A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1788/

Amazon хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1788/

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын дижитал юань хэрэглээнд гарах дөхсөөр

 0 сэтгэгдэл



Хятадын онлайн төлбөрийн үйлдвэрлэлд ноёрхогч дижитал санхүүгийн эзэнт гүрэн байгуулсан Жэк Ма, Пони Ма нарт нэгэн хүчирхэг өрсөлдөгч заналхийлэх болсон нь БНХАУ-ын төв банк юм. Юанийн цахим хувилбар удахгүй гаргах төлөвлөгөөтэй хятадын Ардын банк нь үндэсний дижитал валют бүхий дэлхийн анхны гол төв банк болж болзошгүй. Энэхүү төлөвлөгөө хэрэгжих аваас 27 их наяд ам.доллараар хэмжигддэг хятадын онлайн төлбөрийн зах зээлд Ant Financial-ын Alipay, Ten cent holdings Ltd-гийн WeChat Pay-г тулаанд дуудсан хэрэг болно. Ухаалаг утсанд суурилсан цахим төлбөр хятадад хаа сайгүй нийтлэг. Автобусанд суухаас авхуулаад дөхөм дэлгүүрээр үйлчлүүлэх, хүнсний захаас ногоо авах хүртэлх төлбөр тооцооны 94 хувийг хоёрхон компани гартаа атгадаг. Ши жиньпиний удирдлага доорх хятад улсын амин чухал үйлдвэрлэлд хувийн салбар ноёлох нь ховор үзэгдэл бөгөөд цаашид технологийн аваргуудад хүнд цаг үе тулгарч тун болзошгүй. Төв банкны дэмжлэгтэй дижитал түрийвч хэрэглээнд нэвтрэх нь Ant, Tencent хоёрын бизнесийн цохилох зүрх болсон төлбөрийн үйлчилгээнд ноцтой хохирол учруулах аюултай. “Хувийн компаниуд улс орны санхүүгийн тогтолцооны үндэс төлбөрийн салбарт ноёрхохыг зүгээр хараад сууж болохгүй учраас төв банк алдагдсан эрх мэдлээ эргүүлэн авах гэж буй хэрэг” хэмээн Шанхайд төвтэй санхүүгийн судалгааны Wisburg фирмийг үндэслэгч Жу Чэнь тайлбарлав. Хятадын Ардын банк тус улсын төлбөрийн бизнесийн гуравны нэгийг гартаа оруулж чадна хэмээн үздэг тэрбээр “WeChat, Alipay томоохон цохилтод өртөх аюултай”-г анхаарууллаа. Дижитал юань одоогийн бизнест хэр аюул учруулах, хятадын хэрэглэгч нар шинэ төлбөрийн хэрэгслийг хүлээн авах уу, аль эсвэл албан шаардлагаар нэвтрүүлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй. Дижитал юаньтай холбогдуулан дээрх хоёр хувийн компанийн удирдлага нийтэд ил тод тайлбар хэлээгүй ч Ant Financial зохицуулах байгууллагатай уг асуудлаар хамтран ажиллаж байна. Эрх баригч албаны хүмүүсийн ярианаас үзвэл хятадын Ардын банк ч дижитал юань гаргах нарийвчилсан тов, төлөвлөгөөгөө танилцуулаагүй байгаа. Хэрэглэгч, бизнесийнхэн ухаалаг утсандаа дижитал түрийвч татан суулгаж, ATM-ээр үйлчлүүлдэгтэй нэгэн адилаар арилжааны банканд нээлгэсэн данснаасаа токен авч байх юм. Авсан токеноо бэлэн мөнгөний адилаар төлбөр тооцоонд ашиглаж явна. Энэ тогтолцоо нь банкны данснаас дебет, кредит картын хэлбэрээр гүйлгээ боловсруулдаг одоогийн мобайл төлбөрийн функцээс нэлээн ялгаатай. Гэхдээ төрийн токен хэрэглээ болж чадах тохиолдолд хятадын зохицуулах байгууллагууд улс орныхоо мөнгөний нийлүүлэлтийг одоогийнхоос илүү хянах боломж бүрдэнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний мобайл төлбөр нь БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь болдог. Тэгвэл кредит картын төлбөр нийтлэг АНУ, Их Британид уг үзүүлэлт нэг хувь ч хүрдэггүй. БНХАУ хэрэг дээрээ бэлэн мөнгө хэрэглэдэггүй улс болж хувирсаар байгаатай уялдан эрх баригчид улс орны санхүүгийн слесарийн үүрэг гүйцэтгэгч компаниудыг анхаарч эхэллээ. “Технологийн эдгээр аварга компани биднийг өрсөлдөөнд уриалан дуудахын зэрэгцээ санхүүгийн эрсдэлд түлхэж байна” хэмээн БНХАУ-ын төв банкны тэргүүн И-Ган энэ оны эхээр хэвлэлийн хурал дээр тайлбарлаж байв. “Энэ өрсөлдөөнд ялагч бүгдийг хүртэн монопол болж байгаа болохоор эрсдэл мөн” гэж тэрбээр хэлсэн юм. Зарим улс тодорхой зорилготойгоор дижитал нэвтрүүлэх гэж байгаа бол үлдсэн хэсэг нь харзнах бодлого баримталж байна. Хятадын зохицуулах байгууллагууд төлбөр тооцоог стратегийн амин чухал ач холбогдолтойд тооцож байгаа л бол зах зээлийн ядаж гуравны нэгийг хяналтдаа авч таарна хэмээн жу өгүүлж байлаа. Нийт хэрэглэгчийг хамарсан төлбөрийн функцтэй байхын чухлыг ойлгосон Tencent, Alipay хоёр зах зээлд ялагч болохын төлөө уг салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах сонирхолтой. Нийтээр хэрэглэж заншсан одоогийн хүчирхэг тогтолцоог өөрчлөх нь амар ажил биш. Хятад хэрэглэгч банкны картаа аппликэйшнтэй холбож өдөр тутмын төлбөр тооцоо хийхэд ашигласаар олон жил болсон. Alipay, WeChat Pay нь БНХАУ-д тус бүрдээ 900 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. Мөнгө угаах явдалтай тэмцэх хүрээнд бэлэн мөнгийг дижитал токеноор орлуулах нь ажил хэргийн харьцангуй хялбар тал. Хүнд тал нь болох төлбөр тооцооны зах зээлээс өөрийн гэсэн хувиа эргүүлэн авахын тулд худалдаачид дижитал токентой шууд харьцах өөрийн гэсэн сүлжээ үүсгэх хэрэг гарна. Үүний тулд асар их ажил хийх шаардлагатайг River Pay компанийг үндэслэгч Райан Жэн тайлбарласан юм. River-Pay нь Alipay, WeChat Pay-г худалдаачидтай холбож өгөхөд туслах ажил эрхэлдэг. 









A

Жижиг

A

Дунд

A

Том

Японы эзэн хааны ёслол ертөнцийн язгууртнуудыг цуглуулав

 0 сэтгэгдэл


- Ерөнхий сайдынх нэг үдэш ₮1.6 саяын хоол зооглов

Япон улсын шинэ Эзэн хаан сэнтийдээ заларсныг тунхаглах ёслолд Монголын төрийг төлөөлж оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гадаадын зарим хэвлэлд Ерөнхийлөгч Х.Баттулгатай андуурч нийтэлсэн тухай мэдээг сошиал орчин ид “мэрж” байна. Үүнтэй зэрэгцээд “Ерөнхий сайдын гэр бүл нэгэн үдэш сая гаруй төгрөгийн хоол зоогложээ” гэсэн мэдээлэл түгэх болов. Рэйвагийн он тоолол эхэлж буй ёслолыг тус улсын Ерөнхий сайд Абэ гардан зохион байгуулсан бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалтын зоогийг гадаад, дотоодын зочдод ялгавартай байдлаар бэлдэх санал гаргасан гэнэ. Ялангуяа гадаад зочдод зориулсан нэг хүний зоогт өндөр ач холбогдол өгч, үнэтэй бүхнээ харамгүй зарцуулсан гэж Японы хэвлэлүүд онцолж байна. Тэндхийн хэвлэлд бичсэнээр гадаад зочны нэг хүний зоог нь 32.4 мянган иен буюу 800 мянган төгрөгийн өртөгтэй аж. Манай Ерөнхий сайд гэргийн хамт 1.6 сая төгрөгийн үнэтэй хоолыг нэгэн үдэш зооглосон зочдын тоонд ч оржээ. Мөн манай Ерөнхий сайд ёслолын арга хэмжээний үеэр БНСУ-ын Ерөнхий сайдтай “буу халж”, англи хэлнийхээ чадварыг харуулж буй зургийг Японы хэвлэлүүд ёслолын эргэн тойрны сонин хачин болгон толилуулжээ. 




A

Жижиг

A

Дунд

A

Том

Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй...

 0 сэтгэгдэл


- Би ч тэдний нэгэн адил Шанхайд бараг л намрыг мартах шахжээ. Үүл сүвлэсэн өндөр байшингуудын нэгдэл энд үгүй. Шанхайтай харьцуулахад нам гүм. Гудамж талбай нь үлэмж даруу. Манайхаар бол Улаанбаатараас гарч давхиад Дарханд ирсэн мэт санагдах тийм хөдөөрхүү.

“Цонхоо чи өмнө зүгт дэлгэлээ. Тэр зүгт уулс буй, далай буй, шувуудын жиргээн, цэцэгсийн анхилам цөм буй...” гэж БНХАУ-ын Аньхуй аймгаас гаралтай, эх газрын яруу найрагч Ян Ли-Еэ “Урагш дэлгэсэн цонх” бүтээлдээ шүлэглэсэн байдаг. Үүнийг энд өгүүлэх болсны учир гэвэл Шанхай хотоос урьд орой нь хөдөлсөн унтлагын гал тэрэг дохиогоо хангинуулсаар Аньхуйн Хэфэй хотод өглөөний нартай уралдан ирлээ. Энэ хот саяхныг болтол гаднын жуулчдын анхаарлын төвөөс хол байлаа. Харин сүүлийн хэдэн жилд улс дотроо алдаршиж, төд удалгүй тивийн хэмжээнд нэр алдар нь түгж эхэлсэн байна.Өчигдөр бороо энд сүрхий орсон тул манан будан хөшилдөөд, холын юмс цайрна. Бороо орохоор эрс хүйтэрчихдэг гэнэ. Гэхдээ хэд хоногоос эргээд дулаарчихна гэж нутгийн улс ярих нь нэн таатай. Зунаараа яваа хүмүүс дулаан хувцасны эрэлд гарч, дор бүрнээ ачаа юугаа ухан ноосон зузаан цамцаа углаж харагдана. Галт тэрэгний буудал түмний хөлд дарагдаж, ирэх, буцах хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Хүн амынх нь тоо 10 сая дөхсөн, төв нийслэлээсээ даруй 1200 гаруй км алс зайтай Хэфэй хотод намрын улирал гоо үзэмжээ эс алдан байна аа. Өмнө зүгийн онцлог энэ. Урт удаан намар болдог билээ. Модноосоо тасарч ойчсон навчис салхины эрхээр... Харин навчсаас өөр нүдэнд торох хог, новш үл хөглөрнө. Цэвэрхэн, цэгцтэй хот юм байна. Хот дотроо метротой, метрогоор хүмүүс нь ажилдаа явчихна. Түгжрэх, бөглөрөх юм алга. Ийм болохоор зам дээр өрнөдөг уур бухимдал, стресс гэж байхгүй. Манай улс 2017 он гэхэд метротой болчихно гэж яриад өнөөдөр тэр бүхэн ор тас замхарчээ. Замын түгжрэл гэж тамтаггүй ихээр нэмэгдсээр. Харин энд метро нь ашиглалтад ороод гурван жил гаруй болжээ. Хот доторх дэд бүтцээ шийдсэнээр хүмүүсийнх амьжиргаанд хүртэл энэхүү бүтээн байгуулалт сайнаар нөлөөлжээ. Цаг хугацаа хэмнэнэ гэдэг мөнгөө гамнана гэсэн үг, хөгжил ойртох нэр. Манайх шиг хамаг цагаа зам дээр үрэх гачлан энэ хотод үгүй. Хотын гүнд нь дэлхийн брэндүүд цөм “үүрлэжээ”. Хүний хэрэгцээг энэ болгон нь хангаж хүчрэх учраас дэлгүүр хэсэх гэж Бээжин, Шанхай руу эндхийн хүмүүс явахгүй. Хэрэглээ нь энгийн. Харин ч дээрх хоёр хоттой харьцуулахад өртөг хамаагүй бага тул амар жимэр болоод байх. Худалдааны төвүүд бараа бараагаа харан байрлана. Тийм болохоор нэгээс нөгөө рүү гараад орох боломжтой.Хятадууд үргэлж ногоон цай эсвэл усны савтай явна. Эр, эм, хөгшин залуугүй ийм. Үүнийг зөв дадал хэвшил гэж болно. Мөн хэзээ ч хоолны цагаа хойшлуулахгүй, наашлуулахгүй. Өдрийн гурван хоолыг алгасах дургүй хүмүүс юм байна. Ямар ч ажилтай байсан өл залгах хоол ундтай тогтсон цагт “шадарлана”. Цайны цагаараа дасгал хөдөлгөөн хийж байгаа нь шамдангуй. Хийн дасгал хийхийг нийтээр нь хорьчихсон тул бүжиглэхээс гадна сүүлийн үед гудамж талбайдаа ил задгай дуулах болжээ. Манайхан хатуу “юм” уугаад дуулж, сэтгэл дотор хургасан зүйлээ сая гаргадаг бол хятадууд хэнээс ч ичиж эмээх зүйлгүй, зөв, солгой гэхгүй дуулж гарна. Дуулахын тулд заавал нэг “сэргээш” хэрэглэх гэж оролдохгүй. Сэтгэлээ ч ингэж хүчлэх нь үгүй. Дуулах нь тэдний хувьд урт наслах нэг арга болжээ. Харин чихэр, шоколад гэж ер дурлаад байхгүй. Хятадын 70 жилийн ой Хэфэйд  очих үеэр тохиож таарсан тул улс даяараа амарч, худалдаа, үйлчилгээний төвүүд нь хөл ихтэй байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ харж л явлаа. Монголтой ойролцоо ч нь байна. Хүмүүсийнх аж байдал сүүлийн хэдэн жилд дээшилж,  амьжиргааны түвшин төрөл арилжсан гэж болно. Тийм учраас өмнөд хөршийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өөрсдийнх иргэд болж, тэд худалдан авалт, хэрэглээгээрээ улсаа тэжээн, тэтгэх хэмжээнд нэгэнт иржээ. Сонирхуулахад, 1991 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол 2011 онд энэ дүн 5430 ам.доллар болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 13 мянган ам.долларт хүрч, энэ тоо баримтын цаана хэдэн зуун сая хүний амьжиргааны түвшин сайжирч, эцэг эхэд нь мөрөөдөл төдий байсан орчин цагийн тав тухтай амьдрал шинэ мянганы хятадуудад онцгой содон байхаа больжээ. Цайны соёлоороо Аньхуй нутаг Хятадад зэгсэн алдартай. Дотоодын аялал жуулчлал энэ орон хотод хөгжиж, улс дотроо улам алдартай болоход өнө эртний хатуу дэг уламжлалтай цайны соёл гаргууд үүрэг гүйцэтгэсэн байна. Ерөөсөө цай уух гэж, цайны соёл гэгч чухам юу болохыг өрнийн улс амьтан бие сэтгэлээрээ амтлан мэдрэх гэж, таалан соёрхох гэж энд ирдэг аж. Аньхуйгаас гаралтай эсвэл энд төрж өссөн хүүхнүүд цай сайтай гэж хадамдаа шагшигдах нь энүүхэнд. Манайхан баруун таван аймгийнхан цай сайхантай гэж ярьдагтай энэ нь агаар нэг юм. Баруун таван аймаг дотроо Увс илүү гэлцдэг. Түүнтэй адилхан Аньхуй нутаг ийм буюу.Аньхуй мужийн Хэфэй хотод Монгол Улсаас 20 гаруй оюутан өдгөө сурч байна. Тэдний дийлэнх нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнажээ. Зарим нь ирэх жил төгсөх гээд толгой өндийх завгүй байна. Монголоос авчирсан ганц чихэр хүртэл энд амттай бас ховроос ховор эрдэнэ болно. Хотын төвд том газар нутаг эзлэн орших Аньхуй мужийн Хөдөө аж ахуйн их сургуулиар зочиллоо. Номын сан нь манай Засгийн газрын ордноос хэдэнтэй сүрлэг байх агаад сургуулийн хүрээ нь явж барагдахгүй цэлгэр юм аа. Улс нийтээр амарсан ч номын сан нь суудал үгүй, цөм эзэнтэй. Тэд дор бүрнээ бусдад саад болохгүйг хичээн өмнөх хичээл, номоо чухам уйгагүй давтана. Ялаа дүнгэнэх чимээ танхимд сонсогдохоор анир чимээгүй. Тэнгэр чичсэн өндөр уулсын өвөр бэлд төрж өссөн үеэл маань Аньхуй аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн  оюутан. Түүний хэлснээр хятад оюутнууд их уйгагүй, үргэлж л хичээл номоо давтаж байдаг гэв. Улс доторх өрсөлдөөн ширүүн учраас ингэж хичээлээ давтахаас өөр сонголт тэдэнд олддоггүй байна. Сургуулийн хичээлийн болон оюутны байр хоорондоо холгүй, хотхон дотроо. Тиймээс автобус, метро гэж явахгүй. Оюутны амьдрах орчин нөхцөл энэ болгоныг нэг дор шийдсэн нь суралцмаар. Заавал тив алгасах бус хажууханд буй хөрш “айл”-аас авах, гээх, туршлага судлах зүйл их байна. Нүдээ чилтэл номын санд суусан оюутнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх спортын талбай төрөл төрлөөрөө эгнэн байрших нь цагаан атаархал төрүүлнэ. Улаанбаатарт “улаан ном”-д орох нь холгүй хэдхэн спорт талбай  бий. Жилээс жилд энэ талбайн хэмжээ, тоо нь говийн мазаалай шиг хорогдох болсон. Харин оронд нь автомашины зогсоолгүй, ногоон байгууламжгүй шил толь болсон байшин сав ярайтал гэнэтхэн сүндэрлэх нь жаахан урамгүй. Ногоон байгууламж нь Хэфэй хот гоё сайхан харагдах нэг нууц гэлтэй. Энэхүү хотоос зах хязгаар нь саравчлаад ч харагдахгүй далай тэнгист хүрэхэд хамгийн дөхөм гэнэ. Энд хүрсэн хүн далай явна гэж зүтгэдэг нь бас учиртай. Ойрхон гэж сонссон болохоор хүсэх нь бас аргагүй ч юм уу даа. Тус хотоос Хятадын төв нийслэл Бээжин хүртэл хурдны галт тэргээр цагт 300  км-ын хурдтай таван цаг эх газрыг туулна. Ингэж явахад нэг хүний 400 орчим юань. Энэ нь төгрөгөөр 150 гаруй мянга болж байсан. Өмнөд хөршид цагийг нь тулгасан болгон нэг л бүтэл муутай эсвэл илүү өндөр үнэ төлөх хэрэг гардаг. Тиймээс явдлын хүмүүс эртнээс юм болгоноо урьдчилж захиалж байж сая амар явна. Эрт төлөвлөж байж бид илүү хэмнэнэ. Хятадууд ч өөрсдөө ийм. Манайхан өмнөд хөрш рүү 2010 оноос хойш аялах нь эрс нэмэгджээ. Гэр бүлээрээ болон найз нөхөд, хамт олноороо явах нь олширсон бөгөөд зарим нь Эрээн яваа мэт ямар ч төлөвлөгөөгүй, юу үзэхээ, хаагуур явахаа тодорхойлж мэдэлгүй ирдэг байна. Төгрөгөө юань болгосныг эс тооцвол аяллын бэлтгэл сул задгай. Хот хооронд явах тасалбараа хүртэл урьдчилж авахаас гадна үзэж харах үзвэрээ мөн ингэж албажуулах хэрэгтэй. Тэрбум хол давсан хүн амтай энэ улсад хүн ажил, амьдралаа залгуулна гэдэг бэрх. Тиймээс хүн болгон өмнөх ажлаа сэтгэлээсээ хийнэ. Ажлыг тэд голохгүй. Ажлаа бас хуурахгүй. Харин ажилтай байгаа нь аз жаргал болно. Хүн зоных нь амьдрал харилцан адилгүй. Хэдий тийм боловч дэлхийн тэргүүлэх гүрэн мөдхөн болно гэсэн итгэл үнэмшил иргэн болгоных нь хүсэл мөрөөдлийн нэг хэсэг мэт. Өмнөд хөршийн иргэд төрийн далбаагаа уламжлалт баяр, тэмдэглэлт ойгоороо бахдал дүүрэн намируулж явах юм. Ялангуяа хүүхдүүд нь гар гартаа далбаа атгасаар, аав ээжээ тойрон гүйнэ. Хүүхдэд багаас нь эх оронч үзэл санааг магадгүй ингэж суулгадаг байж болох юм. Хүдэн татсан хүний нутаг ард үлдлээ. Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй нутагт ахин ирэх ерөөл тавья.

















A

Жижиг

A

Дунд

A

Том

Boeing 737 МАХ-ын сүйрлийн талаар шинэ маргаан дэгдлээ

 0 сэтгэгдэл

Lion Air-­ын онгоц сүйрч, 189 зорчигч амиа алдсанаас хойш хэдэн долоо хоногийн дараа тус компанийн ажилтан нислэгийн өмнөх чухал засвар үйлчилгээг зөв хийснээ харуулах гэрэл зургуудыг мөрдөн байцаагчдад өгсөн байна. Гэтэл үнэндээ уг зургууд харуулах гэсэн зүйлээс өөр байжээ. Зураг дээрх 737 Мах онгоцны бүхээгийн цаг нь засвар хийхээс өмнөх хугацааг зааж байсныг Индонезийн тээврийн аюулгүй байдлын хорооны тайланд дурдсан байна. Тиймээс мөрдөн байцаагчид онгоцны хошуун дээрх багаж тохируулсан гэх зургууд үнэн зөв гэдгийг баталж чадахгүй байна. Мөрдөн байцаалтад ойр албаны хүмүүсийн хэлснээр тэдгээр зургийг өөр онгоцон дээр авсан байж болзошгүй аж. Тайланд уг зургийг санаатайгаар хуурамчаар үйлдсэн буюу буруу ойлголцсон талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Гэвч ийм алдаа илэрсэн нь Boeing компанид олон тэрбумын хохирол учруулсан ослын талаар олон улсын мөрдөн байцаалт хийхэд нэмэлт бэрхшээл үүсгээд байна. Харин Индонезийн агаарын тээврийн Lion Air компани зургийн асуудал онц чухал биш тул сүйрлийн эцсийн тайланд оруулах шаардлагагүй гэжээ. Гэвч олон улсын амин чухал мөрдөн байцаалтад оролцогч нар мөрдөн байцаагчдыг төөрөлдүүлэх зорилго агуулсан тул баримтжуулах ёстой гэж үзэж буй. Харин Lion Air-­ын хэвлэлийн төлөөлөгч Дананг Приханторо, АНУ ба Boeing-­ийн албаныхан энэ талаар тайлбар өгөхөөс татгалзав. Чикагод төвтэй Boeing-­ийн хэвлэлийн төлөөлөгч Чарльз Викерс “бид мөрдөн байцаах албадтай бүрэн хамтран ажиллаж, ослын эцсийн тайланг гаргахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн мэдэгджээ. Индонезийн тээврийн аюулгүй байдлын хороо тайлангаа 11 дүгээр сард эцэслэхээр төлөвлөж байна. Тус хорооны дарга Соэржанто Тжахжоно ярилцлагадаа “бид олон баримт цуглуулсан. Зохих бүх зүйлийг тайландаа тусгана” хэмээв. Засварын үйлчилгээний зураг мөрдөн байцаалтад асар чухал ач холбогдолтой. Учир нь агаарын урсгалын өнцөг хэмждэг мэдрэгч буруу ажиллаж онгоцны хошуу автоматаар доошлох үед нисэгчид гараар буцаан тэгшилж чадаагүйн улмаас онгоц унаж сүйрсэн гэж үзэж байгаа юм. Уг мэдрэгчийг Флорида мужийн Мирмар хот дахь XTRA Aero­ space компани судалж байна. 737 Мах онгоцны хоёр сүйрлийн мөрдөн байцаах ажиллагаа мэдрэгчийн буруу заалтаас гэх таамагт тулгуурлаж байгаа юм. Хэдэн сарын дараа Этиопын агаарын тээврийн 737 Мах сүйрэхэд дэлхий даяар уг онгоцны нислэгийг зогсоосон ба Boeing компани борлуулалт сайтай онгоцоо алдсанаас олон тэрбум ам.долларын хохирол хүлээв. Гэвч онгоцны төхөөрөмжийг буруу тохируулсан байж болзошгүй маргаан 300 гаруй хүний амийг хохироосон хоёр сүйрлийн мөрдөн байцаалтад шинэ нөхцөл байдал үүсгэж магадгүйг мэргэжилтнүүд ярьжээ.