A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/598/

Ferrari шилдэг хөдөлгүүртэй машинаар тодорлоо

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/598/


Их Британийн UKi Media & Events Automotive Magazines сэтгүүл 1999 оноос хойш дэлхийн шилдэг хөдөлгүүрийг шалгаруулж ирсэн. Энэ оны хамгийн шилдэг хөдөлгүүрээр 3.9 литрийн багтаамжтай, найман цилиндр бүхий Ferrari-гийн хөдөлгүүр шалгарсан байна. Энэ хөдөлгүүр нь сүүлийн гурван жил дараалан шилдгээр тодроод байгаа аж. Шилдэг хөдөлгүүрийг Ferrariгийн 488 GTB, 488 Spider болон 488 Pista загваруудад суурилуулсан. Хамгийн сайн хөдөлгүүрийг шалгаруулахдаа шатахуун хэмнэлт, жигд ажиллагаа, бүтээмж, хурд хүч, дуу чимээ гэх зэрэг шалгуурыг тавьдаг. Мөн Porschе, BMW i8 загварын автомашин шилдэг хөдөлгүүрийн жагсаалтад аман хүзүүджээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Дубайд хиймэл оюунт камерууд хүмүүсийн аз жаргалыг хэмжинэ

 0 сэтгэгдэл


Хиймэл оюун ухааны технологи санаанд оромгүй зүйлсэд хүртэл нэвтэрч байна. Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотын зам, тээврийг удирдах газарт (RTA) байрлуулсан “ухаалаг” камеруудад тус байгууллагаар үйлчлүүлэгсдийн аз жаргалыг хэмжих ажил оноолоо. Дубайн зам, тээврийг удирдах газар нь автомашин жолоодох эрхийн үнэмлэх олгох, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэх зэрэг үйлчилгээ эрхэлдэг юм.

Тус байгууллагад гуравдугаар сарын 11-ний даваа гарагаас ажиллаж эхэлсэн хяналтын систем хиймэл оюун ухаан бүхий өндөр нарийвчлалтай камеруудад суурилж байна. Сүлжээнд Wi-Fi юм уу Bluetoothээр холбогдож ажилладаг камерууд долоон метрийн зайнаас секундэд 30 кадрын хурдтайгаар үйлчлүүлэгчдийн нүүр царайн зураг авдаг.

Тус албан газарт үйлчлүүлэхээс өмнө болон үйлчлүүлсний дараах хүмүүсийн нүүр царайн илрэлд хиймэл оюун ухаан дүн шинжилгээ хийж харьцуулна. Хиймэл оюун ухаан нүүр царайн илрэлд хийсэн судалгаандаа тулгуурлан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үнэлж дүгнээд “аз жаргалын индекс” заасан хязгаараас доошилсон тохиолдолд төрийн ажилтнуудад тэр даруй дамжуулж анхааруулна. Мэдээллийн дагуу төрийн ажилтнууд сэтгэл дурамжхан байгаа үйлчлүүлэгчийн итгэлийг сэргээхэд шаардлагатай арга хэмжээ авах юм.

Зам, тээврийг удирдах газарт үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг зөрчихгүйн тулд хяналтын систем хүмүүсийн зөвхөн нүүр царайн илрэлд дүн шинжилгээ хийдэг бөгөөд авсан гэрэл зургаа хадгалдаггүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлгүүр хэрхэн хэсдэгийг гар утас тань хэлээд өгнө

 0 сэтгэгдэл


Гар утасны байршлыг энгийн аргаар тодорхойлох замаар дэлгүүр, супермаркетын үйлчлүүлэгчдийн худалдан авах хүсэл сонирхлыг оновчтой тодорхойлж болж байгааг CNBC мэдээллээ. Ингэж тодорхойлохын тулд ухаалаг утсанд хэрэглэгчийн байршлыг мэдээлдэг тусгай программ суулгах шаардлагагүй, бүх зүйл хууль ёсны дагуу, ил тод өрнөнө.

Эдүгээ ухаалаг утас хэрэглэдэг хүн бүр цаг агаарын мэдээнээс эхлээд төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах үйлчилгээ ашиглаж, байршлынхаа координатыг бусадтай хуваалцдаг болжээ. Шинэхэн старт-ап Cosmose компаниас БНХАУ-д явуулсан судалгаанаас үзвэл хэрэглэгчдийн ухаалаг утас болгонд эзэмшигчийнхээ байршлыг мэдээлдэг дор хаяж долоон аппликэйшн ажиллаж байна.

Cosmose бол хятад дахь 100 мянга гаруй дэлгүүрт үйлчлүүлж буй ухаалаг утас эзэмшигчдийн байршлын мэдээлэл нийлүүлдэг гол компанийн нэг. Ийм мэдээлэл нь нийтдээ нэг тэрбум орчим гар утсыг хамарч байгаа юм.

Цуглуулсан мэдээллээ Burbery, L’Oreal, Subway, Budweiser зэрэг нэр хүндтэй брэндүүдэд борлуулдаг Cosmose нь хэрэглэгчдийн privacy буюу өгөгдлийн халдашгүй байдлыг зөрчдөггүй. Тус компани ердөө лангуунаас лангуу дамжиж буй ухаалаг утасны байршлын координатын мэдээллийг дамжуулдаг.

Байршил тодорхойлох нарийвчлал маш сайн буюу 1.8 метрийн радиусаар зөрөх магадлалтай нь худалдан авагч хувцас өмсөж үзэх бүхээг, мөнгө тушаах кассын алинд очсоныг алдаагүй тодорхойлоход хангалттай мэдээлэл болж өгдөг.

Ийм мэдээлэл нь дэлгүүрээр үйлчлүүлэгч ямар бараа бүтээгдэхүүнийг илүү сонирхоод байгааг олж тогтооход тустай. Том компаниуд Cosmose-оос худалдан авсан мэдээлэлдээ тулгуурлан зар сурталчилгааг яг зөв хэрэглэгчдэд нь чиглүүлэн үр дүнтэй өрнүүлж чаддаг ажээ. Дэлгүүрт санаандгүй тохиолдлоор орсон хүмүүс ийм системийн ачаар худалдан авагчдын эгнээнд шилжиж байгаа нь БНХАУ-ын туршлагаар нотлогдож байгаа юм.

Хятадын зах зээлд асар их амжилт олсон Cosmose дараагийн байгаа АНУ-аар сонгожээ. Ухаалаг утасны байршлын мэдээллийг АНУ-д 75 орчим компани цуглуулж, 200 сая ширхэг дивайсын координатыг тодорхойлж байна. Google, Facebook зэрэг интернэт аваргууд хүртэл ийм мэдээллийг худалдаж мөнгө болгохыг эрмэлздэг. Ухаалаг утасны байрлал тодорхойлж зар сурталчилгаа өрнүүлдэг зах зээлийн нийт үнэлгээ энэ жил 21 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй нь дэлгүүрээр хэсэгчдийг ахиу “мөрдөх” ёстойн шалтгаан болж байна.

Anonymity буюу хэн болохоо нууцлахыг хичээдэг хэрэглэгчид эдүгээ “цаадуул чинь тэртээ тэргүй мэдэж байгаа” гэсэн хайхрамжгүй байр суурьтай болцгоосныг зах зээлийн шинжээчид анхааруулав. Орчин цагийн хэрэглэгчид худалдаа наймаа хийхэд амар дөхөм байхын төлөө privacy буюу хувийн өгөгдлийн халдашгүй байдлыг золигт гаргаж, анзаарахаа ч больж эхэллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

5G сүлжээ хэрэглэгчдэд улам ойртжээ

5G модем, SoC процессор нь өмнөх үеийн 4G/LTE, 3G, 2G технологи давхар дэмжинэ

 0 сэтгэгдэл


Стандарт нь хөгжсөөр удаж буй ч хэрэглээнд нэвтрэх болоогүй үүрэн холбооны 5G сүлжээний технологи хэрэглэгчдэдээ тун ойртож байгааг Испанийн Барселонд болж өнгөрсөн Mobile World Congress (MWC) шоу үзэсгэлэн тод харуулав.

Холбооны салбарт хувьсал авчрах, шинэ үеийн өндөр хурдтай 5G сүлжээ дэмждэг ухаалаг утас энэ оноос зах зээлд гарч эхэллээ. “MWC-2019”-д оролцсон үйлдвэрлэгчид 5G технологи хөгжүүлэх төлөвлөгөө төдийгүй, энгийн хэрэглэгчийн роутер төхөөрөмж, ухаалаг утаснаас эхлээд сүлжээний бааз станц зэрэг тоног төхөөрөмж хүртэлх янз бүрийн туршилтын бүтээгдэхүүн сонирхуулав.

АНУ-ын Intel компани 5G сүлжээний тооцоолол хурдасгах PAC N3000 төхөөрөмж, шинэ үеийн сүлжээнд ажиллах Hewitt Lake хэмээх шинэ чип танилцуулав. Intel-ийн шинэ чипийг БНХАУ-ын ZTE, шведийн Ericcson компани 5G үүрэн холбооны бааз станцдаа ашиглахаар төлөвлөж байна. Тооцоолол хурдасгах төхөөрөмжийг гуравдугаар улирлаас, шинэ чипийг зургадугаар сараас зах зээлд нийлүүлнэ.

Мөн Intel компанийн 5G модем нэгтгэсэн шинэ үеийн M.2 модуль гарч эхэллээ. Персонал компьютер, нөүтбүүк зэрэг хэрэглэгчийн төхөөрөмж төдийгүй утасгүй холбооны дамжуулах төхөөрөмжүүдэд өндөр хурдтай 5G холболт үүсгэх зориулалттай ийм модуль нь миллиметрийн долгионы зурвас ашиглан өгөгдлийг 6 гбит/с хурдаар дамжуулах чадвартай.
Ийм модуль ашиглан D-Link, Gemtek, WDN гэх мэт үйлдвэрлэгчдийн одоогийн 3G, 4G суурин төхөөрөмжүүдийг хялбархан 5G дэмждэг болгож болно. Шинэ үеийн холболт дэмждэг модулийн туршилтын загварыг энэ жил үйлдвэрлэгчдэд нийлүүлж, 2020 оноос масс үйлдвэрлэл эхлэх юм.

Өндөр хурдтай сүлжээний технологид гол өрсөлдөгчийн нэг Qualcomm компаниас энэ удаагийн шоунд сонирхуулсан загварууд нь үүрэн холбооны компаниудад бус, ердийн хэрэглэгчдэд чиглэж байв. Тус компани гар утас гэх мэт смарт төхөөрөмж ашиглах 5G модемын туршилтын загвар, нөүтбүүк компьютерийн 5G дэмжлэгтэй SoC процессорыг MWC-д авчирчээ. Модем, SoC процессор нь 5G холболтын зэрэгцээ өмнөх буюу 4G/LTE, 3G, 2G технологи давхар дэмжинэ.

АНУ, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, Европ 5G сүлжээг энэ онд нэвтрүүлж эхэлнэ

LG, Samsung, Xiaomi, ZTE зэрэг үйлдвэрлэгч Qualcomын модем бүхий 5G сүлжээ дэмждэг үйлдвэрлэлд бэлэн дивайсыг үзэсгэлэнд авчирчээ. Харин 5G дэмждэг туршилтын загвар сонирхуулсан Oppo, Sony, OnePlus компаниуд ухаалаг утасныхаа эцсийн хувилбарыг энэ оны эхээр зах зээлд нийлүүлэх юм.

Тайванийн МediaTek компани шинэ болон өмнөх үеийн бүх сүлжээ дэмждэг, нэг зэрэг 5G, 4G сүлжээнд ажиллаж өгөгдийг 5 гбит/с хурдаар дамжуулах чадалтай Helio M70 модем сонирхуулав. Mediatek-ийн шинэ модемийг БНХАУ-ын Doogee, Ulefone зэрэг ухаалаг утас үйлдвэрлэгчид хэдийн бүтээгдэхүүндээ ашиглажээ.

Huawei компани MWC-д шинэ инновацлаг бүтээгдэхүүн авч ирсэн нь нугалж болдог, уян дэлгэцтэй Huawei Mate X ухаалаг утасны 5G сүлжээ дэмждэг сүүлийн хувилбар байлаа. Уг загварын 5G модем нь Huawei компанийн өөрийнх нь бүтээл болох Balong 5000. Зах зээлд гараад байгаа шинэ үеийн модемууд дотроо Balong 5000 хамгийн хурдан нь буюу 6.5 гбит/с хурдаар өгөгдөл дамжуулна. Huawei Mate X-ийн 5G загвар 1 гбайт багтаамжтай киног хэдхэн секундэд дамжуулна хэмээн үзэсгэлэн дээр тус компани мэдэгдэв.

Шинэ модемыг ухаалаг утасны зэрэгцээ Huawei 5G Mobile WiFi хандалтын цэг төхөөрөмж (MAP Mobile Access Point), Huawei 5G CPE Pro роутерт ашигласан байна.

Үзэсгэлэнд тавиастай тайванийн HTC компанийн Snapdragon X50 загварын 5G модем бүхий HTC 5G хандалтын цэг нь нэг дор 20 төхөөрөмжийг WiFi ашиглан 5G интернэтэд холбох чадвартай өвөрмөц загвар байлаа.

Нэн шинэ технологи дэмждэг ухаалаг утас, төрөл бүрийн роутер болон холбооны бусад суурь тоног төхөөрөмж хэдийн биеллээ олсон нь 5G холболт хэрэглэгчийн хажууд ирээд буйн илрэл юм.

Huawei компанид хэрэг тавьснаас үүдэн зарим улс БНХАУ-тай зөрчилдөж байгаа өнөөгийн таагүй нөхцөл ч шинэ технологи хэрэглээнд нэвтрэхэд саад болж чадахгүй хэмээн шинжээчид үзэж байна. Энэ онд АНУ, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ болон Европын зарим улс 5G сүлжээг арилжааны хэрэглээнд нэвтрүүлнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хотын зориулалттай компакт ангиллын Honda e цахилгаан машин

 0 сэтгэгдэл


Японы Honda компани дан цахилгаан хөдөлгүүр бүхий, хотын хэрэглээний e Prototype туршилтын загварыг удахгүй болох Женевийн олон улсын автосалонд сонирхуулах гэж байна.

Туршилтын загвар нь 2017 онд бүтээсэн Honda Urban EV хэмээх концепт загварын төгөлдөржүүлсэн үргэлжлэл юм. Япон үйлдвэрлэгч гаднаасаа хуучин маягийн ретро стильтэй жижигхэн машинд орчин үеийн технологи цогцлоожээ.

Зөвхөн цахилгаан зүтгэх хүч ашигладаг зарчмын шинэ платформд суурилж буй Honda e Prototype нь хойд дугуйн хөтлүүртэй загвар юм.

Аккумулятор зай хураагуурын нэг удаагийн бүрэн цэнэгээр ойролцоогоор 200 гаруй километр зай туулна. Шуурхай цэнэглэх технологитой тул 30 орчим минутад зай хураагуурыг 80 орчим хувь хүртэл цэнэглэж болно. Цахилгааны залгуур залгах портыг капот буюу хамарны төв хэсэгт байрлуулсан тул жолооч машиныхаа баруун, зүүн аль ч талаас чөлөөтэй залгах давуу талтай.

Машинд гадна хажуугийн тольгүй. Толины оронд дүрсээ бүхээгийн дэлгэцнээ дамжуулдаг камер суурилуулжээ. Бүхээг доторх урд нүүрэн хэсэг бүхэлдээ LED дэлгэц. Машины хянах самбар орлож буй дэлгэцнээ жолооч, зорчигчид хэрэгтэй бүх мэдээлэл гарч байх юм.

Байгаль орчинд хортой бохир ялгаралгүй, дан цахилгаан хөдөлгүүрт Honda e Prototype-ын масс үйлдвэрлэлийн загварыг оны эцсээр эхлэхээр компани төлөвлөж байна.