A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3388/

ERD provides results from Khundii gold exploration

ERD provides results from Khundii gold exploration
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3388/

Erdene Resource Development (ERD) Corp. provided results from the second phase of the 2019 gold exploration program and announced the commencement of the Q4 2019 drill program at its 100 percent owned Khundii Gold Project.“Our exploration results, including the successful step­out drilling at the Bayan Khundii (BK) deposit and the new Khar Mori (Dark Horse) discovery on the Khundii Mining Licence continue to demonstrate the potential of the Khundii Gold District,” said Peter Akerley, ERD’s President and CEO. “First identified in 2015 by Erdene, the pace of discoveries is a testament to the virgin nature of this fertile district. These new prospects provide significant opportunities to grow resources at our high grade, open­pit development.”“The final 2019 exploration program, focused on following up on the Khar Mori discovery, drilling on the Ulaan license and completing geotechnical and metallurgical drilling will kick­off this week. Erdene is targeting first gold production in 2021 as the first step in its journey to becoming a major regional gold producer. The Khundii Gold District provides the potential for significant growth through continued exploration and acquisition.” continued Mr. Akerley. According to the report, Erdene’s deposits are located in the Edren Terrane, within the Central Asian Orogenic Belt, host to some of the world’s largest gold and copper­gold deposits. The company has been the leader in exploration in southwest Mongolia over the past decade and is responsible for the discovery of the Khundii Gold District comprised of multiple high­grade gold and gold/base metal prospects, two of which are being considered for development: the Bayan Khundii and Altan Nar projects. Together, these deposits comprise the Khundii Gold Project.In October of 2019, Erdene announced the results of an independent Technical Report for the Khundii Gold Project, which included a Pre­feasibility Study (PFS) for the BK deposit and an updated Preliminary Economic Assessment (PEA) for the Altan Nar deposit. The PFS and the updated PEA results include an after­tax Net Present Value at a five percent discount rate and a USD 1,300/oz gold price of USD 97 million and USD 24 million, Internal Rate of Return (IRR) of 42 percent and 90 percent for Bayan Khundii and Altan Nar deposits, respectively. 




A

Жижиг

A

Дунд

A

Том

Арьсан бүтээгдэхүүний зах зээлд өнгө нэмэх “Aмка” брэнд

 0 сэтгэгдэл
  • Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг
  • Өнгөрсөн жилээс хүү маань бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой хийж үзэг гэж боддог юм. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна
  • Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, би байхгүй байсан ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд мөнгө орж байх хэмжээнд хүргэх

“Паскаар эхэлсэн бизнесээ зах зээлд өрсөлдөхүйц брэнд болгохын тулд багагүй хөлс дуслуулсан, одоо ч хичээсээр байна. Мэдээж шантрах үе бишгүй тохиолддог. Гэвч бууж өгөөгүй, өгөх ч үгүй” хэмээх шавилхан биетэй, хөдөлмөрч залуугийн үүсгэн байгуулсан “Aмка” брэндийг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна. Арьсан эдлэлийн зах зээлд өөрийн гэсэн дүр төрхийг бий болгоод буй тус брэндийн үүсгэн байгуулагч У.Амарбат 23 настай экологич мэргэжилтэй. Залуу хүнд мөнгө, туршлагаас илүү зориг, зорилго тэмүүлэл хэрэгтэйг үлгэрлэж буй тэрбээр бизнесээ нэг жилийн өмнөөс эхлүүлсэн ч богино хугацаанд цэцэглүүлж чаджээ. Учир нь тус брэнд дотоодын зах зээлд танигдаад зогсохгүй БНХАУ, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаад амжсан байна.

Аав ээждээ ажил олгож байна

Түүний аав С.Ундрахболд, ээж Л.Эрдэнэчимэг нь Японы хөрөнгө оруулалттай “Тод гэрэл жидай” компанитай хамтарч Hushtug брэндийн арьсан цүнх үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Тэд тус брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг бөгөөд сард дунджаар 600-800 цүнх Японы зах зээлд нийлүүлдэг байна. Харин өнгөрсөн жилээс хүү У.Амарбат нь мөн тэдний үйлдвэрт захиалга өгч бүтээгдэхүүн хийлгэдэг болсонд тун баяртай байгаагаа илэрхийлж байв. С.Ундрахболд “Манай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад найман жил болж байна. Өнгөрсөн жилээс хүү минь бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой юм хийж үзэг гэж боддог. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна. Анх “ааваа би нэрийн брэндтэй болохоор төлөвлөж байна” гэхийг нь сонсоод чадах эсэхэд нь эргэлзэж л байсан. Гэтэл бодсоноос ч илүү үр дүнтэй ажиллаж байгааг нь хараад баярладаг” гэж хүүгээрээ бахархан өгүүллээ. Тэдний арьсан урлалын үйлдвэр 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөг хариуцлагатай компани юм. Мөн тэд ихэнхдээ захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг аж. Тодруулбал, хамтарч ажилладаг “Тод гэрэл жидай” компани нь мөнгөө урьдчилж төлөөд, захиалгаа өгөх системээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэснээр төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний илүүдэл гарах, хэрэглэгч хайх зэрэг хүндрэл үүсдэггүй байна. Тиймээс “Aмка” брэнд ч тус арга барилаар ажиллаж, захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ Монголын нөхцөлд зөвхөн энэ аргаар борлуулалт хийх боломжгүйг онцоллоо. Монгол арьсаар дэлхийд таашаагдсан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой тус брэнд одоогоор үйлдвэртээ болон “Улаанбаатар галлериа”-д бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд Ard.mn онлайн шопоор дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг байна. Мөн өөрсдийн цахим хуудсыг хөгжүүлж, хүмүүст танигдаж буй бөгөөд энэ нь бүтээгдэхүүний захиалга авах, борлуулах нэг чухал суваг гэнэ.

Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг

Hushtug брэндийн цүнх гурван удаагийн хяналт шалгалтыг давж байж зах зээлд гардаг байна. Японы зах зээлд чанараараа танигдах зорилготой брэнд учир эдэлгээ удаантай, бат бөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний эрхэм зорилго. Үнийн хувьд, нэг цүнхийг дунджаар 500 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Харин тус үйлдвэрийн дотоодын хэрэглэгчдэд зориулан урлаж буй “Aмка” брэндийн цүнх үүнээс хоёр дахин хямд үнээр зарагддаг. Чанарын хувьд Япон улс руу гаргадаг цүнхнээс ялгарах зүйлгүй төдийгүй загвараа дотоодын хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн урладаг байна. У.Амарбат “Манай үйлдвэрийн ажилчид чадварлаг, туршлагатай. Үйл ажиллагаа нь жигдэрсэн учир хамтарч ажиллахад таатай байдаг. Мөн аав, ээж хоёр маань хариуцаж ажилладаг болохоор надад бүтээгдэхүүнээ чанарын шаардлага хангаагүй гарах вий гэх айдас байдаггүй юм. Тэд цүнхээ үйлдвэрлэхдээ ширхэг утсанд хүртэл анхаарч, нарийн хийцтэй урладаг. “Aмка” брэндийн бүтээгдэхүүн Hushtug-ын цүнхтэй ижил чанартай гардаг нь манай бас нэг онцлог. Харин загварын хувьд дотоодын хэрэглэгчдэд тохируулан бага зэрэг өөрчилж урладаг юм. Тухайлбал, монголчууд хаяг, лого бүхий чамин хийцтэй бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой. Харин япон хүмүүс ямар нэг гоёл чимэггүй энгийн загвар их захиалдаг. Мөн Хятад, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргахдаа ч хэрэглэгчдийн судалгаа их хийдэг. Улс, үндэстэн бүхний онцлогт тохирох зүйл хийж байж л хүмүүст хүрнэ. Тиймээс зах зээлээ мэдэрч, загвараа гаргахыг хичээдэг. Гэхдээ үнийн хувьд манай бүтээгдэхүүн хоёр дахин бага байдаг. Үүнд тээвэрлэлт мэдээж нөлөөтэй. Гэхдээ Hushtug-ын цүнхний зөвхөн борлуулалт дээр зургаан хүн ажилладаг болохоор ажилчдаа цалинжуулахаас эхлээд өртөг ихтэй. Харин би бүтээгдэхүүн борлуулах, хөгжүүлэх, орлого зарлагаа тооцох зэрэг ажлыг өөрөө л хийдэг. Ингэснээр багагүй мөнгө хэмнэдэг юм. Сургуулиа төгсөөд удаагүй, хуримтлуулсан мөнгө багатай бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй юм билээ. Мөн би энэ тал дээр ямар ч мэдлэггүй, номын дуу сонсоогүй хүн. Гэхдээ болохгүйгээс болгох хүртэл нь л зүтгэж байна. Бизнес эрхлэгчдийн сургалтад сууж, аль болох өөрийгөө цэнэглэхийг хичээдэг. Хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийдэг юм. Мастертаа ч сурдаг. Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, намайг эзгүйд ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд минь мөнгө орж байх хэмжээнд хүргэх мөрөөдөлтэй” гэлээ.

Амка брэнд бүтээгдэхүүнээ Монгол арьсаар хийдэг

Арьсаар бүтээгдэхүүн урлахад хамгийн чухал зүйл бол түүхий эд байдаг. Тус үйлдвэр түүхий эдээ дотоодоосоо хангадаг байна. Учир нь Монгол арьс бат бөх, чанар сайтай, эдэлгээ удаан зэрэг олон давуу талтай. Мөн тэд дотоодын үйлдвэрээ дэмжиж хамтарч ажиллахыг хүсдэг гэнэ. Гэхдээ бүсний арал, цүнхний цахилгаан зэрэг туслах бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр ховор учир тэдгээрийг дотоодоос хангах боломжгүй байдаг аж. Энэ талаар “Бид бүтээгдэхүүнээ “Мон ирээдүй” үйлдвэрийн боловсруулсан арьсаар хийдэг. Хятадын арьсаар хийж болох ч нимгэлгээ авахдаа муу, бат бөх биш зэрэг цөөнгүй сул талтай юм билээ. Гэхдээ монгол малын арьс бэлчээрлэлтээс шалтгаалсан шарх, өвчлөлөөс үүссэн сорви ихтэй байдаг. Энэ нь бүтээгдэхүүн гаргахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм. Бидний хамтарч ажилладаг “Мон-Ирээдүй” компани арьсаа өндөр түвшинд боловсруулдаг. БНХАУ, Итали, Турк, Япон, БНСУ зэрэг орнуудад боловсруулсан арьсаа гаргадаг юм билээ. Мөн Michael Kors, ZARA зэрэг дэлхийн алдартай брэндүүд тэдний арьсаар цүнх хийдэг. Түүнийгээ Монголд оруулж ирээд шаггүй үнэтэй зардаг шүү дээ. Манай үйлдвэр маш сайн боловсруулсан түүхий эд хэрэглэдэг учир бүтээгдэхүүнээ нүүр бардам худалдаалдаг” гэлээ. Тус брэндийн хамгийн гол давуу тал нь Японы зах зээлд хөлөө олсон брэндтэй эн зэрэгцэж, туршлага судалж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа явдал юм. Түүнчлэн арьсан эдлэлийн дотоодын үйлдвэрүүдтэй харьцуулахад үнэ ч хямд байлаа. Тухайлбал, Монголд нэг бүс дунджаар 50-60 орчим мянгаар борлуулдаг бол энд 20-30 мянган төгрөг. Харин цүнх 200-300 мянган төгрөгөөр худалаалж байв. Мөн загвар давтахгүйг хичээж, чанарыг эрхэмлэдэг нь тэдний онцлог. Үүнээс гадна, бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засаж өгдөг нь хэрэглэгчдийн таашаалд хэдийн нийцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуванцар хаягдал $100 тэрбумын түүхий эд болдог

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн хуванцар сав, баглаа боодлын бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг тус тив АНУ, Европоос ч хаягдал импортолдог

Хуванцар материал, химийн бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн нэг Dow Chemical Co-гийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Жон Пенрист дахивар ашиглах 100 тэрбум учир шалтгаан бий. Далайд жил бүр найман сая орчим тонн хуванцар хаядаг. Энэ бол ажил хэрэгч хүмүүст чухал хэрэгтэй 100 тэрбум ам.долларын түүхий эд. Хуванцар хаягдлыг эргүүлэн ашиглах гол төв нь Ази тив. BloombergNEF-ийн судалгаанаас үзвэл дэлхийн хуванцар сав, баглаа боодлын бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг тус тив АНУ, Европоос ч хаягдал импортолдог. Хуванцар савыг полиэстер болгодог Энэтхэгийн автомат машин, далай дахь нефтийн бохирдлыг хуванцрын тусламжтай цэвэрлэх арга боловсруулж буй Сингапурын компани зэрэг Ази тивийн хамтын зүтгэл удахгүй нийлүүлэлтээсээ давж гарах төлөвтэй дахивар хуванцрын эрэлт ихсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болов. Одоогоор үйлдвэрлэгчдэд тулгараад буй гол сорилт нь дахивар хуванцрыг үнэ, чанарын хувьд өрсөлдөхүйц болгох явдал. Нефтиэс гаргаж авдаг анхдагч хуванцрын үнэ дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэтэй нягт уялдаатай. Харин дахивар хуванцрын үнэ харьцангуй тогтвортой байдаг. Уг нөхцөлөөс шалтгаалан дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах үед дахивар хуванцар үнэтэй болж хувирдаг. Төрөл бүрийн хуванцрыг ангилан ялгах, хуванцар хаягдлыг дэлхийн бөмбөрцгийн нэг хагасаас нөгөө хагас хүртэл зөөвөрлөж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг өсгөхийн оронд байрлал дээр нь боловсруулах нь бас нэг сорилт болж байна. Бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол байгаль орчинд хог болж хаягдах замаар жилдээ 80-120 тэрбум ам.долларын өртөг алга болдгийг Дэлхийн Банкны харьяа Олон Улсын Санхүүгийн Корпорацын захирал Навнит Чадха анхааруулав. Бид цаашид хуванцрыг хог биш, нөөц гэж үзэж сурах хэрэгтэй. Хуванцар хаягдлыг эргүүлж цуглуулан, ангилан ялгаж, угааж цэвэрлээд, хайлуулж түүхий эд болгох ажиллагааг механик аргаар дахиварт ашиглах процесс гэдэг. Гэтэл хаягдал болж буй хуванцрын ихээхэн хэсэг хүнс, химийн бодисын бохирдолтой байдаг тул чанартай түүхий эд материал үүсгэхэд зардал өндөр болдог. “Дахивар хуванцрын чанарын асуудал бас нэг бэрхшээл” хэмээн дахивар боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг компанийн нэг – SUEZ Group-ийн гүйцэтгэх захирал Жан-Марк Бурсье анхааруулав. Danone, Pepsi, Coca-Cola зэрэг хүнсний тэргүүлэх үйлдвэрлэгчид анхдагч хуванцрын чанарын түвшинд хүрээгүй дахиврыг худалдаж авдаггүй. Дэлхий даяар есөн үйлдвэртэй SUEZ нь жилдээ 500 мянган тонн хуванцар хог хаягдал боловсруулж шампунийн сав, автомашины доторлогоо зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг 150 мянган тонн полимер гаргадаг юм. Тус компани Ази дахь анхны үйлдвэрээ энэ жил Тайландад ашиглалтад оруулжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хайрыг цэцэг шиг арчилж, халамжаар усалж байх хэрэгтэй

 0 сэтгэгдэл


Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр. Харж болохгүй ч мэдэрч болдог цорын ганц зүйл. Энэхүү эмзэг нандин, гэгээлэг бас хамгийн хүчирхэг ертөнцөөр таныг аялуулъя. Үлгэр жишээ мянга мянган хосуудын төлөөлөл, салбар салбарын сайхан хостой цөөн хором ярилцлаа. Дараах дөрвөн асуултад хосууд хэрхэн хариулсныг сонирхоорой.

1. Анх хэрхэн танилцаж байв. Хамгийн анхны догдлол, хайртай гэдгээ мэдэрч байсан үеийнхээ талаар хуваалцахгүй юу?

2. Ханийнхаа ямар чанараар бахархдаг вэ?

3. Хайрыг хамгийн нандин, хамгийн цагаахан ч гэдэг. Гэхдээ хайр шиг харгис зүйл байхгүй байж ч мэднэ. Танай гэр бүл хайрыг хэрхэн тодорхойлох бол?

4. Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг туулсан байх. Хамгийн дурсамжтай үеэсээ хуваалцахгүй юу?

Бидний хайр одоо ч гал халуунаараа байна

Урлагийн салбарт олон жил зүтгэж, ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын гэр бүл ярилцлагын маань эхний зочин боллоо.

1.
Ц.Х:
Бид багаасаа л бие биеэ танина. Нэг дор өсөж, нэг сургуульд сурч байсан. 24-р сургуульд би дээд ангид нь Өлзий доод ангид маань сурдаг байлаа. Бас нэг байранд амьдардаг байсан. Цэргээс халагдаж ирээд театрт жүжиг үзсэн юм. Өлзий бас жүжиг үзэж байсан. Ингээд хамт харьж байлаа. Тэр үеэс хайрын түүх маань эхэлж бараг арав хоноод л нэг гэрт орсон. 30 жил өнгөрсөн байна. 

2.
Ц.Х:
Би ханийнхаа хөгжилтэй хошин занд дуртай. Бас юунаас ч шантрахгүй тэвчээртэй занг нь хүндэлдэг. Тэр үргэлж үзэсгэлэнтэй байж намайг баярлуулж бахархуулдаг. Гучин жил маш хурдан өнгөрчээ. Гэсэн ч би одоо ханийнхаа гэрэлтсэн нүд, сэтгэл татам инээд шонтгор хамрыг харах дуртай. Миний хань хорвоо дээр хамгийн хөөрхөн хамартай гэдэгт би одоо ч итгэлтэй байдаг.

С.Ө: Миний хань маш дөлгөөн, хүлээцтэй хүн. Бас гэр бүлээ хайраар дутаахгүйг хичээдэг. Эгч нь өдөр бүр нөхөртөө халуун хайртай гэдгээ мэдэрдэг. Бид хоёрын хайр яг одоо ч анхных шигээ гал халуунаараа байна. 

3.

Ц.Х: Хайр яагаад ч харгис зүйл биш. Хэн нэгнийг хайрлана гэдэг хамгийн сайхан. Хайрыг цэцэгтэй зүйрлэж болно. Тэгэхээр гоё сайхан цэцэг дэлгэрүүлэхийг хүсвэл хайранд хайхрамжгүй хандаж болохгүй. Усалж, арчлаагүй цэцэг үхдэг шиг хайр бас гандаж мөхнө. Хайрыг үргэлж халамж анхаарлаар тордож байх ёстой. Манай гэр бүлийн хувьд хайр хамгийн сайхан зүйл. Бид амьдралыг нэг нэгэнгүйгээрээ төсөөлж чадахгүй байх. Оровч гаравч үргэлж хамт байдаг болохоор одоо жоохон л холдвол бие биеэ санана.

С.Ө: Хайр гэдэг энэ хорвоог хөглөж, зөөллөж байдаг хамгийн гайхамшигтай зүйл.

4.

Ц.Х: Хань минь хэцүү үед хэзээ ч “Чамаас бүх юм боллоо. Чи арчаагүй эр” гэж хэлж байгаагүй. Бас хэзээ ч гомдоллож ачирхаж байгаагүй тийм л мундаг хань. Эр хүнийхээ хувьд үнэхээр арчаагүй байдалд орчихоод байгаагаа мэдэж байхад ч тийм зүйл болоогүй юм шиг байдаг. Надад хайртай болохоор намайг зовоохоос айдаг байх. Хэцүү цагийг хөтлөлцөөд давж чадах ийм том зүрхтэй бүсгүйтэй ханилсандаа би үргэлж бахархдаг. Хүүхдүүдтэйгээ хамт байх хамгийн том аз жаргал. Дөрвүүлээ хамт байхаар гэр дүүрэн баяр хөөр, инээд шуугиан. Ач, зээ нартай болбол улам их хайр ундрах байх.

С.Ө: Бид СУИС-д хамт сурдаг байсан. Манай хүн найруулагчийн дөрөвдүгээр курс, би жүжигчний ангийн нэгдүгээр курс байлаа. Тэдний анги шинэ жил хийхдээ “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрд тоглуулах гээд намайг эмнэлгээс оргуулж байсан. Би тэр үед жирэмсэн, Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байсан юм. Ямар ч эрсдлээс айхгүй бадрангуй байж дээ. /инээв/. Бас анх үерхэж байх үеэр би “Нарс” зуслан руу явсан юм. Тэр үед унаа тэрэг ч ховор байлаа. Гэтэл намайг эргэх гээд хаа холоос алхаад ирчихсэн байсан.

Хайр бол хамгийн том итгэлцэл

Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар их спортод хүчин зүтгэж буй залуу гэр бүлтэй ярилцлаа. “Хасу мегастарс” клубийн тамирчин, Волейболын үндэсний шигшээ багийн ахлагч, ОУХМ М.Цэрэнбаатар, “Алтайн барс” клубийн тамирчин, спортын мастер Г.Мөнхтуул нарын хайрын түүхээс хуваалцаж байна.

1.

М.Ц: Анх Дарханд болсон залуучуудын улсын аваргын үеэр харж байсан. Дараа нь эхнэрийнхээ сургуулийн зааланд бэлтгэл хийж байгаад танилцаж, тэр өдөр хамт автобусанд суусан юм. Эхнэрээ хараад даруухан, хүний хайр татсан хөөрхөн охин бэ гэж бодсон. 

Г.М: Бэлтгэлээ тараад хамт харьж явахдаа шохоорхож байсан. Анхны болзоон дээр үзсэн киноны тасалбараа одоо ч хадгалдаг.

2.

М.Ц: Аливаад тууштай, асуудалд эергээр ханддаг, миний ар тал болж явдаг чанараар нь бахархдаг. 

Г.М: Хөдөлмөрч, тэвчээртэй чанараар нь бахархдаг. Бас ямар ч асуудалд ноён нуруугаа алдахгүй байж, гэр бүлээ ямагт нэгдүгээрт тавьдаг. 

3.

-Хайр бол итгэлцэл гэж боддог. Бие биедээ, итгэж дэмжихээс л эхэлнэ.

4.

М.Ц: Аав, ээжийгээ гэнэтийн ослоор алдахад хань минь л хамгийн том түшиг тулгуур болж байсан. Намайг үргэлж дэмждэгт нь маш их баярладаг. Хоёулаа спортын карьер хөөх хэцүү байсан учраас эхнэр маань ажилдаа анхаарч, намайг ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр бэлтгэл сургуулилтдаа анхаарахад тусалж байна. Би дэндүү сайн ханьтай.

Г.М: Бид 2017 онд хуримаа хийсэн. Тэр жаргалтай мөч сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Хүүхэдтэй болсны дараа амьдрал эрс өөрчлөгддөг юм билээ. Гэртээ хүүхдээ хараад сууж байх тэр үед өмнөхөөсөө ч илүү халамжтай болж, үргэлж жижигхэн зүйлээр ч болов баярлуулах гэж хичээдэг байсан. Ханьдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлье.

Хайрыг харж байж итгэх биш, итгэж байж харж чаддаг

Дараагийн хайрын өртөө маань Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нарын гэр бүл. Тэд нийслэлээс орон нутгийг зорьж, хөдөө ч сайхан амьдарч болно гэдгийг харуулж яваа. Хөтлөн явуулдаг “Хөдөөгийн айл” цахим хуудсыг нь олон нийт хэдийн мэдэх болсон.

1.

Ч.Е: Долоон жилийн өмнө би архи дарс, буруу хооллолтоос татгалзаж, амьдралын зөв хэмнэлтэй болохоор хичээж эхэлсэн. Ингээд ирэхээр хүн хамт олноос орхигдох, “энэ хэзээ ийм байсан юм” гэх хандлагад өртөөд ганцаардаж эхэлдэг юм билээ. Яг тэр үед эхнэртэйгээ танилцсан. Би цагдаа хүн л дээ. Эхнэр маань нэг хэргийн хохирогч байсан юм. Гар утсаа хулгайд алдаад, байцаалт өгөхөөр орж ирлээ. Утасных нь содон шинж тэмдгийг асуутал “Цэнхэр кейстэй байсан” гэж хариулсан. Би тухайн үед англи хэлийг бие даан сурч байсан болохоор case гэдэг үгийг “Ямар гоё цэвэрхэн хэлдэг юм бэ” гэж бодож байлаа. Манай хүн гадагшаа явах гээд TOEFL-ийн шалгалтад бэлдэж байсан. Ингээд байцаалтаа мартаад англи хэл сурах тухай ярьж маргаашаас нь өдөр бүр уулзаж, утсаар холбогдох болсон. Гол нь зөвхөн англиар ярих ёстой. Эхэндээ хэлээ сайжруулж байна л гэж бодохоос биш ямар нэг холбоо байгаагүй. Хэсэг хугацааны дараа дотор маань арай өөр мэдрэмж төрж байгааг анзаараад эхнэртээ хэлсэн. 

С.Б: Би өөрийгөө дурлачихсан гэдгээ мэдээгүй явсан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг дээ.

2.

Ч.Е: Цагдаагийн ажлаа орхиж, онлайн бизнесээ эхлүүлсний дараа хоосон хонох ч үе байсан. Амьдралын ямар ч хүнд, хэцүү үед миний хажууд байдаг, тууштай чанарт нь хамгийн хайртай.

С.Б: Миний мөрөөдлийг сонсдог, намайг үргэлж дэмждэг. Би багаасаа их яриа хүүхэд байсан. Анх таарсан мөчөөс эхлээд намайг маш сайн сонсож ирсэн. Эмэгтэй хүн төрснийхөө дараа уйдах, сэтгэлээр унах тохиолдол их байдаг. Тэр үеийг нөхөртэйгөө ярилцаж байж л даван туулсан.

3.

Ч.Е: Хүний амьдралд бодитой оршдоггүй хийсвэр зүйл бол хайр. Хүмүүс хайранд харж байж итгэдэг бол бид итгэж байж хардаг.

С.Б: Би нөхрөө хэзээ ч чи гэж дуудаж, амнаасаа муу муухай үг гаргадаггүй. Энэ бол миний нөхөртөө үзүүлж байгаа хайр халамж гэж боддог. Нөхрийг маань хүмүүс их хатуу ширүүн хүн гэдэг. Гэхдээ гэртээ байхдаа "хүүе", гэхийн аргагүй зөөлөн хүн. Би энэ хүн хамгийн эмзэг байдлаа гэр бүлдээ л харуулдаг юм байна. Энэ итгэл, хайрыг нь буруугаар ашиглаж даврах биш улам бүр итгэж, хүндлэх ёстой гэж боддог.

4.

Ч.Е: Хоёр талаас маань биднийг маш их эсэргүүцсэн. Эхнэрийн талынхан өөрөөсөө олон ах хүнтэй суулаа, жаахан хүүхдийн толгой эргүүллээ гэж загнаад л. Гэхдээ эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарах тусам хайрынхаа төлөө илүү их тэмцэж, бие биедээ итгэх болсон. Эхнэр цагаан, харин би бор царайтай. Хүү маань ээжийгээ дуурайсан. Бидний гэрлэлтийг эсэргүүцэж байсан болохоор хамаатнууд хүүг маань “миний хүүхэд биш” гэх зэргээр хэлж эхэлсэн. Ийм үед эр хүний дотор урагдах шиг болдог юм билээ. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгээд тэр хүмүүст харуулж байсан юм. Заавал батлах гэж улайрсан маань миний алдаа байсан

Хайр хүн хүнээ хүндлэх сэтгэлээс үүсдэг

Хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх үйлсэд хүчин зүтгэж, эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй нэгэн гэр бүлийг онцолж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч В.Ганхуяг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч М.Ариунтунгалаг нартай ярилцлаа.

1.

М.А: Бид анагаахын дээдийн нэг ангийн хүүхдүүд. Дугуйланд ч хамт явдаг байлаа. Дараа нь ажлын байран дээр ч хамт байсан. Би унтуулгын эмч, хань маань мэс заслын эмч. Жижүүрт гарах, хурал цуглаанд явах гээд бүх л зүйл дээр хамт байсан болохоор нэг нэгэндээ татагдаж гэр бүл болсон.

2.

М.А: Худлаа ярьдаггүй чанараар нь бахархдаг. Хийж чадахгүй юман дээрээ за ч гэхгүй, үгүй ч гэхгүй. Хүнд хэзээ ч худлаа ярьж байгаагүй. Ер нь манай хүн хүнтэй огт муудалцдаггүй. Хэрэлдэж маргах зүйл болбол чимээгүй л сууж байдаг. 

В.Г: Дайчин чанарт нь дуртай.

3.

М.А: Хайр бол хамгийн агуу зүйл. Бие биеэ хүндэлж, нэг зорилготойгоор явахыг хайр гэнэ. Түүнээс биш би чамд хайртай учраас чи намайг хүндэл эсвэл чи надад хайртай бол хүндэл гэх ухвар мөчид зүйл байх ёсгүй. Хүн хүнээ хүндэлж байж хайр үүсдэг.

4.

М.А: Жаргал, зовлон зөндөө л тохиолдож байсан. Би дөрвөн удаа төрөхдөө дөрвүүлэнд нь хагалгаанд орж байсан. Хагалгаанд орохдоо нөхрөө миний хажууд байна байх гэж бодсон. Тэгээд орохынхоо өмнө “Чи миний хажууд байх уу” гэж асуутал “тэгнэ ээ” гэж хэлсэн хэрнээ хажууд минь байгаагүй. Дараа нь асуухад “Өөрөө эмч хүн байж, хүнийг хянаж байгаа аятай хараад зогсох муухай” гэж хариулж байлаа. Энэ бол эмч хүний ёс зүйн асуудал л даа. Гэхдээ анхныхаа хүүхдийг төрөх гэж байхад ёс суртахуун яриад зогсож байсан тийм л хүн дээ, миний хань. Төрөх бүрт хаалганы гадаа л зогсож байсан. /инээв/

В.Г: Анхны хүүгээ өлгийдөж авч байсан тэр өдөр сэтгэлд хамгийн тод үлджээ. Цас хөвсийтөл орсон сайхан өдөр байсан.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европын тэрбумтан Аманчио Ортегагийн амжилтын түүх

 0 сэтгэгдэл
  • Ядуу амьдралаас дэлхийн хамгийн баян гурван эрхмийн нэг болоход шинийг санаачлагч зан чанар нь нөлөөлжээ
  • Нэртэй бизнесмэн болохын тулд хөдөлмөрлөж, шинийг санаачилдаг байсан нь Ортегаг амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлжээ

Билл Гэйтсийг ардаа орхиж дэлхийн баян эрхмүүдийн нэгээр тодорсон хүн бол Испанийн тэрбумтан Аманчио Ортега Гаона билээ. Тэрбээр ZARA хэмээх загварлаг дэгжин хямд үнэтэй брэндийг үүсгэн байгуулж, бизнесээ амжилтад хүргэсэн ухаалаг бизнесмэн. Ортега сүүлийн жилүүдэд Европын хамгийн баян хүнээр тодорч буй. Түүний хөрөнгө 83.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Түүний үүсгэн байгуулсан Индитекс группийн харьяанд алдарт ZARA­-гаас гадна Pull and Bear, Massimo Dutti, Bers­hka, Stradivarius, Oysho, Zara Home, Uterqüe зэрэг бэлэн хувцас, зүүлт гоёл жижиг эд хэрэглэл, гэр ахуйн барааны найман брэнд багтдаг. Үүнээс хамгийн алдартай, хамгийн том нь ZARA брэнд. Тус брэндийг 1975 онд анх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Индитексийн тулгын чулуу байсан юм. Өдгөө дэлхийн 94 оронд Индитекс группийн нэрийн бараа ны 7405 дэлгүүр ажилладаг бөгөөд үүний 2400 нь ZARA-гийнх аж. Нийт 162 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг томоохон групп гэдгээрээ онцлог. Амжилтын эзэн ноён Аманчио Ортега Гаона 1936 оны гуравдугаар сарын 28­-нд Испанийн баруун хойд эргийн Леон хэмээх мужийн Бустонго де Арбос хэмээх бяцхан сууринд төрсөн бөгөөд түүнийг балчир байхад тэднийх зэргэлдээх Ла Коруна хэмээх тосгонд нүүн очсон байна. Ортегагийн эцэг нь төмөр замын жирийн ажилчин, ээж нь айлд үйлчлэгч хийдэг байжээ. Аманчио дээрээ хоёр ах, нэг эгчтэй айлын отгон хүү юм. Түүний бага нас туйлын ядуу өнгөрсөн бөгөөд тэрбээр эцэг эхдээ тус дэм болохын тулд 14-хөн насандаа сургуулиас гарч хувцасны дэлгүүрт туслах ажилтнаар оржээ. Энэ тухайгаа тэрбээр “Нэг удаа би ээжтэйгээ хүнсний дэлгүүрт ортол ээж дэлгүүрийн эзнээс зээлээр идэх юм өгөөч гэж гуйсан. Тэгтэл худалдагч “Сеньёора минь дээ, одоо ахиж танд зээлээр юм өгч чадахгүй, явж үз” хэмээн биднийг хөөхөд би ихэд ичиж билээ. Ингээд сургуулиасаа гарч ажил хийж мөнгө олохоор хатуу шийдсэн” хэмээн өгүүлжээ. Хүү цамц эвхэхээс эхлэн оёх, материал сонгох гээд хувцас үйлдвэрлэх бүхий л шат дамжлагатай танилцан сурав. Энэ хугацаандаа тэрбээр хэн нэгний оёсон хувцсыг зарснаас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хувцсыг өөрөө маш хурдан хийж зарвал мөнгө хийх асар их боломж буйг олж харжээ. Үүнийгээ ажил хэрэг болгохоор банкнаас тухайн үеийн ханшаар 30 ам.дол­лартай тэнцэх песо зээлэн авч анхны эхнэр Розалиятайгаа хамт том өрөөндөө зүйж ширсэн гэрийн халаад оёж, нутгийн дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн нь өнөөгийн алдарт ZARA­-гийн үндэс суурь байжээ. Анхны эхнэр Розалия Мера түүнтэй адил ажилчин айлаас гаралтайгаас гадна, мөн л 11 насандаа амьдралын эрхээр сургуулиасаа гарч оёдолчин болжээ. Тиймээс бүсгүй оёж шидэхдээ гаргуудаас гадна хувцас загварын өндөр мэдрэмжтэй сэргэлэн цовоо бүсгүй байж. Розалия дур булаам харагдуулдаг дотуур хувцас хийж эхэлсэн нь тэр үедээ мода болж байв. Тэдний бизнес нэлээд өргөжиж захиалганд дарагдаж, ажилчин нэмж авахад хүрчээ. Ингээд мөнгө цуглуулсны эцэст 1975 онд дэлгүүр нээж Аман­чио, Розалия хоёр өөрсдийн үзэх дуртай киноны гол баатар Зорбагийн нэрээр нэрлэ­жээ. Гэвч тэдний дэлгүүрээс нь холгүй яг ижил нэртэй баар байснаас хэдэн үсгийг нь өөрчилж ZARA болгосон байна.

Тус брэндийн дэлгүүр хэдхэн жилийн дотор дэлхийн хэмжээнд өргөжиж, Европ, Ази, Австрали тивд нээгджээ. Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр ноён Ортега бизнесийнхээ хүрээг тэлж, 1991 онд Pull and Bear хэмээх өсвөр насныхан болон залууст зориулсан брэнд, 1999 онд Massimo Dutti, 1999 онд Stradivarius брэндийг тус тус худалдан авчээ. 2001 онд Oysho хэмээх дотуур хувцас, фитнесс бэлтгэлийн хувцасны брэнд, 2003 онд Zara home хэмээх гэр ахуйн барааны брэнд, 2008 онд Uterqüe хэмээх гоёл чимэглэл, савхин хувцас акссесуарын брэнд гаргажээ. Хувцас үйлдвэрлэхэд том компаниуд загвар гаргахаас эхлээд 3­4 сарыг зарцуулдаг бол ZARA-­гийн хувьд 2­3 долоо хоногт л шинэ хувцсаа зах зээлд нийлүүлдгээрээ давуу талтай. Тус компани жилдээ 12 мянган шинэ загвар гаргадаг байна. Ортега сурталчилгаанд мөнгө зарцуулахыг мөнгө үрсэн дэмий хэрэг гэж үздэг нэгэн. Маркетингийн зардлын оронд дэлгүүрийнхээ дотоод засал чимэглэл, ерөнхий дизайнд үнэ хайрладаггүй. Испани тэрбумтан өндөр боловсролтой нэгэн биш учраас бусадтай ихэмсэг харьцдаггүй. Ажилтан бүрийнхээ үгийг сонсож, нээлттэй байдаг учраас амжилтад хүрсэн гэж зарим хүн үздэг байна. Өдгөө 80 настай хэдий ч ямаа, тахиа маллаж, ач, зээ нараа халамжилдаг аж. Түүний хувьдаа авсан хамгийн үнэтэй хөрөнгө нь 45 сая ам.доллараар худалдаж авсан Global Express BD­700 онгоц юм. Ортега анхны эхнэр Розалия Мерагаас 20 жилийн дараа салж, өөрөөсөө 20 орчим насаар дүү амраг Флориятайгаа гэрлэжээ. Анхны эхнэрээсээ хүү охинтой бөгөөд хүү нь тархины гэмтэлтэй төрсөн нь хосын амьдралд хүнд цохилт болсон байна. Анхны эхнэр Розалия Перез нь 2013 онд нас бартлаа Испанийн хамгийн баян эмэгтэй байсан бөгөөд амжилттай бизнес эмэгтэй, мөн л ухаалаг хөрөнгө оруулагч байжээ. ZARA-­г өвлөх эрхмээр хоёр дахь эхнэр Флория Перезээс төрсөн охин нь тодроод байгаа аж. Ортега өөрөө боловсрол эзэмшиж чадаагүйдээ харамсдаг бөгөөд жил бүр 500 оюутныг өөрийн нэрэмжит тэтгэлгээр АНУ, Канадын их дээд сургуулиудад сургадаг байна. Тэрбээр 2017 онд 320 сая ам.долларыг хорт хавдар оношлон эмчлэх 290 ширхэг аппарат авахад зориулан Испанийн эрүүл мэндийн яаманд хандивласан нь түүхэнд байгаагүй том хүмүүнлэгийн тусламж болжээ. Нэртэй бизнесмэн болохын тулд хөдөлмөрлөж, шинийг санаачилдаг байсан нь Ортегаг амжилтад хүрэхэд нь хамгийн их нөлөөлжээ.