A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/469/

Rio Tinto шалгалтын Ажлын хэсэгтэй уулзсан гэх мэдээлэл байгаа

Ч.Улаан: “Оюутолгой”- н гэрээг сайжруулах нь лобби бүлгийн гол зорилго

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/469/

“Оюутолгой” төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой лобби бүлгийг парламентын зарим гишүүн хамтарч байгуулжээ. Тэд энэ талаараа пүрэв гарагт УИХ- ын даргад мэдэгдсэн байна. Тус бүлэгт нэгдсэн УИХ-ын гишүүн Ч. Улаантай ярилцлаа.


-“Оюутолгой” төслийн ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхээр танай бүлэг ажиллана гэж ойлголоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бидний анхаарлын төвд байх гол асуудал бол “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах. Мөн төслийн үр ашиг, өгөөжийг Монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэн, баталгаажуулах юм. Түүнээс гадна далд уурхайн санхүүжилтийн гэрээ буюу “Дубайн гэрээ”-ний алдааг засаж, шинэчлэн байгуулах гэсэн асуудлуудыг анхаарч ажиллах юм. Бид Монголын хуулиуд болон олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Ажил хэрэг, санал санаачилга гарган идэвхтэй, нээлттэй байр суурь баримтална гэсэн үг. Мөн нийгмийн байр суурийг мэдэрч, хамтарч ажиллана. Тиймээс УИХ-ын гишүүд, “Оюутолгой” төслийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ажил хэрэгч санал гаргаж байгаа төрийн болон төрийн бус бүх байгууллагатай идэвхтэй хамтарна.


-Лобби бүлэг байгуулсанаар тодорхой хугацааны дараа үр дүнд хүрнэ гэсэн итгэл үнэмшил та бүхэнд байгаа юу. “Оюутолгой”-д шалгалт хийх маш олон Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд байгуулагдсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хүртэл “Оюутолгой”-г шалгаагүй төрийн байгууллага үлдсэнгүй гэж хэлсэн...?

-“Оюутолгой”-н асуудлаар олон Ажлын хэсэг өмнө нь байгуулагдсан гэдэг үнэн. Засгийн газар, УИХ-ын албан ёсны бүтцийн байгууллагаас Ажлын хэсгүүд байгуулагдаж байсан. Энэ бүгд дүгнэлт гаргадаг боловч төрийн бодлого, үйл ажиллагаа болж хэрэгжиж чадаагүй юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Юуны түрүүнд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн байр суурь маш тодорхой боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлсэн. “Улс нь баялагтай байхад ард иргэд нь өрөнд орж байвал бид баялгаа ашиглахын утга учир юу байна. Өнөөдрийн дүрэм, гэрээгээ өөрчилж, шинэчлэхээс өөр аргагүй” гэсэн. Мөн Ерөнхий сайд ч “Оюутолгой”-н гэрээний үр өгөөжийг дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллана гэсэн. УИХ мөн хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асар их баримт материалтай танилцана. Харин манай лобби бүлэг албан ёсны Ажлын хэсгийн ажлыг дэмжиж байгаа. Тал талаасаа нийлээд энэ төслийн үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгтэй. Мөн УИХ-аар албан ёсны Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Тэр хэлэлцүүлгээр бид байр сууриа илэрхийлнэ.


-Тэгэхээр лобби бүлэг УИХ дахь Ажлын хэсэг дүгнэлтээ гаргах хүртлэх хугацаанд ажиллана гэсэн үг үү?

-Манай бүлэг ажиллах албан ёсны хугацаа гэж байхгүй. Харин УИХ дахь Ажлын хэсэг хугацаатай. Бид “Оюутолгой” төслийн үр ашиг, өгөөжийг Монголын талд ашигтай байлгах чиглэлээр байнга ажиллах болно.


-УИХ-аас “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд шалгалт хийх Ажлын хэсгийг шинэчилнэ. Та бүхэн энэ Ажлын хэсгийг дэмжихээс өөрөөр яаж уялдаж ажиллах вэ?

-Манай лобби бүлэгт орсон дөрвөн гишүүн УИХ-ын Ажлын хэсэгт байгаа шүү дээ. Тиймээс бид тодорхой чиглэлээр нэгдсэн байр суурьт хүрэхэд мэдээллийн зөрүү гарахгүй байх.


-Монголын Засгийн газар Rio Tinto групптэй “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээр хийж байгаа. УИХ дахь Ажлын хэсэгтэй нягт хамтран, иргэний нийгмийн дуу хоолойг мэдэрч ажиллана гэж та хэллээ. Тэгэхээр танай бүлэг Засгийн газарт шахалт өгнө гэж ойлгож болох уу?

-Бид тодорхой асуудалд тооцоо, судалгаатай ажиллахын зэрэгцээ УИХ, Засгийн газартай байнга хамтран ажиллах зарчим баримталж байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдтай уулзаж хэлэлцээрийн талаар мэдээлэл авсан. Мөн удахгүй “Оюутолгой”- н хөрөнгө оруулалтын гэрээ, төслийн явцын талаар нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ. Энэ үеэр таны тавьсан асуултад маш тодорхой хариулт өгөх болно. Ер нь “Оюутолгой”-той холбоотой маш олон Ажлын хэсгүүд байгуулагдсан. Шинэ парламент бүрэлдсэнээс хойш байгуулагдсан Ажлын хэсгийн эхнийх нь хоёр жил, сүүлийнх нь дөрвөн сар ажиллалаа. Тиймээс тэдгээрийн ажлыг түргэтгэх нь бидний анхаарал тавих нэг зүйл юм.


-Rio Tinto группийн зүгээс УИХ-ын нэр бүхий гишүүдтэй уулзая гэсэн санал тавьсан гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Танай бүлгийн гишүүд рүү ярьсан уу?

-Үгүй. Rio Tinto групп УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсгийнхэнтэй уулзаж байгаа гэсэн мэдээлэл байгаа.

-“Оюутолгой” компанид тавьсан 150 сая ам.долларын татварын акттай холбоотойгоор Монголын Засгийн газар болон Rio Tinto групптэй хийж буй хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол арбитрын шүүхэд очих учиртай. Хэлэлцээр хэр үргэлжилж байгаа бол. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ талаар иж бүрэн мэдээлэл өгөхөд арай эрт байна. УИХ- ын Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасны дараа илүү тодорхой болох байх.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Гишүүдийн саналаас сонгууль “үнэртээд” эхэллээ

Зарим сайд хувийн тоглолт хийгээд бангадуулав

 0 сэтгэгдэл

УИХ чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Жил бүрийн зургадугаар сарын 1 гэхэд дараа оныхоо үндсэн чиглэлийг баталсан байх ёстой тул гишүүд хуулийн хугацаандаа амжих гэж нэлээд шахуу “ажиллав”. Засгийн газар хугацааг нь тулгаж оруулж ирснээс, Ажлын хэсэг, Байнгын хороонд төслийг засаж, сайжруулах хугацаа олгоогүй гэсэн шүүмжлэл хэлэлцүүлэг бүр эрт хөндөгдсөн. Хугацааг нь хөөгөөд харвал Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 30-нд төслөө өргөн барьжээ. 25 хоногийн дотор УИХ-ын гишүүд улсын эдийн засгийг өөд нь татах бодлого боловсруулахын оронд сонгогдсон тойрог, ажиллаж байсан салбартаа мөнгө суулгах уралдаан болгоод хувиргачихлаа. Долоо хоногийн өмнө болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн зарчмын зөрүүтэй санал нэрээр орж ирсэн тойрог, салбарт зориулсан хөрөнгө оруулалтуудын үнийн дүн нэг их наяд төгрөгт хүрч байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа.
Кабинетаараа хэлэлцэж өргөн барьсан төсөл дээр Засгийн газрын зарим гишүүн нь хүртэл зарчмын зөрүүтэй санал нэрээр мөнгөн дүнтэй ажлууд суулгасан нь хачирхалтай. Уг нь Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Гэтэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гэхэд багш нарын цалин, урамшууллыг нэмэх 30 гаруй тэрбум төгрөг, биеийн тамирын аргазүйчдийг бэлтгэхэд 2.8 тэрбум төгрөг гэх мэт саналууд оруулж иржээ. Кабинетын зарчмаар ажиллаагүй, хувийн тоглолт хийсэн салбарын сайд нь өөрөө эзгүй, өмнөөс нь Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр баахан шүүмжлүүлэв. Аргаа бараад Г.Занданшатар “Би сая Цогзолмаа сайдтай ярилаа. Сингапурт ажлаар явж байгаа. Бүх саналаа татаж авахаа мэдэгдсэн” гэх үл ойлогдсон тайлбар хийж байж асуудлыг намжааж билээ. Үндсэн чиглэл хэлэлцэхийн өмнөх өдөр зарим гишүүн ХӨСҮТ, сүрьеэгийн эмнэлэг дээр ажиллаж буйгаа хэвлэлээр мэдээлж байсан. Харин маргааш нь Үндсэн чиглэлийн хэлэлцүүлэг дээр “Сүрьеэгийн эмнэлэг барих 20 тэрбум төгрөг нэмж суулгая” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг шууд оруулж байх юм. Эрүүл мэндийн салбар төсөв багатай, эмнэлгийн хүртээмж муутай гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ төсвөөс санхүүжих ёстой барилга байгууламжийн зардлыг ярьдаг цаг нь тусдаа. Тэр бол намрын чуулганаар, шинэ оны өмнө хийдэг төсвийн хэлэлцүүлэг. Харин Г.Мөнхцэцэг гишүүн соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх 1.2 тэрбум төгрөг, төв номын сангийн дуусаагүй барилгыг гүйцээх 7.2 тэрбум төгрөг гэх мэт санал оруулж ирж байх жишээтэй. Номын сангийн барилгаа “Шинжлэх ухааны салбарын дэд бүтцийг нэмэгдүүлэх хүрээнд” хэмээн арга тайлбар хийж байв.


Зарим сайд хувийн тоглолт хийгээд бангадуулав


Эрдэмтдийн ашиглаж буй лабораторийн хүчин чадал, багаж, техник, тоног төхөөрөмж л шинжлэх ухааны дэд бүтэц болохоос номын сангийн барилга биш байлтай. Б.Ундармаа гишүүн гэхэд л өөрийнх нь сонгогдсон тойрогт буй Греантлогийн үндэсний төвийн барилгыг гүйцээх санал орууллаа. Мөн Д.Гантулга Хэнтий аймгийн театрын барилга… гээд дурдаад байвал гишүүд төсвийн үндсэн чиглэлд хүртэл жалга, довны үзлээр ханддаг нь харагдана. Харин Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл бол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн том бодлогоо тогтоодог зүйл. Манай эдийн засаг, санхүүгийн байдал өнөөдөр осолд орсон хүн шиг хэцүү байна. Тиймээс эхлээд тархи, зүрхнийхээ асуудлыг тогтворжуулж авсны дараа гар хуруу, хавирга руугаа орох ёстой. Утга нь ийм л юм. Гэтэл зүрхний хэм жигдрээгүй байхад гарынхаа хугархайг тэгшлэе гэж ярих нь буруу” хэмээн эгдүүцэн зэмлэв. Монголын төрийн шийдвэр сонгуулийн цикл дагаж гардаг бичигдээгүй хуультай. Тиймдээ ч сонгуулийн болон түүний өмнөх жилийн төсөв түүнд зориулагдчих гээд байдаг. Тиймээс сонгуульгүй ганц жилдээ баталж буй төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэлээс нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон шийдвэр гарна гэсэн хүлээлт байдаг юм. Сонгууль үнэртсэн гишүүдийн саналын заримыг нь унагаж, санаачлагчийг нь шахан буцаан татуулж, мөнгийг нь танасаар өчигдөр эцсийн байдлаар төсвийн Үндсэн чиглэлд 300 гаруй тэрбум төгрөгийн гишүүдийн саналыг суулгачихлаа. Сонгууль дөхөхөөр хүссэн хүсээгүй улстөржсөн төсөв баталдаг. Хойтон жил энэ мөнгө хэд болж нэмэгдэхийг хэлэхэд эрт байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гадаад харилцаанд Чойбалсанг залгамжилсан Н.Лхамсүрэн

 0 сэтгэгдэл

Х.Чойбалсан тэр үед Ерөнхий сайдын албан тушаалтайгаа хавсран хийж байсан Гадаад явдлын яам болон Батлан хамгаалахын сайдын чухал албуудаа орлогч нартаа яагаад өгөх болов гэдэгт хариулт өгөхийг хичээе. 1950 он гэдэг даян дэлхийд социалист лагерь бүрдчихсэн, олон улсын харилцаа өрнөлттэй, ялангуяа Хятадад хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсан үе. Монгол Улс өмнө талдаа айх аюулгүй болж, тэр хэрээрээ манай гадаад харилцаа огцом өргөжих хандлагатай болсон ба БНМАУ-аас СССР-т суугаа элчний яам болон СССР-ээс БНМАУ-д суугаа элчний яамыг Элчин сайдын яам болгосон (1950.04.04) юм. Ийнхүү Элчин сайдын хэмжээнд дипломат харилцаа тогтоон хөгжүүлж, ЭСЯ-ны түвшинд харилцах болсон үед нас ахисан маршал Чойбалсан Гадаад хэргийн сайдын албаа эрч хүчтэй, боловсролтой, тэгэх тусмаа өөрт нь шалгагдаж итгэгдсэн залууд (33 настай) шилжүүлсэн болов уу хэмээн би үзэж байна. Ийнхүү шилжүүлэхээс өмнөх дотоодын түүхэн үйл явдлуудаас бас сурвалжлах хэрэгтэй. 1949 оны нэгдүгээр сарын 7-нд Улсын Бага Хурлын (УБХ) Тэргүүлэгчдээс БНМАУ-ын IX Их хурлыг 1949 оны арванхоёрдугаар сарын 12-нд Улаанбаатарт хуралдуулахаар тогтоол гаргаж байжээ. Улсын IX Их хурал ном журмаараа товлосон хугацаандаа хуралдаж, УБХ-ын 77 гишүүнийг сонгоход ГЯЯ-ны орлогч сайд Нянтайширийн Лхамсүрэн (хотын харьяат) 23 дугаарт бичигдэж, ийнхүү хууль тогтоох байгууллагын (тэр үедээ парламент) гишүүнээр сонгогджээ. УБХ-ыг сонгосны дараа Засгийн газрыг эмхлэн байгуулж, гишүүд сайд нарыг нь томилж, батлав.

УБХ-ын дарга Г.Бумцэндээс БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд, Улсын Батлан хамгаалахын сайдаар маршал нөхөр Чойбалсанг баталж, улмаар БНМАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг байгуулахыг нөхөр Чойбалсанд даалгах санал гаргасанд УБХ-ын гишүүд нижигнэтэл алга ташиж, нэгэн дуугаар хүлээн авлаа гэсэн мэдээ байна. Маршал Х.Чойбалсан энэ гурван албан тушаалыг хослуулан тэр үед ердөө ганцхан сар ажиллажээ. 1950 оны нэгдүгээр сарын 23-нд УБХ-ын Тэргүүлэгчид зарлиг буулгаж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд нөхөр Х.Чойбалсангийн үндсэн ажил нь их байгаа ба нөхөр Х.Чойбалсангийн өөрийн нь хүсэлтийг харгалзан нөхөр Х.Чойбалсанг БНМАУ-ын ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. Яг ийм утга бүхий Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн зарлиг хамтдаа тэр өдөр гарчээ. Ингээд шинэ сайдуудад Намтайширийн Лхамсүрэн, Цэдэнгийн Жанчив нарыг тэр дор нь томилсон. Н.Лхамсүрэнгийн нэрээр маргааш нь БНБАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд ГЯЯ-ны сайд Владимир Поптомовт эмгэнэлийн цахилгаан утас (Болгарын Сайд нарын зөвлөлийн дарга Василь Коларов нас нөгчсөнтэй холбогдуулан) илгээж байсан нь тэрбээр сайд болонгуутаа гадаад улсын ижил тушаалын эрхэмтэйгээ цахилгаан утас солилцсон анхны тохиолдол юм.

ГЯЯ-ны болон Батлан хамгаалахын сайдын чухал тушаалууд нь Чойбалсангаас өөр шинэ залуу кадруудад шилжсэнтэй холбогдуулан орлогчдыг нь тэр дор нь томилсон байна. ГЯЯ-нд Жамсрангийн Самбуу, Лхамнэрэнгийн Норовсамбуу нарыг сайдын орлогчоор, БХЯ- нд хурандаа н.Цогийг сайдын орлогчоор томилж, дэслэгч генерал цолыг Ц.Жанчивт, хошууч генерал цолыг Бутачийн Цогтод олгох тухай тогтоол 1950 оны нэгдүгээр сарын 24-нд Сайд нарын зөвлөлөөс гаргажээ. Харин орлогч сайд Ж.Самбуу нь энэ албан тушаалдаа хагас жил ажиллаад 1950 оны наймдугаар сарын 1-нд БНАСАУ-д суух Элчин сайдаар томилогдон, Пхеньян руу мордоход Ерөнхий сайдын хоёрын хоёр орлогч, ГЯЯ-ны сайд өөрөө үдэж өгсөн нь ёслолын маш өвөрмөц журам мөрдөж байжээ гэх сэтгэгдэл төрүүлнэ. Улаанбаатар, Москва дахь Элчин яамаа харилцан ЭСЯ болгосны нөгөөдөр нь буюу 1950 оны дөрөвдүгээр сарын 6- ны өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 13, 29 дүгээр хурлын тогтоолоо баталж, уг тогтоолд Ардчилсан Герман Улс, Чехословак, Румын, Болгар, Унгар, Польш улстай дипломат харилцаа тогтоох тухай нөхөр Чойбалсангийн саналыг сайшаан баталсугай, шийдвэрийг зохих ёсоор ёсчлон гүйцэтгэхийг ГЯЯ-ны сайд нөхөр Лхамсүрэнд даалгасугай гэсэн мэдээ нийтэлж байжээ. Тэгэхээр шинэ залуу сайдад цоо шинэ амаргүй үүрэг (Дорнод Европтой харилцах) тулгарч байсан мэт. Н.Лхамсүрэн нь ГЯЯ-ыг толгойлоод тун удаагүй байхдаа 1950 оны наймдугаар сарын 28-нд МАХН-ын Төв хорооны ээлжит Бүгд хурлаар Намын төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгогдсон ба жил орчмын дараа буюу 1951 оны долдугаар сарын 6-нд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГЯЯ-ны сайдаар томилогджээ. Тэр нь БНМАУ-ын Их хурлын анхдугаар чуулганаар албажсан билээ.

• Чойбалсан Гадаад хэргийн сайдын албаа эрч хүчтэй, боловсролтой, тэгэх тусмаа өөрт нь шалгагдаж итгэгдсэн залууд (33 настай) шилжүүлсэн болов уу.
• УБХ-ын 77 гишүүнийг сонгоход ГЯЯ-ны орлогч сайд Нянтайширийн Лхамсүрэн (хотын харьяат) 23 дугаарт бичигдэж, ийнхүү хууль тогтоох байгууллагын (тэр үедээ парламент) гишүүнээр сонгогджээ.
• Нийгэм-улс төр, эдийн засгийнхаа бүх салбарт СССР-ийг хуулбарлан дууриадаг, Москвагаас чиг авдаг байдал нь ийнхүү халаа сэлгээ хийхэд мэдээж нөлөөлсөн.


1949 оны сүүлчээр УБХ-аа сонгон байгуулж, жил хагасын хугацаанд тэр тогтолцоогоор явснаа 1951 оны зургадугаар сарын 10-нд Улсын Их Хурлыг сонгох сонгууль явуулжээ. Сонгуулийн бүх тойрогт Хорлоогийн Чойбалсанг заавал нэр дэвшүүлж, дагалдуулж нэг нэр дэвшигчийг депутатад нэр дэвшүүлдэг журам мөрдөж байв. УБХ-ын гишүүн Н.Лхамсүрэн яг энэ журмаар дэвшиж сонгогдсон. 1951 оны тавдугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын сонгуулийн тойрогт манай ард түмний их жолоодогч Хорлоогийн Чойбалсан, их жолоодогчийн дотны шавь нарын нэг бөгөөд МАХН- ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, манай нам, улс, нийгмийн үйл хэрэгт үнэнч, манай нам, төр- нийгмийн идэвхтэй зүтгэлтний нэг Намтайширын Лхамсүрэнг БНМАУ- ын Их хурлын депутатад нэрийг нь дэвшүүлж, тус тойрогт сонгогдохыг хүссэн тогтоолыг санал нэгтэй сайшаан батлав хэмээн “Үнэн” сонины мэдээнд өгүүлсэн байдаг. Улаанбаатарын Сонгины сонгуулийн тойрогт Ю.Цэдэнбалыг нэр дэвшүүлэхдээ биокомбинатын ажилчдаар “нөхөр Чойбалсангийн үнэнч хань, дотны шавь, манай орны хөдөлмөрчдийн үйл хэргийн төлөө цуцалтгүй тэмцэгч Юмжаагийн Цэдэнбалын нэрийг дэвшүүллээ” гэсэн мэдээ “Үнэн” сонинд нийтлэгдэж байжээ.

ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаа Н.Лхамсүрэн Б.Жаргалсайханд хэзээ хүлээлгэн өгсөн бэ гэвэл 1953 оны зургадугаар сарын 7-ны төвийн сонинд “Хроник” гэсэн гарчигтай мэдээнд БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчид Лхамсүрэнг өөр ажилд шилжиж буй явдалтай холбогдуулан БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Жаргалсайханыг уул үүрэгт ажлаас нь чөлөөлж, БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар томилжээ хэмээн мэдээлж байжээ. Энэ нь 1953 оны зургадугаар сарын 4-ний өдөр хийгдсэн томилгоо аж. Энэ тухай “Монгол Улсын Засгийн газар: Түүхэн товчоон (1911-2012), УБ 2013” номд мөн бичээстэй байна. ГХЯ-наас 2011 онд гаргасан “Монгол Улсын орчин үеийн Дипломат албаны нэрт зүтгэлтнүүд” номд Н.Лхамсүрэн нь “1951-1954 онд ГЯЯ-ны сайд, Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч” байсан хэмээн тоймлон бүтэн нэг жилээр зөрүүлэн бичсэнийг яг зөвөөр нь залруулах хэрэгтэй. Лхамсүрэн нь ГЯЯ-ны сайдаар 1950 оны нэгдүгээр сарын 23-наас 1953 оны зургадугаар сарын 4-нд, Ерөнхий сайдын орлогчоор, 1951 оны долдугаар сарын 6-наас 1953 оны зургадугаар сарын 4-ны өдөр хүртэл ажиллажээ. Гадаадтай соёлоор харилцах бүх холбоотын төлөөлөгчид ба Зөвлөлтийн жүжигчдийг 1953 оны зургадугаар сарын 21-нд Буянт-Ухаад угтан авах ёслолд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нөхөр Лхамсүрэн угталцлаа гэх мэдээ нийтлэгдэж байсныг үзвэл тэрбээр МАХН- ын Төв хорооны энэ чухал албанд хэдийнэ очсон байжээ. Албыг нь залгамжилсан Б.Жаргалсайханы бичсэнээр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Төв хорооны нарийн бичгийн дарга болсон бололтой. Уг нь Төв хорооны бүгд хурлаар сонгогдмоорсон. ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаа Б.Жаргалсайханд өгсний дараахан тэрбээр Улс төрийн товчооны орлогч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга байх нь байжээ. Энэ тухай Б.Жаргалсайхан гуай “Алаг жарны бодрол” (УБ, 2015) номдоо “Н.Лхамсүрэн – ГЯЯ- ны сайд, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга байсан” хэмээн тодотгожээ. 1954 оны 11 дүгээр сарын 19-24-нд хуралдсан МАХН-ын XII Их хурал, 25-нд хуралдсан Намын Төв хорооны Бүгд хурлаар Улс төрийн товчоог Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Улс төрийн товчооны орлогч гишүүдэд Д.Балжинням, Б.Жамбалдорж нарыг сонгожээ. Тус Бүгд хурал МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Д.Самдан нарын бүрэлдэхүүнтэй сонгожээ.

МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар нөхөр Д.Дамба, хоёрдугаар нарийн бичгийн даргаар нөхөр Ц.Дүгэрсүрэн нарыг сонгов гэсэн мэдээ нийтэлжээ. Ийнхүү Н.Лхамсүрэнг Улс төрийн товчоонд жинхлүүлж, Намын Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар (хэрэв дугаарлабал III нарийн бичгийн дарга) сонгосон нь нам-засгийн эрх барих дээд байгууллагад ажиллуулахаар дээд удирдлага шийдвэрлэснийг илтгэнэ. Дамбыг намын даргаар дэвшүүлсэн, Цэдэнбал Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаасаа татгалзсан, тэр үетэй давхцан Н.Лхамсүрэн Улс төрийн товчоонд жинхэлж, Намын Төв орооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга болдог нь хоорондоо логик холбоотой томоохон үйл явцын нэгээхэн хэсэг юм болов уу хэмээн би үздэг. 1954 оны дөрөвдүгээр сарын эхээр хуралдсан МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар зохион байгуулалтын ноцтой томилгоо хийгджээ. “Сайд нарын Зөвлөлийн ажил дээр гол анхаарлаа чиглүүлэн ажиллах нь чухал байгаа учир МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай нөхөр Цэдэнбалын тавьсан хүсэлтийг харгалзан МАХН-ын Төв хорооны Бүгд хурал МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай БНМАУ-ын Ерөнхий сайд Цэдэнбалын хүсэлтийг ёсоор болгожээ” гэсэн албан мэдээ төвийн сонины хуудаснаа байна.

Маршал Х.Чойбалсан энэ гурван албан тушаалыг хослуулан тэр үед ердөө ганцхан сар ажиллажээ

Тэгснээ “Ерөнхий” гэдэг нь “Нэгдүгээр” болж солигдоод Д.Дамбыг намын даргад сонгосон байна. МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар нөхөр Д.Дамбыг, нарийн бичгийн даргаар нөхөр Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн нарыг сонгон баталжээ гэсэн байх юм. Жилийн өмнөөс сонгогдон ажилласан албан тушаалаа Лхамсүрэн энэ удаа баталгаажуулж, тэр оныхоо сүүлээр чуулсан намын XII Их хурлаар бүр баталгаажуулжээ хэмээн үзэж болно. Нийгэм-улс төр, эдийн засгийнхаа бүх салбарт СССР-ийг хуулбарлан дууриадаг, Москвагаас чиг авдаг тэр байдал нь ийнхүү халаа сэлгээ хийхэд мэдээж нөлөөлсөн. 1953 оноос гэж тооцож болно.

Сталин таалал төгсөж, ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нь намын талаас Хрущев (Сталинаас хойш хагас жил Төв хорооны нарийн бичгийн дарга) залгамжилж, харин СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн даргын албыг нь Г.М.Маленков үргэлжлүүлсэн, тэгэх мөртөө Зөвлөлтийн Засгийн газрыг маш хүчтэй бэхжүүлж, улс төрийн ихэнх дээд зүтгэлтэн нь (Берия, Булганин, Каганович, Молотов) Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч болцгоож, тэдний гурав нь ДЯЯ, ГЯЯ, Цэргийн яамны (хүчний яамд) сайдаар давхар томилогдсон, намын аппарат намынхаа хүрээнд ажлаа явуулдаг болсныг Ю.Цэдэнбал гярхай ажиглаж, тэрбээр намын удирдах тушаалгүй Г.М.Маленковтой эн зэрэгцэх нь чухал болсон аж. Сталин намын даргаар 31 жил ажиллахдаа, нэг ёсондоо төрийн тэргүүн л байсан, тийм ч зангараг харагддаг, завсарт нь 1941 оноос Ерөнхий сайдыг хавсарсаар хорвоог орхисон. Чойбалсан ч МАХН-ын дарга руу тэмүүлээгүй, Ерөнхий сайдаараа 1952 оныг хүргэсэн. (Yргэлжлэл бий)



A

Жижиг

A

Дунд

A

Том

Цаашид алтны шороон орд ашиглахыг дэмжихгүй

Орд дахь алтны нөөц 150 кг-аас бага бол олборлолт хийгээд ашиг гардаггүй байна

 0 сэтгэгдэл

Урт нэртэй хууль батлагдсанаас хоёр жилийн дараа буюу 2011 онд баталсан Засгийн газрын тогтоолоор ашигт малтмалын хайгуул болон олборлолт явуулахыг хориглосон бүсийн хэмжээ 43 сая га талбай болсон аж.

Гэвч ингэж тогтоосон хилийн зааг нь алдаатай байсан гэж БОАЖ- ын сайд Н.Цэрэнбат хэллээ. Тухайлбал, зарим аймаг, суманд усан сан бүхий хамгаалалтын бүсийг хэт бага эсвэл том талбайг хамруулан тогтоосон байж. Тиймээс хориглосон бүсийн хилийг шинэчлэн тогтоох шаардлага бий болжээ. Салбарын сайдын 2015 онд гаргасан тушаалаар усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоожээ. Ингэхэд 242 тусгай зөвшөөрөл бүхий газарт ашиглалт, нөхөн сэргээлт хийх эрх сэргэсэн аж. УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов. Тус яам бодлогодоо гар аргаар алт олборлох, бичил уурхайчдыг үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй аж. Тухайлбал, алтны нэг ордын эдийн засгийн үр ашиг сардаа 40-50 сая төгрөг байхад тухайн талбайд 400-500 нинжа буюу гар аргаар алт олборлогч ажилладаг. Харин талбайг ухаж дууссаны дараах нөхөн сэргээлтэд дээрхээс хоёр дахин их хөрөнгө шаардагддаг байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шороон орд дахь алтны нөөц 150 кг-аас бага бол тус талбайд олборлолт хийх шаардлагагүй байдгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэлэв. Хөрс хуулалт, олборлолт, нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгө өндөр.

Нөхөн сэргээлт хийх нэрээр талбай руу орж олборлолт хийж байна


Тиймээс шороон биш үндсэн ордыг ашиглах чиглэлийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам баримтлах нь зөв хэмээсэн юм. Тэрбээр “Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд БОАЖЯ дүгнэлт хийн, нэг мөр болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөхөн сэргээлт хийх нэрээр талбай руу орж олборлолт хийж байна. Цаашид алтны ордын эдийн засгийн үр өгөөж нь нөхөн сэргээлт хийхэд гарах зардлаасаа бага байвал тэр нөөцийг ашиглахгүй байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр 50-60 кг алтны нөөцтэй талбай руу ордог, нөхөн сэргээх зардал нь түүнээсээ их байдаг. Үүнээс болж нөхөн сэргээлт хийхгүйгээр хаяад гарч байна” гэсэн юм. Тус байнгын хорооны гишүүд мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болон хаалтын нөхөн сэргээлтийн хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцолж байлаа.