A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3369/

2020 оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3369/
  • Шаардлагатай санхүүжилтийг төсвийн төсөлд суулгасан байна


Ирэх жил хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төсөв суулгасан гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хэллээ. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон. Улмаар хөтөлбөр хэрэгжих явцад 80 хувьд нь олгохоор болж, энэ арга хэмжээ хэрэгжиж буй. Тэгвэл хүсэлт гаргасан хүүхдийн тоог нарийвчлан гаргасан тооцоо судалгааг үндэслэн ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгажээ.




A

Жижиг

A

Дунд

A

Том

Улсын баяр наадмынхаа нээлт дээр, ард түмнийхээ өмнө хуримаа хийсэн нь их азтай тохиолдол болсон

 0 сэтгэгдэл
  • Ханийг минь “Манай Янжинлхам байна шүү дээ” хэмээн хүлээж авсан
  • Намайг энэ хүнтэй гэр бүл болно гэхэд огт эсэргүүцээгүй. "Миний охинд хань болж чадах хүн" гэж таньсан болохоор тэр

 
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон World duo arts performing festival 2019-д эх орноо төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нартай ярилцлаа. УДЭТ-ын залуу жүжигчин нэг гэр бүлийн энэ хосыг монголчууд дэлгэцийн хийгээд тайзны хэд хэдэн бүтээлээр нь таньдаг болсон. Жүжигчин Г.Алтангэрэл “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор олонд танигдсан бол, Г.Номуун “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байв. 


-Та хоёрын оролцсон World duo arts performing festival 2019 наадмын талаар ярилцлагаа эхэлье. Хэчнээн орны уран бүтээлч оролцов? 

-19 дэх жилдээ зохион байгуулагдсан энэ наадамд оролцож шагнал хүртсэндээ баяртай байна. Тэмцээний удирдамж энэ оны хоёрдугаар сард ирж, эхний шатны шалгаруулалт цахим хэлбэрээр явагдсан юм. Тодруулбал, оролцогчид уран бүтээлийн бичлэгээ онлайнаар явуулж, тэндээс нийт таван орны долоон бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан. Ингээд бид сүүлчийн шатанд Грек, Украин, БНСУ, Румын улсын уран бүтээлчидтэй тунаж, өрсөлдсөн. Эдгээрээс гурван багийг шалгаруулж, Special Perfor-mance хэмээх шагнал гардуулсан. Энэ тэмцээнд Монголын уран бүтээлч анх удаа оролцож буйгаараа онцлог. Олон улсын фестивальд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан амжилт үзүүлэхэд гүүр болж тусалсан “Гэгээн муза” академийн хамт олондоо баярлаж буйгаа илэрхийлье. 

-World duo arts performing festival 2019-д В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх жүжгээр шагнал хүртсэн гэл үү. Уг жүжгийг өмнө нь тайзнаа тоглож байсан уу. Эсвэл энэ фестивальд зориулж шинээр тависан уу?

-Саяхан “Гэгээн муза” академи хоёр хүний жүжгийн улсын уралдааныг зохион байгуулсан. Бид тус тэмцээний эхний шалгаруулалтад В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” жүжгээр өрсөлдөж, сүүлийн шатанд тэнцсэн юм. Яг энэ үеэр World duo arts performing festival-д оролцох эрх авсан. Ингээд “Хувь заяаны хүлээс” жүжгийнхээ сургуулилалтыг үргэлжлүүлэн хийгээд уралдаанд оролцлоо. 

-Та хоёр тайзан дээр хоршиж тоглоод зогсохгүй амьдрал дээр ч хосууд. Хамтарч уран бүтээл хийхийн давуу талыг онцлооч?

-А: Гэр бүлийн хүмүүс нэг мэргэжлээр ажиллаж, нэг зорилго өөд хамт тэмүүлнэ гэдэг их сайхан. Нэгнийхээ алдаа, дутагдал, амжилт ололтыг хэлж, зааж, урамшуулдаг. Хэн хэндээ хамгийн ойрын, хамгийн үнэнч зөвлөх нь байж чаддаг. Гэхдээ зарим үед ар гэр, үр хүүхэд орхигдчих гээд байдаг талтай ч аль болох бүгдийг зохицуулахыг хичээдэг. Мөн аав, ээжүүд минь үргэлж дэмжиж тусалдаг.

-Н: Хэдийгээр бидний ажил цаг наргүй ч аль болох хүүхдүүдтэйгээ хамт байж, ар гэрийн амьдралаа хойш тавихгүй байхыг хичээдэг. Нөхөр бид хоёр чөлөөт цаг л гарвал гэр бүлдээ зориулж, агаар, салхинд зугаалдаг.

-Та хоёр өнгөрсөн жил Төв цэнгэлдэхэд баяр наадмын нээлт дээр хуримын ёслолоо хийж байсан нь их сонирхол татсан. Наадмын нээлт дээр хурим хийх санаа яаж төрөв? 

-А:Улсын баяр наадмын нээлт дээр, арт түмнийхээ өмнө хуримаа хийсэн нь их азтай тохиолдол болсон. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан. Зургадугаар сард жүжигчдэд наадмын нээлтийн зохиолыг танилцуулахдаа “Энэ жилийн баяр наадмыг гэр бүл бат бөх байх нь төр улс орших үндэс хэмээх утгыг илэрхийлсэн зохиомжтой нээнэ. Хоёр хүн сонгож наадмын талбайд хуримын ёслол хийхээр зохиолоо бичсэн” гэв. Тухайн үед өөрсдийгөө сонгогдоно ч гэж бодоогүй. Угаасаа ойрын хугацаанд хуримаа хийх төлөвлөгөө байгаагүй юм. Гэтэл “Хуримаа төв талбайд хийх хосоор жүжигчин Г.Алтангэрэл болон түүний гэргий Г.Номуун нарыг сонголоо” гэсэн. Бид хоёр маргаашаас нь л аав, ээж найз нөхдөдөө дуулгаж, хуримын бэлтгэлээ базааж эхэлсэн. Хэдий хуримын бэлтгэлээ сар хүрэхгүй хугацаанд хийсэн ч бүх зүйл санаснаар болж, бидний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж болж үлдсэн. Мөн бидний хайрын батламжийг манай багш, Ардын жүжигчин П.Цэрэндагва, гэргий Д.Мэндбаяр эгчийн хамт хийсэн. Түүнд маш их бэлэгшээдэг. 

-Н: Тийм шүү. Хуримаа гайхалтай, сайхан хийж, гэрлэх саналыг ч өвөрмөц хүлээж авсан. Түүгээр ч зогсохгүй манай нөхөр надад үргэлж гэнэтийн бэлэг барьж, баярлуулж байдаг. Надад зориулж дуу хүртэл хийсэн. Би бүсгүй хүний хүсдэг бүхнийг хүртэж яваа азтай эмэгтэй шүү. 

-Тийм үү, гэрлэх саналаа танд хэрхэн тавьсан юм бэ?

-А: “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн үеэр би ажлынхантайгаа ярьж тохироод, ханьдаа гэнэтийн байдлаар гэрлэх саналаа тавьсан. Жүжгийн төгсгөлд “Хүн амьдралынхаа ханийг зөв сонговол 80 хувийг нь гүйцээсэнтэй тэнцдэг гэдэг дээ. Надтай гэрлээч” гэж хэлсэн. Үзэгчид жүжгийн нэг хэсэг л гэж бодсон байх.-Н: Гэгээн хайрын баяраар гэрлэх санал хүлээж авсан. Тэр үед том хүү минь гэдсэнд байсан л даа. “Надтай гэрлээч” гэх үгийг сонсоод би өөрийгөө барьж чадалгүй шууд л уйлсан. Ер нь тэр үед үзэгчид, жүжигчид бүгд уйлсан байх. Бидний сайхан дурсамжуудын нэг. 

-Үнэхээр сэтгэл хөдөлгөм, сайхан түүх байна. Жүжигчид их бүтээлч сэтгэлгээтэй байдаг бололтой. Та хоёр яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Мөн хоёул театрын жүжигчнээр ажилладаг нь сонирхолтой санагдаж байна. Тайзны уран бүтээлч болоход бие биедээ нөлөөлсөн үү?

-А: Миний аав хөгжмийн зохиолч Т.Ганболд гэж хүн бий. Тиймээс би дуу хөгжимтэй ойр өссөн тул дуучин болно л гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр аав минь “Жүжигчин бол дуулж ч, бүжиж ч чаддаг баялаг мэргэжил” гэж энэ мэргэжлээр сурахыг зөвлөсөн. Тэр үеэс жүжиг үзэж, жүжигчин болох сэдэл төрсөн юм. Улмаар СУИС-д тэнцэж, орсон цагаасаа л театрын жүжиг үзэж, “Би энэ дүр дээр ажиллаж, энэ тайзан дээр гарна” гэж зорьж, хөдөлмөрлөж ирсэн. Ер нь зорьсон зорилгодоо үнэнч байна гэдэг их сайхан чанар. Заавал эргээд хариу нь ирдэг гэж боддог.

-Н: Миний ээж УДЭТ-т ажилладаг. Тиймээс би багаасаа жүжиг үзэж, театрын амьдралтай ойр өссөн. Энэ нь жүжигчин болоход минь их нөлөөлсөн. Нэг үгээр хэлбэл, би театрын тайзан дээр тоглох гэж жүжигчин болсон. Энэ мэргэжлээр сурна гэхэд ээж минь эрс эсэргүүцсэн. Насаараа энэ салбарын арын албанд ажилласан тул жүжигчний амьдралын жаргал, зовлонг сайн мэддэг болохоор тэр л дээ. Гэвч би амьдралдаа анх удаа л ээжийнхээ үгийг сөрж, мөрөөдлөө хамгаалсан. Харин одоо намайг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүн бол миний ээж. Тоглосон дүрийг минь шүүмжилж, ур чадвараа ахиулахыг зөвлөдөг. 

-Ээж нь жүжигчний мэргэжил хэцүү хэмээн эсэргүүцэж бай-жээ. Гэтэл жүжигчин нөхөртэй болсныг гэдгийг мэдээд яаж хүлээж авсан бэ. Ер нь хоёр талын гэр бүлийнхэн нь та хоёрыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Н: Аагий надаас өмнө театрт орсон болохоор манай ээж таньдаг байсан. Намайг энэ хүнтэй гэр бүл болно гэхэд огт эсэргүүцээгүй. “Миний охинд хань болж чадах хүн” гэж таньсан болохоор тэр байх.

-А: Манай аав Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг. Тэгээд Номууныг “Босго тотго” киноны Янжинлхамын дүрээр таньдаг байсан юм. Анх танилцуулахад “Манай Янжинлхам байна шүү дээ” хэмээн их л баярлаж хүлээж авсан. Одоо ч миний ханьд манай гэрийнхэн сэтгэл хангалуун байдаг.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр хууль бус алт олборлолтод цэг тавина

 0 сэтгэгдэл
  • Дөрвөн зорилт, 13 үйл ажиллагааны чиглэл, 59 арга хэмжээг 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр тусгажээ
  • Монгол улс хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны ялгарал, хаягдалаас хамгаалах миниматагийн конвенцид нэгдсэн 


Мөнгөн усны хор хөнөөлийг монголчууд мэддэг хэрнээ тоохгүй явсаар өнөөдөртэй золгов. Мөнгөн ус болон түүний хаягдал нь хүрээлэн байгаа орчныг сүйтгэж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчиж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, бөөр, нөхөн үржихүй, төв мэдрэлийн системийг гэмтээн, удаан хугацааны туршид хордуулдаг онц аюултай бодис. Гэтэл гар аргаар алт олборлогчид Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин мөнгөн усыг хэрэглэн өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гар аргаар алт олборлогчдоос түүвэрлэн авсан шинжилгээ дээрхийг нотолно. Үндэсний статистикийн хорооны 2016 онд хийсэн судалгаагаар 15 аймгийн нийт 34 сум, нийслэлийн Багахангай дүүрэгт 5108 иргэн алтны бичил уурхай эрхэлж байгаа нь тогтоогджээ. Харин тэдний 1415 нь хувиараа буюу хууль бусаар алт олборлодог аж. Харин Монголбанкинд 2017 онд нийт 20.01 тонн алт тушааснаас 12.66 тонн буюу 63.3 хувийг бичил уурхайчид нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас 2012, 2014 онуудад түүврийн аргаар алтны үндсэн орд бүхий 12 сумын 308 алтны бичил уурхай эрхлэгчид үзлэг, шинжилгээ хийхэд цус, шээсэн дэх мөн гөн усны агууламж нь 14.3-24.5 хувьтай гарчээ. Энэ бол түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд асуудал очсоныг харуулж байна. Түүврийн аргаар үзлэгт хамрагдсан 308 иргэний ар гэрийнхэн, ойр дотныхон цаашлаад гар аргаар алт олборлож буй 1500 орчим иргэний ар гэрийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэх вэ гэдэг асуулт хурцаар хөндөгдөж байгаа юм.Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус, түүний нэгдлүүдийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан. Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Гэвч мөнгөн усыг ашиглах зөрчил илэрсээр байгаа нь бичил уурхай эрхлэгчид ирээдүй гээ бус зөвхөн өнөөдрийг бодож, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаагийн тод жишээ юм. Хууль бус ашиглалтаас хураасан мөнгөн усыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байгуулсан агуулахад хадгалдаг ч химийн аюултай хог хаягдал устгах зориулалттай байгууламж байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Иймд алтны бичил уурхайн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мөнгөн усны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, нөлөөллийг бууруулж, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улс хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны ялгарал, хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготойгоор Минаматагийн конвенцид 2015 онд нэгдсэн байдаг. Энэхүү конвенцийг НҮБ 2013 онд баталсан. Конвенцийн гишүүн орнууд гар аргаар болон алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг таслан зогсоох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улс энэхүү үүргээ биелүүлж, энэ оны наймдугаар сард Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоол хэлбэрээр баталсан байна. Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулж, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд дөрвөн зорилт, 13 үйл ажиллагааны чиглэл, 59 арга хэмжээг 2019-2023 онуудад хэрэгжүүлэхээр тус-гажээ. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд алтны уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулж, уурхайчдын 80-аас дээш хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, уул уурхайн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай уул уурхай төлөвшүүлнэ гэж хөтөлбөр боловсруулагчид үзэж байна.Тодруулбал, уг хөтөлбөрт алтны бичил уурхайн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хариуцлагын механизмыг чангатгах, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалт, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон орлуулах ажлын байрыг олноор бий болгох юм. Мөнгөн ус хэрэглэхгүйгээр алт олборлох лаборатор байгуулах зэрэг томоохон зорилтуудыг тусгасан нь ч дэвшил юм. Ийнхүү бие даасан томоохон хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж мөнгөн усыг хууль бусаар алт угаахад ашиглах явдлыг таслан зогсоохгүй бол хожмын сөрөг үр дагавар нь зөвхөн гар аргаар алт олборлогчдоор хязгаарлагдахгүй. Энэ бол байгаль орчин, монгол хүний удмын генд ч асар муугаар нөлөөлөх асуудал тул хууль бус алт олборлолтыг таслан зогсоох цаг хэдийн иржээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өнөөдөр Улаанбаатар хотод -13 хэмийн хүйтэн байна

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Улаанбаатар хотод -13 хэмийн хүйтэн, салхины хурд 9 м/с, багавтар үүлтэй байна. Ойрын өдрүүдэд нийслэлд хур тунадас орохгүй. Хотуудын цаг агаарыг http://tsag-agaar.mn/-с үзнэ үү. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Чимэд-Очир:Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна

Тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад спортын хувцас үйлдвэрлэлийн бизнес рүү орчихно

 0 сэтгэгдэл


Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-­900 сая төгрөгийн орлого олж байна. Гэхдээ энэ бол бага тоо. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм.

Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. Жишээ нь оёдолчин ажилд авъя гэхээр олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. 

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ нээлттэй байна. Тиймээс монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

Monline компанийн захирал А.Чимэд-Очиртой спортын хувцас үйлдвэрлэлийн зах зээлийн талаар ярилцлаа. Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрүүд энэ зах зээлд хүч түрэн орж ирсэн ч ихэнх мөнгө урд хөрш рүү урссан хэвээр байгааг тэрбээр ярилцлагадаа онцолсон. Нэг ёсондоо спорт хувцасны зах зээлд боломж нээлттэй байгааг А.Чимэд-Очир захирал хэлэхийг хүссэн юм.

МОНГОЛЧУУД СПОРТЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 50 ХУВИЙГ Л ДӨНГӨЖ ЭЗЛЭЭД БАЙНА


-Та энэ салбарт хөл тавиад найман жил болжээ. Тухайн үед спорт хувцасны зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямархуу байв?


-Би уг нь тэс өөр мэргэжлийн хүн. Өмнө нь 14 өөр салбарт бизнес хийж үзсэн. Анх намайг энэ салбарт орж ирэхэд Монгол дахь оёдлын үйлдвэрүүдийн ихэнх нь татан буугдсан, мэргэжилтнүүд нь өөр чиглэлээр ажилладаг, зарим нэг нь байрны хонгилд өмдний түрий хасах гэх мэт жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байдалтай л байлаа. Гэтэл зах зээл нь Монголд байгаад байдаг. Тиймээс энэ салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм. Ер нь талх сайн барьдаг хүн талхны цехийн захирал байх албагүй. Харин талх сайн барьдаг хүнийг ажиллуулж чаддаг хүн талхны цехийн захирал байх ёстой юм. Зах зээлийн өнөөгийн хэллэгээр энтрепрёнер гэх юм уу даа. Ер нь 11 жилийн өмнөөс төлөвлөж, хоёр, гурван жилийн турш судалгаа хийж байгаад орсон. Хувцас бол хүний байнгын хэрэглээ. Гэвч энэ хэрэгцээг Монголын үйлдвэрүүд огт хангаж чаддаггүй, ихэнхийг нь Хятадын зах зээл эзэлчихсэн байна. Ингээд эхний ээлжинд спорт хувцас үйлдвэрлэж үзэхээр шийдсэн. Учир нь байгууллага бүр дотроо тэмцээн зохион байгуулдаг. Энэ бүгдэд нэгэн ижил өмсгөлөөр жигдрэх шаардлагатай. Сүүлийн үед монголчууд Эрээнээс авчирсан чанар муутай өмсгөлийг голох хандлагатай болсон шүү дээ. Тэр ч утгаараа зах зээл нь байгаа юм. Мэдээж спорт хувцас ноосон биш, дөрвөн тийшээ сунадаг байх ёстой. Тиймээс дэлхий нийтээрээ спорт хувцсыг нийлэг эдээр хийдэг юм байна гэх мэтийг судалгаа хийх явцдаа олж мэдсэн. Өмнө нь дөрвөн тийшээ сунадаг материал гаргаж аваагүй үед спортын хувцас том, хэлхгэр байж. Харин одоо материалын “ааш” зөөлөрч, үүнийгээ дагаад бие барьсан, загварлаг хувцас үйлдэрлэх боломж бүрдсэн. Нийлэг материал гэхээр манайхан элдэв хуванцар ашиглаж хийсэн, хүний биед хортой эд гэж ойлгодог. Үнэ хямд тийм материал байх нь байна. Харин Adidas, Nike-ийн ашиглаад байгаа тийм материалыг Гуанжоуд үйлдвэрлэж байна. Хүн спорт хувцас өмсөөд идэвхтэй хөдөлгөөн хийхээр хөлөрдөг. Хөлөрснөөс болоод арьсны нүхнүүд онгойно. Түүнд нь ямар нэгэн химийн бодис орчихвол маажуур загатнаа үүсэхээс эхлээд янз бүрийн сөрөг үр дагавартай. Тиймээс дэлхий нийтээрээ спортын хувцасны материалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр маш их анхаардаг болсон. Энэ мэт шат давааг туулсаар үйлдвэрээс нь /Гуанжоу/ бараагаа татаж, хувцсаа үйлдвэрлэж эхэллээ. Тухайн үед Монголд “Төмөр трейд”, “Сомо” зэрэг хэдхэн үйлдвэр ажиллаж байв. Энэ хэд нь өмнөх ажлаа барддаггүй. Тэд нийт зах зээлийнхээ тавхан хувийг л хангаж байсан. Ингээд ажиллаад эхэлтэл манайх бас ачааллаа дийлэхээ болилоо. Манайх орж ирээд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч нийт зах зээл дэх монголчуудын эзлэх хувь 10 л болж байгаа юм. Үлдсэн 90 хувь нь бас л хятадуудад үлдсэн. 

-21 аймагт салбар нээх санаа эндээс төрсөн үү?

-Тийм ээ. Үйлдвэрүүд байгуу-лагдаж байгаа ч ачааллаа дийлэхгүй болохоор ийм том зах зээлийг монголчууд хуваан эзэлж, хятадуудын эзлэх хувийг багасгаж болохгүй гэж үү хэмээн бодох болсон. Ингээд 21 аймгийн төлөөллийг урьж, өөрийнхөө зардлаар долоо хоногийн сургалт зохион байгуулж, энэ үеэрээ техник тоног төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаас авахуулаад спорт хувцас яаж үйлдвэрлэх бүх процессоо зааж өгсөн. 21 аймагт салбартай болно гэхээр “Энэ нөхөр баахан газарт салбар нээгээд уул овоо шиг ашиг олох нь” гэж хүмүүс боддог. Гэтэл би эднээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Зүгээр л монголчууд нийлж хятадуудад алдаад байгаа 90 хувийн зах зээлийнхээ нэг хэсгийг ч атугай эзэлж явъя гэж бодсон юм. Энэ нь манай үйлдвэрт ч ашигтай байлаа. Учир нь бараа таталтын хэмжээ бага болохоор шууд авч чадахгүй, хүнээр дамжуулдаг байв. Дунд нь ченж ороод ирнэ гэдэг төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд 21 аймаг бүгд нийлээд материалаа татахаар ченжээр дамжуулах шаардлагагүй болсон. Нэг кг даавуунаас таван юань хэмнэнэ гэдэг асар их хэмнэлт байхгүй юу. Ингэснээр Monline нэрийн үйлдвэрүүд бүгд нэг стандартаар, нэг материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэгсэн хэрнээ дөнгөж 30 хувиа л базаж эхэлж байгаа юм. “Төмөр трейд” зэрэг бусад үйлдвэртэйгээ нийлээд шүү дээ. Үлдсэн 70 хувь нь бас л хятадуудын мэдэлд хэвээрээ. Бид гаднынхнаас зах зээлээ харамлаагүй байж бие биедээ боломж олгохоос татгалзах ёсгүй биз дээ. Тиймээс бусдадаа боломж олгох үүднээс сошиал, хэвлэл мэдээллээр спорт болон чөлөөт хувцасны зах зээл, үйлдвэрлэлийн горим, арга барил бүхнээ харамгүй зааж, сурталчилж эхэлсэн. “Зах зээл нь байна, боломж байна. Та нар хүрээд ирвэл дэмжиж туслахад бэлэн байна, арга замыг нь заагаад өгье” гэх зэргээр их сурталчилсан. Нэг ёсондоо загас барих аргыг бусдадаа зааж өгөөд байна шүү дээ. Үүний үр дүнд манайхаас зөвлөгөө авч, салаалсан долоон компани бий болсон. Эндээс цааш салбарласан, өмнө байсантайгаа нийлээд зөвхөн Улаанбаатар хотод 30 шахам спортын хувцас үйлдвэрлэлийн компани бий болоод байна.

-Ингэж салбарлаад зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлдэг болов?


-21 аймаг, гурван хот, Улаанбаатарт 30-аад үйлдвэртэй болсон хэрнээ манай ажил багасаагүй. Бид бүгд нийлээд зах зээлийнхээ дөнгөж 50 хувийг л эзэлж аваад байна. Яахав, нэг үеэ бодвол байгууллагуудын спорт арга хэмжээний хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлээд байна. Гэтэл үүний цаана ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ онгорхой байна. Миний ажлыг булаачих вий гэсэн монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

МИНИЙ ЗОРИЛГО ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БИШ


-Энэ зах зээлд төчнөөн төгрөг эргэлддэг гэсэн багцаа тоо гаргах боломжтой юу?


-Би энэ тоог гаргадаг хүн биш, зүгээр л бусдадаа боломж олгосон оёдлын үйлдвэрийн захирал. Ямар ч байсан ажлын ачааллаа дийлэхгүй болохоор зах зээл байна гэдгийг л мэдээд байгаа юм. Харин Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-900 сая төгрөгийн орлого олж байна. Сард бараг тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ энэ бол бага тоо шүү. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм. Сагсны эрэгтэй, эмэгтэй баг хувцас захиалахад 12 өмсгөлөөр бодоход 660,000 төгрөг болно. Гэтэл манай нэг үйлдвэр өдөрт 4-5 багийн хувцас гаргаж байна.

-Нэгэнт ачааллаа дийлэхгүй байгаа юм чинь үйлдвэрээ өргөжүүлье гэж боддог уу?


-Хүн хүний мөрөөдөл, зорилго өөр байдаг байх. Миний зорилго бол том үйлдвэртэй болох биш. Хүнд мөнгөөр худалдаж авдаггүй аз жаргал зөндөө байдаг юм. Тиймээс би орлогын хязгаараа тогтоочихсон. Манай Улаанбаатар дахь салбар 15 ажилчинтай. Тэднийхээ цалинг тавьж, бусад бүх зардлаа хасаад сардаа 3-5 сая төгрөгийн ашиг олж байвал надад хангалттай. Ажлаа дарамт багатай хийж, чөлөөт цагаараа фитнесст явж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдармаар байна шүү дээ. Зарим нэг нь “Би тэдэн хүний ажлын байр бий болголоо. Ингэж хөдөлмөрлөж байхад улсаас дэмжсэнгүй” гэж ирээд л гомдоллодог. Яг үнэндээ улсаас дэмжлэг горьдох биш, дор бүрнээ хичээгээд явахад Монголд сайхан амьдарч, бизнес хийж болж байна шүү дээ. Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна. Социализмын үед, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар хүмүүжсэн хүмүүс улсаас янз бүрийн юм нэхээд байдаг. Гэтэл зах зээл чинь тэс өөр нийгэм шүү дээ. Одоо бүх бурууг төр засагт үүрүүлчихээд ажил хийхгүй, гомдсон хүмүүс олшроод байх шиг санагдах юм. Эцсийн эцэст хэн амьдрах гээд байгаа юм бэ гэдгээ бодолцох ёстой. Аль ч нийгмийн үед ажилсаг хүн л сайхан амьдардаг юм.

-Одоо 21 аймгийн салбар бас л ачааллаа дийлэхгүй байна уу?


-Бас л ялгаагүй. Бид дотоод сүлжээтэй, түүгээрээ долоо хоногт хоёр удаа хуралддаг юм. Гэтэл “манай ажлыг танайх хийгээд өгөөч, бид амжихгүй байна” гэсэн үгс дотоод сүлжээнд хамгийн их байдаг юм.

-Хэн нэгэн хүн энэ зах зээл рүү зориглоод орохоор бол юунд анхаарах ёстой вэ. Үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хэдий хэр хөрөнгө шаардлагатай бол?


-Оёдлын салбарын нэг гоё юм байдаг юм. Учир нь оёдлын үйлдвэр ямар ч стрессгүй, тоног төхөөрөмжөө нэг л удаа авна. Мэдээж машин, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байдаг л даа. Гэхдээ оёдлын машины үндсэн үйлдэл өөрчлөгддөггүй юм. Тиймээс техник, тоног төхөөрөмж хоцрогдчихно гэж санаа зоволтгүй. Намайг компьютерийн худалдаа эрхэлдэг байхад аль болох хурдхан зарж дуусгахгүй л бол үзүүлэлтүүд нь хоцрогдож, үнэ цэн нь багасаад бүр хэнд ч хэрэггүй болох ч үе байсан. Харин оёдлын салбарт даавуугаа оруулаад ирсэн байхад 10 жил болсон ч үнэ цэнтэй хөрөнгө хэвээрээ байдаг. 15 хүнтэй спортын хувцасны үйлдвэр байгууллаа гэж бодъё. Үйлдвэрийн байрны үнэ өртгийг хэлэх боломжгүй. Тухайн хүн хотын аль хэсэгт, хэчнээн метр квадрат байр түрээслэх нь тодорхойгүй шүү дээ. Харин тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад энэ бизнес рүү орчихно. Ер нь хийе, бүтээе гэвэл эрэлт, худалдан авагч нь байна. Манайхны зарим нь сургуулийн хүүхдийн спорт хувцас руу орж эхэллээ. Зарим сургууль үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гээд маш сайхнаар хүлээн авч байна. Гэвч зарим нь хүчээр хувцас шахах нь гэх мэтээр эсэргүүцдэг.

-Бид зах зээлээ тэлэхийн тулд яах ёстой вэ?


-Ажилла, хөдөлмөрлө гэж л хэлмээр байна. Ажилд хүн авъя гэхээр ирэх хүн байдаггүй. Тэгсэн хэрнээ ажилгүйчүүдийн тоо их хэвээр. Дандаа дээд сургуулийн дипломтой ажилгүй залуус. Ялангуяа монголчууд “агаарын” мэргэжил маш их эзэмшиж байна. Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн Монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. 15 ажилчинтай манай үйлдвэрт гэхэд би өөрөө нягтлангаа хийчихдэг. Манайд маркетингийн менежерийн хэрэг алга. Эдийн засагч, хуульч хэрэггүй. Шаардлагатай бол хуулийн зөвлөгөө өгдөг газарт хандчихаж болж байна. Тэгсэн хэрнээ оёдолчин олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. Энэ бүхнийг улс бодлогоор зохицуулах ёстой байх. Гэхдээ улсын бодлого гээч зүйл бүх юман дээр гажчихаад байна даа. Анх оёдлын үйлдвэрээ байгуулахдаа 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авна гэж зар тавсан юм. Угаасаа хүний нөөцөө ингэж бүрдүүлнэ гэж төлөвлөж байлаа. Яагаад гэвэл бэлдсэн залуучууд алга. Харин социализмын үед бэлтгэгдсэн мундаг хүмүүс насаараа гадуурхагдаад ихэнх нь ажилгүй, зарим нь манаач, үйлчлэгч хийсэн байдалтай байна. Тиймээс 45-аас дээш насны хүнийг ажилд авна гэсэн зар тавьсны дараа маш олон хүн утасдаж, долоохон хоногийн дотор багаа бүрдүүлсэн.

МИНИЙ МӨНГӨ ГУАНЖОУД ОЧИХ БИШ, МОНГОЛДОО ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

-Жижиг, дунд бизнес эрхлэхэд төрийн зүгээс зөвшөөрөл, бичиг цаас, татварын дарамт их үзүүлдэг гэж ярьдаг. Таны бизнест ийм зүйл мэдрэгдэж байна уу?

-Хүмүүс ингэж яриад байдаг юм, ямар юмных нь дарамт байх вэ дээ. Хийх хүнд боломж их байдаг, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэсэн үг байдаг даа. Яг үүнтэй адилхан. Мэдээж зарим нэг салбарт татвар, зөвшөөрөл, лиценз гээд янз бүрийн дарамт ирдэг л байх. Харин манай оёдлын салбарт харьцангуй гайгүй шүү. Нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас шалгалт орж ирэлгүй яахав. Гэхдээ харьцангуй наанатай цаанатай харьцана. “Танай энэ чинь болохгүй байна, тэд хоногийн хугацаа өгье. Шийдсэн байгаарай” гэх мэтээр уян хатан болсон байна лээ. Би өөрөө Оёдлын холбооны Удирдах зөвлөлд багтдаг юм. Энэ холбоог байгуулсан цагаас хойш ганц л зүйлийг хэлсээр ирсэн. “Манай холбоо төр засгаас ямар нэг зүйл нэхэх биш харин бүх оёдолчдод тулгараад байгаа асуудлыг төр засаг, харьяа яаман-даа гаргаж тавья, ажиллах хөр-сөө эрүүлжүүлэх боломжийг бий болгодог болмоор байна” л гэдэг. Жишээ нь мэргэжилтэн бэлдэх хүний нөөцийн асуудал байна. Мөн Хятадын зах зээлд их хэмжээгээр хийсэн ижил төрлийн бүтээгдэхүүн Монголын хилээр ямар ч татваргүй ороод ирдэг. Харин энд бараа материалаа авахаас эхлээд байрны түрээс, цахилгаан, нийгмийн даатгал, татвар гээд дагалдаж гарах зардал асар их. Гэтэл иргэн Дорж Хятадаас 1000 ширхэг хувцас ямар ч татваргүй оруулж ирээд зарахаар өрсөлдөх чадвар харилцан адилгүй болчихоод байгаа юм. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараанаас гаалийн татвар бүрэн авдаг болооч ээ гэсэн хүсэлт тавиад байгаа юм.

-Та нарын хийж чадахгүй зүйл байна уу?


-Энэ салбарт материал буюу даавуугаа л хийх үйлдвэр хомс байна. Бусад бүх юмаа өөрсдөө хийнэ. Нэг үеэ бодвол сурагчийн формын ачаар даавууны үйлд-вэрүүд өндийгөөд эхэлсэн. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар формоо хийхгүй, урдаас оруулж ирээд байна. Үнэн арчаагүй байгаа биз. Уг нь тэдэнд захиалга өгч, ачаалал нь нэмэгдэх тусам ашигтай ажиллаж, үнэ нь хямдарна шүү дээ. Сурагчийн форм хийж буй бүх үйлдвэр дотоодын үйлдвэртээ даавуугаа захиалчихвал хэн хэндээ ашигтай байгаа юм. Манайх даавууны утас хийж байгаа үйлдвэрүүдэд “Надад манай энэ материалтай дүйцэхүйц материалтай даавуу хийгээд өгөөч. Тэгвэл би өөрийн үйлдвэр, 21 аймгийн бүх салбартайгаа нийлээд захиалья” гэсэн санал тавьчихаад байгаа. Хэрэв ингэвэл миний мөнгө Гуанжоуд очих шаардлагагүй болж, Монголдоо үлдэх юм. Ийм байдлаар бид нэг нэгнээ бага гэлтгүй дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих учиртай. Хэрэв манайх бусдадаа бо-ломж олгоогүй бол спорт хув-цасны үйлдвэрлэл Монголд ингэж хөгжих байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Монголчууд энэ зах зээлийнхээ ядаж 40-50 хувийг эзэлж, энэ олон хүн ажил, орло готой болгож байна гэдэг бидний хамгийн том шагнал юм.