A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3479/

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

ҮАБЗ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар хуралдсан ч ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй

Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3479/


Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг "Оюутолгой" төслийн хоёр дахь шат бүрдүүлж буй. Төслийн "хувь заяа"-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Монголын хөрөнгө оруулалтын орчны баро­метр гэгддэг “Оюутолгой”­н далд уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний орд нь төслийн ашиг орлогын гол цөм. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь далд уурхайн бүтээн байгуулалт руу орж байгаа. Эдийн засгийн өсөлтийн баталгаа болж буй “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн гэрээ байгуулахтай холбоо­тойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан гурван захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд томоохон эргэлзээ төрүүлээд байна. “Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн билээ. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн, захирам­жуудыг хууль бус болохыг тог­тоосон гэж Нийслэлийн захир­гааны хэргийн анхан шатны шүү хээс даваа гарагт мэдээлсэн юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа Turquoise Hill Resources мэдэгдсэн. Тус компани шүүхийн албан ёсны шийдвэр тодорхой болсны дараа нэмэлт мэдээлэл өгөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр учраас цаашид давж заалдах боломж нээлттэй байгаа. Хэдий тийм боловч Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр ихээхэн халтай тусаж байгаа нь дамжиггүй. “Оюутолгой” төслийн ирээдүй хаашаа эргэхээс гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад цаашид нэмэгдэх эсэх нь шалтгаална. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш шүүхийн шийдвэр гарснаас хойш Нью­Йоркийн хөрөнгийн биржид 0.07 хувиар буурч, 0.45 ам.доллар болоод байна. Turquoise Hill Resources ­ийн хувьд олон улсад “Оюутолгой”­гоос өөр хэрэгжүүлж буй төсөл байхгүй. Гагцхүү энэ төслийн “хувь заяа”, Монголын Засгийн газрын “ааш”-наас шалтгаалж хувьцааны ханш нь хэлбэлзэж байгаа. Монголын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн энэ оныг л гэхэд хоёр доллар орчим дээр эхлүүлсэн хувьцааных нь ханш түүхэн доод хэмжээнд хүрч, Нью-Йоркийн бирж дээр арилжаалагдах эсэх нь хүртэл сөхөгдөх болоод байна.



Манай улсын дотоодын сан­хүүгийн зах зээлд хүртэл дээрх шийдвэр сөрөг нөлөө дагуулж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш төв банкны зарласнаар мягмар гарагт 2705.69 төгрөг болж, даваа гарагтай харьцуулахад хоёр төгрөгөөр нэмэгджээ. Шүүхийн шийдвэрээс гадна “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн дүг­нэлтийг МАН­-ын бүлэг УИХ-­ын чуулганаар хэлэлцүүлэх, улмаар 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа зарласан. Эдгээр нь хувьцааны ханшид мөн нөлөөлж байгааг зарим шинжээч дурдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-­ын дарга багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар мягмар гарагт хуралдлаа. Гэвч ямар нэгэн мэдээлэл энэ өдөр хийсэнгүй. Зэс, алтны өндөр агуулгатай “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч Rio Tinto мөн мэдэгдэл гаргаж, үүндээ гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг нэмж дурдсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18­-нд Дубай хотод гарын үсэг зурж, хоёр тал баталгаажуулсан. Ингэснээр 2013 оноос хойш буюу хоёр жил гаруй түр зогсоод байсан гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Дэлхийн уул уурхайн салбарт BHP­-ийн араас хоёрт орох, хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн их бэлэн мөнгөний нөөцтэй уул уурхайн компани ямар шийдвэр гаргаж байгааг бусад хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн эрсдэл даах чадвартайд тооцогдох энэ компани хүртэл Монголын улс төрөөс болгоомжилж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдад ямар дохио илгээх нь тодорхой. “Оюутолгой” Монгол Улсын түүхэнд нэг төсөлд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй дотоодын хамгийн том уурхайд өнөө тооцогдож байна. Тус төсөл 2019 он гарснаас хойш 524 үндэсний ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Төсөл хэрэгжсэн цагаас хойш нийт гурав орчим тэрбум ам.доллар үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Салбар салбарын төлөөллүүд хамтран хэлэлцэж, эдийн засгаа хурдан сэргээх нь маш чухал

  • Хятадын сэргэлттэй уялдуулаад өмнөд хөршийн зах зээлд экспорт хийж байгаа бизнесүүдээ дэмжвэл хүндрэл харьцангуй бага байх болов уу

(Growth Summit чуулган өнгөрсөн жил анх удаа болж, бизнесийн төлөөллүүд хөгжлийн арга замыг хамтдаа эрэлхийлж байв.)

Тавдугаар сарын 19-22-нд болох Virtual Growth Summit чуулганд илтгэгчээр оролцох “Петровис ойл” ХХК-ийн ерөнхий захирал С.Энх-Амгалантай ярилцлаа. Цар тахлын энэ үед бизнесийн бүхий л байгууллага хамт сууж асуудлаа ярилцах нь хүндрэлийг хохирол багатай даван туулахад тусална гэдгийг тэрбээр ярилцлагадаа онцлов. 

Хөл хорионы арга хэмжээнүүд оновчтой байж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд бага саад учруулбал компаниудын үйл ажиллагаа тасалдалгүй, хэвийн явагдах бололцоо бүрдэнэ

-Энэ жилийн чуулганы онцлог нь юу вэ? 

-Growth Summit чуулган энэ жил коронавирусийн цар тахлын үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Тийм ч учраас бизнесүүдэд тохиолдож байгаа бэрхшээл, даван туулах арга зам, цар тахлын дараа бизнест ямар өөрчлөлтүүд гарах, бизнесээ хэрхэн явуулдаг болох вэ гэх мэт олон сонирхолтой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх болно. Энэ удаагийн чуулга уулзалтад Монголын бизнесийн төлөөллүүдээс гадна гадаадын салбар салбарын төлөөллүүд санал бодлоо солилцохоор чуулж буйгаараа онцлог. 

-Цар тахлын үед Монголын бизнесүүд өсөж дэвжих боломж байгаа юу. Эсвэл үйл ажиллагаагаа тогтвортой хадгалж үлдэх тал дээр илүү анхаарах ёстой юу? 

-Хоёр зүйл дээр төвлөрч яримаар байна. Нэгдүгээрт, энэ цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа хөл хорионы арга хэмжээнүүд оновчтой байж, бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бага саад учруулж байж компаниудын үйл ажиллагаа тасалдалгүй, хэвийн явагдах бололцоо бүрдэнэ. Нөгөө талаар Хятадад одоо цар тахлын хүнд үе өнгөрч, амьдрал ахуй хэвийн байдалдаа орж байгаатай холбоотойгоор Хятад руу чиглэсэн үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлэх хэрэгтэй байна. Иймд салбар салбарын төлөөллүүдтэй хамт суун холбогдох шийдвэрүүдийг оновчтой гаргаж, эдийн засгаа хурдан сэргээх нь маш чухал. Монголын бизнесүүд энэ хүнд үед компаниа авч үлдэх, ажилчдаа ажлаар хангах бололцоог хайж байна. Нөгөө талаар баруунд онлайн үйлчилгээ, бүх төрлийн түгээлтийн бизнес эрчимтэй хөгжиж байна. Монголд ийм төрлийн бизнес хэр их билээ гэж бодохоор огт өөр дүр зураг харагдаж байна. Ихэнх бизнес маш хүнд байдалд орж, эхнээсээ их хэмжээний цомхотгол хийж байна. Энэ хэрээр ажилгүйдэл нэмэгдлээ. Ийм нөхцөлд бид ядахдаа экспортын гол суваг болох Хятадын сэргэлттэй уялдуулаад өмнөд хөршийн зах зээлд экспорт хийж байгаа бизнесүүдээ дэмжвэл хүндрэл харьцангуй бага байх болов уу. 

-Засгийн газар цар тахлын хүнд үеийг даван туулах багц арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Эдгээр шийдэл байгаа онож байна уу? 

-Миний бодлоор энэ багц арга хэмжээнүүд зөвхөн иргэд рүү илүү чиглэсэн байна. Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн гэж хэлэхэд хэцүү. Татвар яаж цуглардаг билээ, иргэд болон аж ахуйн нэгжээс л цуглана. Иргэд ажил, орлоготой байж орлогын албан татвар төлнө. Харин бизнесүүд ажил үйлчилгээ нь хэвийн үргэлжилж байж орлогын албан татвар төлнө. Гэтэл бизнес, аж ахуйн нэгж, ЖДҮ рүү чиглэсэн арга хэмжээ нь ойлгомжгүй байгаа учраас хангалтгүй гэж үзэж байна. Ийм нөхцөлд нэгдүгээрт, хорио цээрийг оновчтой зохион байгуулах ёстой. Мөн бизнесүүдээ дэмжих оновчтой шийдэл одоо болтол үгүйлэгдэж байна. 

-Та компаниуд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд багагүй бэрхшээлтэй тулгарч байгааг хэллээ. Танай компанийн хувьд хүндрэл мэдрэгдэж байна уу? 

-Энгийнээр хэлэхэд зарим бизнес таг зогсчихлоо шүү дээ. Хүмүүсээ тараагаад явуулчихсан. Ажлаа хэзээ эхлэхээ мэдэхгүй, ажил нь хэзээ орохыг мэдэхгүй, хүмүүс нь цаашдаа ажилтай байх эсэхээ мэдэхгүй байна. Нийтлэг тулгарч байгаа асуудал бол бүх бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, орлогын хэмжээ буурсан. Үүнийгээ дагаад үйл ажиллагааны болон бусад зардлаа танах арга хэмжээ авч эхэллээ. Зарим аж ахуйн нэгж зардлаа танахын тулд хүмүүсээ цомхотгож байна. Нэгэнт хийлгэх ажил байхгүй, борлуулалтын цэгүүд нь хаагдчихсан, ложистикийн цэгүүд нь хумигдсан тохиолдолд байгууллагууд ажилтнаа цомхотгохоос аргагүй. Мэдээж бизнесүүд энэ хямралыг аль болох давж гарах, ажлын байраа хадгалахыг зорьж байна. Гэхдээ энэ цар тахлын үед засгийн бодлого тодорхой явахгүй бол ойлгомжгүй байдал удаан үргэлжлэх тусам бизнесүүдэд тун халтай. Эргээд ажил олгогч, ажилтны хоорондын харилцаанд ч хүндрэл үүснэ. 

-“Петровис ойл” ХХК-ийн хувьд ажилчдаа сул зогсоох, цомхотгох зэрэг арга хэмжээг авч байгаа юу? Нэмж асуухад олон улсад газрын тосны үнэ ханш унасан байгаа энэ үед, дотоодын шатахуун импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ хангалттай хэмжээнд бууруулж чадаж байгаа юу? Тийм боломжтой юу?

-Бидний хувьд цомхотгох арга хэмжээ авч эхлээгүй байна. Эхлээд манай салбарын зах зээлийг ярих нь зүйтэй байх. Энэ оны хувьд цар тахал эхлээгүй байхад баррель нефтийн үнэ 70 ам.доллараас дээш байх гэсэн таамагтай байсан. Гэтэл өнөөдөр 29.6 ам.доллар болчихсон байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд маш их зүйл өөрчлөгдлөө. Манай салбарын хувьд импортоор орж ирж байгаа шатахууны хэмжээ буурсан нь маш тодорхой байна. Эхний дөрөв, таван сарын байдлаар импортын хэмжээ 1/4-ээр багасчихлаа. Энэ нь борлуулалт буурсан гэсэн үг. Буурсан шалтгаан нь хөл хориотой холбоотой. Нөгөө талаар уул уурхай компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орчихлоо. Хоёрдугаар сард тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадсангүй. Нүүрсний хэд хэдэн томоохон компани зургадугаар сар хүртэл үйл ажиллагаагаа зогсоочихлоо. Манай салбарын компаниуд нэгдүгээр сард өндөр үнэтэй бүтээгдэхүүн захиалаад авчихсан. Гэтэл борлуулалт хэвийн яваагүй. Дэлхийн зах зээлд үнэ унавал сар хагасаас хоёр сарын дараа Монголд мэдрэгддэг. Гэтэл бид өндөр өртөгтэй үлдэгдэлтэй, нөгөө талд үнэ хурдтай унаад байдаг. Үүнээс болж иргэдийн дунд буруу ойлголт бий болж, бухимдал үүссэн байх. Энэ ойлголтыг манай салбарынхан сүүлийн 2-3 жил нээлттэй ярьж байгаа. Үндсэндээ оросуудаас бүрэн хамааралтай бизнес шүү дээ. Ийм нөхцөл байдалтай л ажиллаж байна. Гэхдээ бид бүсээ чангалж, ажлын байраа хадгалаад ажиллаж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэхээс хамаараад дараа дараагийн шийдлүүд гарах байх. 

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байгаа. Үүнд газрын тос импортлогч компаниуд ямар байр суурьтай байгаа вэ?

-Дотооддоо нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаад бид баяртай байгаа. Бидний хувьд нэг ханган нийлүүлэгч нэмэгдэж байна гэсэн үг. Дотооддоо сайн чанарын шатахуун үйлдвэрлээд, илүү богино хугацаанд тээвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэвэл үнийн хувьд ч хямдрах болов уу гэж тооцож байгаа. 

-Танай компани өнөөдрийн байдлаар хэчнээн ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна вэ? 

-Бид одоогоор 400 орчим шатахуун түгээгүүрийн станц ажиллуулж байна. Манай компанид нийтдээ 2200 гаруй хүн ажиллаж байгаа. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нүүрсний экспорт жигдрэхэд багагүй хугацаа орохоор байна

  • БНХАУ-тай хийсэн манай улсын гадаад худалдааны эргэлт 40 гаруй хувиар буурчээ

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Үүний борлуулалтаас 1.3 их наяд төгрөг олохоор төсөвт тооцсон билээ. Гэвч COVID­-19 цар тахлын хөл хорионоос үүдэн нүүрс тээвэрлэлт удаан хугацаагаар зогссон. Харин гуравдугаар сарын 15­-ны өдрөөс тээвэрлэлт сэргэсэн боловч хэвийн горимдоо ороход багагүй хугацаа орох бололтой. Улсын хэмжээнд хилээр нүүрс тээврийн 400 орчим автомашин хилээр өдөрт гарч байна. Үүний тал нь Гашуунсухайтын боомтоор нэвтэрч байгаа аж. БНХАУ­-тай хийсэн манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний улиралд 1.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харь­цуулахад 40 гаруй хувиар буурчээ. Төлөвлөгөөт нүүрсний экспор­тын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлэх учиртай “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн долоо хоногт 49.5 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Он гарсаар нийтдээ тус компани 902.4 сая тонн нүүрс экспортолсон бол орон нутгийн өмчит “Тавантолгой” компани 600 орчим мянган тонн нүүрс борлуулаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь ойролцоогоор хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Тавантолгой”­-н нүүрсний олборлолт, борлуулалт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч хөрс хуулалтын ажлаа энэ сарын дундаас зогсоосон билээ. Тэгвэл Шивээхүрэн-­Сэхэ боомтын экспорт сэргэснээс хойш нэг сарын хугацаанд SouthGobi Resources компани 90 мянган тонн нүүрс экспортлоод байна. Тус компани одоо агуулахаасаа борлуулалт хийж байгаа учир тавдугаар сард нүүрс олборлохгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс гадна энэ оны эхний улиралд 13­-18 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар компанийн зүгээс өмнө мэдээлж байсан. Өнгөрсөн оны эхний улиралд SouthGobi Resources 2.1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байжээ. Нүүрсний экспортод томоохон байр суурь эзлэх Mongolian Mining Corporation-­ийн нүүрсний гарц жилийн өмнөхтэй харьцуулахад энэ оны эхний улиралд нэг хувиар нэмэгдэж, 1.8 сая тонн болсон. Хэдий тийм боловч энэ нь өмнөх улирлынхаасаа 38 хувиар буурсан дүн. Угаасан коксжих нүүрсний борлуулалт жилийн өмнөхөөс 39 хувиар, өмнөх улирлаас 50 хувиар буурч, 607.7 мянган тонн болсон талаар ээлжит тайландаа дурджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO-г гаргах боломжгүй боллоо

  • ЭТТ компани 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл улстөржилтөө даалгүй явж ирлээ
  • Монгол бүтэхгүй ээ. Тохирсноосоо буцдаг, дотоодын улс төр хэцүү, засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна гэж хэлж байсан 

Засгийн газар өнгөрсөн даваа гарагт ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувь дээр IPO хийх өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон юм. Энэ асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа. Тэрбээр энэ талаар “Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээв. 

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хөрөнгө босгох шийдвэрээ Засгийн газар хүчингүй болголоо. Үүнд коронавирусийн нөлөөллөөс үүдэлтэй бий болсон үнийн уналт нөлөөлсөн байх. Хоёрдугаарт дотоодын улс төр нөлөөлөв үү гэж харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? ­

-Өөртэй чинь санал нэг байна. Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс тавантолгой майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс­нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна. Би төрийн шийдвэр хэрэгжих, залгамж чанараа хадгалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Коронавирусийн халдвараас үүдэлтэй түүхий эдийн үнэ хөрөнгийн бирж дээр буурсан, эрэлт буурсан гэсэн хүндрэлүүд бий. Вакцин гарсны дараа дэлхийн эдийн засаг сэргэх байх. Үүний дараа Тавантолгойн IPO гарах ажил үргэлжлээд явна гэж бодож байна. IPO хийх нь төрийн өмчит компанийн хувьд хамгийн чухал. Шилэн болж, хариуцлагатай, засаглал сайтай, үнэлгээ сайтай компани болох ёстой юм. Ингэснээр хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох тооцоог гаргасан. Цаашид ч өснө. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хүртэл хувийг 5-­6 тэрбум ам.доллараар үнэлэх тооцоог тухайн үед гаргаж байсан. Тавантолгой хайгуул, нөөц, чанарын хувьд хийх ажил маш их. 

-ЭТТ компанийн сүүлийн 2-3 жилийн ашигт ажиллагаа IPO гаргахад нөлөөлөөд байх шиг байна. Нэгэнт ашигтай бол заавал хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэг байна уу гэх хандлага ч байна. Хэрэв муугаар бодож IPO зогсвол энэ их санхүүжилтийг компани дангаараа эсвэл Засгийн газар даах боломж бий юу? 

-ЭТТ компани байгуулагдсан цагаасаа жил бүр ашигтай байгаагүй. Алдагдалтай хүнд үе байсан. 2018, 2019 онд компани сайн ажилласан. ЗГ-­ын бүрэлдэхүүн ч зохион бай­гуулалттай хариуцлагатай хандсан. Надад ажил хийх боломж бололцоог бүрэн хангаж өгсөн. Энэ нь хариуцаж буй салбарын сайдад хурдтай ажиллах боломж нөхцөлийг бүр­дүүлсэн. ЭТТ компани ашигтай ажилласан хугацааныхаа орлогоор Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлсэн. Мөн Гашуун­ Сухайт болон угтуулан тавих төмөр зам, үйлдвэрийн тоног төхөөрөмж, уурхайн хүчин чадлыг нэмэх, ажилчид авах гээд олон ажлыг хийх боломжтой болсон. Төлөвлөгөөний биелэлт гэхдээ энэ оноос амаргүй нөхцөл байдалд орох нь. Эхний улирлын байдлаар ЭТТ-н нүүрсний борлуулалтын орлого -50 хувьтай явж байна. Энэ байдлаараа яваад байвал уул уурхайн салбарын борлуулалтын орлого оны эцэст 50 хувиар тасарна. Тиймээс өмнө нь ярьж байсан хүмүүс үгээ бодох хэрэгтэй. 

-IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийж амжаад байв. Хоёрдугаарт IPO-г хойшлуулснаар бид ямар боломжоо алдаж байна вэ? ­

-Хэт их улстөржилт орлоо. Их хурлын 7-­8 тогтоол, ҮАБЗ-­ийн зөвлөмжүүд Засгийн газрын бараг есөн тогтоол гарсан байдаг. Гэвч ажил урагшаа явдаггүй. Яагаад гэвэл дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү. Өнөөдөр ЭТТ дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. ЭТТ дээр үүсч буй нөхцөл байдлаас эвгүй зүйлүүд сонсож байна. Авлига төсөв дээр л байдаг. Харин тэр нь яаж илэрдэг вэ гэхээр хурд саардаг. Энэ хоёрыг ажиглахад л маш ойлгомжтой болно. Тиймээс компанийг ил тод, шилэн, үнэлгээ өндөртэй болгож байж хараа хяналт, засаглалаа сайжруулах боломж бий болох юм. Нөгөө талаар дотооддоо “Хятадууд авах гэж байна” гэсэн яриаг гаргадаг. Яг үнэндээ тэгж ярьж байгаа хүмүүс өөрсдөө хятадуудтай очоод нийлчихсэн байгаа. Хятадуудтай нийлс­нийг буруутгаад байгаа юмгүй. Хятад байна уу, орос, англи хэн­тэй хамтарч болно гагцхүү түүнийгээ ил тод болгоод яв. 

-ЭТТ-н IPO олон улсад маш том хүлээлт бий болгож байсан. Харин Засгийн газрын сая гаргасан шийдвэр Монголын нэр хүндэд яаж нөлөөлөх бол? 

-Би дэлхийн том банк болох Bank of America Merrill Lynch толгой болоод БНХАУ, Япон зэрэг улсын дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтаар оруулж ирж чадсан. Тэд “Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан. Үүнийг зөв тайлбарлаж, ажлаа томсгосон байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

М.Ганбаатар: Вирусээс шалтгаалж шахмал түлшний хомсдол үүсэхгүй

  • Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг Хятадын үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ

Сайжруулсан шахмал түлшний гол түүхий эд нь барьцалдуулагч бодис байдаг. Уг бодисыг манай улс урд хөршөөс импортолдог юм. Гэтэл энэ бодис тасрах эрсдэл үүсчээ. Учир нь Хятадын зарим мужид коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Үүнээс үүдэж түүхий эд бэлтгэн нийлүүлэх ажилд хүндрэл гарах эрсдэл үүссэнийг Улсын онцгой комиссын хурал дээр танилцуулсан юм. Монгол Улс БНХАУ-аас сайжруулсан түлшний түүхий эд болон утаа мэдрэгчийг импортоор авдаг. Хэрэв цаашид нийлүүлэлт зогсож, одоо байгаа нөөц дуусвал нийслэлчүүд түлшний хомсдолд орох эрсдэл нүүрлэнэ. Энэ асуудлаар Улсын онцгой комиссын хурал дээр тодорхой саналыг гаргаж, өөр улсаас түүхий эд авахаар судалж эхэлжээ. Иргэдийн дунд ч хомсдол үүсэх вий гэх болгоомжлол байна. Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодруулахад “Өнөөдрийн хувьд 10 хоногийн нөөц байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг дуусахаас өмнө бид нөөцөө дахин бүрдүүлж амжина. Одоогоор Новосибирскээс татах гэж байна. Долоо хоногийн дотор нэг сарын нөөц бүрдүүлэх боломжтой учраас санаа зоволтгүй. Сайжруулсан шахмал түлшний хомсдолд орж, тасалдана гэсэн ойлголт байхгүй” хэмээн ярилаа.