A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/453/

Tesla компани удирдлагын бүтцээ өөрчилнө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/453/


АНУ-ын Tesla Inc. компанийн гүйцэтгэх захирал Элон Маск байгууллагын удирдлагын бүтцэд дорвитой өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа компанийн удирдах албан тушаалтнуудад хандаж бичсэн захидалдаа дурдсан байна. Элон Маск дурдахдаа “Эрчимтэй хувьсан өөрчлөгдөх өнөөгийн нөхцөл байдалд тохируулан байгууллагынхаа бүтцийг сайжруулахаар зэхэж байна. Tesla-г дэлхийн ирээдүйг тодорхойлогч компанийн нэг гэж олон нийт үздэг. Тиймээс бид ирээдүйд зохицон өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай байна” хэмээжээ. Түүний хэлснээр компанийн удирдлагын бүтцийг өөрчлөх ажлын хүрээнд олон нийтийн харилцааг сайжруулж, онцын шаардлагагүй арга хэмжээ, үйл ажиллагаанаас татгалзах юм. Элон Маскийн мэдэгдэл компанийн Инженерийн албаны захирал Даг Филд ажлаа өгсөнтэй холбоотой байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэв.


Компани өмнөө том зорилго тавин ажиллаж буй чухал мөчид Даг Фил уг шийдвэрийг гаргасан аж. Tesla компани Модель-3 загварын машиныхаа долоо хоногийн борлуулалтыг ирэх зургадугаар сар гэхэд 5000-д хүргэж, өнгөрсөн гуравдугаар сарынхаа 150 хувиар илүү ашиг олохоор төлөвлөж байгаа юм. Tesla компанийн мэдээлснээр Даг Фил ажлаасаа гараагүй, түр хугацаанд чөлөө авсан аж. Түүний эзгүйд компанийн удирдлагын бүтцэд өөрчлөлт орох тул эргэж ирээд чухам ямар алба хаших нь тодорхойгүй байна. Модель-3 загварын машинтай холбоотой техникийн асуудал гарсан учир Даг Филийг цаашид ажиллуулах эсэх тухай маргаан ч гарсан байж болзошгүй. Үүний хариуцлагыг Элон Маск захирал өөрөө үүрнэ гэж мэдэгдсэн. Тэгээд машины үйлдвэрлэлийг хэтэрхий автоматжуулсан нь буруудаж, Модель-3 загварт асуудал гарсан хэмээн энэ оны эхээр Элон Маск хүлээн зөвшөөрсөн юм. Tesla компанийн Худалдаа, үйлчилгээ хариуцсан захирал Жон Макнил өнгөрсөн хоёрдугаар сард ажлаа өгсөн.


Мөн компанийн бүтээгдэхүүний техникийн аюулгүй байдал хариуцсан захирал Мэтю Швал сарын өмнө огцорсон. Энэ бүгд нь Tesla компанид үйлдвэрлэсэн машин осолдсон тохиолдол удаа дараа гарсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үзжээ. Элон Маск удирдлагын бүтцийн өөрчлөлт хийснээр үйлдвэрийн доголдол, техникийн аюулгүй байдлын асуудлыг засахыг оролдож байна хэмээн шүүмжлэгчид үзлээ. Техник болон үйлдвэрлэлтэй холбоотой асуудал мөн хөрөнгө оруулагчдын дунд маргаан дэгдээж байна. Олон нийтийн судалгааны Opinion байгууллагын мэргэжилтэн Кевин Хадсон хэлэхдээ “Tesla компанийг шүүмжлэгчид их байна. Нөгөө талаар компани борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүний чанарт хандуулах анхаарлаа бууруулсан байхыг үгүйсгэхгүй. Ажил хийгээгүй хүн л алдаа гаргадаггүй шүү дээ. Асуудал ар араасаа ундарч байгаа учраас компанийн удирдлагуудад дарамттай байгааг ойлгох хэрэгтэй. Бид хүлээцтэй хандах ёстой гэж бодож байна” гэв. Tesla компанийг чиглэсэн шүүмжлэл хурц байгаа энэ үед Элон Маск захирал саяхан олны эгдүүцлийг төрүүлэх зүйл хэлэв. Тэрбээр саяхан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултыг таслан, “ямар тэнэг асуулт тавьдаг юм бэ” хэмээжээ. Элон Маск хэлсэн үгээ Twitter өөрийн хуудаснаа залруулж, “Хүмүүс манай компанийн зорилго, үнэт зүйлсийн талаар ойлголт дутмаг байна. Биднийг ойлгож хамтран ажиллахын оронд өөрийн үзэл бодлоор дүгнэх хэрэггүй” гэв.




A

Жижиг

A

Дунд

A

Том

Alibaba АНУ-д нэмж ажлын байр бий болгохоос татгалзав

 0 сэтгэгдэл

Хятадын технологийн аварга Alibaba-гийн ерөнхий захирал Жак Ма АНУ-д нэг сая ажлын байр бий болгох амлалтаасаа татгалзлаа. Энэ нь Хятадтай үүссэн худалдааны зөрчил Дональд Трампын эдийн засгийн зорилтыг саатуулж буйн нэг илрэл болов. Ноён Ма өнгөрсөн оны эхээр хэлсэн үгэндээ Alibaba-гийн онлайн платформыг ашигладаг Америкийн компаниудад таван жилийн дотор ийм хэмжээний ажлын байр нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн юм. Гэвч тэрбээр лхагва гарагт шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад болон Америкийн найрсаг түншлэл, ухаалаг худалдааны цаг үед амлалт өгсөн. Тийм цаг үе одоо нэгэнт улирсан тул манай амлалт хэрэгжих боломжгүй” гэжээ. Ноён Ма үүний өмнөхөн АНУ, Хятадын маргаан нь 20 жил үргэлжилж болзошгүй худалдааны дайны эхний буудлага боллоо гээд “үймээн самуун болно” хэмээн анхааруулж байв. Цагаан ордон Хятадаас ирэх 200 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф тогтоож, хариуд нь Бээжин АНУ-ын 60 тэрбумын бараанд импортын татвар ногдуулсны дараахан Alibaba-гийн тэргүүн ийм тайлбар хийлээ.

Ноён Ма анх экспортод чиглэсэн олон тооны ажлын байр бий болгох санал тавихад үүнийг эдийн засгийн шинжилгээ буюу өгөгдөлд суурилаагүй нарийн төлөвлөгөө гэхээс илүүтэй том мөрөөдөл гэж үзэж байв. Гэвч Трампыг дэмжигчид уг саналыг бизнест таатай ханддаг Ерөнхийлөгч ажил эрхлэлтийг дэмжиж буйн үлгэр жишээ болгон тайлбарлаж байв. Уг амлалтыг зарласнаас хойш 20 сар өнгөрөхөд Alibaba тодорхой судалгаа хийгээгүй ч Stadium G o o d s компаний нэрлэж, АНУ-ын компаниуд уг санаачилгаас ямар ашиг хүртэж болохыг эш татаж байв. Нью-Йорк хотод байрладаг тус компани 2016 онд трампыг сонгогдохоос өмнө Alibaba-гийн цахим худалдааны Tmall сайттай гэрээ байгуулж, Хятад гутал борлуулах эрх авчээ. Ноён Ма Ерөнхийлөгч Трампыг зэмлэсэн байдалтайгаар “Худалдаа бол зэвэг биш. Түүнийг оддын дайнд ашиглаж болохгүй. Энэ бол энхтайвны хөтөч юм. Alibaba Хятад, АНУ-ын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана” гэж мэдэгдлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдаачдын өгөгдөл ашигласан хэргээр Amazon-ыг шалгана

 0 сэтгэгдэл

Amazon групп онлайн худалдаачдынхаа өгөгдлийг хэрхэн ашиглаж буй талаар Европын холбоо мөрдөн байцааж эхэлжээ. Ийнхүү тус групп Брюссельд бизнес загвараа шалгуулахтехнологийн сүүлийн том компани болж байна. ЕХ-ны өрсөлдөөн хариуцсан тэргүүн Маргрет Вестагер хэлэхдээ урьдчилсан мөрдөн байцаалтаар онлайн худалдааны сайтыг өрсөлдөгчийн хувьд шалгах боловч цаашид Amazon-ы платформоор худалдаа хийдэг гуравдагч этгээд болох худалдаачдыг хамруулна гэжээ. Тус группийн захирал Жефф Безос өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдэдээ гуравдагч талын Amazon-аар хийдэг худалдаа анх удаа талаас дээш гарсныг мэдээлсэн. Мөн тайланд Европын бизнесүүд эднийхээр дамжуулан таван тэрбум еврогийн экспорт хийснийг дурджээ. Хатагтай Вестагер таван жилийн хугацаа дуусахаас өмнө Цахиурын хөндийн эсрэг томоохон мөрдөн байцаалт явуулан нэрд гарч буй. Түүний санаачилгаар Google-д 4.3 тэрбум еврогийн торгууль ногдуулж, Apple-д 13 тэрбум еврогийн татварын буцаан төлөлт хийх тушаал гаргажээ.

Хатагтай Вестагерын мөрдөн байцаагчид Amazon-тай бизнес хийдэг жижиглэн худалдаачдад мэдэгдэл илгээж, урьдчилсан мэдээлэл цуглуулсан байна. Урьдчилсан мөрдөн байцаалт заавал албан ёсны шалгалтад хүргэх албагүй. Google-ийн хувьд монополын эсрэг мөрдөн байцаалтыг эхлээд албан бусаар явуулж байжээ. Харин Amazon энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Мөн өдөр Брюссель McDonald компанийн Люксембургтэй хийсэн гэрээгээр бараг татвар төлөхгүй байгаа нь ЕХ-ны хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргав. Amazon-ы вебсайт өөрийнхөөсөө гадна бусад бараа худалддаг. Эдний худалдах барааны жагсаалтад гуравдагч талын буюу худалдаачид бараагаа тавина гэсэн үг. Бие даасан худалдаачид сайтын төлбөр, зарын үйлчилгээ зэргээс сонгон ашиглаж болно. Amazon үйлчилгээний төлбөрөөс гадна сайтаар санал болгож буй олон нэр төрлийн бараанаас ашиг олж буй. Бие даасан худалдаачид онлайнд гарснаар бага хөрөнгө оруулалт хийж, цар хүрээгээ тэлэх боломжтой. ЕХ мөрдөн байцаалтаа албан ёсных бус бөгөөд өрсөлдөгчийн гомдлоос шалтгаалагүй гэдгийг онцолжээ.

Ирэх хоёр сард дуусгах уг асуулгыг комиссын өөрийн ажиглалт болон 2017 онд хийгдсэн арилжаанд суурилан боловсруулжээ. Amazon урьд нь монополын эсрэг шалгалтаас болгоомжлон онлайн худалдаа өчүүхэн хэсгийг нь эзэлдэг том зах зээлд компаниудтай өрсөлддөг хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн долоо хоногт Вашингтонд болсон уулзалт дээр ноён Безос “Бүх төрлийн томоохон байгууллагуудыг шалгах нь зүйтэй. Зохицуулалтад яаж ч заалаа гэсэн хэрэглэгчдэд үйлчлэх бидний зорилгыг зогсоож чадахгүй” хэмээн ярив. Тус групп АНУ дахь лобби ажиллагаанд 13 сая ам.доллар зарцуулсан бол Брюссельд хоёрхон сая евро гаргасныг Center for Responsive Politics төв мэдээлжээ. Эднийх ЕХ-ны бодлогын 10 ажилтантай бол Google энэ чиглэлийн 14 мэргэжилтэн ажиллуулдаг. Amazon Вашингтонд бусад технологийн компаниудаас хамгийн том лобби баг бүрдүүлсэн нь хүнсний дэлгүүр, зар сурталчилгаа, эрүүл мэнд гэх мэт шинэ бизнес эхлүүлж буйтай нь холбоотой аж. Тус бүрэлдэхүүнд одоо 28 ажилтан байгаа нь трампын өмнөх үеэс хоёр дахин нэмэгджээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирланд Apple-аас татвараа нөхөн авахгүйн төлөө тэмцэнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөнгө угаахын эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг шалгалаа

 0 сэтгэгдэл


Мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэлд алдаа гаргасан Credit Suisse-ийг Швейцарын санхүүгийн хянах байгууллага шалгалаа. Уг шалгалт сэжиг бүхий хууль бус санхүүжилтэд нэр холбогдоод буй Европын банкинд шинэ цохилт болов. Дэлхийн хөлбөмбөгийн спортын зохицуулах байгууллага FIFA, Бразилын газрын тосны Petrobras, Венесуэлийн газрын тосны PDVSA компани зэрэг байгууллагатай холбоо бүхий авлигын хэд хэдэн дуулиант хэрэгт банк хөнгөн хандсаныг санхүүгийн хяналтын FINMA байгууллага тогтоов. FINMA-гийн дүгнэлт нь Европын банкуудтай холбоотой шил дарсан хэргүүдийн сүүлийн жишээ. Уг хэргээс өмнөхөн данийн зээлдүүлэгч Danske Bankны Эстони дахь салбараар дамжуулан ганцхан жилийн дотор ОХУ, хуучин ЗХУ-ын 30 тэрбум ам.доллар дамжсан нь илэрсэн юм. Нидерландын банк, санхүүгийн ING группийн санхүү хариуцсан захирал өнгөрсөн долоо хоногт огцорсон. Мөнгө угаах гэмт хэрэгт тавих хяналт сул байсныхаа төлөө Нидерландын банк 775 сая ам.доллараар торгуулсны дараа захирал албан тушаалаа орхижээ. Хөндлөнгийн байгууллагын хяналт үүсгэх замаар банк санхүүгийн тогтолцоогоо засаж сайжруулах шаардлагыг даваа гарагт FINMA-гаас Credit Suisse-д тавилаа.

Швейцарын хуулиар FINMA торгууль оноох эрхгүй. FINMA-гийн шүүмж нь 2015 оноос Credit Suisse-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Тижейн Тиамд цохилт болов. Ноён Тиам бүтцийн дайчин шинэчлэл өрнүүлэх замаар тус банкны үйл ажиллагааг дэлхийн баячуудын хөрөнгийг эрхлэн хөтлөхөд чиглүүлэх зорилт тавьсан юм. Банкны ажиллагааны алдаа дутагдал нь “хуучин уламжлал” хэмээн анхааруулж буй FINMA-гийн дүгнэлтийг Credit Suisse хүлээн зөвшөөрчээ. Банк урьд өмнөх хэрэгт дүгнэлт гаргаж “алдаа дутагдлыг засаж залруулах идэвхтэй арга хэмжээ авахын тулд FINMA-тай хамтран ажиллаж байгаа”-гаа мэдэгдэв. FIFA-тай холбоотой хэрэг 2015 оны тавдугаар сард тус байгууллагын дээд удирдлагад ажилладаг хүмүүсийг Цюрихын тансаг зэрэглэлийн зочид буудлаас сүр дуулиантай баривчилснаар эхэлжээ. Баривчлагдагсдыг АНУ, Швейцарын хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэг, хээл хахууль, авлигын хэргээр мөрдөн шалгасан нь FIFA-гийн ирээдүйд занал учруулсан юм. FINMA 2015 оноос хойш FIFA, Petrobras, PDVSA оролцсон авлигын хэрэгт “хэд хэдэн банк”-ийг сэжиглэн шалгаж эхэлснээ тайлбарлав. Credit Suisse 2006-2016 онд үйлчлүүлэгчээ таних, ашиг хүртэгч эздийг тодруулах, эрсдэлтэй бизнесийн харилцаа, бичиг баримтыг ангилах ажилд хайнга ажиллаж ирснийг FINMA илрүүлжээ.

“Олж илрүүлсэн алдаа дутагдал олон жилийн турш, үндсэндээ 2014 оноос өмнө оршиж байсан”-ыг FINMA тайлбарлав. Мөнгө угаах гэмт хэргээс үр дүнтэй сэргийлэх гэвэл банкны бүх салбар “үйлчлүүлэгчийнхээ банктай тогтоосон аливаа харилцааг тэр дор нь автоматаар тодорхойлох чадвартай байх ёстой” хэмээн Швейцарын санхүүгийн хянах байгууллага үзэж байна. Үүний зэрэгцээ тус банк урьд нь гэмт хэрэгт буруутсан этгээдийг “харилцааны менежер” болгосон, “улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс”-тэй тогтоосон бизнесийн харилцаанд хяналт тавьж, эрсдэлийг нь үнэлэхдээ алдсаныг FINMA тусад нь анхааруулав. FINMA-гийн дүгнэлтэд тодорхой нэр дурдаагүй. Гэхдээ уг хэрэгт ойр эх сурвалж дээрх дүгнэлт нь Credit Suisse-ийнүйлчлүүлэгчийн зөвлөх байсан Патрис Лескодроныг хэлж буй хэрэг хэмээн тайлбарлав. Лескодрон нь Гүржийн ерөнхий сайд асан Бижина Иванишвили зэрэг үйлчлүүлэгчдийн итгэлийг буруугаар ашигласан хэргээр хоёрдугаар сард Женевийн шүүхэд татагдсан юм. “Активын менежмент тун амжилттай эрхэлсэн” харилцааны менежер банкны журмыг олон жил зөрчсөнийг FINMA-гийн тайлбарт дурджээ. “Гэтэл банк сахилга зөрчиж буй менежерт хариуцлага тооцож, анхааруулахын оронд харин ч цалинг нь өсгөн, сайн ажилтан хэмээн үнэлсэн”-ийг швейцарын зохицуулах байгууллага тайлбарласан юм.