A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5652/

COVID-19-ийн хоёр дахь давалгаанаас болгоомжлоорой

COVID-19-ийн хоёр дахь давалгаанаас болгоомжлоорой

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5652/
  • Олонх улс орон вирусийн халдварыг хязгаарлах арга хэмжээ авч тархалтыг удаашруулсан боловч дэгдэлт дахивал ноцтой эрсдэл учирна

Дэлхий даяар Засгийн газрууд цар тахлаас хамгаалсан боловч эдийн засгаа хямраасан хориг, хязгаарлалтуудаа зөөлрүүлэх арга хэмжээ авч байна. Гэвч хоёр дахь давалгаа гэх хоёр үгээр илэрхийлэгдэх айдас хүмүүсийн тархинаас салсангүй. Жаахан намдсан ч коронавирусийн халдвар дахин улам хүчтэй дэгдэж, эрүүл мэндийн тогтолцоог сүйрүүлэн хөл хорионд оруулж магадгүй байна. Ази болон АНУ-д халдварын дахилт илэрч байгаа нь уг айдсыг улам дэвэргэлээ. Хоёр дахь давалгаа гэдэг нь өвчлөл өнгөрсний дараа дахин тохиолдол илрэхийг хэлдэг. Цар тахал бол хүмүүсийн дархлаанаас давсан өвчлөлийн тархалт юм. Цар тахал ховор үзэгдэл боловч ханиад түүний хамгийн олон тохиолддог хэлбэр. Олон улс орон вирусийн халдварыг хязгаарлах арга хэмжээ авч тархалтыг удаашруулсан боловч дэгдэлт дахивал олон хүнд эрсдэл учирна. Тухайлбал, АНУ-ын Техас, Калифорни, Флорида муж улс хөл хориог цуцалсны дараа орон нутгийн чанартай дахилт ажиглагдлаа.

Гэвч Америкийн Харшил ба халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фоучи тус улсад коронавирусийн дэгдэлтийн нэгдүгээр шат дуусаагүй байна хэмээн мэдэгдэв. Азийн орнууд халдварыг хязгаарлах талаар илүү амжилтад хүрсэн ч Бээжингийн томоохон захаас эхэлсэн дэгдэлт дахин хатуу арга хэмжээ авахад хүргэж вирус дахин тархах нь гэсэн айдас түглээ. Хөл хориог яаран цуцалснаар шинээр дэгдэх эрсдэл үүсгэж болзошгүй ба улам хүчтэй дахин дэгдвэл хоёр дахь давалгаа эхлэх аюултай. Мөн сэрүүн уур амьсгал вирусийг сэргээж болзошгүй бөгөөд вирус мутацад орох боломжтой. Энэ бол үргэлж илэрч байдаг ханиадны нэг онцлог. 1918 оны сүүлээр испани ханиадны хоёр дахь дэгдэлт болж, тухайн үедээ цар тахлаар үхэгсдийн олонхыг авч одсон түүх бий. Зарим судлаач коронавирус мутацад орсноор олонх хүний дархлааны систем танигдахгүй болж байгааг анхааруулж буй. Өөр нэг аюул бол коронавирус урьд нь халдвар аваагүй, дархлаа тогтоогүй хүмүүст халдварлах аюултай юм. 

ДЭМБ хөл хориог үе шаттай цуцалж, шат бүрийн дараа тест хийснээр дараагийн шатанд шилжихийг зөвлөж байна. Ямар ч тохиолдолд халдварыг хөл хориогүйгээр хязгаарлах гол арга бол тестийг өргөн хэмжээнд явуулж, контактыг ажиглах явдал гэж мэргэжилтнүүд онцолсон. Эрүүл мэндийн байгууллагууд халдвар авсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлах, улмаар тэдний контактыг мөн илрүүлж тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүн амын олонход коронавирусийн эсрэг сүргийн дархлаа тогтох буюу вакцин бүтээх хүртэл хугацаа хожих юм. 2002-2003 онд Азид амьсгалын замын хурц синдром дэгдсэн боловч цар тахлын хэмжээнд хүрээгүй. Адил төрлийн коронавирусээс үүсгэлтэй байсан боловч Covid-19-ийн вирус шиг халдвартай байгаагүй. Орчин үед эбола өвчний халдвар үе үе гардаг боловч зөвхөн Африк тивийн цөөн улсаар хязгаарлагддаг. Үүнээс үзэхэд нэн шинэ түүхэнд коронавирус шиг дэлхийг хамарсан тахал гараагүй учир хүн төрөлхтөн үр дагавар хийгээд хор хохирлыг түгшин ажиглаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02 /Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03 /Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хичээлгүй өнжсөн жил хүүхдүүд түлэгдэж, гэмтэх нь нэмэгджээ

  • 1-4 насны хүүхдийн түлэгдэлт осол гэмтлийн хамгийн их хувийг эзэлж байна
  • ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ
  • Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ
  • Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг

Сүүлийн хэдэн жил хүүхэд элдэв төрлийн гэмт хэрэг, осол гэмтлийн золиос болох үзэгдэл газар авлаа. Өдөр бүр л хүүхэд ямар нэг байдлаар осолдсон, эсвэл гэмт хэргийн хохирогч болсон, гэмтэж, бэртсэн таагүй мэдээ тасралтгүй сонсогдсоор. Энэ харгис нийгмийн золиос нь бяцхан үрс болж байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Хүчирхийлэл, гол усны үер, халуун хоол цайнд хүүхдээ түлж гэмтээсээр байна. Халдварт өвчин тархсанаас болж сургууль, цэцэрлэг хаасан нь хүүхдүүдэд том эрсдэл болжээ. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж гэмтсэн, буцалсан ус, халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байгаа аж. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлэгчдийн дийлэнх нь хүүхэд болохыг эмч нар хэллээ. Тус эмнэлгийн Түлэнхий нөхөөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Хишигсүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж буй. ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ. ГССҮТ-өөс гаргасан статистикийг харахад 2020 он гарсаар 10 мянга орчим хүүхэд их, бага хэмжээгээр түлэгдэж, гэмтсэн байна. ГССҮТ-өөс гаргасан тандалт судалгаанаас харахад 2020 оны I улиралд буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд улсын хэмжээнд осол гэмтэл, гадны шалтгаанаар 31841 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 625 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 19 тохиолдлоор нэмэгджээ. Зөвхөн Улаанбаатар хотод ч биш орон нутагт ч хүүхдүүд түлэгдэж, гэмтэх тохиолдол элбэг байгаа талаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Н.Сандуй ярьжээ. Тус аймгийн эмнэлгийн гэмтлийн тасгаар үйлчлүүлсэн иргэдийн 90 хувийг 0-5 насныхан эзэлж байгаа аж. Тэдний дийлэнх нь халуун хоол, цайнд түлэгджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллээс харахад 0-5 нас хүүхдийн өвчлөлийн шалтгааны нэгдүгээр зэрэгт бичигдэж байна. ГССҮТ-ийн эмч нарын ярьж буй гаар хүүхэд нэгнийгээ харж, асарч үлдсэнээс болж ахуйн осолд өртдөг аж. Эмч Н.Ууганбаяр тавдугаар сард ГССҮТ-өөр гал түймрийн улмаас түлэгдсэн хүүхэд цөөнгүй ирснийг хэлсэн. Зуны улиралд түлэнхийн тасгийн үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг гэнэ. Учир нь хүүхдээ хөдөө явуулж, хараа хяналтгүй байлгадгаас болж халуун хоол цайнд түлэгдэх тохиолдол гарсаар байдгийг анхааруулсан байна. Ийн хүүхдүүд халуун хоол цайнд түлэгдэж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна. Энэ бүхэн цэвэр эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж буйг эмч нар хэллээ.

Уг нь улс даяар “Эцэг, эхийн хариуцлагыг өндөржүүлье” сэдэвт аян өрнүүлж буй ч халдварт өвчний мэдээнд дарагдаад үр дүн нь төдийлэн харагдахгүй байгааг ч гэмтлийн эмч нар хэлж байв. Зарим хүнд хэлбэрийн түлэнхийн үед арьс нөхөн сэргээх эмчилгээ хийдэг бөгөөд бага насны хүүхдүүд жил бүр ийм эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг аж. Түлэнхий бол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй согог юм. Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Энэ ч үнэний ортой. Бага насандаа нүүрээ түлж, шанаандаа том сорвитой болсон, М өдгөө насан туршдаа сэтгэлийн шархтай явна. Тэрбээр үсээ байнга шанаа руугаа унжуулж, түлэгдэж, атиралдсан арьсаа нуудаг. Түүн шиг бие, сэтгэлдээ насан турш шархтай амьдруулахыг хүсэхгүй л бол эцэг, эхчүүд хүүхэддээ санаа тавих хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ түлэгдэхээс хамгаалахыг байнга анхааруулдаг ч эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал хүүхдээ насан туршид нь согогтой болгож буй нь харамсалтай. Хүүхдийн түлэгдсэн талбай алга дарам хэмжээтэй байхад л амь насанд аюул учрах эрсдэлтэй болохыг эмч нар хэлдэг. Өдгөө түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 35 нь хүндэвтэр түлэгдсэн бөгөөд удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Багадаа 20 гаруй хоног эмчлүүлэх хэрэгтэй болж байна. Ах, эгч нараар нь дүүг асруулснаас болж бага насны хүүхэд түлэгдэж, гэмтдэг гэдгийг эмч нар онцолсон. Дэлхийн олон оронд зөвхөн насанд хүрсэн эцэг, эх гэрийн асрагчаар бага насны хүүхдийг харуулж, асруулах дүрэмтэй байдаг бол манай улсад ийм журам байхгүй. Зургаан настай нэгдүгээр ангийн хүүхэд дүүгээ асрах үүрэг хүлээдэг. Найман настай эгчээр нь дүүг харуулж үлдээснээс болж галаа түлэх гэж байгаад гэрээ шатааж, хөрш нь харсан тулдаа унтрааж, хоёр хүүхдийн амийг аварсан жишээ саяхных. Гэтэл эцэг, эхчүүдийн хүүхдээ тохойн чинээ ах, эгчид нь даатгаж гэртээ хаядаг зан жаалуудыг гэмтлийн эмнэлгийн өвчтөн болгох шалтгаан болж байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд гэр бүлдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүрэгтэй гэж заасан. Гэвч эцэг, эхчүүд хуулийн энэ заалтыг огт хайхардаггүйгээс болж хүүхэд эрсдэлд ороор байна. Нөгөө талаар үүргээ ухамсарлаагүй, хүүхдээ түлж гэмтээсэн эцэг, эхэд хариуцлага хүлээлгэдэггүй. Монголд хэрэгтэй, хэрэггүй өч төчнөөн хууль байдаг ч иргэд тэр бүр мэддэггүй. Бас хуулиа мөрдөггүй, хариуцлага хүлээлгэдэггүй байдал хүүхэд хамгааллыг улам сулруулж байна. Эцэг, эхийн хэнэггүй зан ч засагдахгүй нь бололтой. Хатуу харицлага хүлээлгэдэг бол хүүхэд бүх зүйлд хохирохгүй байх байлаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг дутагдалтай тал бий. Хүүхдийг хүүхдээр асруулж болохгүй гэсэн заалт алга. Иймээс ах, эгчид нь даатгаж үлдээгээд ажилдаа явдаг эцэг, эхчүүдийг буруутгах боломжгүй юм. Жил бүр хүүхдийн түлэгдэлтийг хэвлэл мэдээллийг хэрэгсэл бишгүйдээ л хөндөж тавьдаг. Гэвч эцэг, эхчүүд болон холбогдох мэргэжлийн хүмүүс төдийлэн хайхарч үздэггүй. Хэрэв үр дүнд хүрдэг байсан бол өнөөдөр бага насны хүүхдүүд түлэнхийн тасгийг дүүргэж, шархны халуун болж шаналахгүй байх байлаа. Хүүхдийн байгууллагууд ч ах, эгч нараар нь бага насны хүүхдийг асруулж буйд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Энэ талаар нарийн судалгаа хийх шаардлагатай байна. Хэчнээн өрх хэдээс хэдэн насны хүүхдээр балчир дүүг нь харуулж, асруулдаг талаар судалгаа хийх хэрэгтэй болов уу.