A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3039/

25 жил “хадгалсан” хуулийг ашиглах санал асуулга

Санал асуулгаар ард түмэн дэмжихгүй бол Үндсэн хуульд дахин найман жил гар хүрэхгүй

25 жил “хадгалсан” хуулийг ашиглах санал асуулга
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3039/


1992 онд ардчилсан, шинэ хэмээх тодотголтой одоогийн үндсэн хуулийг баталснаас хойших 27 жилийн хугацаанд Монголд ахиц дэвшил, алдаа оноог дэнсэлсэн өдрүүд үргэлжилж байна. 2000 онд нэг удаа үндсэн хуульд гар хүрч, “дордуулсан долоо” гэх шошготой долоон заалтыг оруулсан нь өнөөгийн эмх замбараагүй байдал руу Монголын нийгмийг оруулсан гэж “оношилдог”. Тиймээс уг долоон заалтыг засах зорилготой үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг засаглалын өөрчлөлт рүү түлхчихэв үү гэлтэй үйл явдлууд улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ.

Ямар ч байсан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу” гэсэн асуулт тавьж, энэ хоёрын аль нэгийг нь ард түмнээр шийдүүлэхээр боллоо. Монгол Улс тусгаар улс мөн эсэхээ баталгаажуулахын тулд 1945 оны аравдугаар сарын 20-нд анх удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан түүхтэй. Харин энэ удаа Монгол Улсын үндсэн хууль болон Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг иргэд сонгогчид өөрсдөө шийдэх эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, 1945 оноос хойш анх удаа ард нийтийн санал асуулга явуулах шаардлага үүсэж байна гэсэн үг.

Нэг удаа ч хэрэглээгүй хуулийг гурван удаа өөрчилсөн


Тэгвэл Монгол Улсын УИХ 1995 онд ард нийтийн санал асуулгын тухай хуулийг анх баталсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл бараг 25 жилийн турш нэг удаа ч хэрэглээгүй юм.

Тэгсэн атлаа 2006, 2015, 2017 онд өөрчлөлт оруулсан. 2015 оны дөрөвдүгээр сард уг хуулиас “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ” гэсэн гол босго заалтыг нь авч хаясан байна. Ард нийтийн санал асуулга ойр ойрхон болохгүй. ХАА нэг, жинтэйхэн асуудлаар л иргэдээс асуух нь ойлгомжтой. Тиймээс тэднээс асууж тусгасан саналыг хялбархан “эвдэхгүй”-н тулд УИХ-ын нийт гишүүний гуравны нэг буюу 57-гоос дээш хүн дэмжиж байж өөрчлөхөөр зориуд оруулсан аж. Гэтэл өмнөх парламент уг заалтыг авч хаясан нь анхаарал татаад байгаа юм. Одоо магадгүй санал асуулга явууллаа гэхэд дараа нь дурын хэдэн гишүүн нэмэлт, өөрчлөлт оруулаад л “засчихаж” болно гэсэн үг. Харин 2017 оны өөрчлөлтөөр “Санал асуулгыг улсын их хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлана” хэмээн өөрчилсөн байна. Өмнөх хуулиар бол энэ хугацаа 65-аас доошгүй хоногийн өмнө гэж байсан аж.

Түүнээс гадна өнгөрсөн сонгуулиудаар хамгийн ихдээ 1983 хэсгийн хороо байгуулж байсныг СЕХ-ноос мэдээлсэн. Харин энэ удаагийн ард нийтийн санал асуулгаар түүнээс ч олныг байгуулах төлөвтэй байгаа юм. Учир нь хуульд зааснаар иргэдийн саналыг авах нэг хэсэг нь суманд 2000-аас, аймгийн төвд 2500-аас, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй санал өгөх иргэнтэй байх ёстой. Улмаар нэг хэсэгт байх санал өгөх иргэний тоо 200-гаас доошгүй байна хэмээн зааж өгсөн байдаг юм.

Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журамд зааснаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийг үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх ёстой. Парламент ч энэ дагуу хэлэлцэн, санал асуулга явуулах кнопыг олонх нь дарсан. Хэрвээ ард нийтийн санал асуулгаар иргэд үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзвэл хуулийн дагуу дахин найман жил үндсэн хуульд огт гар хүрэхгүй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

УИХ гүйцэтгэх засаглалыг хянах чадамжаа алджээ

 0 сэтгэгдэл
  • Парламент 2019 онд Ерөнхий сайдын мэдээллийг ганцхан удаа сонссон байна
  • Б.Бат-Эрдэнэ гишүүний асуулгын хариуг хэлэлцэхээр хоёр чуулган дамнуулан, дөрвөн удаа хойшлуулсны эцэст “хүсэлтийг барагдуулжээ"

УИХ-ын үндсэн үүргийн нэг нь гүйцэтгэх засаглалыг хянах үүднээс Ерөнхий сайдын мэдэллийг сонсдог. Ийн парламентын баталсан хууль, бодлого хэрхэн хэрэгжиж буйд дүгнэлт хийж, улмаар сайжруулах үүрэг чиглэл өгдөг. Гэтэл өнгөрсөн онд УИХ-ыг эл үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж болохоор байна. УИХ-ын даргын зөвлөлөөр тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлыг батлахдаа Ерөнхий сайдын мэдээллийг сонсох төлөвлөгөө гаргадаг ч өнгөрсөн онд энэ ажилд огт анхаарал хандуулсангүй. Тухайлбал , өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсохоор 11 удаа төлөвлөж баталсан ч ердөө ганцхан удаа мэдээллийг нь сонсжээ. Тухайлбал, 2019 оны тавдугаар сард Ерөнхий сайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийснээс өөр мэдээ алга. Уг нь үүнээс гадна Засгийн газраас Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явц, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилт зэргийг 10 удаа чуулганд танилцуулахаар парламентад мэдээллээ хүргүүлсэн ч таг чиг.

УИХ-ын даргын зөвлөлөөр боловсролын бодлогын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор таван удаа төлөвлөсөн ч өнөөг хүртэл ажил хэрэг болгоогүй байна. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн баасан гарагийн хуралдааны төгсгөлд энэ сэдвээр гишүүд мэдээлэл сонсохоор төлөвлөөд бас л бүтсэнгүй. Мөн парламентын гишүүд гүйцэтгэх засаглалын ажлыг хянах, тойрогт нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл авах, үүрэг чиглэл өгөх зорилгоор Ерөнхий сайд болон салбарын сайд нарт хандан асуулга тавьж, чуулганаар хэлэлцдэг уламжлалтай. Өнгөрсөн жилийн хувьд мөн л энэ ажил урагшгүй байв. Ялангуяа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бэлчээрийн талхалдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг УИХ-ын нэгдсэн чуулганд сонсох гэж дөрвөн удаа төлөвлөсөн юм. Б.Бат-Эрдэнэ гишүүн УИХ- ын чуулганы эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх бүртээ энэ талаар олон удаа гомдоллосны эцэст өнгөрсөн оны 11 дүгээр сард түүний хүсэлтийг барагдуулжээ. УИХ-ын чуулганаар гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсох харуулж байна. Тухайлбал, 2018 онд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 12 удаа гишүүдийн тавьсан асуулгад хариулт өгөхөөр чуулганы хуралдаанаар “байцаагдсан” бол 2019 онд энэ тоо бүр гурав дахин буурчээ. Өнөөдрийн байдлаар Х.Болорчулуун, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Н.Амарзаяа, Н.Оюундарь зэрэг 20 шахам гишүүн асуулгынхаа хариуг УИХ-ын чуулганд сонсож, хэлэлцүүлэхээр “оочероо” хүлээж байна. Тэд боловсролын бодлого, уул уурхай, металлургийн цогцолборын төсөл, өвөлжилтийн байдал, Дарханы замын гүйцэтгэлийн талаарх мэдээлийг Засгийн газраас авахаар хүлээж буй юм. Энэ долоо хоногт гэхэд л Н.Амарзаяа гишүүний “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг чуулганы хуралдаанд сонсох төлөвлөгөөг баталсан. Хоёр долоо хоногийн өмнө энэ сэдвээр Ерөнхий сайдын мэдээллийг чуулганаар сонсох байсан ч гишүүдийн “шоутай” давхцаад талаар болсон юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Эрдэнэ: МАН нийслэлийн сонгогчдоос айсандаа орон нутагт мандат шилжүүлэх гэж байна

 0 сэтгэгдэл
  • Нийслэлийн мандатаас аймагт шилжүүлбэл улс төрийн арга хэмжээ авна гэв
  • МАН-ын рейтинг нийслэлд муу байгаа тул орон нутагт мандат шилжүүлэх аргыг хэрэглэх гэж байна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан тойргийн мандатыг шударгаар тогтоох санал хүргүүллээ. Тэрбээр албан бичигтээ “Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл хотод 35 мандат ногдох ёстой. Тиймээс нийслэлийн 28 мандатын тоог нэмэхгүй юм гэхэд бууруулахгүйгээр шийдэх ёстой. Харин нэг мандаттай аймгуудын мандатыг нэмэхийг зорьж байгаа бол хамгийн цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд хооронд нь шилжүүлэх замаар шийдвэл шударга ёсонд нийцнэ. Хэрэв энэ саналыг тусгалгүй олонхоороо хүч түрэн шийдвэр гаргавал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ. Мөн тэрбээр энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

-Мандат хуваарилалтыг хүч түрэн шийдвэл улс төрийн арга хэмжээ авна гэсэн. Үүнийгээ тодруулна уу? 

-УИХ-ын гишүүн газар нутгийг төлөөлдөггүй, иргэдийг төлөөлдөг. Тиймээс хүн амын хаа тоог харгалзан мандат хуваарилах нь зүйд нийцнэ. Нийслэлийн иргэдийн эрх ашиг эрх баригчдад хамаагүй гэж үзвэл улс төрийн акц зохион байгуулна. Шулуухан хэлэхэд МАН-ынхан нийслэлийн сонгогчдоос айж байна. Нийслэлийн сонгогчид мэдээлэлд ойр, аливаа хэрэг явдлын бодит байдлыг дүгнэж чаддаг учраас эрх баригчид аймагт тойрог шилжүүлж, орон нутгийн иргэдийг хууран мэхлэх замаар санал авна гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн бүх судалгаагаар МАН-ын рейтинг нийслэлд муу байгааг тооцоолж, орон нутагт мандат шилжүүлэх арга хэрэглэх гэж байгаа юм. 

-УИХ дахь танай намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Австралид казинод байгаа баримт ил боллоо. Үүнд намын даргын хувьд ямар тайлбар хийх вэ? 

-Д.Эрдэнэбат даргатай утсаар холбогдоход “Хувь хүнийхээ үүднээс сонирхож казинод орсон нь үнэн. Гэхдээ ямар нэгэн тоглох үйлдэл хийгээгүй” гэсэн тайлбарыг надад өгсөн. Ямар ч хүн сонирхох, мэдээлэл авах үүднээс аливаа газар, байгууллага, дэлгүүрт ороод гардагтай адил үйлдэл гэж би дүгнэж байна. Хэрэв бооцоо тавьж, казино тоглосон нь нотлогдвол намын хяналтын байгууллагад өгнө. Тэнд ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь яригдах байх. 

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү танай намд элсэх хүсэлтээ өгсөн үү? 

-Одоогоор О.Баасанхүү гишүүн АН-д хандаж санал, хүсэлт илэрхийлээгүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ арванд Монголын гадаад бодлого хааш чиглэх вэ

 0 сэтгэгдэл
  • ШХАБ-д элсэх асуудал ирэх арванд олны анхаарлыг татсан хэвээр байх болно
  • Хүйтэн дайн дууссаны дараа АНУ цорын ганц хэт супер гүрэн болсон бол одоо АНУ бүгдийг мэддэг үе өнгөрч, олон туйлт харилцаанд шилжиж байна. Улсын гадаад бодлого ч үүнийг дагаад мэдрэмжтэй байх нь зүй
  • Бидэнд мөнхийн хоёр хөрш бий. Энэ бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх болно

2020 он гарахтай зэрэгцэн улс орон бүр ирэх аравны төлөвөө тодорхойлж, таамаг юугаа уралдуулж байна. Тэгвэл айсуй арванд манай улсын гадаад бодлогод ямар өөрчлөлт орж, ямар өнгө аяс давамгайлах бол. Өнгөрсөн жилүүдэд улс орны бүхий л салбарт явуулж ирсэн бодлогод ололт амжилтаасаа илүү алдаа нь давамгайлсан гээд дүгнэчихэд буруудсан болохгүй. Гэхдээ хаа очиж Монгол Улсын гадаад бодлого маш зөв явж ирсэн гэдэгтэй судлаачид санал нэгддэг. Манай улс 1990-ээд оноос өмнө социализмын үзэл суртал нэвт шингэсэн гадаад бодлого баримталдаг байлаа. Харин нийгэм өөрчлөгдсөний дараа буюу 1994 онд гадаад бодлогын үзэл баримтлалд цоо шинэ зүйл орж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, улсын гадаад бодлогын зорилго нь “Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гадаад таатай нөхцөл бүрдүүлэх” хэмээн өөрчлөгдсөн бол чиглэлээ “Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах” хэмээн тодорхойлжээ. Мөн өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай бүх талаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж, гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлнэ гэх зэрэг гадаад бодлогын хамгийн чухал суурь зарчмуудаа энэ үед тодорхойлсон юм. “Гадаад бодлогын гол тулгуур багана нь АНУ байна” хэмээн эрх барьж байсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан үетэй харьцуулбал хоёр хөрштэйгөө эв найрамдалтай зэрэгцэн оршихгүйгээр юунд ч хүрэхгүй гэдгийг ойлгосон нь том дэвшил байлаа. Хэдийгээр ололт, амжилт их байсан ч улсын эрх ашигт харшилсан, гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг үгүйсгэсэн санаачилга гарч байсныг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, судлаач Д.Уламбаяр сануулсан юм. “2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс байнга төвийг сахих санаачилга гаргасан бөгөөд үүнийгээ НҮБ-ын индэр дээрээс мэдэгдсэн. Энэ бол гадаад бодлогод гарсан маш ноцтой үзэгдэл. Байнга төвийг сахина гэдэг маш идэвхгүй гадаад бодлого явуулна гэсэн үг. Мөн батлан хамгаалах болон эдийн засгийн чадавхаа бие дааж шийднэ. Үүнээс гадна аль нэг улстай түншлэлийн харилцаа тогтоож болохгүй. Энэ нь бусад улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээнд харшилна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ч цэрэг оруулж болохгүй. Аль нэг улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлбэл чимээгүй л байна гэсэн үг. Үндсэн хуульд Монгол Улсын гадаад бодлогын үндсийг УИХ тогтооно гэж заасан. Гэтэл УИХ-аар шийдэлгүй, ҮАБ-ын зөвлөмж гаргаад НҮБ-ын индэр дээр зарлана гэдэг байж болшгүй зүйл” хэмээн тэрбээр хэлсэн. Өнгөрсөн 30 жилд бид гадаад бодлого дээрээ ийнхүү алдаж, онож иржээ. Тэгвэл айсуй арванд Монгол Улс гадаад бодлогодоо юунд анхаарах ёстой бол. Олон улсын харилцаа асар хурдтай өөрчлөгдөж байна. Хүйтэн дайн дууссаны дараа АНУ цорын ганц хэт супер гүрэн болсон бол одоо АНУ бүгдийг мэддэг үе өнгөрч, олон туйлт харилцаанд шилжиж байна. Улсын гадаад бодлого ч үүнийг дагаад мэдрэмжтэй байх нь зүй. Гэхдээ гадаад бодлогын үндсэн зарчим ойрын ирээдүйд өөрчлөгдөхгүй байх. Бидэнд мөнхийн хоёр хөрш бий. Энэ бол манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх болно. Дээр нь гуравдагч хөршийн бодлогоо ч явуулах учиртай. Хамгийн гол нь үүний тэнцвэрийг зөв барих нь чухал. Түүнчлэн бид дипломат албандаа мэргэшсэн хүмүүс томилохын чухлыг судлаачид байнга сануулдаг. Дипломат албанд энэ зарчим алдагдсанаар Монголын диломатчид ёс бус зүйлд удаа дараа холбогдож, улсын нэр хүндийг унагасаар буйд анхаарах цаг болжээ. Эцсийн эцэст гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг хувь хүнээс ч хамааралтай байдгийг бодолцоход илүүдэхгүй байх. Түүнчлэн ирэх арванд ШХАБ-д элсэх асуудал олны анхаарлыг татсан хэвээр байх болно. Байнга маргаан дагуулдаг энэ сэдвийн талаар Д.Уламбаяр доктор “Бид Шанхай гэдэг нэрнээс л айгаад байна. Хэрэв Иркутскийн хамтын ажиллагааны байгууллага гэдэг нэртэй байсан бол монголчууд ингэж болгоомжлохгүй л болов уу. ШХАБ-д элсчихээр л Хятадын колони болчих юм шиг ойлголтоосоо салах цаг болсон. Тиймээс ирээдүйд ШХАБ-д элсэх чиглэл барих хэрэгтэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Харин МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, доктор Ж.Баттөр “ШХАБ-аас зохион байгуулаад хийчихсэн дэд бүтцийн томоохон төсөл байдаггүй. ШХАБ бол хамгийн гол нь аюулгүй байдал, цэргийн болон терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг л байгууллага. ШХАБ-д элсэхгүй байснаар томоохон төслүүдээс хоцорно гэдэг өрөөсгөл. Монгол Улс ямар ч амлалт, ойлголцол хийгээгүй байхад зүгээр элсэж орчихоод үүрэг хүлээж, татвар төлөх юм бол элсэх шаардлага байна уу. Бид хөршүүдтэйгээ төвийг сахих бодлого баримтлаад, ажиглагчийн байр суурьтай явахад, өөрөөр хэлбэл ШХАБ-д элсэхгүй байсан ч алдах зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс ойрын 10 жилд ШХАБ-д элсэх, эсэх асуудал манай гадаад бодлогын гол сэдэв байх нь гарцаагүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчив

 0 сэтгэгдэл
  • Б.Жаргалсайхан: Мөрдөн байцаалтын материал, бичлэг яагаад задарсныг шалгана 
  • Ерөнхий прокурорын хүсэлтийг дэд хороо дэмжвэл энэ долоо хоногт чуулганаар шийдвэрлэнэ


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын хүсэлтийг парламент энэ долоо хоногт шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо ерөнхий прокурорын хүсэлтийг дэмжвэл Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн нууц санал хураалтаар эцэслэх юм. Өнгөрсөн баасан гарагт ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүсэлт хүргүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдан мэдээлэл сонссон. Гэвч шийдвэр гаргах боломжгүй гэж үзэн хурлыг хойшлуулсан юм. Тус хорооны гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаадад албан томилолтоор ажиллаж байгаа учир асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн талаар Ц.Нямдорж мэдээлэв. Тэрбээр “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүнтэйгээр хэлэлцэж бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргах нь зөв гэж үзэн хойшлууллаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө, Ч.Улаан гишүүн дараа нь гадаад явсан учраас тэр хоёр хуралд оролцоогүй. Д.Лүндээжанцан энэ сарын 19-нд ирнэ,Ч.Улааныг дуудуулна, мөн хуралд Н.Номтойбаярыг оролцуулж тайлбар авна” гэв. Харин түүнээс УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх санал тавьснаас хойш ажлын хоёр хоногт шийдвэрлэх хуулийн заалт зөрчигдөх талаар тодруулахад “Хоёр гишүүнийг томилолтоор явсан үеэр хүсэлт ирүүлснээс болж хууль зөрчих нөхцөл байдалд хүргэлээ” гэсэн юм. Ерөнхий прокурорын хүсэлтийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ хүлээн авсан гэж тооцвол ажлын хоёр өдөр нь өнгөрсөн долоо хоногт дууссан байна. Гэвч Н.Номтойбаяр гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо өнөөдрөөс эхлэн хэлэлцэнэ. Улмаар тус дэд хорооны шийдвэрийг үндэслэн Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн нууц санал хураалтаар эцэслэх юм. Н.Номтойбаяр гишүүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсныг ерөнхий прокурор, дэд хорооны гишүүд нууцын зэрэглэлтэй учраас мэдээлэх боломжгүй гэсэн. Харин ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Номтойбаяр гишүүний зодоон хийсэн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Харин мөрдөн байцаалтын явцад хэргийн нууцлалтайгаар бичиж авсан нотлох баримт яагаад задарсан бэ гэдгийг шалгана” хэмээсэн нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нэг үндэслэл болж байгааг илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэж АТГ-аас шалгаж буй. Энэ хэрэгтэй холбогдуулан эгүүлэн татах бас нэг үндэслэл гарсан байх талтай.