлөөс эхлээд хүн амын амьжиргаа, улаанбаатарын утаанд хүртэл нөлөөлөх учиртай юм. Улсын ирээдүйд чухал үүрэгтэй энэ салбарыг өөрөө хөгжихийг хүлээж, цаг алдах бус бодлого, зохицуулалтын таатай нөхцөлөөр хангаж, тууштай дэмжих нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Аавуудын гутал” хийдэг Fila-гийн захирал $830 саяыг олжээ

 0 сэтгэгдэл


1990-ээд онд зузаан ултай, бүдүүн хийцтэй пүүз гарсныг “Аавын гутал” хэмээн нэрлэж байв. Мянганы үеийнхэн энэ загварт дурлах болсон тул хуучин гутал Fila компанийг дахин сэргээсэн байна. Түүнчлэн Ён Ёнсу захиралд ихээхэн баялаг хуримтлуулахад тусалжээ. Англиар Жен гэж нэрлэдэг захирал Fila Korea Ltd., компани дахь багцаараа дамжуулан 830 сая ам.долларын хөрөнгөтэй болжээ. Түүнийг 2007 онд Fila дэлхийн брэндийг худалдан авахад Өмнөд Солонгосын хэвлэлд “хавч аварга загасыг залгичихлаа” хэмээн бичиж байв.

Ноён Ён тус компанийг сэргээхийн тулд өөрөө биечлэн удирдсанаар хувьцаа нь дээшилж эхэлсэн байна. Үүнд гол үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйл нь 90-ээд оны загваруудыг сэргээж, сонгодог хэлбэрт дуртай худалдан авагчдын эрэлтийг хангасан явдал юм. Жишээ нь, Disruptor 2 загварыг 2017 онд сэргээн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онд нэг үе эмэгтэйчүүдийн хамгийн дуртай шаахай болсон дэлхийн загварыг судалдаг Lyst сайт мэдээлэв.

Энэ оны эхний байдлаар уг загвараас 10 сая хосыг борлуулжээ. 73 настай ён энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч 2017 онд Өмнөд Солонгосын нэг сонинд өгсөн ярилцлагаас нь үзвэл “Энэ бол 45 хүрсэн хойноо гаргасан хэнз хүүхэдтэй адилхан” гэж хэлсэн байдаг. Түүнчлэн алдартнууд эдний шаахайг өмсөх болсон нь брэндийн нэр хүндийг өргөв. АНУ-ын топ модель Кендалл Женнер, дуучин Рианна нарын Fila-гийн улаан, цагаан, хөх логотой пүүзийг өмсдөг. Дээр нь харьцангуй хямд үнэ борлуулалтыг дэмжих хүчин зүйл болжээ.

Korea Investment & Securities фирмийн шинжээч На Енча “Fila үнээ бууруулахын сацуу 30-40 насныхнаас илүүтэй залуу хэрэглэгчдийг онилсон. Энэ тактик үр дүнгээ өгч байна” хэмээн үнэлжээ. Fila Korea-гийн хувьцааны үнэ өнгөрсөн оны эхэн үеэс 400 хувь өсөж, зах зээлийн үнэлгээ нь 4.3 тэрбум ам.долларт хүрэв. Ноён Ён гэр бүлийнхээ хамтаар компанийн 20 хувийг эзэмшдэг аж. Тэрбээр нэлээд хожуу 30 гарсан хойноо коллеж төгссөн тул нас нь ажилд ороход саад болж байсан аж. Гэвч Солонгос барааг АНУ-д худалддаг компанид орсон байна.

Энэ завсар АНУ-д Fila-гийн менежертэй танилцаж, улмаар Өмнөд Солонгост пүүз үйлдвэрлэхийг ятгаж чадсан байна. Дараа нь уг бизнесийг удирдахыг санал болгож, 1991 оноос жилдээ 1.5 сая ам.долларын цалинтай Fila-гийн Өмнөд Солонгосын бизнесийн захирлаар томилогджээ. Ингээд тус салбар болон дэлхийн брэндийг худалдан авч, өдий хүргэжээ. одоо Fila 70 гаруй улсад ажиллаж байна. Ноён Ён нэгэнтээ “ёс суртахууны хувьд зөвтгөх аргагүйгээр баялаг хуримтлуулах нь утга учиргүй зүйл. Бид баялаг яаж бүтсэнийг эргэж харах ёстой” гэсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дроныг нь устгасан Иранд Трамп хориг тавина

 0 сэтгэгдэл