A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1120/

Shangri-La-гийн нууц

​Shangri-La-гийн бүх төсөл урсгалаараа амжилттай хэрэгждэг гэвэл худал хэлсэн болно​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1120/


Малайз гаралтай тэрбумтан Роберт Куок саяхан хэвлүүлсэн дуртгалынхаа нэг бүлгийг өөрийн байгуулсан Shangri-La Hotels & Resorts групптээ зориулжээ. Тэрбээр 1968 онд Сингапурын Орчард гудамжны хэсэгхэн газрыг худалдан авах гэрээний 10 хувийг эзэмшсэнээр хожим анхны Shangri-La -г сүндэрлүүлсэн түүхтэй. Өдгөө 94 настай, түүхий эдийн туршлагатай худалдаачин Куок тансаг зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээг ашигтай бизнес хэмээн харжээ. Үүгээрээ тэрбээр дэлхий дахинд бизнесийн өөр нэгэн цонх нээж өгсөн юм.

Зочид буудал гэлтгүй бүх салбарын бизнест ажилтан сонгон шалгаруулахад ур чадвар, үнэнч байдал, ачаалал даах чадвар гэсэн гурван үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй. Энэ гурвын аль нэг үзүүлэлт үгүй бол тэр хүнийг март. Зочид буудал байгуулах явцад түүний жинхэнэ үнэ цэнийг унатал зардлаа танаж үл болно. Сайн чанарын гантиг чулуу, сайн чанарын мод, чадварлаг барилгачин гэх мэт бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Хятадын эртний хэлц үгэнд “чанараа бууруул, барилгын материалаа тана” гэсэн байдаг. Хэрэв та ингэх бол хамрынхаа үзүүрээс огтолж буйгаас ялгаагүй хэрэг болно. Тухайлбал, хөгжиж буй зарим орны цементийн стандарт харьцангуй доогуур байдаг. Мэдээж та үүнийг хэрэглэхийг хүсэхгүй. Мөнгө хэмнэе гэвэл өртөг өсгөдөг үргүй зардлаас зайлсхийх хэрэгтэй. Сайн ажилтан хөлслөхгүй бол танаас хумслах, эсвэл гаднын гэрээлэгч нартай хамсаж хөрөнгө шамшигдуулах магадлалтай. Ийм зүйл байнга тохиолддог. Хэрэв та дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд 800 өрөөтэй зочид буудал байгуулсан бол өндөр ачаалалтай байх бүрэн бололцоотой бөгөөд санал болгож буй үйлчилгээндээ тохирсон ямар ч үнэ нэхэмжилж болно. Яг л загасчинтай адил. Сүрэг загас угтан авах урсгал хаана байна вэ?

Та зочид буудлаа сүрэг загас угтах хамгийн өндөр магадлалтай газарт л байгуулах хэрэгтэй. Ямар ч урсгалгүй тогтуун далайд загасчлах хэрэггүй шүү дээ. Учир нь тэнд загас байхгүй. Хэт өндөр үнэ нэхэмжилж заншсан зочид буудлууд надад таалагддаггүй. Харин Shangri-La-д нэр хүнд, стандартаас гадна урт хугацааны зорилго бий. Бид жил бүр ашигтай ажиллахыг хүсдэг, үнэхээр ашиг олдог ч басхүү үйлчлүүлэгчдэдээ дарамт, шахалт үзүүлэхийг хүсдэггүй. Би тэднийг манай хаалгаар аз жаргалтай, сэтгэл хангалуун гараасай гэж хүсдэг. Гэвч ширүүн өрсөлдөөний улмаас тааламжтай үнэ тогтоох боломжгүй учир бусад зочид буудал, тэр дундаа сүлжээнийхээ зочид буудлуудынхаа өмнөөс харамсаж явдаг. Хөгжиж буй орнуудад найз нөхөд, танил талаа түшиглэх явдал түгээмэл. Хэрэв танил тал нь Ерөнхий сайд эсвэл Ерөнхийлөгчийн суудалд заларвал мөнгөтэй болох завшаан олдоно. Тэдгээр дүр эсгэгчдийн нэг хүсэл бол тансаг зэрэглэлийн зочид буудал барих. Улмаар мөнгийг ус шиг урсгаж, угаалгын өрөөг алтан цоргоор чимэх мэтийн зүйлд зарцуулна. Хэнд ч хэрэггүй үйлдэл. Тэд үүндээ миний зарцуулдгаас хоёр, гурав дахин их зардал гаргадаг. Shangri-La зочид буудлууд таван одтой зочид буудлын шаардлагад нийцэхүйц ухаалаг тохижилттой болохоос хэт чамин эсвэл гялгар биш. Би мөрөөдлийн цайз бүтээдэггүй. Shangri-La-ийн гол онцлог бол эзэд нь өөрсдөө удирдлагаа атгадаг. Би мэргэжлийн менежерүүдийг үгүйсгэх гэсэнгүй.

Гэхдээ бид эздийн шаардлага, зорилго болоод менежментийн багийн зорилгын нарийн ялгааг гаргасан. Тиймээс би эртнээс зочид буудал бүрт бодлогын хэрэгжилт шалгах хороо байгуулсан. Тус хороонд буудлын ерөнхий менежер болон эзэмшигч талын нэг, хоёр хүн багтдаг. Хэрвээ ажил үүргээ зөв гүйцэтгэвэл менежмент болон эзэмшигч тал хоёул зөвхөн зочид буудлыг сайжруулахын төлөө хамтран ажиллах юм... Би Сингапур дахь Shangri-Laийн ТУЗ-ийн хурал дээр байнга хэлдэг зүйлээ энд хэлэхийг хүсэж байна. “Бид гурван зүйлийг дараах дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Зочид буудлын ажилтнууддаа санаа тавих, зочдоо халамжлах, хувьцаа эзэмшигчдээ анхаарах”. Яагаад зочдоо нэн тэргүүнд тавихгүй байгаагийн шалтгааныг товчхон тайлбарлая. Эзэмшигчийн хувьд бид ажилтнуудаа урамшуулах, өөрсдийгөө харамч, хувиа хичээсэн эзэд биш гэдгээ харуулах үүднээс тэднийг зүй ёсоор анхаарч халамжлах үүрэгтэй. Эзэн, дарга гэсэн захирангуй байр сууринаас бус, харин байгууллагын ёс зүйн дагуу ажилчдадаа хүнлэг энэрэнгүй хандаж үлгэр жишээ үзүүлснээр тэднийг урамшуулж, зочид гийчид, харилцагчдад дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх урам зориг өгдөг. Хэрэв бүхнийг ухаалгаар гүйцэтгэж чадвал хувьцаа эзэмшигчдэдээ өндөр ашиг өгч чадна. Shangri-La-гийн бүх төсөл урсгалаараа амжилттай хэрэгждэг гэвэл худал хэлсэн болно. Дөрвөн жишээ дурдахад Бангкок дахь эхний төсөл амжилттай хэрэгжсэн бол Токиогийн төсөл огт хэрэгжээгүй. Сөүл дэх төслийн хувь заяа үнэхээр таагүй эргэсэн. харин үүний дараа Мьянмарын төсөлд цаг хугацаа шаардагдсан билээ.

ТАЙЛАНД

Би Бангкокт зочид буудал барихыг хүссэн юм. 1970-аад оны сүүлчээр эртний танил Анг Тун Чю маань автобусны төв буудлын ойролцоо хэсэгхэн газрыг надад санал болгосон юм. Тухайн үед Тайланд улс аль хэдийнэ 45 сая гаруй хүн амтай болон байв. Харин Бангкок бол автобусаар бүх чиглэлд хүрэх нийтийн тээврийн төв билээ. Тиймээс Бангкокийн автобусны буудал асар том цогцолбор байсан, одоо ч байгаа. Би тун Чюгийн хамт газар үзэхээр очсон юм. Улмаар элсэн чихэр үйлдвэрлэгч, хуучны танил, талийгаач Сури асдаторныг дуудаж, өнөөх газрын дуудлага худалдаанд хамт оролцов. Би сурид өөрийг нь хэчнээн их хүндэлдэг болоод энэ газрыг авахыг ямар их хүсч байгаагаа хэлээд хувь эзэмшигчээр нэгдэх санал тавилаа. Сури бол миний мэдэх хамгийн мундаг Тайланд бизнесмэнүүдийн нэг. Миний хүслийг сонсоод тэр “Роберт, би Бангкокийг алган дээр тавьсан мэт мэднэ. Тэнд зочид буудал бүү барь. Утаа униар ихтэй, чимээтэй газар, яг л там гэсэн үг. Яагаад заавал тэнд гэж? тэнд чинь гурван од хүрэх ч зочид буудал барих боломжгүй” гэж хэллээ. Харин намайг “Тэгээд хаана барих вэ?” гэж асуухад Сури одоогийн Shangri-La зочид буудал сүндэрлэж буй Чао Фраяа голын эрэг дээрх газрыг танилцуулж, хөрөнгө оруулалт хийсэн юм. Тиймээс заримдаа төслийн тал дээр эргэлзээ төрвөл өөрөөсөө илүү ухаалаг хүнтэй зөвлөлдөж, хамтран ажиллахыг санал болгох дээрх аргыг ашигладаг болсон. Хэрвээ надад “Энэ чинь бүтэхгүй” гэж хэлбэл бүтэхгүй л гэсэн үг. Эцэст нь чи бусдын нүдээр зөв гарцыг олж харах болно.

ЯПОН

1980-аад оны эхээр Малайзын Nissin Sugar элсэн чихрийн үйлдвэрийн хамтрагч маань Токиогийн далайн эрэг дээр Shangri-La зочид буудал барих санал тавив. Odaiba гэрэлт цамхгийн дэргэдэх тэр газар ууган хүү Бьюд маань ихэд таалагдсаныг сонсоод би өөрийн биеэр танилцахаар токио руу явлаа. Хотоос алслагдмал, Токиогийн Disneyland хүрэх замын дунд байрлах уг газарт эргэлзээ төрж, Японы архитектор шибатаг дуудаж санал бодлыг нь асуухад “Куок-сан, та яагаад заавал ийм үед зочид буудал барих гээд байгаа юм бэ? Токиод үүсээд буй үнийн хөөсрөлт, инфляцаас шалтгаалан барилгын ажилчид өндөр шаардлага тавих болсон. Өнөөдөр Япон ажилчин дэлхийн хамгийн үнэтэй боловсон хүчинд тооцогдож байна. Нэр хүндтэй ямар ч барилгын компани хямд өртгөөр барилга барих боломжгүй болсон. Та одоо зочид буудал баривал хэзээ ч ашиг олохгүй” гэж шулуухан хэллээ. Түүний яриаг хагас цаг гаруй анхааралтай сонссоны эцэст би хүүтэйгээ ярилцаад энэ төслийг цуцалсан юм. Энэ бүхнийг эргэн дүгнэхэд, 1990-ээд онд Японы хэчнээн олон компани нэр төрөө хадгалахын төлөө “халуун ус руу үсэрснийг” ойлгож ядах зүйлгүй.

ӨМНӨД СОЛОНГОС

Миний дурдаж буй жишээнүүдээс хамгийн түвэгтэй нь 1988 оны Сөүлийн олимпийн өмнө Өмнөд Солонгост хэрэгжүүлэх байсан төсөл юм. Уг төслийг зуучилж өгсөн Шибата бол Куала Лумпур, Бангкок, Коулун, Сингапур, Бээжин хотын Shangri-La зочид буудлын архитектурын ажлыг хариуцсан хүн. Нэг өдөр Шибата над руу залгаж, Солонгос Япон гаралтай Квак Ю Жи хэмээх хүн Сөүл хотын төвд зочид буудал хамтран байгуулах хүсэлтэй байгааг дуулгалаа. Накаяама хэмээх Япон нэртэй Квак гэгч нь Японы доогуур зэрэглэлийн энтертайнмент болох слот-машин, пачинкогийн ачаар хөрөнгөжсөн хүн байв. Шибатагийн санал болгосон хүн учир би түүнд итгэсэн. Накаяама надтай уулзахаар хонконгод ирсэн юм. Японоор муухан ярьдаг тул Шибата түүний яриаг Японоос Англи хэл рүү орчуулж өгсөн юм. Бид 50:50 хувь хамтран эзэмшихээр тохиролцсон бөгөөд энэ нь түүнд давуу эрх олгохгүй гэж тооцсон юм. Мэдээж би 51 хувь эзэмшихийг хүссэн ч энэ нь ёс зүйгүй явдал болно. Энэ төслийн төлөө би Солонгос руу 10 гаруй удаа очсон.

Дөрөв, тав дахь удаагийн айлчлалын дараа би хүү Бьюгээ төлөөлөгчөөр томилж, гурван долоо хоног тутамд нэг удаа төсөл рүү илгээж байв. Гэвч манай хамтрагч Квак биднээр жинхэнэ наадах шиг болж, зөвхөн угаалгын өрөөний дизайныг шийдэхийн тулд 5-6 цагийн турш маргалддаг байлаа. Тэр баахан цаасан дээр зураглал сараачиж байгаад хэсэг хормын дараа базаж хаяад дахиад л шинээр зурна. Арайхийн өдрийн хоолны цаг болж хэсэг завсарлаад ирэхэд эдгээр үйлдлээ ахиад л давтана. Эхэндээ би түүнийг бусдаас онцгой хүн юм хэмээн бодож, үйлдэл бүрийг нь хүлээн зөвшөөрч байсан. Гэвч нэг өдөр тэсэлгүй “Та чинь шибатаг архитектороор томилоогүй билүү?” гэж асуулаа. “Ёстой үгүй” хэмээн түүнийг хариулахад бүх зүйл хөмрөх шиг болсон. Үнэн хэрэгтээ тэр хүн Шибатагаас өөрийг нь надтай танилцуулж өгөхийг гуйсан байв. Үүнийхээ төлөө тэр хүн Шибатагийн өмнө хариуцлага үүрэх ёстой байтал тайван гэгч нь надаас “Шибатаг заавал ажиллуулах хэрэг байна уу?” гэж асуусан юм. Шибата бол зочид буудлын чиглэлээр мэргэшсэн, түүнийгээ баталсан архитектор хүн. тэр нөхөр дотроо ямар далд санаа агуулав?

Магадгүй тэр Шибатаг өөртөө үнэгүй ажиллуулах “хор найруулсан” байж болох юм. Тэр хүн ийм замаар амьдрал туулсаар өдий зэрэгт хүрсэн байж болно. Түүнд үнэгүй ажиллахад бэлэн Солонгос архитекторууд байсан ч байж магадгүй. Харин бидний зарчим бол “Хэрэв чанартай үйлчилгээ хүсвэл тэр хэмжээгээр нь төл”. Шибата бол олон зочид буудал дээр надтай хамтарсан хүн. Эцэстээ би ийм байдлаар цааш үргэлжлүүлж чадахгүйгээ мэдсэн. Бүтэн хоёр жилийг ямар ч үр дүнгүй үрсэн байв. 1988 оны олимпоос өмнө амжиж, эхний 200-300 өрөөг (700 өрөөтэй байх ёстой) бэлэн болгохоор яаравчлуулж байхад төсөл сунжирсаар... иймд би Шибатагаар дамжуулан “Бид цаашид ингэж ажиллаж болохгүй. Ноён Накаяама, тантай ярилцах гэж олон удаа оролдсоны эцэст бид энэ байдлаараа хаа ч хүрэхгүй юм байна гэдгээ ойлголоо. Энэ мөчөөс эхлэн би төслөөс гарахаар шийдлээ” гэж хэлүүлтэл Квакийн царай хувьсхийж “Та нар тэгж чадахгүй” гэж бувтнав. Би түүнд “Мэдээж чадна. Харин ч удаан тэслээ” гэж шулуухан хэлсэн. Харин тэр намайг төслөөс гаргахгүй хэмээн гүрийсээр байв. “Шибата-сан, бид гэрээг гарын үсэг зурж баталгаажуулсныг чи мэднэ. Газар компанийн мэдэлд байгаа. Харин компанийн 50 хувийг тэр, 50 хувийг би эзэмшиж байна.

Өдийг хүртэл би ноён Накаяамаг хүндэлж, түүнийг 100 хувийн эзэмшигч мэт харьцаж ирсэн ч энэ мөчөөс эхлэн би түүний дүрмээр тоглоно. Сүүлийн хоёр жил хагас тэр надад яаж хандсан тэр ёсоор нь хариу барина” хэмээн Шибатаг түүнд орчуулж өгөхийг хүссэн юм. Накаяамагийн тэвдсэн байхыг хараад би Шибатад “Юу гээч, би буцах онгоцны билетээ аль хэдийнэ авчихсан. Надад одоо 10 хүрэхгүй минут байна. Түүнд өөр хэлэх зүйл алга. Баяртай Шибата-сан” гэж хэлчихээд гар барин Сөүлийн нисэх онгоцны буудал руу яарлаа. Хэдэн өдрийн дараа Шибата Токиогоос над руу залгав. Накаяама миний шаардлагыг зөвшөөрсөн боловч валют арилжаанаас олсон ашгийн тал хувийг авмаар байгаагаа уламжилжээ. Би ч үүнийг нь зөвшөөрсөн. Хэрэв миний оронд өөр бизнесмэн байсан бол аль хэдийнэ зарга үүсгэчихсэн байх биз. “Хэрэв чамд асуудлаас гарах боломж нь байгаа бол гар. Амьдрал дардан байдаггүй. Ингэж л миний Сөүл дэх төсөл дуусгавар болсон юм. Харин өдгөө өнөөх талбай дээр томоос том оффис сүндэрлэж байна.

МЬЯНМАР

1993 онд миний дунд хүү Иан, Kuok Singapore-ийн бие бүрэлдэхүүний хамт Сингапурын Засгийн газрын төлөөлөгчдийг дагалдан Мьянмар руу айлчлал хийсэн юм. Энэ үед Мьянмар улс дэлхий дахинд үүд хаалгаа дөнгөж нээгээд байсан билээ. Хүү маань эргэж ирээд Мьянмарын хөгжилд хувь нэмэр оруулж, гэр бүлийнхээ зүгээс хөрөнгө оруулах туйлын хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Миний хувьд Мьянмарыг будааны худалдаагаар мэдэх боловч үнэндээ тэр улсад 1960 оноос хойш хөл тавиагүй байлаа. Мьянмар олон арван жилийн турш цэргийн дэглэмтэй улс байсан учир эдийн засаг нь зогсонги байв. Бид Янгон руу удаа дараа төлөөлөгчөө илгээсний дүнд бирм бизнесмэнтэй холбоо тогтоож чадсан юм. Тэрбээр бидэнд хотын төвийн хэд хэдэн газарт хөрөнгө оруулахад тусалсан билээ. 1994 онд бид орон сууц, зочид буудлын зориулалттай хэд хэдэн барилга барьж эхэлсэн бөгөөд 1996 онд 80 сая ам.долларын төсвөөр Traders зочид буудлыг барьсан. Гэсэн хэдий ч барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь урт хугацааны туршид өөдөлсөнгүй.

Зочид буудлын үйл ажиллагаа доголдож, ямар ч ашиг олоогүй юм. Үүнээс гадна бид эхлүүлж байсан орон сууцны хоёр барилгыг дуусгаж чадалгүй орхисон. Гэвч би Мьянмарыг хэзээ нэгэн цагт өөрчлөгдөхийг зөнгөөрөө мэдэрч, энэ улсаас салж чадаагүй юм. 2011 оны дөрөвдүгээр сард Тейн Сейн Засгийн эрхэнд гарснаар Мьянмар орон улс төр, эдийн засгийн хувьд тогтворжиж, нээлттэй бодлого баримтлах болов. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын үсрэнгүй хөгжлийн ачаар 2014 онд нэрээ Shangri-La болгон өөрчилсөн Янгон дахь Traders зочид буудал өдгөө өндөр ачаалалтай ажиллаж буй. 1997 онд дуусгалгүй үлдээсэн хоёр барилгаа дуусгаж, 2013 онд 240 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Саяхан бид Shangri-La зочид буудлынхаа ойролцоо 23 давхар оффис барих ажил эхлүүлсэн бол ашиглалтад орсон орон сууцуудынхаа хажууд ирэх 3-4 жилийн хугацаанд дахин нэг Shangri-La-г сүндэрлүүлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн бид Wilmar International компаниар дамжуулан Янгоноос гадна бүс нутгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахаар идэвхийлэн ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Угтаж буй хөгжлийн гарцыг нээе

Нийгмийн инновац шингэсэн имиж бүрдүүлэх өргөн боломж байна

 0 сэтгэгдэл


Дэлхийн зах зээл дээр монголын дэлгэх хөзөр бол нийгмийн инновац шингэсэн бүтээгдэхүүн гэдгийг нийгмийн баримжаатай үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байна. Яагаад гэвэл, ирээдүйн идэвхтэй худалдан авагчдын хандлага өөр. Яг л технологийн хөгжил дэвшил хөгжлийг хурдасгаж байгаа шиг шинэ мянганыхан бизнесийн уламжлалт үзэл санааг асар хурдтай өөрчилж байна. Ирэх 10 жилд шинэ мянганыхан бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гол худалдан авагчид болно. Тэд гар утсаар төлбөр тооцоо хийж, ганцаараа аялах дуртай шигээ нийгмийн баримжаатай буюу нийгмийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний гол хэрэглэгчид. Educated Space байгууллагыг үүсгэн байгуулагч О.Энхзул “Шинэ мянганыхан буюу одоогийн 25 орчим насныхан 10 жилийн дараа гэхэд худалдан авалтын гол шийдвэр гаргагчид болно. Ийм худалдан авагчид нийгэмдээ өгөөжтэй, байгальдаа ээлтэй үйл ажиллагааг бизнестээ шингээж, түүнийгээ баталж харуулж чаддаг компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүүд үздэг онцлогтой. Тийм учраас орлогоо нэмэгдүүлж, бизнесээ сайжруулъя гэвэл хэрэглэгчид ямар үнэ цэнэ, юу хүсэж буйг нь судалж, түүнд нь нийцүүлэхээс аргагүй юм” гэв. 

Тэгвэл монгол малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн бол тэр чигтээ нийгмийн инновац шингэсэн брэнд болох боломжтой. Ийм бүтээгдэхүүний хамгийн тод жишээ бол эсгий болоод гар урлалын “Хөсөг”, “Монголын артизан бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны бүтээгдэхүүнүүд юм. 2013 онд байгуулагдсан “Хөсөг” брэндийн үйлдвэрлэгчид нь “Дэлхийн зөн” болон бусад донор байгууллагын дэмжлэгээр сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд. Харин түүхий эд нийлүүлэгчид нь Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Ногоон алт” төслийн гишүүд. Тус брэндийг үүсгэн байгуулагч А.Намуун “анх “Хөсөг” брэндээ байгуулах үед манай ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн салбарын хувь оролцоо жилээс жилд хумигдаж байсан. Тэр хэрээр энэ салбараас амьжиргаагаа залгуулдаг хүмүүс цөөрч, хот руу чиглэсэн их нүүдэл бий болгож, улмаар нийслэлээрээ агаарын бохирдол дунд байна. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тогтвортой бизнес эрхлэхээр шийдсэн. Одоо 4000 гаруй эмэгтэй манай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд 2400 гаруй нь идэвхтэй ажиллаж байна. Бид их ажиллах тусам нэмэлт санхүүжилт шаардагдах болсон. Гэвч манайх ТББ байсан тул банкнаас зээл авахын тулд статусаа компани болгосон. Улам их хамтарч ажиллахын хэрээр бид нийгмийн олон асуудлыг шийдэж чадна” хэмээв. Хэрэв та тус брэндийн сошиал хуудсаар зочилбол тэдэнд урмын үг харамгүй хайрласан олон сэтгэгдлийг харна гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ үеийнхний 60 гаруй хувь нийгмийн инноваци шингэсэн бизнесийг дэмждэг

Нийгмийн инновац, нийгмийн энтрепренершип нь цоо шинэ эсвэл тэс хөндлөн ойлголт биш. Харин бизнесийн стратегидаа үүнийг шингээснээр дунд болон урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Олон улсын судалгааны Deloitte байгууллагаас дэлхийн 40 гаруй орны залуучуудын дунд хийсэн судалгаагаар мянганыхны 60 гаруй хувь нь хариуцлагатай буюу нийгмийн аливаа асуудлыг шийддэг, байгаль орчинд ээлтэй ажилладаг бизнесийн хэрэглэгч болохыг хүсдэгээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, ашиг орлогоо нэн тэргүүнд тавьж, дараа нь нийгмийн асуудлыг шийдэх ёстой гэж хардаг бизнесийн уламжлалт ойлголт маш хурдтай өөрчлөгдөж байна. Манайд ч гэсэн бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй явуулах хэрэгтэйгээ илэрхийлсэн үндэсний хэмжээний судалгаа бий. Тийм ч учраас хэрэглэгч бус хүнд зориулсан бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 74 хувиар, борлуулалтыг 2.5 хувиар тэлдгийг харвардын их сургуулийн судлаачид судалж тогтоосон байна.

Ашиг орлогоо эхэнд нь тавих уламжлалт ойлголт өөрчлөгдсөн

Португалийн Нийгмийн бизнесийн сургуулийн захирал Карлос азеведогийн хэлж буйгаар “Нийгмийн үнэ цэнэ хэдий их бий болгоно төдий чинээ бизнесийн үнэ цэнэ нэмэгддэг” аж. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн онц ноцтой үзэгдлийн давтамж ихсэж, ядуурал зэргээс болж хэрэглэгч ч гэсэн бүтээгдэхүүн худалдаж авахдаа байгаль орчинд ямар нөлөөтэйг, би энэ бүтээгдэхүүнийг худалдаж авснаар анхан шатны үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгчдэд хэр зэрэг ашигтай байх бол гэдэгт үлэмж анхаарах болсон аж. Тиймээс бизнесийн үзэл санаа хүссэн, хүсээгүй ийшээ чиглэхээс аргагүй. Хэдий эрт чиглэх тусам төдий чинээ хожоотой байх зүй тогтол харагдаж байна.  Харамсалтай нь манайд төрийн бодлого нь хувийн хэвшлийн санаачилгаас дэндүү хоцорч байгааг швейцарын хөгжлийн агентлагийн тогтвортой бизнесийг дэмжигч “Ногоон алт” төслийн ерөнхий менежер Ц.Энхамгалан хэлж байна.

Бусад улс оронд төр засаг, иргэний нийгмийн болоод бизнесийн байгууллага нь түншлэх замаар нийгэмдээ үр өгөөжтэй бизнесийг хөгжүүлдэг. Гэтэл манайд сайн дурын залуучууд, донор байгууллага л одоогоор энэ асуудлыг хөндөж эхэлж байна. Бусад улс оронд эдийн засгийн хөшүүрэг, татварын таатай орчноос гадна экспортод гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нийгмийн инновац шингэсэн имиж бүрдүүлэхэд төрийн бодлогоор анхаардаг. Нүүдлийн амьдралын хэв маяг, түүнээс урган гарсан бүтээгдэхүүн бол дэлхийд манай туйлын давуу талыг харуулах имиж. Харамсалтай нь, энэ бүхнийг дэлгэхэд өнөөх л төр засгийн унхиа муутай байдал, хүнд суртал саад болж буй аж. “Монголын артизан бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Майкл Морроу Орос, Хятадын зах зээлд бэлчээрийн монгол үнээний сүүгээр хийсэн бяслагаа экспортлох гээд гурван жил оролдож буйгаа учирласан юм. Түүний тооцоогоор малчид зуны цагт зөвхөн тус үйлдвэрт сүүгээ борлуулснаар 800 орчим ам.долларын орлого олдог байна. Цаашдаа Шангри ла зэрэг томоохон зочид буудлын сүлжээгээр ч борлуулах боломж өндөр аж. “Хэрэв улсын хэмжээнд 100 ийм үйлдвэр байгуулбал малчдын амжиргаа дээшлэхийн хэрээр байгальд учруулах сөрөг  нөлөө ч багасна” хэмээв. Ийнхүү хөгжлийн шинэ шийдэл гэгдэж буй нийгмийн баримжаатай бизнес, үйлдвэрлэлийн хөгжлийн гарцыг нээх дэндүү давчуу цаг үе тулж ирээд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бараан жагсаалтуудын сүүдэр Монголоос холдсонгүй

Монгол Улс “гэрийн даалгавар”-аа хийхдээ хойрго хандаж байна

 0 сэтгэгдэл


Терроризмтэй тэмцэх саарал жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нэгдэл буюу FATF-аас Монголыг мөнгө угаах эрсдэлтэй орны тоонд оруулсан. Ингээд санхүүгийн салбараа ил тод болгож, мөнгөний тогтолцоог шилэн болгох 15 сарын хугацааг 2017 онд өгсөн. Монгол Улс энэ хугацаанд холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулан, хар, саарал жагсаалтаас гарах гэж хичээж, манай улсад дахин нэг жилийн хугацааг өнгөрсөн долдугаар сард олгосон юм. 

Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төлөвлөгөө болон түүний хэрэгжилтийг дахин сайжруулж ирэх сарын 30-наас өмнө FATF-д дахин хянуулна. Улмаар тус нэгдэл ирэх оны долдугаар сард эцсийн хариуг гаргах юм байна. Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл Монгол Улсыг хар эсвэл саарал жагсаалтад оруулж, санхүүгийн терроризмтой тэмцдэггүй орон хэмээн цоллоход ойрхон байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг чухалчилж авч үзсэн гэж мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөн баталсан. Засгийн газраас тусгай төлөвлөгөө баталж, энэ дагуу ажил өрнөж байгаа. Гэхдээ хэрэгжилт, ялангуяа, бохир мөнгөтэй тэмцэх холбогдох байгууллагуудын уялдааг илүү сайжруулах хэрэгтэй гэж FATF үзсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ тэмцэл нь зөвхөн банк санхүүгийн байгууллагад хамаарахгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах байгууллага зэрэг олон салбарын огтлолцол дээр биеллээ олохоор байгаа аж. Тиймээс энэ жагсаалттай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллага ажиллаж буй. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо гэхэд саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар давахын тулд банкнаас бусад салбарын хууль эрхзүйн орчин болон боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж буйгаа тус хорооны дэд дарга д.Баярсайхан хэлсэн юм.


“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэлтэй

“Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулна гэж төв банкнаас мэдээлж байна. 2013 онд FATF Монголыг мөнгө угаах өндөр эрсдэлтэй орноор нэрлэж, саарал жагсаалтад оруулсан. Үүнээс үүдэн Монгол Улсын гадаад төлбөр тооцоо гурван сар саатаж, иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байжээ. 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаснаас 46 хэрэг мөрдөн байцаалтад шилжжээ. Үүнээс хоёр хэргийг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоосон ч хариуцагч талууд давж заалдсаар улсын дээд шүүхээр хэрэгсэхгүй болгожээ. 

Баргар мэдээ дагуулсан бараан жагсаалтууд одоогоос яг жилийн өмнө Монгол Улсын хаалга тогшиж, хэсэгтээ биднийг сандаргасан билээ. Шинэ оны босгон дээр Европын холбооноос Монгол Улсыг сүүдрийн мөнгө нуух эрсдэлтэй орон хэмээн үзэж, хар жагсаалтдаа багтаасан. Хариу арга хэмжээг Засгийн газраас яаралтай авсны ачаар Монгол Улс “хар”-аас мултарч, саарал жагсаалт руу шилжсэн юм. Гэтэл төд удалгүй санхүүгийн аюулгүй байдлын саарал жагсаалттай нүүр тулах нь тэр. Хэдийгээр холбогдох албаныхан энэ үеэр шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан ч бараан жагсаалтуудын эрсдэл өнөө хэр холдоогүй төдийгүй Монгол Улс алдаа дутагдлаа засах тодорхой үүрэг, тоймтой хугацаа авчихаад байгаа юм. Тэгвэл олон улсаас авсан “гэрийн даалгавар”-аа бид хэрхэн биелүүлж байна вэ.



Санхүү, татварыг сөхөх саарал жагсаалт

Европын холбооноос гаргасан татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын хар жагсаалтад Монгол Улс багтаж, өнгөрсөн оны өдийд шуугиан тарьсан билээ. Тус холбоо “Панамын баримтууд”-аас сургамж аван, татвараас зайлсхийхийг таслан зогсоохын тулд хяналтаа чангатгаж, улс хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлж эхэлсэн юм. Энэ хүрээнд хамтран ажилладаг орнуудаа татварын ил тод, нээлттэй байдлаар нь жагсаахад Монгол Улс хар жагсаалтад багтсан юм. Үүний эсрэг Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, татварын орчноо сайжруулах амлалт, үүрэг авч, Монгол Улс “хар”-аас “саарал” руу шилжсэн. 

Тэгвэл Монгол Улсын татварын орчныг сайжруулахын тулд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Европын холбооны мэргэжилтнүүд манайд ажилласан байна. Мөн Европын Парламентаас энэ чиглэлээр төлөвлөгөө боловсруулжээ. 

Монгол Улс “Татварын зорилготой ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”ын гишүүнээр элсээгүй, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, соёрхон батлаагүй, “Татварын бааз гувчуулах, ашиг зувчуулахын эсрэг” зэрэг шалтгаанаар хар жагсаалтад багтсан. Тиймээс эдгээр дутагдлаа сайжруулахын тулд өнгөрсөн оны эхээр "Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум"-ын 148 дахь гишүүнээр элссэн байна. 

Түүнчлэн санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд татварын ерөнхий хуулиуддаа өөрчлөлт оруулахаар тусгасан. Ялангуяа, Европын холбооны чиглэл, саналыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хуулийн шинэчилсэн төслүүдэд тусгаснаа Сангийн яам мэдээлсэн. Мөн эдгээр төслөө УИХ-д өргөн барьжээ. Гэвч УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хэвээр байна. Ингэснээр манай улсын татварын шинэчлэл удаашраад зогсохгүй олон улсад хүлээсэн бидний үүрэг амлалт ч хойшлоод байгаа юм. Цаашлаад манай худалдааны гурав дахь том түнш болсон Европын холбооны худалдаа, хамтын ажиллагаанд эрсдэл учирч мэдэхээр байна.

Орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүргээ биелүүлэх нь чухал

Сүүлийн жилүүдэд дэлхийн гурван том зах зээлийн нэг болох Европын холбоо болон Монгол Улсын худалдааны эргэлт эрс нэмэгдсэн бөгөөд нэг тэрбум ам.долларт дөхөж байгаа. Сүүлийн 28 жилд Европын холбооны орнууд Монгол Улсад нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Монголын зарим бараа бүтээгдэхүүнийг гишүүн орнуудаа гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг ч тус холбоо олгосоор байгаа юм. Гэвч бид түншээсээ авсан “гэрийн даалгавар”-аа хойрго хийж байна. 

Хэнэггүй зан бидэнд эрсдэл, сөрөг үр дагавар авчрахаас хэтрэхгүй. Тэр тусмаа Монгол Улс сүүлийн хэдэн жил найдваргүй,  тогтворгүй, хэлснээсээ буцдаг түнш хэмээх имижийг олон улсад хэдийн зүүчихээд байгаа үед. Ийм эмзэг үед санхүү болон татварын хар, саарал жагсаалтууд бидэнд нэмрээс илүү нэрмээс л болж, Монголын нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл буурна. Тиймээс орсон борооны хойноос цув нөмрөх бус одоо л үүрэг амлалтаа биелүүлэх нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валют арилжааны төвүүд шаардлагатай тохиолдолд үйлчлэхээс татгалзах ёстой

 0 сэтгэгдэл


“Хар саарал” жагсаалтад орох эрсдлээс зайлсхийх хууль хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 11-ний өдрөөс валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилж эхэлнэ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс иргэдийн валют солилцоонд тавих хяналтыг чангатгасан нь энэ. Уг хуулийн 5.4-т "Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй" гэж заасан.
Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай бол валют арилжааны төвүүд үйлчлэхээс татгалзах ёстой. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. 

Манай улс FATF-аас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр “Хар саарал” жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм. Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй Монгол Улс  APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бээжин Huawei-н асуудлаар дуугаа өндөрсгөв

 0 сэтгэгдэл