A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/804/

Google Duplex хиймэл оюуны туршилт эхэллээ

​Хиймэл оюун энэ зунаас ресторанд ширээ захиалж үсчинд цаг авдаг болно​

Google Duplex хиймэл оюуны туршилт эхэллээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/804/

Google компани АНУ-ын Калифорни мужийн Маунтин Вью дахь ресторанд цугласан сэтгүүлчдэд сайжруулсан Duplex технологио танилцууллаа. Google Duplex нь гар утас хэрэглэгчийн өмнөөс ресторанд ширээ захиалж, үсчинд дугаар авах чадвартай, хиймэл оюунд тулгуурлаж ажилладаг дуут туслагч. Туршилтад байлцсан сэтгүүлч бүртэй хиймэл оюун ухаан утсаар холбогдож, захиалга хийхээр оролдсон байна. Туршилтыг ердөө хэдхэн долоо хоногийн дараа ердийн хэрэглэгчдийн дунд эхлэх гэж байгааг Google Assistant-гийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Фокс мэдэгдлээ. Эхний ээлжинд туршилтыг Google-тэй хамтран ажилладаг цөөн байгууллага, хэрэглэгчдийн хязгаарлагдмал хүрээнд үе шаттай явуулна. Duplex нь юун түрүүнд хэрэглэгчид асуулт тавих дуудлагыг ажлын бус цагаар хийж сурах ёстой. Дараа нь энэ зунаас ресторанд ширээ захиалж, үсчинд дугаар авдаг болно. одоогоор Google компани ердөө энэ гурван ажилд Duplex-ийг дадлагажуулахаар хичээж байна.

Технологийн The Verge сайтад мэдээлснээс үзвэл хиймэл оюуны дуу хоолой хүнийхтэй тун төстэй, “аанхаа”, “унн” гэх мэт аялга үг хүртэл хэлж байгааг сэтгүүлчид онцлон дурджээ. Мөн хиймэл оюунаас залгах дуудлага бүрийг бичиж байгаа гэдгийг урьдчилан сануулж явна. Жишээ болгон нэг дуудлагыг сонирхвол: “Сайн байна уу? Захиалга өгөхөөр тань руу залгаж байна. Би бол Google-ийн автомат захиалгын үйлчилгээ учраас энэ дуудлагыг бичиж явах болно. Ням гарагийн өглөө ширээ захиалж болох уу?”. Google компани хүмүүс автомат дуудлагатай хэрхэн эвтэй ярилцаж болох вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр дуу хоолойны өнгийг засан сайжруулж явах юм. Мөн ойлгомжтой байх үүднээс яриаг бичиж байгааг сануулсны дараа робот түр “ммм” гэх мэт завсарлага авч байгаад захиалга өгнө. Duplex-ийг анх турших үед дуу хоолой хүнийхтэй төсгүй байснаас амжилт олоогүй. “Яриаг сонсож дуусгалгүй утсаа тавьчих нь олон гардаг байлаа.

Дэндүү хиймэл хоолой хүмүүст таалагдаагүй хэрэг” хэмээн Google Assistant-ийн инженеринг хариуцсан дэд ерөнхийлөгч Скотт хоффман дурсав. Техас зэрэг Google зөвшөөрөл авч амжаагүй цөөн хэдэн муж улсыг эс тооцвол Duplex-ийн туршилт удахгүй нийт АНУ даяар эхэлнэ. Одоогоор зөвхөн Англи хэлээр хөгжүүлж буй Duplex-ийг газар газрын аялга, нарийн өргөлт зэргийг уг системд ойлгуулахаар Google-ийн хөгжүүлэгчид чармайж байна. Одоогоор Duplex хүний ярианы өнгийг тун ч дажгүй ойлгож байна. Ярилцагч хүний хоолойны өнгө гайхсан, дургүйцсэн шинжтэй болох үед дуут туслагч хичээнгүй, маргалдаад байдаггүй үйлчлэгч дуурайн дуу нь үл ялиг уучлал хүссэн шинжтэй болж хувирна. Одоогоор уг систем боловсронгуй бус хэвээр тул Duplex-ийн ойлгож чадахгүй байгаа бүх дуудлага яриаг Google-д илгээн дүн шинжилгээ хийж, хиймэл оюуны алгоритмыг төгөлдөржүүлэн сайжруулж явах юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Их Британид интернэт хурдны хязгаарлалтыг түр цуцлав

 0 сэтгэгдэл

Их Британийн интернэт үйлчилгээ эрхлэгч гол компаниуд COVID-19 цар тахлын онцгой цаг үед нийцүүлэн өргөн зурвасын холболтоор өгөгдөл дамжуулахад тогтоодог хязгаарлалтаа түр авч хаяхаар боллоо. Уг шийдвэр нь нэгдсэн вант улсын засгийн газар, харилцаа холбооны компаниудтай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлэх багц арга хэмжээний бүрдэлд багтаж байгаа. Интернэт үйлчилгээний төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа үйлчлүүлэгчдийг хамгаалж, дэмжих үүрэг багц арга хэмжээнд багтсан. Провайдерууд мөн үйлчлэгчдэдээ мобайл болон утсан холболттой интернэт үйлчилгээний “өгөөмөр” багц нийлүүлэхээр тохиролцлоо. BT (Openrach, EE), Virgin Media, Sky, TalkTalk, Vodafone, 02 зэрэг нэгдсэн вант улсын тэргүүлэх арав гаруй интер нэт провайдерыг хамарсан санал санаачилга нь урьд өмнө компаниуд тус тусдаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үргэлжлэл болж байна. Энэ удаа иргэдийн эмзэг хэсэгт зориулсан хямд үнэтэй багц үйлчилгээнээс бусад өргөн зурвасын бүх интернэт үйлчилгээний багц ямарваа хязгаарлалтгүй болно. Цар тахлаас өмнө сурталчилдаг байсан “хязгаарлалтгүй” багц үйлчилгээнүүд хэрэг дээрээ провайдерууд жижиг үсгээр бичсэн нэмэлт тайлбар бүхий далд хязгаарлалттай явж иржээ. Харин тус улсад саяхнаас хүчин төгөлдөр болсон шинэ зохицуулалтаар ийм тайлбартай үйлчилгээг “хязгаарлалтгүй” гэж сурталчлахыг хориглосон юм. Цар тахалтай тэмцэх улс орны хүчин чармайлтад хувь нэмэр оруулахын тулд интернэт провайдерууд нэгдэж байгааг харах “сайхан байна” хэмээн нэгдсэн вант улсын дижитал технологи хариуцсан сайд Оливер Дауден үнэллээ. Багц арга хэмжээ нь өндөр настнуудыг оролцуулаад үйлчлүүлэгчдийн эмзэг хэсгийг дэмжихэд чиглэж байгааг засгийн газар, зохицуулах агентлаг, компаниудын хамтарсан мэдэгдлийн үеэр тайлбарлав.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Короновирусийн шинжилгээг роботоор хийлгэнэ

 0 сэтгэгдэл

Испани улс коронавирусийн шуурхай шинжилгээ авах процессыг автоматжуулахын тулд робот парктай болохоор төлөвлөж байна. Цар тахлын халдварыг хязгаарлан тогтоох тэмцэлд шуурхай шинжилгээ чухал үүрэгтэй ч эмнэлгийн ажилтнууд вирусээр халдварлах эрсдэл өндөр. Тус улсад халдварын улмаас эмч, эмнэлгийн ажилтны хомсдол хэдийн нүүрлэж эхэллээ. Испанид коронавирусийн халдвартай гэж оношлогдсон 35,000 хүнээс 12 орчим хувь нь эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байгаа юм. Шинжилгээ авах ажлыг роботод даатгаснаар вирус халдах эрсдэл эрс буурна. Мөн Испанид нэг өдөрт авах шинжилгээний тоо одоогийнхоос дөрөв дахин нэмэгдэж 15,000-20,000 орчим болно. Вирусийн шинжилгээг автоматжуулах төлөвлөгөө хэдийн бэлэн болсныг Мадрид дахь Карлос III-ийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Рейчел Йотти бямба гарагт болсон эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Тус улс өдөртөө 80,000 хүртэл шинжилгээ гүйцэтгэх боломж бүрдүүлэх дөрвөн ширхэг роботыг тун ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Diamond Princess-т байгаа хүмүүст 2000 ширхэг iPhone тараажээ

 0 сэтгэгдэл

Коронавирус тархсаны улмаас Японы Йокохамагийн боомтод хориотой зогсож буй Diamond Princess круиз онгоцон доторх зорчигч болон хөлгийн багийнханд шаардлагатай шуурхай холбоо үүсгэх үүднээс iPhone ухаалаг утас тараасныг Macotakara сайт мэдээлэв. Круиз онгоцны зорчигчийн тасалгаа, багийнхны өрөөний тоогоор тооцож, Японы үүрэн холбооны Softbank компанийн холболттой 2000 ширхэг iPhone ухаалаг утсыг хуваарилжээ. Шаардлагатай үед яаралтай холбоо барихад тус болох үүднээс тус утсанд нь эмчтэй шууд холбогдох мобайл аппликэйшн суулгажээ. “Эм тариа зэрэг шаардлагатай зүйлсийн талаар чатаар лавлах, хүсэлт гаргах, эмчээс зөвлөгөө авах гэвэл Японы Эрүүлийг Хамгаалах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тусгай программ ашиглана уу” гэсэн тайлбарыг уг программын ашиглалтын зааварт бичжээ. Уг хөлөг дээр байгаа иргэдээ АНУ ням гарагт шилжүүлж авахаар болсныг Токио дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Европ тив мобайл төхөөрөмж цэнэглэх нэг төрлийн залгуур ашиглана

 0 сэтгэгдэл

Европын зах зээлд борлуулах цахим төхөөрөмжийн цэнэглэх залгуур ердөө ганц стандарттай байх шийдвэрийг Европын парламент дэмжлээ. Зах зээл дээр төрөл бүрийн цахим төхөөрөмж цэнэглэх олон янзын коннектор ашиглаж байгаа нь хэд хэдэн бэрхшээл учруулдаг. Тус тивийн хэрэглэгч ухаалаг утас, таблетын зориулалттай олон арван тонн хэрэгцээгүй холбогч кабель хаядаг нь байгаль орчин, эдийн засагт асар их хохиролтой. Асуудлыг шийдвэрлэх үүднээс цаашид Европ тивд борлуулах бүх ухаалаг утас, таблет төхөөрөмжийг USB Type-C тэгш хэмт порттой байхаар зааж өглөө. Зөвхөн нэг төрлийн порт ашигласнаар худалдаанд гаргаж буй цахим төхөөрөмжид заавал холбогч кабель дагалдуулах шаардлага арилж, хэрэглэгч хуучнаа ашигладаг болох юм. Нэгдсэн стандарт ашиглах саналыг Европын парламентын 582 гишүүн дэмжиж, 40 гишүүн эсэргүүцсэн байна. Уг саналын дагуу Европын комисс долдугаар сард шинэ зохицуулалт боловсруулах ёстой. Европ тивийн санаачилгыг бүх цахим төхөөрөмж нь Lightning залгууртай Apple компани ширүүн шүүмжиллээ. Уг санаачилга нь инновацид саадтай төдийгүй хэрэглэгчдийг хохироосон арга хэмжээ хэмээн “Алиман” эзэнт гүрэн үзэж байна.