A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/463/

Facebook дайрч давшилсан бичлэгийг устгахад дэвшил гаргав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/463/

Facebook зохисгүй, маргаантай контент зохицуулах бодлоготой нь холбоотой тодорхой тоо баримт анх удаа нийтэд дэлгэлээ. Тус компани энэ оны эхний улиралд бусдыг дайрч давшилсан болон зохисгүй агуулгатай 2.5 сая контентод “зохих арга хэмжээ” авснаа мэдэгдэж байна. АНУ-ын сошиал сүлжээний групп 2017 оны дөрөвдүгээр улиралд 1.6 сая контент “зохицуулсан”-тай харьцуулахад энэ нь 56 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ хиймэл оюун ухаан дайрч давшилсан бичлэгийг хүмүүс олж үзэхээс өмнө, хүүхдийн порнограф, террорист сурталчилгаа, спам зэрэг бусад хориотой контентоос тусад нь ялган таних ажил бэрхшээлтэй байгааг Facebook тайлбарлав. “Технологи бүгдийг амжуулж чадахгүй байгаа ч цаашид хөгжил дэвшил гарна” хэмээн тус компанийн бодлогын стандарт хариуцсан захирал Гай Росен өгүүллээ. Facebook удахгүй “Олон нийттэй харилцах стандартыг сайжруулах тайлан” нийтлэх гэж байгаатай уялдан захирал Financial Times-д ярилцлага өгсөн юм.

Twitter өөрийн платформд тавигдаж буй бусдыг доромжлон гутаасан, өдөөн хатгасан бичлэгүүдтэй холбогдуулан бодлогодоо өөрчлөлт оруулсны дараахан Facebook дээрх статистикийг ил болгосон юм. Бодлого өөрчлөгдсөнөөс хойш бусдыг дайрч давшилсан бичлэгтэй холбоотой мэдээллийн тоо хайгуулын хэрэгсэлд илрэх нь дөрөв, хэрэглэгчдийн ярилцлага дунд илрэх нь найман хувиар багассаныг Twitter мэдэгдэв. Twitter нь нэг хүн хэд хэдэн аккаунтаар зэрэг орох, нэг юмыг олон газар давтан бичих гэх мэт зан байдлаар нь ялган тодорхойлох замаар санаатай дайрч давшилсан контентыг багасгахаар хичээж байна. Дэлхий даяар, ялангуяа Зүүн өмнөд Азид мэдээллийн хэрэгслийн хаалгач, олон нийтийн хэлэлцүүлгийн шүүгчийн үүрэг гүйцэтгэж буйгаасаа шүүмжлэлд өртөх болсон түвэгтэй цаг үед Facebook-ийн “ил тод байдлын мэдээлэл” гарлаа. Мьянмарт сарын өмнө иргэний эрхийн группүүд Facebook-ийг ширүүн шүүмжлэв.

АНУ-ын сошиал сүлжээ Мьянмарын хүн амын буддын шашинт олонх, ислам сүсэгт цөөнхийг хооронд нь өдөөн турхирсан контентыг авч хаяхдаа хэт хойрго байгаад иргэний эрхийн группүүд дургүйцсэн юм. Шүүмжлэлийн хариу болгон Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг зохисгүй контенттой холбоотой мэдээлэлд тухайн өдөрт нь хариу өгч байхаар амлав. Вьетнамын хүний эрхийн идэвхтнүүд Facebook-ийг контент, хүчинтэй аккаунт устгах ажилд коммунист эрх баригчидтай хамтарч байна хэмээн буруутгалаа. Facebook “Засгийн газрын хүсэлтэд ул суурьтай, шат дараатай хандаж арга хэмжээ авдаг”-ийн зэрэгцээ зарим контент нийтийн ёс зүйд нийцэх мөртөө тухайн улсын хууль зөрчих тохиолдол гардаг учраас авч хаядаг гэсэн хариу өгсөн юм. Мягмар гарагийн мэдэгдлийн дараахан Facebook контентын модераторуудад зориулан маргаан шийдвэрлэх зааварчилга нийтэллээ. Устгуулсан контентод хэрэглэгч гомдолтой байвал модераторуудын шийдвэрийг эргэх харах нөхцөлийг зааварчилгад тусгаж өгчээ. Жишээ нь, бусдыг дайрч давшилсан, эрээ цээргүй, хүчирхийлэл зэрэг шалтгаанаас устгасан контенттой холбогдуулан хэрэглэгч гомдол гаргаж болно. Facebook хүүхдийн порнограф, терроризмтой холбоотой постыг устгах ажилд технологийн дэвшлээр тэргүүлж яваа.

Тус компани ийм агуулгатай материалыг таньж тодорхойлох өгөгдлийн санг технологийн бусад компанитай хамтран байгуулсан нь дэвшил гарахад гол үүрэг гүйцэтгэжээ. Гэтэл бусдыг дайрч давшилсан, өдөөн хатгасан контент таних өгөгдлийн сан одоо ч байхгүй төдийгүй үүсгэх нь түвэгтэй. Хиймэл оюун эрээ цээргүй контент таних ажлыг харьцангуй хялбар гүйцэтгэдэг. Гэтэл дайрч давшилсан контент ихэвчлэн нюанс бүхий контекст, “гэмгүй” энгийн үгээр илэрдэг тул хиймэл оюунд “ахадсан ажил” болдог. Жишээ нь, Facebook-ийн хиймэл оюун ухаан хэрэглэгч мэдээлэхээс өмнө хүчирхийлэлтэй контентын 86, порнограф контентын 96 хувийг ялган таньдаг. Тэгсэн атлаа дайрч давшилсан контентын 38-хан хувийг тодорхойлж чадаж байна. Facebook-ийн хэл зүйн чадавх “маш хязгаарлагдмал”, англи, португал зэрэг хэдхэн том хэлнээс хараат. Гэхдээ тус компани цаашид хиймэл оюуны хүчин чадлаа олон хэл дээр зэрэг дадлагажуулахаар эрчимтэй туршиж байна. “Аюултай” контент ялгах ажлыг тус компани одоохондоо хүмүүн-хянагчид голлон тулгуурлаж гүйцэтгэдэг. Одоогоор 10 мянгад хүрээд буй хүн-хянагчийн тоог энэ онд хоёр дахин өсгөхөөр ноён Закерберг амласан.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Alibaba АНУ-д нэмж ажлын байр бий болгохоос татгалзав

 0 сэтгэгдэл

Хятадын технологийн аварга Alibaba-гийн ерөнхий захирал Жак Ма АНУ-д нэг сая ажлын байр бий болгох амлалтаасаа татгалзлаа. Энэ нь Хятадтай үүссэн худалдааны зөрчил Дональд Трампын эдийн засгийн зорилтыг саатуулж буйн нэг илрэл болов. Ноён Ма өнгөрсөн оны эхээр хэлсэн үгэндээ Alibaba-гийн онлайн платформыг ашигладаг Америкийн компаниудад таван жилийн дотор ийм хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн юм. Гэвч тэрбээр лхагва гарагт шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад болон Америкийн найрсаг түншлэл, ухаалаг худалдааны цаг үед амлалт өгсөн. Тийм цаг үе одоо нэгэнт улирсан тул манай амлалт хэрэгжих боломжгүй” гэжээ. Ноён Ма үүний өмнөхөн АНУ, Хятадын маргаан нь 20 жил үргэлжилж болзошгүй худалдааны дайны эхний буудлага боллоо гээд “үймээн самуун болно” хэмээн анхааруулж байв. Цагаан ордон Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф тогтоож, хариуд нь Бээжин АНУ-ын 60 тэрбумын бараанд импортын татвар ногдуулсны дараахан Alibaba-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ.

Ноён Ма анх экспортод чиглэсэн олон тооны ажлын байр бий болгох санал тавихад үүнийг эдийн засгийн шинжилгээ буюу өгөгдөлд суурилаагүй нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй том мөрөөдөл гэж үзэж байв. Гэвч Трампыг дэмжигчид уг саналыг бизнест таатай ханддаг Ерөнхийлөгч ажил эрхлэлтийг дэмжиж буйн үлгэр жишээ болгон тайлбарлаж байв. Уг амлалтыг зарласнаас хойш 20 сар өнгөрөхөд Alibaba тодорхой судалгаа хийгээгүй ч Stadium G o o d s компаний нэрлэж, АНУ-ын компаниуд уг санаачилгаас ямар ашиг хүртэж болохыг эш татаж байв. Нью-Йорк хотод байрладаг тус компани 2016 онд трампыг сонгогдохоос өмнө Alibaba-гийн цахим худалдааны Tmall сайттай гэрээ байгуулж, Хятад гутал борлуулах эрх авчээ. Ноён Ма Ерөнхийлөгч Трампыг зэмлэсэн байдалтайгаар “Худалдаа бол зэвэг биш. Түүнийг оддын дайнд ашиглаж болохгүй. Энэ бол энхтайвны хөтөч юм. Alibaba Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэж мэдэгдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдаачдын өгөгдөл ашигласан хэргээр Amazon-ыг шалгана

 0 сэтгэгдэл

Amazon групп онлайн худалдаачдынхаа өгөгдлийг хэрхэн ашиглаж буй талаар Европын холбоо мөрдөн байцааж эхэлжээ. Ийнхүү тус групп Брюссельд бизнес загвараа шалгуулахтехнологийн сүүлийн том компани болж байна. ЕХ-ны өрсөлдөөн хариуцсан тэргүүн Маргрет Вестагер хэлэхдээ урьдчилсан мөрдөн байцаалтаар онлайн худалдааны сайтыг өрсөлдөгчийн хувьд шалгах боловч цаашид Amazon-ы платформоор худалдаа хийдэг гуравдагч этгээд болох худалдаачдыг хамруулна гэжээ. Тус группийн захирал Жефф Безос өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдэдээ гуравдагч талын Amazon-аар хийдэг худалдаа анх удаа талаас дээш гарсныг мэдээлсэн. Мөн тайланд Европын бизнесүүд эднийхээр дамжуулан таван тэрбум еврогийн экспорт хийснийг дурджээ. Хатагтай Вестагер таван жилийн хугацаа дуусахаас өмнө Цахиурын хөндийн эсрэг томоохон мөрдөн байцаалт явуулан нэрд гарч буй. Түүний санаачилгаар Google-д 4.3 тэрбум еврогийн торгууль ногдуулж, Apple-д 13 тэрбум еврогийн татварын буцаан төлөлт хийх тушаал гаргажээ.

Хатагтай Вестагерын мөрдөн байцаагчид Amazon-тай бизнес хийдэг жижиглэн худалдаачдад мэдэгдэл илгээж, урьдчилсан мэдээлэл цуглуулсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалт заавал албан ёсны шалгалтад хүргэх албагүй. Google-ийн хувьд монополын эсрэг мөрдөн байцаалтыг эхлээд албан бусаар явуулж байжээ. Харин Amazon энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Мөн өдөр Брюссель McDonald компанийн Люксембургтэй хийсэн гэрээгээр бараг татвар төлөхгүй байгаа нь ЕХ-ны хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав. Amazon-ы вебсайт өөрийнхөөсөө гадна бусад бараа худалддаг. Эдний худалдах барааны жагсаалтад гуравдагч талын буюу худалдаачид бараагаа тавина гэсэн үг. Бие даасан худалдаачид сайтын төлбөр, зарын үйлчилгээ зэргээс сонгон ашиглаж болно. Amazon үйлчилгээний төлбөрөөс гадна сайтаар санал болгож буй олон нэр төрлийн бараанаас ашиг олж буй. Бие даасан худалдаачид онлайнд гарснаар бага хөрөнгө оруулалт хийж, цар хүрээгээ тэлэх боломжтой. ЕХ мөрдөн байцаалтаа албан ёсных бус бөгөөд өрсөлдөгчийн гомдлоос шалтгаалагүй гэдгийг онцолжээ.

Ирэх хоёр сард дуусгах уг асуулгыг комиссын өөрийн ажиглалт болон 2017 онд хийгдсэн арилжаанд суурилан боловсруулжээ. Amazon урьд нь монополын эсрэг шалгалтаас болгоомжлон онлайн худалдаа өчүүхэн хэсгийг нь эзэлдэг том зах зээлд компаниудтай өрсөлддөг хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон уулзалт дээр ноён Безос “Бүх төрлийн томоохон байгууллагуудыг шалгах нь зүйтэй. Зохицуулалтад яаж ч заалаа гэсэн хэрэглэгчдэд үйлчлэх бидний зорилгыг зогсоож чадахгүй” хэмээн ярив. Тус групп АНУ дахь лобби ажиллагаанд 13 сая ам.доллар зарцуулсан бол Брюссельд хоёрхон сая евро гаргасныг Center for Responsive Politics төв мэдээлжээ. Эднийх ЕХ-ны бодлогын 10 ажилтантай бол Google энэ чиглэлийн 14 мэргэжилтэн ажиллуулдаг. Amazon Вашингтонд бусад технологийн компаниудаас хамгийн том лобби баг бүрдүүлсэн нь хүнсний дэлгүүр, зар сурталчилгаа, эрүүл мэнд гэх мэт шинэ бизнес эхлүүлж буйтай нь холбоотой аж. Тус бүрэлдэхүүнд одоо 28 ажилтан байгаа нь трампын өмнөх үеэс хоёр дахин нэмэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.