A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2103/

5G сүлжээ хэрэглэгчдэд улам ойртжээ

5G модем, SoC процессор нь өмнөх үеийн 4G/LTE, 3G, 2G технологи давхар дэмжинэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2103/


Стандарт нь хөгжсөөр удаж буй ч хэрэглээнд нэвтрэх болоогүй үүрэн холбооны 5G сүлжээний технологи хэрэглэгчдэдээ тун ойртож байгааг Испанийн Барселонд болж өнгөрсөн Mobile World Congress (MWC) шоу үзэсгэлэн тод харуулав.

Холбооны салбарт хувьсал авчрах, шинэ үеийн өндөр хурдтай 5G сүлжээ дэмждэг ухаалаг утас энэ оноос зах зээлд гарч эхэллээ. “MWC-2019”-д оролцсон үйлдвэрлэгчид 5G технологи хөгжүүлэх төлөвлөгөө төдийгүй, энгийн хэрэглэгчийн роутер төхөөрөмж, ухаалаг утаснаас эхлээд сүлжээний бааз станц зэрэг тоног төхөөрөмж хүртэлх янз бүрийн туршилтын бүтээгдэхүүн сонирхуулав.

АНУ-ын Intel компани 5G сүлжээний тооцоолол хурдасгах PAC N3000 төхөөрөмж, шинэ үеийн сүлжээнд ажиллах Hewitt Lake хэмээх шинэ чип танилцуулав. Intel-ийн шинэ чипийг БНХАУ-ын ZTE, шведийн Ericcson компани 5G үүрэн холбооны бааз станцдаа ашиглахаар төлөвлөж байна. Тооцоолол хурдасгах төхөөрөмжийг гуравдугаар улирлаас, шинэ чипийг зургадугаар сараас зах зээлд нийлүүлнэ.

Мөн Intel компанийн 5G модем нэгтгэсэн шинэ үеийн M.2 модуль гарч эхэллээ. Персонал компьютер, нөүтбүүк зэрэг хэрэглэгчийн төхөөрөмж төдийгүй утасгүй холбооны дамжуулах төхөөрөмжүүдэд өндөр хурдтай 5G холболт үүсгэх зориулалттай ийм модуль нь миллиметрийн долгионы зурвас ашиглан өгөгдлийг 6 гбит/с хурдаар дамжуулах чадвартай.
Ийм модуль ашиглан D-Link, Gemtek, WDN гэх мэт үйлдвэрлэгчдийн одоогийн 3G, 4G суурин төхөөрөмжүүдийг хялбархан 5G дэмждэг болгож болно. Шинэ үеийн холболт дэмждэг модулийн туршилтын загварыг энэ жил үйлдвэрлэгчдэд нийлүүлж, 2020 оноос масс үйлдвэрлэл эхлэх юм.

Өндөр хурдтай сүлжээний технологид гол өрсөлдөгчийн нэг Qualcomm компаниас энэ удаагийн шоунд сонирхуулсан загварууд нь үүрэн холбооны компаниудад бус, ердийн хэрэглэгчдэд чиглэж байв. Тус компани гар утас гэх мэт смарт төхөөрөмж ашиглах 5G модемын туршилтын загвар, нөүтбүүк компьютерийн 5G дэмжлэгтэй SoC процессорыг MWC-д авчирчээ. Модем, SoC процессор нь 5G холболтын зэрэгцээ өмнөх буюу 4G/LTE, 3G, 2G технологи давхар дэмжинэ.

АНУ, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, Европ 5G сүлжээг энэ онд нэвтрүүлж эхэлнэ

LG, Samsung, Xiaomi, ZTE зэрэг үйлдвэрлэгч Qualcomын модем бүхий 5G сүлжээ дэмждэг үйлдвэрлэлд бэлэн дивайсыг үзэсгэлэнд авчирчээ. Харин 5G дэмждэг туршилтын загвар сонирхуулсан Oppo, Sony, OnePlus компаниуд ухаалаг утасныхаа эцсийн хувилбарыг энэ оны эхээр зах зээлд нийлүүлэх юм.

Тайванийн МediaTek компани шинэ болон өмнөх үеийн бүх сүлжээ дэмждэг, нэг зэрэг 5G, 4G сүлжээнд ажиллаж өгөгдийг 5 гбит/с хурдаар дамжуулах чадалтай Helio M70 модем сонирхуулав. Mediatek-ийн шинэ модемийг БНХАУ-ын Doogee, Ulefone зэрэг ухаалаг утас үйлдвэрлэгчид хэдийн бүтээгдэхүүндээ ашиглажээ.

Huawei компани MWC-д шинэ инновацлаг бүтээгдэхүүн авч ирсэн нь нугалж болдог, уян дэлгэцтэй Huawei Mate X ухаалаг утасны 5G сүлжээ дэмждэг сүүлийн хувилбар байлаа. Уг загварын 5G модем нь Huawei компанийн өөрийнх нь бүтээл болох Balong 5000. Зах зээлд гараад байгаа шинэ үеийн модемууд дотроо Balong 5000 хамгийн хурдан нь буюу 6.5 гбит/с хурдаар өгөгдөл дамжуулна. Huawei Mate X-ийн 5G загвар 1 гбайт багтаамжтай киног хэдхэн секундэд дамжуулна хэмээн үзэсгэлэн дээр тус компани мэдэгдэв.

Шинэ модемыг ухаалаг утасны зэрэгцээ Huawei 5G Mobile WiFi хандалтын цэг төхөөрөмж (MAP Mobile Access Point), Huawei 5G CPE Pro роутерт ашигласан байна.

Үзэсгэлэнд тавиастай тайванийн HTC компанийн Snapdragon X50 загварын 5G модем бүхий HTC 5G хандалтын цэг нь нэг дор 20 төхөөрөмжийг WiFi ашиглан 5G интернэтэд холбох чадвартай өвөрмөц загвар байлаа.

Нэн шинэ технологи дэмждэг ухаалаг утас, төрөл бүрийн роутер болон холбооны бусад суурь тоног төхөөрөмж хэдийн биеллээ олсон нь 5G холболт хэрэглэгчийн хажууд ирээд буйн илрэл юм.

Huawei компанид хэрэг тавьснаас үүдэн зарим улс БНХАУ-тай зөрчилдөж байгаа өнөөгийн таагүй нөхцөл ч шинэ технологи хэрэглээнд нэвтрэхэд саад болж чадахгүй хэмээн шинжээчид үзэж байна. Энэ онд АНУ, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ болон Европын зарим улс 5G сүлжээг арилжааны хэрэглээнд нэвтрүүлнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Toyota устөрөгчийн машины борлуулалтаа 10 дахин өсгөнө

 0 сэтгэгдэл

Честер Доусон

Бусад авто үйлдвэрлэгчид зай хураа­гууртай SUV болон ачааны машины үйлдвэрлэлд анхаарч буй цаг үед Toyota Motor Corp устөрөг­чийн хөдөлгүүрт седан машиныг ирээдүйгээ хэмээн тооцсоор.

Японы тэргүүлэх авто үйлдвэр­лэгч түлшний элементийн техно­логи бүхий дөрвөн хаалгат Mirai седаныхаа хоёр дахь үеийн загварыг ирэх жилээс худалдаанд гаргаж, борлуулалтыг нь одоогийн загварынхаас 10 дахин өсгөхөөр төлөвлөж байна. Өрсөлдөгчид нь хэрэглэгчдийн худалдан авах дуртай зай багтаамж их том машинд зай хураагуур суурилуулж байхад Toyota компани устөрөгчийн седаныг масс зах зээлийн автомашин болж чадна хэмээн бооцоо тавьжээ.

АНУ зэрэг гол чухал зах зээл дэх эрэлт тодорхойгүйтэй уялдан Toyota дан цахилгаан хөдөлгүүрт машины үйлдвэрлэлд өрсөлдөгчөөсөө сүүл барьж яваа. Ирэх таван жилээс бүх загвараа цахилгаанжуулсан хувилбартай болгохын зэрэгцээ ирэх арван жилд дан цахилгаан хөдөлгүүрт 10 загвар гаргах тус компани устөрөгчийн хөдөлгүүрт машиныг ч хэрэглэгчдэдээ нийлүүлэх сонирхолтой.

“Toyota бүх бооцоогоо ганцхан технологид тавихгүй” хэмээн Умард Калифорнийн Гринсбород болсон брифингийн үеэр Toyota US группийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд ерөнхийлөгч Даг Мурта тайлбарлаж байна. АНУ дахь Toyota-гийн төвийн ойрын хугацааны зорилт нь бензин-цахилгаан гибрид хүч дамжуулах ангитай автомашин ахиу үйлдвэрлэх. Одоогоор АНУ-ын зах зээлд гибрид зургаан загвар борлуулж буй Toyota ирэх оноос RAV4 кроссоверынхоо plug-in буюу цахилгааны сүлжээнд залгаж цэнэглэдэг гибрид хувилбарыг шинээр нэмнэ.

Toyota устөрөгчийн хөдөлгүүрт автомашиныг 20 гаруй жилийн өмнөөс хөгжүүлж ирсэн ч цэнэглэх дэд бүтэц, материал түүхий эдийн өндөр зардлаас болоод ахиц муу өдийг хүрчээ. Технологийн дэвш­лийн ачаар устөрөгчийг хүчил­төрөгчтэй хольж цахилгаан үүс­гэдэг түлш­ний элементийн стек төхөө­рөм­жийн зардал өдгөө тал хүртлээ буураад байна. Зардал буурсны дүнд Toyota 2018 онд 3,000-ыг үйлд­вэрлэсэн ус төрөгчийн машинаа 2020 онд 30,000, 2025 он гэхэд 200,000 ширхэгт хүргэх гэж байгааг тус компанийн устөрөг­чийн технологи хариуцсан захирал Тайёо Кавай Лондонд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тайлбарлав.

АНУ-д General Motors, Европ тивд BMW AG зэрэг өрсөлдөгч нь ч устөрөгчийн элементийн технологид хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ эдгээр өрсөлдөгч одоогийн болоод ирээдүйн тэг ялгаралтай бүтээгдэхүүнээ дан цахилгаан хөдөлгүүрт автомашин хэмээн эн тэргүүнд тавьж байгаа юм. АНУ-д ердөө Toyota, Honda Motor Co, Hyundai Motor Co гэсэн гуравхан үйлдвэрлэгч түлшний элементээр ажилладаг хөнгөн тэрэг борлуулдаг ч устөрөгчийн цэнэглэх станцын хүрэлцээнээс шалтгаалаад дилер цөөн.

Зай хураагуурт автомашинтай харьцуулахад түлшний элемен­тийн хөнгөн тэрэг цэнэглэх хуга­цаа богино, бүтэн цэнэгээр туулах зай урт зэрэг давуу талтай. Гэвч ийм унаа дэлхийд жил бүр үйлдвэрлэж буй бараг 100 сая автомашины 0.1 хувь ч хүрдэг­гүйг АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Академи тооцоолжээ.

“Муу зүйл гэвэл олон жил сур­гаж, сурталчлаад байгаа хэрнээ устөрөгчийн автомашин ихэнх хүмүүст нууцлаг хэвээрээ. Сайн зүйл гэвэл түлшний элементийн технологи яг одоогоос дэлхийд хэрэглээнд нэвтэрч эхэллээ” хэмээн Калифорнийн Гардена дахь Toyota-гийн судалгаа, хөгжүүлэлтийн төвийн ахлах инженер Жеки Бёрдсол тайл­барласан юм.

Устөрөгчийн шатахууны савны хэмжээг багасгах, түлшний эле­мен­тийн стекүүдэд хэрэглэдэг өндөр үнэтэй цагаан алтны орцыг бууруулах тал дээр сүүлийн жи­лүү­дэд ихээхэн дэвшил гарчээ. Цаашид цагаан алтыг хямд нийлэг материалаар орлуулах зэрэг шийд­вэрлэх ёстой бэрхшээл их байгааг Карнеги Меллон Их Сургуу­лийн механик инженерийн профессор Шон Литстер өгүүлж байна.

Одоогийн Mirai загвар нь цэвэр алдагдалтай Toyota компани ирээ­дүйн сайжруулсан хувилбар хэзээнээс орлого оруулж эхлэх талаар тайлбар өгсөнгүй. Тус компани үйлдвэрлэлд бараг бэлэн болсон загварыг энэ долоо хоногт АНУ-ын Гринсбород сонир­хуулахдаа албан ёсоор гарах товыг нь зарласангүй өнгөрлөө.

Анх 2014 онд гарсан анхны Mirai загвар ердөө Калифорни, Хавай муж улсад цөөн тоогоор зарагджээ. Калифорни муж улс сүүлийн хэдэн жилд устөрөгчийн цэнэглэх стан­цын сүлжээ байгуулахад 100 орчим сая ам.доллар зарцуу­лаад байна. Этгээд гадаад хэлбэр, 58,500 ам.долларын үнэ, салоны хий­цийн дутагдлаасаа болоод нэг­дү­гээр үеийн Mirai-г дилерүүд амжилт­тай борлуулж дөнгөөгүй юм.

Сан-Диегод амьдардаг 42 настай Лоренс Копп хоёр жил бэрхшээл учруулсан Mirai машинаа бензин хөдөлгүүрт Ford SUV машинаар сольжээ. Устөрөгчийн цэнэглэх станц дэндүү цөөн, бүхээгийн зай нь бага насны хүүхдүүдтэй эцэгт жижигдээд байснаас компанийн захирал Копп машинаа зарсан юм.

Mirai-гийн шинэ загварыг Япон, Европ, АНУ-ын зэрэг­цээ БНХАУ, Австрали, Ойрх дор­нодын зарим улсад борлуулна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Huawei-гийн шинэ загвар фото, видео дүрсний чанараар дэлхийд тэргүүллээ

 0 сэтгэгдэл

Huawei компанийн ухаалаг утасны шинэ манлай загвар, АНУ-ын хоригоос шалтгаалан бүхий л Google үйлчилгээнээс хагацсан Mate 30 Pro-г фото аппарат, линз, мобайл дивайсын дүрсний чанарыг тодорхойлдог Францын DxOMark Image Labs компани цогц туршиж үзлээ. Google сервисгүйг эс тооцвол Mate 30 Pro техник үзүүлэлт сайн. 6.53 инчийн OLED дэлгэц, 4500 мА цагийн зай хураагуур, шинэ хүчирэхг Huawei Kirin 990 процессортой.

Шинэ утасны хамгийн сонирхолтой хэсэг нь ар талын дөрвөн линз бүхий камер юм. Үндсэн камер нь 40 Мп-ийн сенсор, PDAF буюу фазын өөрчлөлт мэдэрдэг автофокус, оптик тогтворжуулах системтэй. Үндсэн камерын зэрэгцээ 40 Мп-ийн өргөн өнцгийн, найман Мп-ийн телефото болон 3D камертай.

Камерын дүрсний чанарыг тодорхойлдог гол хэрэглүүр DxOMark-аар хэмжиж шалгахад Huawei Mate 30 Pro загвар 121 оноо авч, уг зэрэглэлд шинэ амжилт тогтоов. Mate 30 Pro гэрэл зургийн чанараар 131 оноо авсан нь DxOMark-ын өмнөх аварга Samsung Galaxy Note 10+ 5G загварынхаас таван оноогоор дээшилсэн хэрэг юм. Видео бичлэгийн чанараар Samsung Galaxy Note 10+ 5G загвараас ердөө нэг оноогоор дутаж, хоёрдугаарт оржээ.

Мэргэжилтнүүд Huawei Mate 30 Pro загварын оноог ухаалаг утасны дүрсний чанарын шинэ шалгуур гэж үнэлж байна.

DxOMark нь ухаалаг утасны камерыг өнгөний баланс, шуугиан, дүрсний нарийвчлал, ойртуулж татах болон харанхуйд авах, фокус тохируулах зэрэг олон үзүүлэлтээр хэмждэг.

Huawei Mate 30 Pro-гийн нүүрэн камер ч хангалттай сайн буюу 93 оноо авчээ. Хэдийгээр 93 оноо нь аварга амжилт биш ч ухаалаг утас нүүрэн камерны зургийн чанарын үзүүлэлтээр шилдэг тавд багтаж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахилгаан моторт хүүхдийн тэрэг эрсдэлээс сэргийлнэ

Bosch компани ухаалаг хүүхдийн тэргийг 2020 оны эхээр худалдаанд гаргана

 0 сэтгэгдэл


ХБНГУ-ын Bosch компани нялх хүүхдийн түрдэг тэрэг түрэх ачааллыг хөнгөлөх, санамсаргүй өнхрөхөөс сэргийлэх үүднээс хоёр ширхэг цахилгаан мотор, мэдрэх төхөөрөмж бүхий E-Stroller цахим систем суурилуулах арга бодож олов.

Шинэ систем нь замын гадаргууг автоматаар тодорхойлон өгсүүр газарт дугуйг эргүүлж, уруу газарт хий өнхрөхөөс саатуулан эргэлтийг нь удаашруулж, хажуу хэвгийд тэргийг унагаалгүй тулж өгдөг. Мөн түрдэг тэрэгний бариулаас гараа авах болон, хүчтэй салхинд тэрэг савлах үед дугуйны эргэлтийг зогсоож “тоормослож” чадна.

Түрдэг тэрэгний дугуйнд Bosch компанийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд ашигладаг 18 вольтын литий-ионий зай хураагуур суурилуулжээ. Бүрэн цэнэгтэй нөхцөлд уг зай хураагуураар түрдэг тэрэг 14.5 километр туулж чадна.

Шинэ системд гар утас зэргийг цэнэглэх зориулалттай USB порт оруулж өгсөн байна. Bluetooth холболт ашиглан ухаалаг утсаараа зай хураагуурын цэнэгийн хэмжээг мэдэж болохын зэрэгцээ түрдэг тэрэг хулгайд өртөх үед хэрэглэгчийн утсанд анхааруулга ирэх юм. Анхааруулга дэлгэцнээ гармагц түрдэг тэрэг дуут дохио өгч, дугуйн тоормос автоматаар түгжигдэнэ. Түгжээг зөвхөн хэрэглэгч гар утсандаа суулгасан программаараа салгах боломжтой.

Bosch компани E-Stroller-ийг Шведийн Emmaljunga зэрэг хөндлөнгийн үйлдвэрлэгчдэд захиалж хийлгэхээр төлөвлөж байна. Ухаалаг хүүхдийн тэргийг 2020 оны эхээр худалдаанд гаргах аж.



A

Жижиг

A

Дунд

A

Том

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани дэлхийн жишигт нийцсэн Металл хийц боловсруулах төвийг Монголд нээлээ

 0 сэтгэгдэл


“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээнийхээ төрлийг шинээр нэмж “Металл хийц боловсруулах төв”-ийг ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаагаа 9 дүгээр сарын 10-ны өдөр хийлээ. Тус компани Катерпилларын стандарт шаардлагын дагуу чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Металл хийц боловсруулах төв нь хүнд машин механизмын эд анги болон жижиг хэсгүүдийг хамгийн сүүлийн үеийн тоон болон автомат удирдлага бүхий тоног төхөөрөмжөөр сэргээн засварлах юм. Одоогийн байдлаар тус төвд зорох, өнгөлөх, өрөмдөх, нүх, ховил гаргах, зүсэлт хийх зэрэг олон төрлийн өндөр хүчин чадалтай машин суурилагдсан.

Ингэснээр чанарын өндөр түвшний үйлчилгээг харилцагчдадаа үзүүлээд зогсохгүй, сэлбэг захиалж цаг хугацаа алдахгүй, зардал бууруулах зэрэг олон давуу талтай. Нээлтийн үйл ажиллагаанд уул уурхай, барилга, хүнд машин механизмын чиглэлийн нийт 400 орчим харилцагч, төлөөлөгчид болон Катерпилларын Ази Номхон далайн бүс нутгийн менежерүүд хүрэлцэн ирж оролцлоо. Өнгөрөгч жил “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Агрегат үйлдвэрлэлийн төвийн үүдээ нээж уул уурхай, барилгын салбарын гол зэвсэг болох САТ машиныг Монголд бүрэн засварлах боломжтой болсон бол одоо ихэнх металл хийцийн сэлбэгүүдийг өөрсдийн роботжсон тоног төхөөрөмжөөр бүрэн засварлаж, шинэчлэх боломжтой боллоо.

Уг арга хэмжээний үеэр “Багануур”, “Өсөх зоос”, “Монгол Майнинг Эксплорэйшн” зэрэг зургаан компанитай 38,5 тэрбум төгрөгийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь 1996 оноос хойш 22 дахь жилдээ Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 17-д эрэмбэлэгдэж байна. Мөн барилга, уул уурхай, зам дэд бүтцийн хүнд даацын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан Америкийн CATERPILLAR корпорацын Монгол дахь цорын ганц диллер бөгөөд худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн бэлэн байдал, санхүүгийн шийдэл, бүтээгдэхүүн дэмжих үйл ажиллагаа зэрэг иж бүрэн цогц үйлчилгээг харилцагчдадаа тогтвортой хүргэдэг.