A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4758/

COVID-19-ийг 48 цагийн дотор устгадаг эм нээлээ

COVID-19-ийг 48 цагийн дотор устгадаг эм нээлээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4758/

Монаш их сургуулийн Био анагаах ухааны хүрээлэн, Петер Дохертигийн нэрэмжит Халдвар, дархлаа судлалын хүрээлэн, Мельбурнийн их сургууль болон Рояал Мельбурн эмнэлгийн хамтарсан багийн судалгаагаар паразитын эсрэг үйлчилгээтэй ивермектин эм нь эсийн шинжилгээ хийх үед COVID-19 вирусийг 48 цагийн дотор устгадаг болох нь тогтоогдлоо. Энэ талаар pharmafield.co.uk сайтад анхлан мэдээлсэн юм. Тус эм нь Америкийн Засгийн газрын харьяа Хүнс, эмийн хяналтын удирдлагын агентлаг FDA-ээр баталгаажсан бөгөөд судлаачид эсийг коронавирусээр халдварлуулснаас хоёр цагийн дараа ивермектин эмийн тунг туршжээ. Үүнээс хойш 48 цагийн дотор лабораторийн эс дэх РНХ 5000 дахин буурсан байна. Гэхдээ судалгааны багийнхан уг эмийн хүнд хэрэгтэй өөр эерэг нөлөөллүүдийг илүү сайн судлах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгаагаар ивермектин нь цөмийн хүлээн авагч болон вирус үүсгэгчийн урвалыг удааршруулдаг болох нь тогтоогджээ. Энэ нь RNA вирусээр халдварладаг өвчин болох DENV 1-4, баруун Нил вирус, Венесуэлийн энцефалит вирус (VEEV), томуу зэрэг халдварыг зогсоодог талаар өмнө нь мөн судлагдаж байжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгааны үр дүнгээс харахад ивермектин эмийн нэг тун нь 24-48 цагийн дотор коронавирусийн тархалтыг хянах чадвартай байжээ. Судалгааны багийнхан “Коронавирусийн эсрэг үр дүнтэй эмийг хэрэглээнд нэвтрүүлж, шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд өгснөөр вирусийн идэвхжлийг бууруулж, хүндэрсэн өвчний үйл явц болон халдварын хүнээс хүнд дамжих боломжийг хязгаарлаж чадна” хэмээн мэдэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм". 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ш.Ариунжаргал: Системийн өвчин удаан явцтай л болохоос хавдартай ижил аюултай өвчин

 0 сэтгэгдэл
  • Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий
  • Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хйиж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсний үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, энэ төрлийн эмгэгтэй хүн улам олширсоор байна. Тиймээс яс, үе мөчний эмгэгийн шалтгаан, эмчилгээний талаар “Наран мед” клиникийн үүсгэн байгуулагч, УАУ-ы ахлах зэргийн эмч Ш.Ариунжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, хүүхдүүд хүртэл энэ төрлийн эмгэгээс болж шаналах болсон. Үе мөчний өвчин тулай, хэрх зэрэг олон төрөл байдаг шүү дээ. Шалтгаан, эмчилгээ нь ч харилцан адилгүй юу?

-Ревматологи буюу яс, үе, булчин шөрмөс холбогч эдийн өвчин судлал нь дэлхий нийтэд харьцангуй хожуу хөгжиж байна. 1998 онд л албан ёсоор бүртгэгдсэн. Зөвхөн үе мөчний үрэвсэлтэй холбоотой 300 орчим төрлийн өвчин бий. Эдгээрийг үүсгэж байгаа шалтгаанаар нь ерөнхийд нь аутоиммунный, халдварын шалтгаантай, бодисын солилцооны гэж гурав ангилдаг. Сүрьеэ бруцеллёз , цус задлагч нян, вирусийн гаралтай өвчнөөр үүсгэгдэж байгааг халдварын шалтгаантайд тооцдог. Харин бодисын шалтгааны улмаас үүсэж байгаа эмгэгт сахар, тулай, яс сийрэгжилт зэрэг ордог. 

-Монгол хүмүүст дээрх эмгэгүүдийн аль нь илүү түгээмэл тохиолддог вэ. Хэрх өвчний оноштой хүн цөөнгүй байдаг юм шиг анзаарагдсан?

-Хэрхийн эмгэг нь олон өвчнийг багтаасан шинжлэх ухааны нэршил юм. Системийн өвчин нь залуужиж хүйсийн ялгаа улам багасч байна. Тухайлбал тулай өвчнөөр 40 өөс дээш насны эрчүүд голдуу өвддөг байсан бол залуучууд, эмэгтэйчүүд их өвчлөх боллоо. Сүүлийн үед манай улсын хүүхэд эмэгтэйчүүд залуусын дунд түгээмэл тохиолдож буй өвчин бол Rheumatoid arthritis буюу хэрх төст олон үений үрэвсэл юм. 

-Ямар шалтгааны улмаас энэ өвчин үүсдэг вэ?

-Аутоиммуны өвчин үүсгэх шалтгаан олон бий. Газар нутгийн байршил, хооллолт, удамшил, эмийн зохисгүй хэрэглээ, жирэмслэлт, цэвэршилт, архи тамхи, хөдөлгөөний дутагдал, үе мөчний бусад өвчнийг дутуу, буруу эмчилсэнтэй холбоотой үүсдэг. 

-Газар гэсэхээр болон газар хөлдөхөөр үений өвчин сэдэрдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ялангуяа, хаврын улиралд хүмүүс эмнэлэгт хандах нь ихэсдэг юм шиг анзаарагдсан?

-Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, биед шаардлагатай витамины хэмжээ багасахаар архаг өвчин сэдэрдэг. Мөн хавар намар салхи ихссэнтэй холбоотой үе мөчний өвчин хөдөлдөг. Салхи, чийг зэрэг нь өвчин үүсгэх, сэдрэхэд нөлөөлөх тохиолдол элбэг. Ер нь үе өвддөг хүн даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Хүмүүс хавар цагт нимгэн хувцсандаа эрт орж, шилбэ, хөлөөрөө даардаг шүү дээ. Энэ мөн сөрөг нөлөөтэй.

-Системийн өвчин үе өвдөхөөс гадна өөр ямар шинж тэмдгээр илэрдэг бол? 

-Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хийж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсийн үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно. Түүнчлэн энэ өвчин зөвхөн яс, үенд нөлөөлдөггүй. Уушиг зүрх элэг бөөрөнд нөлөөлж, хатуурал үүсгэх ч эрсдэлтэй. Мөн нүд, шүд, шүүрэл ялгаруулдаг булчирхайд өөрчлөлт орж, нулимс гарахгүй нүд аргаж, хуурайших, шүд унах, буйл үрэвсэх, шүлс ялгарахгүй, булчирхай хатангиршдаг. Эхэндээ холбогч эд, булчин шөрмөс судас гэмтээгээд ясанд эрози үүсгэж иддэг. Ер нь удаан явцтай л болохоос хавдартай ижил, эмчилгээ авах нь бэрх аюутай өвчин.

-Өвдөлтийг нь богино хугацаанд намдааж болдог юм билээ. Бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий. Уг нь нэг, хоёрдугаар шатанд нь оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь хүмүүс эмээ ч ууж чадахааргүй болсон үедээ л ирдэг. Бөөр, уушги, зүрхний дутагдалд орж хатуурал үүстэл нь эм уугаад, эмнэлэгт хандахгүй яваад л байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүд маш их ирж байна. Нуруунд нь өөрчлөлт орсон, хөл гарын өвдөг, шагай нь хавдсан багачууд цөөнгүй байна. Гэхдээ хүүхэд эмчилгээ авах нь хурдан байдаг. Хурдан оношлуулжэмчилгээ эрт эхлэснээр үе мөч эрхтэн системээ хамгаалж үлдэх боломжтой. Хануур, зүү, тан, жин, бариа заслыг тохирсон европ эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Хэрэв өвчин хүндэрсэн тохиолдолд өвдөлт намдаах, үрэвсэл бууруулах, үений гэмтлийг даамжруулахгүй байх эмчилгээ хийнэ. Уг нь дасгал, иог, бясалгал, спортыг өөртөө тохируулан тогтмол хийж, хоол ундаа зохицуулаад, эмчийн заавраар эмчилгээ хийлгэвэл хүндрэхгүй. Эдгэх боломж байдаг.

Ревматизмын гаралтай үе мөчний үрэвсэлийн шинж тэмдэг

� Гарын хуруу болон гарын бугуй, хөлийн шагайн үенд халуу оргих,

� Үе хавагнах, хөших бадайрах

� Өглөөгүүр үе мөч янгинах, хөшиж хатуурах өглөөний хөшингө бий болох

� Амархан ядарч сульдах, тамирдах 

� Арьсан дээр цагираг хэлбэрийн улайлт үүсэх, жижиг зангилаанууд гарах,сэтгэл зүйн байдал гэнэт өөрчлөгдөх

� Бөөр гэмтсэн үед шээсний гарц багасах, цустай шээх, тууралт гарах, үеэр өвдөх, хаван үүсэх, цусны даралт ихсэх

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

� Тамхи, архи хэрэглэхгүй байх

� Биеийн жинд хяналт тавих

� Дасгал хөдөлгөөн, иог, бясалгал хийх. Зөв дасгал хөдөлгөөн 

� хийснээр өвчин хоёр дахь үедээ даамжирхаас сэргийлэх боломжтой.

� Нарны туяанд байнга гарах

� Буйлны үрэвсэл үүсхээс сэргийлж, амны хөндийн ариун цэвэрт анхаарах хэрэгтэй.

� Хоолой, чих, хамарыг эрүүл байлгаж, эмчийн үзлэгт тогтмол ороох

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгшрөлтийг түргэсгэдэг хоол хүнс

 0 сэтгэгдэл

Испанийн Наваррын их сургуулийн эрдэмтэд гүн боловсруулалттай хоол хүнс эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрснийг La Vanguardia сэтгүүлд мэдээлсэн байна. Үүнд талх, нарийн боов, амттан, хийжүүлсэн ундаа, янз бүрийн хачир, сахартай эрдэнэшиш, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хадгалахад зориулсан махан бүтээгдэхүүнийг хэт боловсруулсанд тооцдог. Ийм хүнсэнд будаг, сахар, хадгалалтыг удаашруулах бодис, өөх тоос, давс ихээр ордог боловч амин дэм, торлог бодисоор ядуу юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд эдгээрийг хэрэглэснээр хромосомын үзүүрийн хэсэг багасдаг байна. Уг хэсэг нас ахих тусам богиносдог авч дээрх хүнсийг хэрэглэснээр үйл явцыг хурдасгадаг аж. 57-91 насны 886 хүнтэй бүлэгт туршилт явуулж, хромосомын үзүүр ба хооллолтын харилцан хамаарлыг тогтоожээ. Үр дүнгээс үзвэл өдөрт гурваас дээш удаа гүн боловсруулалттай хоол идсэн хүмүүсийн хромосомын үзүүр богиносох үйл явц хоёр дахин түргэсдэг нь тодорхой болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Moderna-гийн вакцин COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоож байна

 0 сэтгэгдэл
  • Дэлхий даяар зай барих арга хэмжээг зогсоох, эдийн засаг, сургуулиудыг эргүүлэн нээх, урлаг, спортын арга хэмжээг айдасгүйгээр чөлөөтэй зохион явуулахад вакцин чухал үүрэгтэй
  • Цар тахлыг зогсоохоор ажиллаж буй вакцин болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд зах зээлд гаргах бүтээгдэхүүнээсээ хэр орлого олох эсэхийг одоогоор ярихгүй байгаа

АНУ-ын биотехнологийн Moderna Inc компанийн туршилтын вакцин хүний дархлалын тогтол цоонд шинэ төрлийн коронавирус эсэргүүцэх чадвар үүсгэсэн нь дэлхийн нийтийн тэмцэлд найдвар төрүүллээ. Туршилтад сайн дураар оролцогч цөөхөн хүнд аюулгүйн үнэлгээ өгөх зорилгоор жижиг туршилт хийсэн учраас үр дүнд болгоомжтой хандах нь чухал. Гэхдээ сая сая эрүүл хүнд тарих тул аюулгүйн ноцтой эрсдэл байхгүйг ойлгуулж өгсөн нь уг туршилтын чухал ач холбогдол юм. “Вирус олшрох явцыг зогсоож чадахуйц эсрэг бие үүссэн нь сайны шинж” хэмээн Moderna-гийн гүйцэтгэх захирал Стефан Бансел ярилцлагадаа онцлов. “Үүнээс илүү сайн мэдээ гэж юу байх вэ” хэмээн тэрбээр тодорхойлж байна. Цаашид вакциныг илүү олон хүнд туршиж, үр нөлөөг нь судлах гэж буй тус компани туршилтын гурав дахь шатанд олон мянган хүнийг хамруулах юм. Дэлхий даяар зай барих арга хэмжээг зогсоох, эдийн засаг, сургуулиудыг эргүүлэн нээх, урлаг, спортын арга хэмжээг айдасгүйгээр чөлөөтэй зохион явуулахад вакцин чухал үүрэгтэй.

Өдгөө дэлхий даяар 4.7 сая хүнд халдварлаж, 300 гаруй мянган хүний аминд хүрээд байгаа шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV-2-ын вакцин бүтээх ажилд эм үйлдвэрлэгч, эрдмийн байгууллага, засгийн газрууд дэлхий даяар өрсөлдөж байна. Шинэ мэдээллийн дараа Moderna-гийн хувьцааны үнэ Нью-Йоркт 30 хувиар өсөж, 87 ам.доллар хүрсэн нь тус компанийн хувьд үнэмлэхүй үзүүлэлт болж байна. Вирусийн тархалтыг эрдэмтэд зогсоож чадна гэсэн итгэлийг Moderna болон Оксфордын их сургууль, БНХАУ төрүүлж буйн ачаар дэлхийн зах зээлд итгэл бэхжиж, S&P 500 индекс 3.1 хувиар дээшилсэн юм. Цар тахлыг зогсоохоор ажиллаж буй вакцин болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд зах зээлд гаргах бүтээгдэхүүнээсээ хэр орлого олох эсэхийг одоогоор ярихгүй байна. Вакцин хөгжүүлэх туршилт хэд хэдэн шаттай явагддаг. Эхний шатны тестийг зөвхөн аюулгүйн үнэлгээ хийх, хүний дархлааны тогтолцоо хариу реакц үзүүлж буй эсэхийг тогтоох зорилгоор явуулдаг.

Цаашид долдугаар сараас эхлээд олон мянган хүнийг туршилтад хамруулж, вакцин бодит орчин нөхцөлд вирусийг дарангуйлж, олшрохоос сэргийлэн, хүчийг нь сулруулж чадаж буй эсэхийг нарийн тодорхойлох юм. Нэгдүгээр шатны туршилтаар судлаач нар цусны дээжид судалгаа хийж уг вакцин онолын хувьд хадварын эсрэг тэмцэх чадвартай эсрэг бие үүсгэж буй эсэхийг шалгасан юм. Судалгааны хүрээнд тарьсан багахан хэмжээний тун нь эсрэг бие үүсгэсний дараа хоёр дахь их тун халдвар тусаад эдгэсэн хүний биед илэрдэгтэй ижил болон илүү түвшинд эсрэг бие үүсгэж чаджээ. Аюулгүйн тест амжилттай болж вакцинд нийтлэг реакц үүсэж чадсаныг Бансел тайлбарласан юм. Их тунгаар тариулсан гурван хүний биед дам харш нөлөө тод илэрснийг компанийн презентацид тайлбарласан аж. Дараагийн шатанд ийм хэмжээтэй тунгаар тарихгүй. Нийт 600 хүнийг хамруулах хоёрдугаар шатны туршилт удахгүй эхэлнэ. Ихэнх вакцин нь генийн инженерчлэлийн аргаар үүсгэсэн вирусийн идэвхгүй “хэсэг” эсвэл уураг байдаг. Тариулсан хүнд вакцин тухайн өвчнөөр өвдөөд эдгэсэн хүнд байдагтай адил дархлааны механизм үүсгэдэг юм.