A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2375/

Softbank үүрэн холбооны “тэнгэрийн” антенн байгуулахад хөрөнгө оруулна

Softbank үүрэн холбооны “тэнгэрийн” антенн байгуулахад хөрөнгө оруулна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2375/


HAPSMobile компани Японы конгломерат Softbank-ийн дэмжлэгээр үүрэн холбооны дамжуулах төхөөрөмжийг их өндөрт байрлуулж, өндөр хурдтай интернэт үйлчилгээний арга боловсруулж буй. Эднийх адил төстэй технологи хөгжүүлэгч-Alphabet-ын Loon хэмээх охин компанид 125 сая ам.долларын хөрөнгө оруулахаар шийдлээ.

Хоёр компанийн хөгжүүлж буй технологийн шийдэлд ялгаа бий. Loom нь алслагдмал, хүрэхэд  хэцүү бүс нутагт холбооны төхөөрөмжөөр тоноглосон аэростат ашиглаж үүрэн холбооны интернэт сүлжээ үүсгэх зорилготой. Харин Калифорнийн HAPSMobile нь уг зорилгоор дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах технологи хөгжүүлдэг.

Алслагдмал хөдөөгийн бүсэд болон байгалийн гамшиг тохиолдох үед холбоо тасалддаг ч хоёр компанийн технологийг үүрэн холбооны оператор болон засгийн газрууд одоогоор сонирхохгүй байгаа юм.

Үүрэн холбооны уламжлалт дамжуулах төхөөрөмж суурьшуулахад хүндрэлтэй бүс нутгийн оршин суугчдад өндөр хурдтай интернэтийн үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг бэрхшээлийг шийдэхэд хамтран ажиллахаа Loon, HAPAMobile мэдэгдээд байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуудаа тархиа “зулгаахгүй” бол хөгшрөөд махаа “зулгаана”

 0 сэтгэгдэл
  • Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд бүх хүн хүссэнээрээ орлого олох боломж байна
  • Өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүмүүсийг судлахад 65 хувь нь гурав, 45 хувь нь дөрөв, 29 хувь нь тав ба түүнээс дээш сувгаар орлого олдог болох нь тогтоогджээ

Магнайд нь зу­раас тодорч, санчиганд нь хяруу суусан 50 эргэм насны таксины жолоочтой хагас цаг хууч хөөрөв. Улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуураа илэрхийлэх Pri­us 20 машинтай жолооч ах “Би 26 жилийн турш гадаадад ажиллаж байгаад жилийн өмнө Монголдоо ирсэн. Насны залууд ч бодох санах зүйлгүй, олсон мөнгөө үрэн таран хийж, халгиж, цалгиж л явлаа. Гэтэл нэг л мэдэхэд 50 хүрчихсэн, гавьяагүй, гоонь эр эх орондоо ирсэн. Ахад нь одоо зохиосон гэр бүл, цогцлоосон амьдрал, үрэх мөнгө, үнсэх үр алга. Цалгиж явахдаа цааш хий­сэн хэдэн “цаасаараа” энэ ма­шиныг аваад, одоо халтуур хийж амь зогоож байна. Залуудаа зоргоороо, ухаангүй амьдарс­ныхаа горыг насны эцэст үүрч яваа эр дээ би” хэмээн са­нааширна. Ах яриагаа үргэлж­лүүлэн “Залуу насандаа л ухаан­тай амьдрах хэрэгтэй юм билээ шүү. Надад мөнгө чухалчилж явсан үе байгаагүй. Үрэх гэж л олдог, хөдөлж, хөдөлмөрлөж байж өөрөөсөө харамлахгүй гэж сагсуурч, ёстой л гарын са­лаагаар доллар, юань, төгрөгийг урсгаж явсан омголон нөхөр. Одоо л гэмших юм. Олон залуус над шиг алдах вий гэж сэтгэл эмзэглэдэг. Залуу нас богино юм билээ шүү дүү минь” хэмээх ахын хүүрнэл биднийг зорьсон газраа хүрэх үед өндөрлөв. Ид хав бүрдсэн идэр залуу насандаа ирээдүйгээ цогцлоож, санхүүгийн болон гэр бүлийн бат бөх байдлыг бий болгоорой гэсэн ахын захиасыг уншигчдадаа уламжлахын сацуу залуудаа орлогоо нэмэгдүүлж, олсноо зөв зарцуулах талаарх санхүүчдийн зөвлөгөөг хүргэж байна.

Орлогоо нэмэгдүүл

"Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий өнөөгийн нийгэмд хүн бүхэн хүссэнээрээ мөнгө олох боломж нээлттэй” хэмээн саятан Стив Сиболд хэлсэн байдаг. Санхүүгийн бат, бөх байдал бий болгох хамгийн эхний алхам бол орлогоо нэмэгдүүлэх юм. Мөн орлогын олон эх үүс­вэртэй байх нь амархан хө­рөнгөжих шалгарсан арга. Өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүмүүсийг судлахад 65 хувь нь гурав, 45 хувь нь дөрөв, 29 хувь нь тав ба түүнээс дээш сувгаар орлого олдог болох нь тогтоогджээ. Мөн нэмэлт эх үүсвэрийн ихэнх нь түрээс, хувьцааны зах зээл дэх хөрөнгө оруулалт, мөн бизнесийн хамтын эзэмшил зэрэг байсан аж. Гэхдээ үүнд багагүй хөрөнгө шаардлагатай. Хэрэв та одоогоор тийм боломжгүй бол өөрийгөө чадавхжуулахад анхаарлаа хандуулж, чадвараараа мөнгө олоорой. Тухайлбал, хэлний болон компьютерын мэдлэгээ сайжруулан орчуулга, дипломын ажил, бие даалт зэрэг хийж, мөнгө олох нь орлогын нэмэлт суваг юм. Мөн таны эзэмшсэн чадвар мөнхийн хөрөнгө оруулалт учир хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэн, үнэ цэнтэй нэгэн байхын тулд алхам бүртээ өөрийгөө хөгжүүлээрэй. 

Өөртөө хөрөнгө оруул

Мэдлэгийн цар хүрээгээ нэмж, шинэ мэдээллээр өөрийгөө үр­гэлж “цэнэглэж” байх хэрэгтэй. Салбартаа хамгийн шилдэг нь байх зайлшгүй шаардлагагүй ч санхүү, эдийн засаг, улс төр, спорт гэх зэрэг аль ч салбарын хүнтэй, ямар ч сэдвээр яриа өрнүүлэх чадвартай байх нь та­нилын хүрээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон зүйлд эерэг нөлөө үзүүлдэг. 

Хувийн санхүүгийн төсөв зохиох 

Орлого зарлагаа урьдчилан тө­лөвлөж, санхүүгийн байдалдаа хяналт тавиарай. Мөн сугалаанд мөнгө хожих, татварын буцаан олголт зэрэг төлөвлөөгүй орло­го таны дансанд орж ирсэн бол санхүүгийн төлөвлөгөөгөө ши­нэчлээрэй. Тухайлбал, нэмэлт орлогоо байрны төлбөр, хадга­ламж зэрэгтээ зарцуулах нь ухаалаг сонголт юм. Ихэнх хүн төлөвлөөгүй мөнгө олсон үедээ зохиомол хэрэгцээ бий болгодог. Гэнэт мөнгөтэй болмогц үнэртэй ус, өнгийн шаахай өмсөхийг хүсэж, үнэтэй хоол идмээр санагддаг. Гэсэн ч энэ нь түр зуурын сэтгэл хөдлөл учир мөнгөө ирээдүйдээ зориулан хадгалаарай.

Өр, зээлээ төлөх 

Тогтмол хадгалж, хөрөнгө оруулж эхлэхийн өмнө хуримт­луулсан өр зээлээ төлж эхлэх нь зөв. Их хэмжээний зээлийн хүү таны мөнгийг “хумсалж” байдаг. Мөн сар бүр төлөх мөнгө үндсэн орлогыг бууруулдаг бөгөөд торгуулийн хуримтлал ч мөн өр, зээл юм. Тиймээс хадгаламждаа мөнгө хийхээсээ урьдаж, бүх өр зээлээ төлж барагдуулаарай. Хэр эв их хэмжээний зээлтэй бол зээл төлөхдөө орлогынхоо багагүй хувийг зарцуулах нь зөв. Ин гэснээр 50 нас хүрэхдээ өргүй, хөрөнгөтэй байх болно.

Эрсдэл гаргах

Та залуу байна. Таны өмнө цаг хугацаа байна. Тиймээс эрсдэлтэй боловч их орлого авчрах зүйлд хөрөнгө оруул. Ажлаасаа гарч хувийн бизнес эхлүүлэх талаар бодож болно шүү дээ. Хэрэв байдал буруугаар эргэвэл засах завсарлага аваарай. Ихэнх хүн эрсдэлгүй замаар явахыг илүүд үздэг. Хэрэв та энэ цуваанаас тасрахыг хүсч байвал шинэ, таагүй зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй. Дэлхийн тэрбумтнуудын олонх нь эрсдэлтэй нүүр тулж байсан төдийгүй амжилтад хүрэхийн өмнө уналт, босолтын аль, алиныг мэдэрсэн байдаг.

Тэрбумтнууд хэдэн насандаа баяжиж байсан бэ?

-Фэйсбүүкийг үн­дэслэгч Марк Цукерберг, 2008 онд буюу 23 насандаа хамгийн залуу тэр бумтан болж байжээ.

-АНУ­ын бизнесмэн, Майкро­софт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, 1987 онд буюу 31 насан­даа хамгийн залуу тэрбумтнаар тодорч байсан. Тэрбээр 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

-Spanx-ийн үүс­гэн байгуулагч Са­ра Блейкли анх 41 насандаа буюу 2012 онд тэр­бумтан болсон. Тэрбээр Спанксийг 100 хувь дангаараа эзэмшдэг бөгөөд хамгийн анхны эмэгтэй тэрбумтнуудын нэг билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уламжлалт ахуйг дэлхийд таниулах "Элдэвтэй Монгол" брэнд

 0 сэтгэгдэл
  • Бэлэг дурсгалын дэлгүүрүүд борлуулах санал тавьдаг ч үнэ нэмж зардаг болохоор хамтран ажиллахыг хүсдэггүй. Үнэ ханшаа тогтвортой барих зорилгоор Баянгол дүүрэгт бараагаа төвлөрүүлснээс хойш борлуулалт 30-40 хувь нэмэгдсэн
  • Тус үйлдвэрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ОХУ­ын царс модон хавтангаар хийдэг гурилын гампанз аж. Уг гампанзаа үндэсний хөгжим болох морин хуур зэрэг бүтээгдэ­хүүний хамт БНСУ, Япон руу гаргадаг 
  • “Элдэвтэй Монгол” брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг аж. Тухайлбал, нэг литрийн багтаамжтай цацлын хувин 35 мянга, морин хуур 75-180 мянган төгрөг



Бүтээгдэхүүнээ байгальд унаж хатсан хуш модоор хийсэн тул хэлбэр, загвараа хэзээ ч алддаггүй Монгол Улсын тавилгын зах зээлийн 55 хувийг импорт, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэл эзэлдэг. Түүхий эд нь Монголоор дүүрэн байгаа гэр ахуйн тавилгаа ам.доллараар авдаг нь харамсалтай. Тавилгын импортыг БНХАУ манлайлж, БНСУ, Польш, Малайз удаалж байна. Социализмын үед манай улсад бүхий л төрлийн үйлдвэрлэл өрнөдөг байсан гэхэд хэн ч маргахгүй. Гутлаас эхлээд арматур, төмөр, ойр зуурын цахилгаан тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Гэтэл 1990 оны хувьчлалаар бүгд хаалгаа барьсан. Түүний нэг нь тавилгын үйлдвэрлэлийн салбар. Гэсэн ч эртнээс гарын дүйтэй, байгальтайгаа ойр амьдардаг монголчууд сүүлийн 10 гаруй жилийн турш модоор тавилга хийдэг олон арван үйлдвэр байгуулж, жилдээ 220 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх болжээ. Тус салбарт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь “Элдэвтэй Монгол” брэнд юм. Архангай аймагт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа тус брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

Удам дамжсан гарын дүйтэй гэр бүл 

“Элдэвтэй Монгол” брэнд есөн сарын өмнөөс Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Тус брэнд нь модоор ширээ, сандал, цацлын хувин, ваар сав, араг, морин хуур, шатар гээд 30-40 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн гудас, хөнжил, мишок зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тус үйлдвэр харуул, зүл­гүүр, хөрөө, өнгөлгөө гээд нийт 15 төрлийн цахилгаан тоног төхөөрөмжтэй. Суурин сийлбэрийн маши­наас бусад тоног төхөөрөмж байдаг аж. Архангай аймагт зургаан ажилтантай бөгөөд оёмол бүтээгдэхүүнээ эрэгтэй хүмүүс хийдэг гэдгээрээ онцлогтой. “Манай үйлдвэр ихэнхдээ захиалга авч, бүтээгдэхүүнээ хийдэг. Ажиллах хүч дутмаг байдаг ч татвар түрээс, зээл гээд бүгдийг нь төлөөд хүн хүчиндээ тааруулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх жилээс үйлдвэрийн хүчин чадал болон ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр болсон” хэмээн тус брэндийг үүсгэн байгуулагч Р.Гантигчулуун ярилаа. Түүний өвөө уран дархан, аав нь мужаан хүн байсан аж. Тэрбээр хууль, эрх зүйч мэргэжилтэй ч удам дамжсан дархан хүний бурхан ухаанаа түшиглэн үйлдвэрлэл эрхлэх болжээ. “Би дүү нартайгаа хамт ахуйн хэрэглээний тавилга, гэрийн мод зэргийг хүүхэд байхаасаа хийдэг байлаа. Бүгд тус тусын сургуулиа төгсөөд ажил хийж эхэлсэн ч 2010 онд “Баялаг заваг” компаниа дүү нарын хамт байгуулсан. Цаашид “Элдэвтэй Монгол” брэндийг дэлхийн хэмжээнд аваачихын төлөө ажиллаж байна” гэв.

Бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг

Түүний дүү Р.Ганзориг Архан­гай аймагтаа үйлдвэрийнхээ захирлаар ажилладаг бол Р.Гантигчулуун борлуулалтаа хариуцан Улаанбаатар хотод байдаг. Одоогийн байдлаар 90 хувийн борлуулалттай ажиллаж байгаа аж. Сард гурван айлын гал тогооны тавилга, 10 гаруй морин хуур, сийлбэртэй авдар 10­20, мишок хоёр долоо хоногт 30­40 ширхэг, араг савар 10 гаруйг үйлдвэрлэг аж. Мөн жижиг уур нүдүүр, ваар, цацлын хувин их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Орон нутгийн иргэд бүтээгдэхүүнийг нь “бөөндөж” авдаг учир захиалгаар олон зүйл хийдэг байна. Р.Гантигчулуун “Эдэлгээ урт, чанартай, үнэ хямд бүтээгдэхүү­нийг иргэддээ хүргэхийг зорь­дог. Манай бүтээгдэхүүн таван жилийн өмнөх ямар үнэтэй байсан яг тэр үнээрээ байгаа. Цаашид бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах боломж эрэлхийлж байна. Бэлэг дурсгалын дэлгүүрүүд борлуулах санал тавьдаг. Үнэ нэмж зардаг болохоор хамтран ажиллахыг хүсдэггүй. Үнэ хан­шаа тогтвортой барих зорилгоор Баянгол дүүрэгт бараагаа төвлөрүүлснээс хойш борлуулалт 30­-40 хувь нэмэгдсэн” гэв. “Элдэвтэй Монгол” брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг аж. Тухайлбал, нэг лит­рийн багтаамжтай цацлын хувин 35 мянга, морин хуур 75­-180 мянган төг­рөг. Мөн бор эсгий гудас 40­-60 мянган төгрөгөөр худал­даалдаг. Мишок нэг, хоёр хүний болон дан давхар зэрэг зургаан төрөл байдаг. Үнийн хувьд сентифон болон тэмээний ноосон мишок нэг хүнийх 80 мянга, хоёр хүнийхийг 140 мянга төгрөгөөр борлуулдаг байна. Жилийн дөрвөн улиралд борлуулалт сайтай мишокоо үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Эдгээр нь холын замд “том тэргээр” тээвэрт явдаг жолооч нарын тав тухыг хангасан бүтээгдэхүүн болж чаджээ. Тус үйлдвэрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ОХУ­-ын царс модон хавтангаар хийдэг гурилын гампанз аж. Тэр бүү хэл уг гампанзаа үндэсний хөгжим болох морин хуур зэрэг бүтээгдэхүүний хамт БНСУ, Япон руу гаргадаг. Мөн Баянхонгор, Өвөрхангай аймаг, Хархориноос захиал­гаар их хэмжээгээр авдаг аж.

Жуулчдад бүтээгдэхүүнээ сурталчилдаг 

Модон эдлэлээ ургаж буй мод унагааж биш, хаягдал хуш мод ашиглаж хийдэг аж. Хуш мод байгалийн жамаар хатаад ирэхээр хамгийн сайн чанарын түүхий эд болж өгдөг. Байгальдаа хатсан учир ямар ч зүйл хийсэн хэлбэрээ өөрчилдөггүй, удаан эдэлгээтэй болдог. Хуш модоор хийсэн эдлэлээс үргэлж эерэг энерги ялгардаг учир өвөг дээдэс маань бүхий л урлалаа хийдэг байсан тухай Р.Гантигчулуун хэлсэн юм. Тэрбээр хөлөгт тоглоомуудаас монгол ёс заншил, түүхээ гайхуулсан Хүннүгийн үеийн гэр тэрэгтэй болон ширээтэй гээд бүх цаг үеийг харуулсан бэлэг дурсгалын зориулалттай шатар үйлдвэрлэдэг. Мөн Р.Гантигчулууны дүү нар Эрдэнэт хотод болон АНУ-­д шатар үйлдвэрлэж, монгол ёс заншлаа сурталчилж байгаа тухай бахархалтайгаар хуучилсан юм. Харин Архангай аймагт жуулчдын улиралд гэр барьж, “сувенир хаус” нээгээд түлхүүрийн оосроос эхлээд Монголын ахуй, ёс заншлыг илт гэсэн бэлэг дурсгалын зүйл­сээ борлуулдаг аж. Түүнийг нь жуулчид гар таталгүй авдаг байна. 

Арван жил хөдөлмөрлөсний эцэст ЖДҮХС-гийн зээл авчээ

10 орчим жилийн хугацаанд хөдөлмөрлөсний эцэст өндөр хүүтэй банкны зээлээс салж, 2020 он гарахаас өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж чаджээ. Одоо тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж. Р.Гантигчулуун “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих хууль эрх зүйн орчин дутмаг санагддаг. Монголчууд хийгээд хөдөлмөрлөж чадаж байхад ижил төрлийн мөртлөө гадна талдаа түрхлэгтэй, насжилт богино, хиймэл модоор хийсэн дуураймал бүтээгдэхүүн татваргүй шахам оруулж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг булаалгах хэрэг­гүй. Хэрэв хамгаалж чадвал Монгол доо эко брэнд бий болгоод, цаашлаад гадагшаа экспортлох боломжтой” гэсэн юм. Мөн Монголд тавилга хийж байгаа хүмүүсийг цэвэр модоор, чанартай бүтээгдэхүүн хийхэд анхаарахгүй, чанар­гүй материалаар ашиг харж үйлдвэрлэж байгааг шүүм­жилсэн юм. “Элдэвтэй Монгол” брэнд ургаа мод унагахгүй, байгальд хог болж унасан модоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ бусад компаниудаас ялгаатай. Мөн уран хайчилбарыг модонд буулгасан урлагийн бүтээл хийдгээрээ онцлог гэв. 













A

Жижиг

A

Дунд

A

Том

Үнээр биш чанараар өрсөлдөж буй New green life-ийнхан

 0 сэтгэгдэл
  • Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай
  • Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог бодисоос 20 хувийг нь  урд хөршөөс авдаг. бусдыг нь дотоодоосоо хангаж байгаа. Барилгын 40 хувьд замаск ордог учраас үйлдвэрлэл хөгжих ирээдүй бий. Монголын үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 50 хувийг хангадаг
  • Тус компанийн удирдлагууд ажилчид, боловсон хүчнээ үнэт капитал гэж үздэг хэмээн өгүүлсэн. Хуурай, шороо тоостой орчинд пургидаг бүтээгдэхүүн хийдэг хүмүүс амьсгалын замын өвчинтэй болох эрсдэлтэй тул жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг
  • Элсийг шатааж боловсруулаад нарийн шигшүүрээр шигшиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгодог. Технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай
  • ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Төр хувийн үйлдвэрүүдээ дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулж чаддаг бол үндэсний үйлдвэр хөгжинө.

Сүүлийн хэдэн жил барилгын салбар хурдацтай хөгжиж, зарим түүхий эд, материалаа монголчууд эх орондоо үйлдвэрлэдэг боллоо. Энэ бол том дэвшил. Өдгөө Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан мэдээллээр 700 орчим компани зах зээлд өрсөлдөж байна. Эдгээрийн нэг бол барилгын хуурай хольц үйлдВэрлэгч New green life компани юм. Импортыг орлох түүхий эд үйлдвэрлэгч энэ хамт олныг бид “Би үйлдвэрлэгч” буландаа урилаа. Эднийх түүхий эдээ түшиглэж, Шувуун фабрикт үйлдвэрээ байгуулжээ. Хотоос зайдуу буйдхан тосгон ерөнхийдөө үйлдвэрийн бүс болжээ. Мах, сүүний үйлдвэр, шувууны аж ахуй, барилгын туслах материалын үйлдвэрүүд Шувуун фабрикт төвхнөсөн байна. New green life компанийн хувьд элсний карьеруудыг түшиглэн эл газарт үйлдвэрээ барьж, 2011 оноос үйл ажиллагаа явуулж байна. Үүдээ нээж, өрхөө татсан аас хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж хар, цагаан, фасадны өнгөт чулуун замаск, плита, хөөсөнцөр, хөнгөн блокны цавуу, шал тэгшлэгч зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа аж. Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэлээд том цэлгэр хашаанд автомат үйлдвэр, агуулах, ажилчдын байр гээд гурван объект барьжээ. Үйлдвэрийнхээ хашаанд ажилчдадаа зориулж хоёр давхар байр хүртэл барьсан байх юм. Хотоос зайдуу учраас автобусаар ажилдаа ирж, очиход амар биш байдаг тул ийн байр барьснаа удирдлагууд нь сонирхуулсан. Байр, хоолоор хангадаг болохоор цалингийн доод хэмжээг 800 мянгаар тогтоосон аж. Үйлдвэрийн тоног, төхөөрөмж бүрэн автомат болохоор ядартлаа ажиллаад байдаггүй, төхөөрөмжүүдийг горимын дагуу ажиллуулж чаддаг л байхад болдог юм байна. Өвлийн улирал эхэлсэн хэдий ч захиалга тасрахгүй байгааг үйлдвэрийн ажилчид нь ярилаа. New green life компанийн удирдлагууд 2016 онд ХХААХҮЯ-ны “Жижиг, дунд үйлд вэрийг дэмжих төсөл”-өөс гурван тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрээ бүрэн автомат болгон өргөжүүлжээ. Тус компани ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор 10 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй буй уг үйлдвэрийн гол түүхий эд нь элс, цемент учир тээврийн зардал хэмнэх үүднээс элсний карьер бараадан үйлдвэрээ байгуулсан боловч Шувуун фабрикийн элсний карьеруудыг хаасан тул одоогоор Налайхаас татаж буйгаа хэллээ. 

Монгол үйлдвэрлэгчид зах зээлийн 50 хувийг хангадаг

Үйлдвэрлэлийн технологич Ж.Муратбек “Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог бодисоос 20 хувийг нь урд хөршөөс авдаг. Бусдыг нь дотоодоосоо хангаж байгаа. Барилгын 40 хувьд замаск ордог учраас үйлдвэрлэл хөгжих ирээдүй бий. Монголын үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 50 хувийг хангадаг юм билээ. Монголд байгаа хамгийн том үйлдвэр нь манайх. Намрын улиралд бид илүү ачаалалтай байдаг. Үйлдвэрийнхээ хажууд энд байрладаг учраас шөнө оройн цагаар захиалга ирсэн ч шуурхай хүргээд өгдөг” гэж ярив. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Сүхболд “Худалдан авах чадвар сайн байвал үйлдвэрлэл өргөжих боломжтой. Манайх тогтмол 10-20 хүнийг ажлын байраар хангадаг. Бид бүтээгдэхүүнийхээ төрлийг цаашид олшруулах зорилготой ажиллаж байна. Үйлдвэрийнхээ халаалтыг шийдчихвэл блок хийх, шингэн цавуу үйлдвэрлэх зорилт бий. Шувуун фабрик бол нүүрс түлэхэд зөвшөөрөгдсөн бүс л дээ. Тиймээс бага оврын зуух ажиллуулах талаар судалж байгаа. Манайх чанарыг илүүд үздэг. Элсийг шатааж боловсруулаад, нарийн шигшүүрээр шигшиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгодог. Технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Нарийн технологиор хийдэг болохоор зах зээлд бага зэрэг ахиу үнээр нийлүүлдэг. Гэтэл барилгынхан хямд үнэтэйг нь сонгож авдаг. Уг нь үнийг биш чанарыг сонгох ёстой баймаар. Нуулгүй хэлэхэд, арилжааны барилгууд голдуу хямд, чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тэгэхээр барилгын чанар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь монголчуудад аливаа зүйлд үнэнчээр хандах, нэг нэгнийхээ бизн есийг дэмжих сэтгэлгүй нь харагддаг. Уг нь гарал үүслийн бичиггүй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэсэн зарчим бий л дээ. Үүнийг барилгынхан тоодоггүй юм билээ. Харин Улсын комисс нь хүлээж авахдаа ямар баримт үндэслэн шалгаж, хүлээж авдагийг нь мэдэхгүй юм" хэмээн ярилаа.

Үндэснийхээ компаниудаас түүхий эдээ авдаг

Чанарыг эрхэмлэдэг New green life-ынхан “Шинэ яармаг” хороололд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мэдээж зах зээлийн өрсөлдөөн дунд өөрсдийн орон зайг эзэлнэ гэдэг амаргүй. Гэхдээ бид үнэнч шударга байхыг илүүд үздэг. Чанар муутай, хямд бүтээгдэхүүн хийж бусдыг хуурахыг хүсдэггүй. Тиймээс чанар, стандартад илүү анхаардаг. Манай үйлдвэр гол түүхий эд болох цементээ МАК-аас авдаг. Харин цагаан замаск үйлдвэрлэдэг орцоо Дархан-Уул аймгаас нийлүүлдэг бөгөөд аль болох үндэснийхээ үйлдвэрийг дэмжихийг хичээдэг. Тэгээд ч манай бүтээгдэхүүнд МАК-ийн цемент л таардаг. Хятадын цементээр хийхээр чанар муутай болчихдог. Элс ч гэсэн нэлээд нарийн тех- нологиор боловсруулдаг болохоор бас тохирсныг нь сонгох шаардлага тулгардаг гэж ярив. Б.Сүхболд цааш нь ярихдаа 2019 оныг Ерөнхий сайд “Эх оронч худалдан авалтын жил” болгосон. Үүний хүрээнд зохиогдсон хаврын үзэсгэлэн худалдаанд манай компани оролцсон. Хувийн хэвшлээ дэмжихээс илүү төрийн үйлдвэрүүд түлхүү оролцдог юм билээ. Төр нь хувийн үйлдвэрүүдээ дэмжиж, уялдаа холбоог нь сайжруулж чаддаг бол үндэсний үйлдвэр хөгжинө. Татвараар дарамтлаад байвал үндэсний үйлдвэр өндийхөд, өргөжиж хөгжихөд хэцүү л дээ. Бүх зүйлийг ном дүрмээр нь хийдэг хүн хол явдаггүй бололтой. Ар өврийн хаалга хөөцөлддөг, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс хождог цаг үед л бид амьдарч байна хэмээсэн юм. Тэрбээр “Манайх ЖДҮ-гээс авсан зээлээ бүрэн төлж дуусгасан. Үйлдвэрлэл эхлүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг байхгүй бол хөл дээрээ босоход амаргүй юм билээ. Манай үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгийгээ дэмждэг баймаар байна. Барилгын компаниуд материал үйлдвэрлэдэг газруудаа дэмжихийг хүсдэггүй. Өнөөх л урд хөршийн түүхий эдийг сонгож авдаг. Уг нь бид импортыг орлох бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр жаахан эх оронч сэтгэлээр хандмаар байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэхээр бэлэн мөнгөний орлого орж ирэх нь ховор. Голдуу бараа солилцоо маягаар л борлуулалтаа хийдэг. Манайх бүтээгдэхүүн бүрээсээ тест хийж, чанарыг нь шалгуулдаг” хэмээн ярилаа. Хөдөө орон нутгаас эднийд чамгүй зах иалга ирдэг юм байна. Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгаас захиалга ирсэн талаар сонирхуулсан. 

Урд хөршийн элс Монголын уур амьсгалд төдийлөн сайн тохирдоггүй

Хятад болон бусад орноос импортолсон бүтээгдэхүүний түүхий эд материал манай Монголын цаг уур, орчны нөхцөлд тохирохдоо муу байдаг аж. Урд хөрш манай улсыг бодвол харьцангуй дулаан уур амьсгалтай учраас газар зүйн байрлалаас хамааран элсний ширхэг нь хүртэл өөр байдаг аж. Тийм газарт зориулан үйлд вэрлэсэн бүтээгдэхүүнийг манай орны эрс тэс уур амьсгалд хэрэглэхэд амаргүй. Үүнээс үүдэн чанар муутай, эдэлгээ даахгүй байх талтай гэж New green life-ынхан ярив. Харин бид эх орныхоо түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бусдаас ялгарах давуу тал гэж онцоллоо. Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй, буух эзэн буцах хаяггүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэнэ гэдэг нь тэр чигээрээ азанд найдсан хэрэг. Харин бид хэрэглэгчдэдээ чанар, баталгаа мөн ажлын хариуцлагыг амлаж чаддаг гэдгийг онцолж байлаа. Тус компанийн удирдлагууд ажилчид, боловсон хүчнээ үнэт капитал хэмээн үздэг хэмээн өгүүлсэн юм. Хуурай, шороо тоостой орчинд пургидаг бүтээгдэхүүн хийдэг хүмүүс амьсгалын замын өвчинтэй болох эрсдэлтэй тул жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг гэж ярьсан. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Шувуун фабрик тосгоны сургууль, цэцэрлэгийн засварт зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ өгдөг юм байна.








 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ази, Европ руу амжилттай гарсан “Гэр коллекшн”

 0 сэтгэгдэл
  • “Гэр коллекшн” компани сард 25 мянган хос оймс үйлдвэрлэж байна
  • Манай улс үйлдвэрлэгчээ хамгаалах ямар ч бодлогогүй. Бидний хийж байгаа зүйлийг эх орон үнэлэхгүй байхад гадаадынхан өндрөөр үнэлдэг. Европт гэхэд бидний хийсэн эсгий шаахайг нэг бүрийг нь 30-40 евро буюу монгол мөнгөөр 90-120 мянган төгрөгөөр үнэлдэг
  • Анх Солонгос, Хятад улсаас оймс импортоор оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлдэг байсан бөгөөд 2013 оноос 10 нэхмэлийн машинтай үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Харин өнөөдөр угаагч, эсгий самнагч, индүүдлэгийн зэрэг хэд хэдэн төрлийн машин шинээр суурилуулж, үйлдвэрээ өргөтгөжээ
  • "Гэр коллекшн" компани нь импортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгож, эх орныхоо хонины ноосон ээрмэл утсыг ашиглан иргэдийг чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангах зорилготой

Оймс орчин цагт хувцаслалтад чухал үүрэгтэй элемент төдийгүй хүний эрүүл мэндэд ч хамгийн их үүрэгтэй. Учир нь хөл бол хамгийн их хөлс ялгаруулдаг эрхтэн. Тиймээс хөлийг дулаан байлгаж, хөлсийг нь өөртөө шингээн, бие дэх бодисын болон дулааны солилцоог хангах үүрэг оймсонд “ногдоно”. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд ноос, ноолууран оймс хамгийн эрэлттэй бараа. Тэр тусмаа “Янмал”, “Тод”, “Монгол” зэрэг Монголын үндэсний үйлдвэрийн оймснууд гадаад зах зээлд хэдийн танил болсон. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй эдгээр үйлдвэртэй эн зэрэгцэн олон улсын зах зээлд танигдах болсон “Гэр коллекшн”  компанийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо.

Тасралтгүй ажиллах үйлдвэрийн машинууд

Тус компанийн үйлдвэр СБД-­ийн 18 дугаар хороонд “Бэлх” захаас дээш 100 метрт байрладаг. Гаднаасаа л тийм ч жижиг биш үйлдвэр шиг харагдав. Дотогш орвол нойтон эсгийний үнэр хамар цоргиж, хайрцаг дахь өнгө өнгийн оймс нүдэнд туссан юм. Өглөө 10:00 цагийн үед тус үйлдвэрийн ажил ид өрнөж байв. Гэхдээ тус тусынхаа ажилд төвлөрсөн ажилчид аппарат сэлт барьсан биднийг анзаарч харах сөхөөгүй. “Гэр коллекшн” компанийн үүсгэн байгуулагчийг Ч.Төгсбаатар гэдэг. Тэрбээр анх Солонгос, Хятад улсаас оймс импортоор оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлдэг байсан бөгөөд 2013 оноос 10 нэхмэлийн машинтай үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Харин өнөөдөр угаагч, эсгий самнагч, индүүдлэгийн зэрэг хэд хэдэн төрлийн машин шинээр суурилуулж, үйлдвэрээ өргөтгөжээ. 20 орчим ажилтантай, ээлжийн горимтой тул үйлдвэрийн машин 24:00 цаг тасралтгүй ажиллана.

Ч.Төгсбаатар: Монголд үйлдвэрлэгчээ хамагалах бодлого хэрэгтэй

“Гэр коллекшн” компани сард 25 мянган хос оймс үйлдвэрлэдэг аж. Даавуун оймсоо Турк хөвөн даавуун утсаар хийдэг бол хонь, тэмээ, сарлагийн ноосоор мөн зузаан оймс нэхдэг аж. Ноосон утсаа дотоодын үйлдвэр болох “Монгол ноос” ХХК­-аас авдаг. Оймсны загвар болон өнгийг нэхмэлийн машинд гараар тохируулахад арван минутын дотор эх бие нь бэлэн болох аж. Дараа нь урд хэсгийг нь гараар битүүлж, угаагаад хатаах, индүүдэх гэсэн дарааллаар бүтээгдэхүүн бэлэн болж савлах, шошго наах ажил үлддэг байна. Тус компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Герман, Швейцар, Япон, Австрали, Хятад, Европ, ОХУ руу гаргадаг аж. “Гарц хурдан хэдий ч дан ганц оймс хийх нь хангалтгүй байсан учраас хоёр жилийн өмнөөс эсгийгээр гэрийн шаахай, улавч хийж оймстойгоо хослуулах болсон. Гаднаас ямар ч татваргүй бараанууд их хэмжээгээр орж ирдэг. Үндэсний үйлдвэр хөгжихгүй байгаагийн шалтгаан нь энэ. Манай улс үндэсний үйлдвэрлэгчээ хамгаалах ямар ч бодлогогүй. Бидний хийж байгаа зүйлийг эх орон үнэлэхгүй байхад гадаадынхан өндрөөр үнэлдэг. Европт гэхэд бидний хийсэн эсгий шаахайг нэг бүрийг нь 30-40 евро буюу монгол мөнгөөр 90-120 мянган төгрөгөөр үнэлдэг. Жинхэнэ эко бүтээгдэхүүн, мөн гар аргаар хийсэн гэдэг утгаар үнэлгээ өндөр. Тэгэхээр эсгийгээр хийсэн ямар ч зүйл үнэд хүрэх нь ойлгомжтой санагдсан. Эсгийний үлдэгдлээр юу ч хийх боломжтой. Одоогийн байдлаар шалавч, сандал болон машины суудал дээр тавьдаг бүтээлэг, мөн цэцэг, эрвээхэй зэрэг ханын гоёл хийж байгаа. Цаашид олон зүйл хийхээр төлөвлөж байна” хэмээн Ч.Төгсбаатар ярилаа. Зургаан жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани одоо хүүхдийн, том хүний, ноосон, даавуун зэрэг олон төрлийн оймсыг эсгий шаахайтай хослуулан үйлдвэрлэж байна. Гэрийн шаахай хийхдээ эсгий самнах, зулах, савандаж эсгийрүүлэх бүх үйл явцыг гараараа хийдэг. Гар ажиллагаа их учраас өдөрт нэг хүн гурван шаахай л хийдэг. Цаашид өсөн дэвжих боломжийн хувьд эсгий эдлэл ирээдүйтэй хэмээн үзэж энэхүү зах зээл рүү орсон хэмээн Ч.Төгсбаатар хэлж байсан юм. Харин Монголын зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулахдаа бусдын жишгээр үнээ тогтоожээ. Даавуун оймс 2000 төгрөг, ноосон оймс 5000- 6000 төгрөг. Мөн түрийтэй, түрийгүй эсэхээс хамааран хүүхдийн эсгий шаахай 30- 35 мянга, том хүнийх нь 35- 45 мянган төгрөг байдаг аж. Бүтээгдэхүүнээ “Номин”, “Сарны титэм”, “Галлериа” болон “Говь” сувинер, “Сувинер Хаус” зэрэг худалдаа, үйлчилгээний газруудаар борлуулдаг аж. “Гэр коллекшн” компани нь импортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгож, эх орныхоо хонины ноосон ээрмэл утсыг ашиглан иргэдийг чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангаж ажиллахыг эрхэм зорилго болгон үйл ажиллагаа явуулдаг байна. Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээж гадагшлуулдаг гэх мэт эрүүл мэндэд чухал ач тустай юм. Энэхүү компанийн бүх бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй эко буюу цэвэр хонины ноос болон хөвөн даавуу утсаар үйлдвэрлэдэг гэдгээрээ хэрэглэгчдэд аль хэдийн танигджээ. Тус байгууллагын нийт ажиллагсдын 50 хувийг өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний өрхийн орлогыг нэмэг­дүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг нь таалагд сан юм. “Хотын зах руу үйлдвэрээ барьсан нь гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангах зорилготой. Манайд ажиллаж байгаа хүмүүсийн хоёр нь л нэгдүгээр хороололд амьдардаг. Бусад нь түгжирч, цаг заваа алдахгүйгээр ажилдаа ирдэг. Мөн гал тогооны өрөөтэй болохоор ажил дээрээ хоолоо хийгээд идчихдэг. Урин дулаан цагт ажлын байрны гаднах талбайг зүлэгжүүлж, ажилчдын хүнсэнд хэрэглэх ногоо тарьдаг юм” хэмээн хөдөлмөрч залуу Ч.Төгсбаатар хэлэв. Дулааны шугам сүлжээний техникч мэргэжилтэй тэрбээр Герман улсад зүлэгжүүлэлт хийн дөрвөн жил ажиллажээ. Сурсан зүйлээ ажил хэрэг болгон гэр болон ажлын байрны орчноо ийнхүү зүлэгжүүлдэг байна.