Boeing нисдэг такси туршихаар бэлтгэж байна

4 сар, 2 долоо хоног өмнө
4 сар, 2 долоо хоног өмнө
Глобалчлалаас хэн ч зугтаж чадаагүй шиг
3 долоо хоног, 2 өдөр өмнө
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлгэцэнд донтох эмгэгийг албан ёсоор сэтгэцийн өвчнөөр бүрхсэн нь саяхан. Бас засгийн газрууд, компаниуд кибер халдлагыг хохирол ихтэй эрсдэлийн жагсаалтад оруулж, хувь хүнээс эхлээд бүхий л түвшинд нууцлал, хувийн мэдээллийн аюулгүй байдал шийдэл хүлээсэн сэдэв болж байна. Мөн залуу үеийнхэн, үр хүүхдүүд маань ирээдүйд технологийн мэдлэг, чадваргүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхаж, салбартаа манлайлж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Улс орнуудын эдийн засаг, зах зээлүүдийн өсөлтийг жолоодогч компаниудад технологийн салбарынхан давамгайлж, түүнийг дагасан мэдлэг, технологи дамжуулалт мөн улс орнуудын маргааны хурц сэдэв болж буй цаг үед бид амьдарч буй билээ. Угтаа дэлхийн нөгөө хагаст тулгарч буй асуудал Африкт ч, Азид ч, далайн чанадад ч, бас Монголд ч цаг хугацааны хувьд ижил тохиолдож, нэг ижил шийдэл хүлээж байна. Тиймээс ч дэлхийн манлайлагчид, шийдвэр гаргагчид, шинийг санаачлагчид хэр зэрэг ойртон нягтарч, хоорондоо ойлголцоно, тэр хэмжээгээр асуудлыг хамтдаа шийддэг эринд бид хэдийн хөл тавьжээ.
Дэлхийн таван тивийн 189 улсын 7.5 тэрбум хүн технологийн асар хурдтай эрин үед ийн нийтлэг бэрхшээлтэй, нийтлэг үнэт зүйлтэй, бас нэгдмэл эв санааг эрэлхийлж байгаа нь глобалчлалын давалгаа хүн төрөлхтнийг хэдийн нөмрөн авсныг илтгэнэ.
Иймээс ч энэ жил дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ы оролцогч 3000 гаруй эрхэм дижитал эринд глобалчлалыг хэрхэн хүртээмжтэй, тогтвортой авч явах талаар ухаанаа уралдуулж, мэдлэг мэдээллээ хуваалцаж байгаа юм.
Түүхэнд газар зүйн их нээлтийн үеэс эхэлсэн гэж үздэг глобалчлал өдгөө дөрөв дэх эрин үедээ ирээд буйг ДЭЗЧ-ыг үүсгэн байгуулагч Клаус Шваб чуулганы нээлтийн үеэр онцолсон билээ. Улам бүр харилцан хамааралтай болж буй дэлхийн хөгжлийн төв нь хүн байх бөгөөд энэ хөгжлийг илүү хүртээмжтэй, тогтвортой явуулах нь форумын чиглэх гол асуудал юм.
1990-ээд оноос эрчимтэй явагдсан гэж үздэг глобалчлал хүмүүст сайн сайхныг авчирсан уу, улс орнуудад хүн төрөлхтний хөгжлийн ололд дэвшлийг ашиглах боломж байж чадав уу гэдгийг цэнхэр гарагийн хөгжлийг залагч эрхмүүд эргэн харж, салбар бүрийн төлөөлөл нухацтай хэлэлцэж байгаа билээ. Яагаад гэвэл тэдэнд хөгжлийн замналаа эргэн харах хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Юуны өмнө технологийн дэвшил, дижитал ертөнцийн хурдыг одоогийн систем, хандлагаар гүйцэхгүй гэдэг тодорхой болсон. Магадгүй танд арай хол сонсогдож байж мэднэ. Гэхдээ таны хүүхэд шүд нь цухуйж амжаагүй байхдаа гар утсыг тань хараад авах гэж нэхдэг бол технологийн хурдыг та нэгэнт гүйцэхгүй болсон гэсэн үг.
Глобалчлалын өөр нэг сүүдэртэй тал нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурд нийгэм дэх тэгш бус байдлын зааг ялгааг улам тэлж байна. Тун саяхан дэлхийн нийт хүн амын тал хэсгийнх нь амьжиргаа өдөрт 5.5 ам.доллараас бага байгааг судалгаагаар тогтоосон. Бас 10 хүүхэд тутмын нэг нь дархлаажуулалт, вакцинд огт хамрагдаж чаддаггүй гэсэн олон улсын байгууллагуудын тооцоо бий. Үүний хажуугаар ногоон дэлхийдээ хүмүүс дэндүү хайр гамгүй хандсанаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй. Үүнд хамгийн их санаа зовж байгаа нь шинэ мянганыхан бөгөөд ирээдүйд тулгарах хамгийн том эрсдэл гэж тэд үзэж буй юм.
Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл, глобалчлалын гол залуур болсон эдийн засаг, худалдааны эрч сүүлийн 10 жилд саарч эхэлснийг гэрчлэх судалгаа McKinsey хийсэн байна. Тухайлбал, 2007 онд дэлхийн нийт экспорт ДНБ-ий 28.1 хувьтай тэнцэж, 2.1 дахин хурдтай өсөж байсан бол 2011 оноос хойш саарсаар, 2017 онд 22.5 хувьтай тэнцэх болжээ. Гэтэл нөгөө талд дижитал хувьсгалын ачаар зах зээл дээрх ажил үйлчилгээний өсөлт бараа бүтээгдэхүүнийхээс 60 хувиар илүүрхээд эхэлсэн нь ирээдүйд эдийн засгийн өсөлт, бизнесийн амжилтыг технологи зална гэдэг нь тодорхой юм. Нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний арилжаа 13 их наяд ам.доллараар эргэлдэж байгаа бол ажил үйлчилгээнийх 13.4 их наяд ам.доллар болж гүйцэж түрүүлсэн байна. Брэнд, программ хангамж, үйл ажиллагааны систем болон оюуны бусад өмч 2000 онд компаниудын нийт хөрөнгийн 5.4 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 13.1 хувь болж нэмэгдээд байгаа юм.
Ийнхүү технологийн дэвшлээс хэн ч зугтах аргагүй болж, харин ч илүү ойртох тусам илүү боломж гарч ирнэ. Яг л тэртээ 28 жилийн өмнө глобалчлал эрчээ авч байсан үе шиг. Аливаа зүйл улам хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ өөрчлөлтөд хүн бүр, улс болгон, дэлхий ертөнц хэрхэн дасан зохицох вэ.
1 сар, 1 долоо хоног өмнө
Онлайн худалдааны Amazon компани даваа гарагт зах зээлийн үнэлгээгээр Microsoft-оос жаахан давсан учир Уол Стритийн томчуудын жагсаалтыг тэргүүлж, хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон байна. Цахим арилжааны компанийн хувьцааны үнэ 3.4 хувиар өссөн явдал Amazon-ий нийт үнэлгээг 797 тэрбум ам.долларт хүргэснийг Bloomberg агентлаг мэдээлэв. Өнгөрсөн оны есдүгээр сард Amazon нэр тэрбум ам.долларын босгыг давсан боловч технологийн хувьцааны ерөнхий уналтын дараа үнэлгээ доошилсон. Гэтэл дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтыг тэргүүлж байсан Microsoft-ын хувьцааны үнэ даваа гарагт ердөө 0.1 хувь өссөн тул гол өрсөлдөгчдөө байр сууриа алдав. Технологи, интернэтийн аваргуудын урд хойноо орсон ийм хөөцөлдөөн хэдэн сарын турш үргэлжилж, арванхоёрдугаар сарын эхээр Amazon богино хугацаанд аваргын титмийг авсан. Хоёр компанийн тус тусын үнэлгээ тэргүүн байрыг олон жил хадгалсан Apple-ийнхаас нэлээд давж гараад буй.
iPhone үйлдвэрлэгч аравдугаар сарын эхээр 1.1 их наяд ам.долларын босгыг алхсан боловч одоо 702 тэрбум дээр буугаад байна. Үүний гол шалтгаан нь Хятадад iPhone-ий эрэлт таамгаас доогуур байгаа явдал гэж үздэг. Өнгөрсөн долоо хоногт тус компани борлуулалтын төлөвөө доошлуулсны дараа хувьцааных нь үнэ уруудаж, 2017 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн доод түвшинд иржээ. Одоо Apple АНУ-ын хувьцааны зах зээлд дөрөвт жагсаж байна. Google-ын толгой компани болох Alphabet Inc., 745 тэрбум ам.долларын үнэлгээгээр гуравдугаар байрт бичигджээ.
1 сар, 1 долоо хоног өмнө
Хятадын хурдтай өсөж буй гадаад өр тус улсад төдийгүй дэлхий дахинд ноцтой бэрхшээл учруулж болзошгүй боллоо.
БНХАУ-ын төлж амжаагүй гадаад өр албан ёсны тооцоогоор 1.9 их наяд ам.доллар. Энэ нь 13 их наяд ам.доллараар хэмжигддэг эдийн засагт айхавтар их тоо биш байж мэдэх юм. Гэхдээ дан тоонд анхаарвал далд эрсдэлийг дутуу тооцсон хэрэг болно.
Хятадын гадаад өр ердөө сүүлийн арван жилд л эрс өссөн. Албан ёсны статистикаас үзвэл, өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар тус улсын нийт гадаад өрийн 62 хувь нь богино хугацааны өр байгаа юм. Өөрөөр хэлбэр Хятад улс 1.2 их наяд ам.долларыг энэ онд төлөх ёстой. Тус улсын гадаад өр зөвхөн 2018 онд гэхэд 14 хувиар өсжээ. Хэрэв 2017 оны эхнээс эхлэн тооцвол өр бүр 35 хувиар өссөн дүнтэй гарна.
Гадаад өр БНХАУ-ын валютын нөөцөөс шалихгүй хороодог байсан үе хэдийн төгсгөл болжээ. Учир нь 11 дүгээр сарын байдлаар тус улсын валютын нөөц гурван их наяд ам.доллартай тэнцэж байсан юм. Тус улсын валютын нөөц сүүлийн хоёр жилд бараг тогтмол байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар богино хугацааны валютын өр 39 хувиар өслөө.
Хэрэг дээрээ бодит байдал илүү ноцтой. БНХАУ-ын гадаад өрийг Daiwa Capital Markets наймдугаар сарын тайландаа гурван их наядаас 3.5 их наяд ам.доллар хэмээн тооцоолсон. Албан ёсны статистикт оруулаагүй хонконг, Нью-Йорк, Карибын арлууд зэрэг санхүүгийн төвүүдээс авсан зээлийг тооцвол лавтайяа дахин 1.5 их наяд ам.долларын өр нэмэгдэж байна.
Байдал Хятад оронд улам таагүй болсоор. Тус улсын компаниуд БНХАУ, АНУ-ын бодлогын хүүгийн зөрүү 3-5 хувьтай байх үед юанийн ханш чангарах тооцоонд тулгуурлан ам.доллараар зээл авахаар уралдаж байлаа. Оффшор зээл хямд, валютын ашигтай байсан. Одоо бол богино хугацааны ханшийн зөрүүний ашиг бараг тэг болсон. Дээр нь юанийн ханш 2018 оны ихэнх хугацаанд суларлаа. Өрийг ам.доллараар дахин санхүүжүүлэх нь хэцүү, эрсдэлтэй ажил болов.
Бээжингийн бодлого гадаад өрийг хэмжээгүй өсгөсөн. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гадаад бодлогын чухал хэсэг-“Нэг бүс, нэг зам” санаачилгыг урагшлуулахын тулд Хятад орон олон улсын зах зээлээс зээлсэн ам.доллараа Кенийн төмөр замаас, Пакистаны бизнесийн парк хүртэлх бүхий л зүйлсэд дахин зээл болгож байлаа.
Энэ жилээс 2020 он хүртэлх хугацаа бол зээлээ эргүүлэн төлөх оргил үе. ам.долларын зээлээ эргүүлэн төлөхийн тулд Хятадын компаниуд нэг бол төв банкны валютын нөөцөд гар дүрэх (үүнийг Бээжин зөвшөөрөхгүй болов уу), эсвэл олон улсын зах зээлээс ам.доллар худалдаж авахаас аргагүй болно. Ингээд дараагийн хүндрэл эхэлнэ. Учир нь Хонконгийн оффшор юанийн нөөцөд ам.доллар худалдан авч болох ердөө 617 тэрбум юань бий. Хятад улс компаниудыг оншор зээлээ эргүүлэн төлөхийг албадах юм бол хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал эрс ихсэж дүнд нь ам.доллартай харьцах юанийн ханш унана.
Олон улсын ам.долларын хөрөнгө оруулагчид Хятадтай холбоотой хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах ёстой. Хэдийгээр орон нутгийн захиргаадын санхүүгийн хэрэгсэл, “Нэг бүс, нэг зам” санаачилгаар зээл авагчид заримдаг төрийн байгууллага боловч ам.долларын өр төлөхтэй холбоотой ямарваа өөрчлөлт хувиралт нь санхүүжилтэд ноцтой урхагтай юм.
1 сар, 2 долоо хоног өмнө
Хэрэв өндөр ба дундаас дээш орлоготой орнуудад үхрийн махны уургийн оронд өөр эх үүсвэрийн уураг ашиглавал хүнснээс шалтгаалдаг үхлийг таван хувиар бууруулж болно гэж Дэлхийн эдийн засгийн форум байгууллага тооцоолжээ. Энэ нь түүнчлэн хүнс бэлтгэлийн явцад үүсдэг хүлэмжийн хийг 25 хувь бууруулна гэж үзсэн байна. Форумын захирал доминик “Дэлхийн махны эрэлтийг ирээдүйд тогтвортой хангах боломжгүй” гэж мэдэгдэв.
Дээрх тайланд 2050 оны үед дэлхийн 10 тэрбум хүн амын уургийн хэрэгцээг тогтвортой хангахын тулд уламжлалт болон шинэлэг эх үүсвэрт инновац, туршилт хийх шаардлагатайг онцоллоо. Энд бичсэнээр дэлхийн махны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа аж. Хятад болон хөгжиж буй бусад улсад махны хэрэглээ түргэн өсөж буйн зэрэгцээ өндөр орлоготой орнуудад харьцангуй тогтвортой байгааг тайланд дурдсан байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2017-2026 оны төлөвт нэг хүнд ногдох үхэр хонь, гахай, тахианы махыг зарагдсан жингээр нь тооцож үзжээ. Жагсаалтын эхэнд нэг хүн жилд 97 кг мах хэрэглэдэг АНУ бичигдсэн байна. Махны хэрэглээ өсөхийн сацуу байгаль орчинд учруулдаг сөрөг нөлөө нэмэгдэж байгаа нь байгаль хамгаалагчдыг түгшээдэг. Тухайлбал, үхэр ба хонин сүрэг их хэмжээний метан хий ялгаруулдаг учир түүхий махны үйлдвэрлэл дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэх нөлөөтэй.
Харин талбайд ургадаг ногоо, тариа хамгийн бага ялгаруулалттай гэж эрдэмтэд тооцсон. Жишээ нь, 50 ширхэг сонгино нэг килограмм хүлэмжийн хий ялгаруулдаг бол 44 грамм үхрийн мах бэлтгэхэд мөн адил хэмжээтэйг ялгаруулна. Мах орлуулагч ургамлын гаралтай уургийн эх үүсвэр болох самар, шош зэрэг ургамал байгаль орчинд хавьгүй бага сөрөг нөлөөтэй. Энэ чиглэлд ажилладаг Цахиурын хөндийн цөөн старт-апын нэг болох Impossible Foods “махгүй мах” гэдэг бүтээгдэхүүн санал болгож, мах шиг үнэртэй, амттай бас бодит мах шиг харагддаг хэмээн сурталчилж буй.
Гэхдээ ийм амт, үнэрийг “heme” гэдэг төмөр агуулсан молекулаар бий болгодог аж. “Энэ нь ургамлын гаралтай махыг яг жинхэнэ мах шиг харагдуулж, үнэр, амтыг орлуулан боловсруулахад тусалдаг шидэт амтлагч юм” гэж тус компанийнхан ярьжээ. Тэдний тооцоогоор үхрийн махгүй нэг бургер бэлтгэхэд зарцуулдаг газар, ус нь махтайгаас 95, 74 хувь бага байдаг ба хүлэмжийн хийн ялгаруулалт нь 87 хувь доогуур байдаг гэнэ.