A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4041/

2040 он гэхэд тэтгэврийн насны хүмүүсийн тоо ажиллах хүчнээс давна

2040 он гэхэд тэтгэврийн насны хүмүүсийн тоо ажиллах хүчнээс давна

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4041/
  • Тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2030 онд ДНБ-ий долоон хувьд хүрэхээр байна
  • Системийн хувьд хамгийн сайн нь голланд улс. Тэтгэвэр нь 3-4 өөр эх үүсвэрээс бүрдэж байх жишээтэй. Англи улсын сарын тэтгэврийн хэмжээ дунджаар таван сая төгрөг. Харин монгол улсынх 340 мянган төгрөг


Германы канцлер Отто Фон Бисмарк иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдах үед ядууралд оруулахгүй байх үүднээс нийгмийн даатгалын тогтолцоог анх нэвтрүүлсэн. Энэ нь тухайн үеийн капиталист системд бий болсон томоохон ололт байв. Гэвч энэ нь хүн бүрт хүр тээмжтэй биш байсан тул олон улс тэтгэврийн тогтолцоогоо 140 жилийн хугацаанд нийт гурван удаа шинэчилж байжээ. Өнөөдөр Герман улс орлогын дахин хуваарилалт болон хуримтлалын хосолсон тогтолцоотой байна. 1998-2005 оны хооронд шилжилтийн эдийн засагтай ихэнх орон тэтгэврийн тогтолцоондоо шинэчлэл хийсэн байдаг. Тухайлбал, Казахстан 1998, Унгар 1998, Польш 1999, Латви 2001, Болгар 2002, Хорват 2002, Эстони 2002, ОХУ 2002 онд тус тус шинэчлэл хийжээ. Харин манай улс 140 жилийн өмнөх эв, хамтын зарчмаар санхүүждэг тогтолцоог одоо ч ашигласаар байна. Өнөөдрийн ажиллаж байгаа иргэн ирээдүйд хэдэн төгрөгийн тэтгэвэр авах нь тодорхойгүй байна. Олон улсын хөдөлмөрийн товчоо болон Дэлхийн банкнаас Монгол Улс өнөөгийн тогтолцоогоороо цаашид явбал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж буй тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2030 онд долоон хувьд хүрнэ гэдгийг тооцжээ. Энэ нь эдийн засгийн хямралд хүргэх дүн юм. Манай улсын хувьд тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэхгүй бол цаашид тэтгэврийн хэмжээ эрс буурч, тус сангийн алдагдал өсөхөөр байна. Мөн бага хамрагдалт, сангийн алдагдал, сангийн үр ашиггүй менежмент, орлогын дахин хуваарилалтын болон нэрийн дансны тэтгэврийн уялдаагүй байдал, тэтгэврийн бага орлого зэрэг асуудал үүснэ гэдгийг Олон улсын хөдөлмөрийн товчоо болон Дэлхийн банкны судалгаанд анхааруулжээ. Иймээс “Тэтгэврийн реформ” ТББ-аас тэтгэврийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт “Мандал даатгал” компанийн ТУЗ-ийндарга, эдийн засагч Ө.Ганзориг, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн багш, эдийн засагч Ч.Хаш чулуун, “Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, “Мета Глобал Инк” компанийн үүсгэн байгуулагч Г.Цэдэнрагчаа нар оролцов.Хэлэлцүүлгийг нээж эдийн засагч Ч.Хашчулуун “Тэтгэврийн реформ хийгээгүй бараг ганц улс нь Монгол гэж болно. Монгол Улсад төрөлт аажмаар багасаж, 2040 он гэхэд тэтгэврийн насны хүмүүсийн тоо ажиллах хүч буюу залуучуудын тооноос давах хандлагатай байна. Хувь хүнд ирж байгаа тэтгэврийн хэмжээ маш багаас гадна тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр 500 тэрбум төгрөг болж байна. Цаашид ч төсөвт үзүүлэх дарамт тэр хэрээр нэмэгдэнэ. Мөн хувь хүмүүс хувийн тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаад, хуримтлал хийгээд явах боломж эрх зүйн хувьд хаалттай байна. Иймд тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй” хэмээн онцолсон юм. Харин дараагийн илтгэгч болох Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Өндөр настнууд ядуу байгаа нь тэтгэврийн тогтолцоотой хамааралтай” гэв. Тухайлбал, тэтгэврийн даатгалтай холбоотой гаргаж байгаа улс төрийн шийдвэрүүд нь тэтгэврийн даатгалын тогтолцоог улам доройтуулж байгааг онцолсон юм. “Тэтгэврийн систем нь эрсдэлээс хамгаалсан байх ёстой. Монгол Улсын хувьд ямар тогтолцоотой байгаа нь эргэлзээтэй. Одоогоор бид цалинд суурилсан тогтолцоотой байна. Энэ нь тэтгэврийн тэгш бус байдлыг бий болгодог. Монгол Улсын иргэн тэтгэвэрт гарангуутаа шууд ядуу төвшин рүү орж байна” хэмээн тэр хэлсэн. Эдийн засагч, шинжээч Г.Бат-зориг “Европт тэтгэврийн насны хүмүүс гавьяаныхаа амралтаар аялж, бусдад хандив өгч, дэлгүүр хэсэж, дарс шимж өнгөрүүлдэг. Гэтэл манайд 20-30 жил ажиллаад шууд нийгмийн эмзэг давхарга руу шилждэг. Системийн хувьд хамгийн сайн нь Голланд улс. Тэтгэвэр нь 3-4 өөр эх үүсвэрээс бүрдэж байх жишээтэй. Англи улсын сарын тэтгэврийн хэмжээ дунджаар таван сая төгрөг. Харин Монгол Улсынх 340 мянган төгрөг. Тэтгэврийн хамгийн сайн тогтолцоо бол хуримтлалын тогтолцоо. Юуны өмнө гавьяаныхаа тэтгэврийн амралтад гарсан бол улсын нийгмийн хамгаалал авах ёстой. Энэ нь тэтгэврийн тогтолцоонд заавал байна. Хоёрт, цалингаасаа шимтгэл төлөхөд тухайн иргэний дансанд нь орж байх ёстой. Гуравт, хэрвээ залуудаа сайн орлого олбол сайн дураараа нэмээд төлөх боломжтой” гэжээ. Харин эдийн засагч, судлаач Г.Ганзориг “Хуримтлалын тогтолцоо руу шилжихийн тулд эхний ээлжинд төрөөс санхүүжилт авах хэрэгтэй байна. Сар бүр цалингаасаа 17 хувийг нийгмийн даатгалд төлнө. Үүн дээр нэмэлтээр таван хувийг өөрийн тэтгэврийн дансандаа хуримтлуулна. Таван хувь гэдэг зарим хүнд гайгүй байж болох ч зарим хүнд их хэмжээний дарамт болдог. Энэ таван хувийг төр төлж байгаад хуримтлал үүссэний дараа иргэд өөрсдөө таван хувиа төлөх боломжтой. Ингэснээр нэг сая төгрөгийн цалинтай бол тэтгэвэрт гараад ч нэг сая төгрөгөө авна. Улсын төсвөөс гарах мөнгө ч буурна” хэмээв.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike-ийн орлого 38 хувиар буурав

Nike компанийн орлого санхүүгийн жилийн IV улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнгээр буюу 38 хувиар буурч, 6.31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагласнаас огцом унасан үзүүлэлт бөгөөд борлуулалтын уналтад цар тахал нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн цахим худалдааны орлого нь 75 хувиар нэмэгдсэн ба онлайн худалдааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. Nike одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй нийт дэлгүүрийнхээ 90 хувийг нээгээд байгаа юм. Тиймээс энэ улиралд борлуулалт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/