A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3568/

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна

The Hu хамтлагийн фэнүүд 1350 км зам туулан тоглолтыг нь үзэж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3568/
  • Их Британийн алдарт дуучин Элтон Жон: Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэр­гэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна

The Hu хамтлаг дэлхий даяар аялан тоглолтоо үргэлжлүүлж буй билээ. Тус хамтлагийн чансаа, нэр хүнд өдөр ирэх тусам өссөөр байна.Тэд өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын NRG recording студид дуугаа бичүүлсэн бөгөөд тус студи нь Alicia Keys, Avril Lavigne, Jay-Z, Kanye West зэрэг дэлхийн томоохон ододтой хамтран ажилладаг. Тус хамтлагийн гадаад фенүүд уран бүтээлээр нь ковер хийж буй бол дэлхий даяар оршин сууж буй монгол фенүүдийнх нь нэг н.Хос-Эрдэнэ тоглолтыг нь үзэхийн тулд цасан шуурга, байгалийн үзэгдлийг үл хайхран 1350 км-ийн цаанаас зорин очжээ.Тус хамтлагийн хамгийн том фэн нь Их Британийн алдарт дуучин Элтон Жон. Тэрбээр өмнө нь твиттер хуудсаараа дамжуулан The Hu хамтлагийг сайшааж, уран бүтээлийг нь танилцуулж байсан бол энэ удаа өөрийн Rocket Hours Beats 1 радио шоундаа тэднийг урьж, ярилцлаа. Энэ үеэр алдарт дуучин маань “Би Гэрэг цомгийн маш том фэн. Сүүлийн хэдэн жил огт сонсож байгаагүй өвөрмөц, шинэ сэргэг өнгө төрхтэй танай хамтлагт баяр хүргэмээр байна” хэмээв. Түүнчлэн The Hu-гийн нэгэн монгол шүтэн бишрэгч Ю.Ариунзаяат Сан Франциско хотод хийсэн тоглолтын үеэр VIP тасалбар худалдан авч тэдэнтэй уулзан, үндэсний хоолоороо дайлсан бөгөөд монгол хүн байсан тул хамтлагийнхан түүнд зориулж дуу дуулж өгчээ.Тэрбээр энэ талаар “Цаг 17:30 болж, хүсэн хүлээсэн мөч ирлээ. Ийм том хамтлагтай уулзаж байсан биш, балмагдаад “Сайн байцгаана уу” гэж амандаа бувтнатал “Өө, монгол хүн байна шүү дээ. За, эгчдээ зориулж “Бүсгүйн дуу”-гаа дуулж өгье” гэлээ. Гар чичирч, зүрх цохилоод, нулимс гарах гээд болдоггүй. Учир зүггүй мэлмэрүүлээд уналтай биш. Үзэгчдийн танхимын голд ганцаараа зогсон, зөвхөн өөртөө зориулж энэ том хамтлагийн “Бүсгүйн дуу”-г дуулуулсан хүн надаас өөр байхгүй байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. VIP access ticket нь дэлхийн томоохон хамтлагуудын тоглолтын жишиг бөгөөд шахуу хөтөлбөр, ачаалал ихтэй уран бүтээлчдийн амрах цагийг ихэсгэхийн тулд, нөгөөтэйгүүр шүтэн бишрэгчдэд уулзах боломж олгох үүднээс борлуулдаг. The Hu хамтлагийн VIP тасалбарын үнэ 200 ам.доллар.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголын анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмаа тодорлоо

 0 сэтгэгдэл
  • Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглохоор сонгогджээ
  • Тэрбээр “Би эндээс явахгүй”, “Нора”, “Жаргаагүй нар”, “Парисын Дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээсэн энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг юм

Дэлхийн шилдэг зохиолын нэг “Анна Каренина”-г Монголын тайзнаа амилуулахаар болсон билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх сэтгэхүйн драмын жүжигт дүр бүтээх жүжигчид тодорчээ. Тодруулбал, Монголын хамгийн анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмааг сонгосон байна. Тэрбээр “Би эндээс явахгүй”, “Нора”, “Жаргаагүй нар”, “Парисын Дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээсэн энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг юм. Тэгвэл Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар дүрээ мөнхөлнө. Түүнчлэн туслах дүрүүдийг ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч амилуулах бол олны хэсэгт 40 гаруй залуу жүжигчнийг сонгон шалгаруулжээ. УДЭТ-ын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” ирэх сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар ирэх сарын 15-нээс худалдаанд гарах аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Н.Сэргэлэн: “Дэлхийн нэг өдөр” зургаа “Дэлхийн түүх”-ээр үргэлжлүүлнэ

 0 сэтгэгдэл
  • “Дэлхийн нэг өдөр” бүтээлээ зарна гэсэн бодол одоохондоо алга. Эхлээд олон нийтэд хүргэх хэрэгтэй 
  • Бусдыгаа бодвол авьяас тааруу хэрнээ хөдөлмөрч хүмүүс нь илүү амжилтад хүрээд байна. Спортын тамирчин хүн байнгын бэлтгэл сургуулилт хийвэл сайжирдагтай яг адилхан
  • “Дэлхийн нэг өдөр”-ийг гурван жил гаруй хугацаанд зурна гэж тооцож байсан ч 12 жил болчихсон. Энэ хугацаанд гурван шавь маань хоёр, хоёр хүүхэдтэй болсон байна. Би өөрөө охинтой болсон гэхээр долоон шинэ хүн мэндэлжээ
  • Монгол зургийг бүтээлээрээ сурталчлахаас гадна болж өгвөл Юнеско-гийн соёлын өвд бүртгүүлчих юмсан гэж боддог. Тэгэхгүй бол урд зүгийнхэн биднээс өрсчих гээд байна


Зураач Н.Сэргэлэн дэлхийн улс орнуудын онцлогийг илтгэсэн 21 метр урт уран бүтээлээ шинэ оны босгон дээр олны хүртээл болгосон. 12 жилийн хөдөлмөрийн үр шимээр амилсан энэ бүтээл олны анхаарлыг маш их татсан юм. Тэгвэл зураач маань дараагийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Энэ удаа мөн л 21 метр урт даавуун дээр дэлхийн түүхийг багтаахаар санаа шулуудсан байна. Зураач Н.Сэргэлэнг сониныхоо зочноор урьж, уран бүтээлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ. 

-Та олон жилийн турш урласан бүтээлээ оны өмнө дуусгаж, олны хүртээл болголоо. Одоо хэсэг хугацаанд амралт авах уу?

-Уг нь амраад авъя гэж бодож байсан ч улам их ажилтай болчихлоо. Дараа дараагийн бүтээлээс гадна зургаараа үзэсгэлэн гаргах саналууд ирсэн. Энэ талаар хүмүүстэй уулзаж ярилцах, бүтээлүүдээрээ ном хийх зэргээр ажил ар араасаа ундраад л байна. 

-Эхний ээлжинд барьж авахаар төлөвлөсөн бүтээлээсээ сонирхуулж болох уу?

-“Дэлхийн нэг өдөр” зургийг зурахдаа судалгааны материал их цуглуулсан л даа. Энэ үед улс орнуудын түүхтэй холбоотой материал их олдсон. Тиймээс дараагийн удаа дэлхийн түүхээр зурвал зүгээр юм байна гэж бодсон. “Дэлхийн нэг өдөр” зурагт бидний амьдарч буй цаг үетэй холбоотой материал ерөнхий дөө орсон. Он цагийн хувьд зөрүүтэй юм гарах ч тийм их биш. Харин түүхэн сэдэв болохоор он цагийн хувьд хэдэн зуун жилээр зөрүүтэй байх гээд байна. Тиймээс хамт ажилладаг хөрөнгө оруулагчтайгаа ярьж байгаад түүхчдээс зөвлөгөө авах бодолтой бай гаа. Гэхдээ “Дэлхийн нэг өдөр”-өөс ялгаатай нь тухайн үйл явдлыг тайлбартай нь зурвал илүү ойлгомжтой болно гэж бодож байна. Жишээ нь, Монгол гэхээр яах аргагүй XIII зуунаа оруулна. Грек, Ромын түүх гэхээр хамаагүй урагшаа явах жишээтэй.

-“Дэлхийн нэг өдөр”-өө зурсны дараа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байв уу?

-Тийм юм байгаагүй ээ. Анхнаасаа монгол зургийн аргаар том бүтээл хийе гэж төлөвлөсөн. Би ганцаараа ч хийчихсэн юм биш, гурван шавьтайгаа хамтарсан юм. С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр гээд миний гарын шавь нар их үүрэгтэй оролцсон. Эскиз зохиомжоо хийчихээд яг гүйцэтгэл дээрээ хоорондоо ярилцаж, зөвлөлдөөд хийсэн. Миний хувьд бүтээлээ аль болох чанартай хийхийг эрмэлзэж байлаа. Яагаад гэвэл монгол зураг гэдэг чимхлүүр ажил ихтэй. Нэгэнт зориод хийснийх хугацаанд хавчигдаж яарахгүй, чанартай, алдаа мадаггүй бүтээл гаргахыг л зорьж байлаа. Өөрийн бүтээлээ сайн болсон гэдэгт итгэлтэй байсан болохоор үзэсгэлэнд дэлгэхэд ямар нэг айдас байгаагүй ээ. “Манайхан дорвитой, томоохон бүтээл хийх цаг нь болсон” гэх хүн олон байсан. Найз нөхөд, үзэгчдийн үгнээс маш их урам авсан даа. Нэг сонирхолтой юм ярихад, 12 жилийн хугацаанд маш их юм өөрчлөгдлөө. Тухайн үед зурж байсан дэлхийн хамгийн өндөр барилга хэдэн жилийн дараа өөрчлөгдөх жишээтэй. Тиймээс тухай бүрт нь зургандаа засвар оруулж байсан.

-Бүтээлээ гаднын улс орнуудад дэлгэж үзүүлнэ биз дээ?

-Угаасаа миний гол зорилго энэ. Бүтээлээ аль болох олон хүнд хүргэхийг зорьж байна. Болж өгвөл гаднын фестиваль, экспод оролцох санаатай. Энэ жил Дубайд их том экспо болно. Тэнд орчихвол улсаа сурталчлахаас гадна монгол зургийн төрлийг олон нийтэд таниулах ач холбогдолтой. Энэ бол таван жилд нэг удаа болдог том арга хэмжээ. Дэлхийн том уран бүтээлчид өөрсдийн бүтээлээр оролцдог юм. Аз нь таараад орчихвол хэрэгтэй л байна. 

-Таны бүтээлийг худалдаж авъя гэсэн санал ирсэн үү?

-Яг одоогоор ийм санал ирээгүй байна. Сая үзэсгэлэнгийн үеэр зарим хүн “Эзэнтэй болчихсон уу. Ер нь зарах уу” гэх зэргээр асууж л байна лээ. Миний хувьд шууд зар чихья гэсэн бодол одоохондоо алга. Эхлээд олон нийтэд хүргэх хэрэгтэй. Мэдээж том бүтээл хийхэд цаг хугацаанаас гадна мөнгө санхүүгийн тал дээр хүндрэл гарч байсан. Азаар сайн найзууд маань дэмжиж, бүтээлээ дуусгах боломж олгосон. Москвагийн оюутан ахуйн найз С.Эрхэмбаяр маань намайг ийм бүтээл хийх гэж байгааг мэдээд их дэмжиж, хөрөнгө санхүүгээр тусалсан. Мөн Н.Ганбаатар гээд өөр нэг бизнесмэн залуу миний саналыг анхнаас нь дэмжсэн. Хоёр талаасаа дэмжлэгтэй болохоор зургийн ажил минь сайхан бүтсэн л дээ. Тиймээс зарж үрэх асуудал гарвал хөрөнгө оруулагчдынхаа санаа бодлыг сонсоно шүү дээ. 

-Зургаа үнэлье гэвэл мөнгөн дүнг багцаалдах боломжтой юу?

-Ер нь урлагийн бүтээлийг үнэлнэ гэдэг хэцүү шүү дээ. Урлагийн бүтээлийг үнэлэхэд зураачийн нэр алдраас гадна олон хүчин зүйл нөлөөтэй. Пикассогийн жижигхээн, бичгийн цаасны хэмжээтэй нэг бүтээл хэдэн сая ам.долларын үнэ хүрэх жишээний. Бид хосгүй үнэт бүтээл гэж ярьдаг. Энэ бол үнэлгээгүй эд гэсэн үг. Жишээ нь, музейн сан хөмрөгт байгаа Занабазарын бүтээлүүдийг үнэлэхийн аргагүй.

-Шинэ уран бүтээлээ дахиад 12 жил зурахгүй байлгүй дээ?

-Хугацааг бол хэлж чадахаа байсан (инээв). Анх би “Дэлхийн нэг өдөр”-ийг гурван жил гаруй хугацаанд зурна гэж тооцож байсан ч 12 жил болчихсон. Энэ хооронд хүний амьдралд янз бүрийн юм тохиолдоно шүү дээ. Би ямар эдийн засгийн нарийн тооцооллыг мэдэх биш. Хар ухаанаараа бодож байгаад иймэрхүү хэмжээний зардал гарах байх гэж тооцоолсон. Гэтэл бодит байдал дээр маш их зөрсөн. Анх төсөвлөсөн мөнгө нь дуусчихаар ажлаа зогсоохоос аргагүй. Зураг зурсан 12 жилийн хугацаанд гурван шавь маань хоёр, хоёр хүүхэдтэй болсон байна. Би өөрөө охинтой болсон гэхээр долоон шинэ хүн мэндэлчихэж. Энэ мэтээр янз бүрийн юм тохиолддог болохоор хугацаа төлөвлөж чадахгүй байна. Ялангуяа монгол зургийн төрөл цаг хугацаанд хавчигдахаар чанар нь муудчих гээд байдаг юм. 

-Та монгол зураг гэж хэд хэдэн удаа ярилаа. Монгол зургийн онцлог нь юу байдаг юм бол?

-Монгол зураг гэж гайхамшигтай соёлын өв байгаагүй бол энэ бүтээл төрөхгүй байсан. Монгол зураг гэдэг өвөг дээдсийн маань хойч үедээ уламжлуулан үлдээсэн томоохон соёлын өв. Яг монголчуудын ахуй амьдрал, оюун санаанаас төрж гарсан урлагийн нэг төрөл гэж болно. Миний хувьд анх 1979 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд оюутан болж ирээд монгол зургийн ангид хуваарилагдаж байлаа. Тухайн үед зураач болно л гэж бодсоноос биш монгол зураг гэж юу болох талаар ямар ч ойлголтгүй байв. Ингээд суралцаад эхэлсэн чинь арга барил нь арай өөр байсан. Ер нь шүтээн урлаг буюу бурхны зурагтай холбоотой хөгжиж ирсэн юм билээ.

-Өндөр гэгээн Занабазарын үеэс эхтэй байж таарах нь ээ?

-Тийм ээ, Өндөр гэгээн Занабазар шүтээн урлагаар дамжуулаад монгол школ гэдгийг үүсгэсэн түүхтэй. Тэр тусмаа монгол дүр дүрслэлийг шингээж өгснөөрөө онцлог. Монгол зураг гэдэг хэллэг намайг сургуульд орж байсан үеэс эхтэй. Манай дүрслэх урлагийн алтан үеийнхэн тэр үед сургуульд багшилдаг байлаа. Ардын зураач Н.Цүлтэм гуай тэр үед Урчуудын эвлэлийн хорооны дарга байсан. Н.Цүлтэм гуай монгол зургийг дэлхий нийтэд таниулах, цаашид хөгжүүлэхийн төлөө идэвх чармайлттай ажилласан хүн. Тэр ч утгаараа ДУДС-д монгол зургийн анги нээж байв. Одоо бол монгол зургийн арга барил өөр болсон. Хөгжөөд л байна гэсэн үг. Ялангуяа 1990 он гарснаас хойш элдэв саад хориг алга болж, чөлөөтэй зурах боломж бүрдсэн нь монгол зургийн хөгжилд нөлөөлсөн л дөө. Өмнө нь социалист бүтээн байгуулалтыг магтан дуулсан бүтээл их зурдаг байлаа. Бурхан зурж болохгүй. Хүмүүс гуйгаад байвал хулгайгаар зурна. Харин ардчилал гарснаас хойш шүтээн урлаг илүү хөгжих боломж бүрдсэн юм.

-Одоо монгол зургаар дагнасан уран бүтээлч хэр олон байна вэ?

-Нэлээн олон болсон шүү. Яагаад гэвэл гадаадад болж буй олон улсын үзэсгэлэнгүүдэд монгол зургийн төрлөөр оролцсон залуучууд илүү амжилтад хүрээд байгаа юм. Гаднынхан их сонирхдог төрөл. Тиймээс монгол зургийг бүтээлээрээ сурталчлахаас гадна болж өгвөл ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлчих юмсан гэж боддог юм. Тэгэхгүй бол урд зүгийнхэн биднээс өрсчих гээд байна. 2014, 2015 оны үед ажлын шугамаар Өвөрмонголд явж байхад тэндхийн том бизнесмэнүүд монгол зургийг ЮНЕСКО-д бүртгүүлье гэж ярьж байсан. 

-Өвөрмонголчууд бүртгүүлчихвэл Хятадын соёлын өвд тооцогдоод явчихна биз дээ?

-Харин тийм. Уран бүтээлч бидний хувьд өмнөх бүтээлдээ анхаараад иймэрхүү нарийн ширийн юм руу орж чаддаггүй юм. Тиймээс холбогдох байгууллага нь анхааралдаа авч, ажил хэрэг болгоосой гэж хүсдэг. 

-Та өөр ямар төрлөөр уран бүтээл туурвидаг вэ?

-Өөр төрлөөр зуралгүй яахав. ДУДС-д монгол зургаар сурч төгсчихөөд Москвагийн уран зургийн академид сурсан хүн. 1990 оноос хойш орчин үеийн, модерн чиглэлийн уран бүтээл багагүй хийсэн. 

-Дүрслэх урлагийн сургуульд элсэн орсон хүмүүсийн хэдэн хувь нь жинхэнэ зураач болдог бол. Багцаа тоо байдаг уу?

-Орсон чигээрээ бүгд зураач болно гэж байхгүй л дээ. Манай анги гэхэд 12 хүүхэд төгсөхөд уран бүтээлээ хийж байгаа нь тал хувьд ч хүрэхгүй. Талаас дээш хувь нь уран бүтээлээ хийж байвал өндөр амжилт гэж үздэг. Миний шавь нар дунд ч гэсэн үнэхээр авьяас чадвартай хэрнээ амьдралын шаардлагаар өөр юм хийгээд явчихсан хүн зөндөө бий.

-Нэг саваагүй гэмээр зүйл асууя. Зураачийн амьдралыг сонгох болон сонгохгүй байх ямар шалтгаан байж болох вэ. Та олон жил энэ урлагтай холбогдож, сайн, мууг нь мэдэлцсэн болохоор асууж байгаа юм?

-Мэдээж нэгдүгээрт авьяас байх хэрэгтэй. Үүнээс гадна зураач болох хүсэлтэй хүн хөдөлмөрч байх ёстой. Зүгээр сонирхлоороо яваа, хааяа нэг зураг зурчихъя гэсэн бодолтой хүн бол зураач болох гэж хичээгээд хэрэггүй дээ, цагийн гарз. Сүүлийн үед залуучуудыг хараад байхад бусдыгаа бодвол авьяас тааруу хэрнээ хөдөлмөрч хүмүүс нь илүү амжилтад хүрээд байна. Хөдөлмөр хүнийг хөгжүүлдэг байхгүй юу. Спортын тамирчин хүн байнгын бэлтгэл сургуулилт хийвэл сайжирдагтай яг адилхан. Байнга зурж, эрэл хайгуул хийдэг хүн улам өсөж дэвжээд байдаг. Харин хэчнээн авьяастай ч тогтмол зурахгүй, дундаас нь орхичихоод байвал зэвэрнэ, тэр байдлаасаа хэзээ ч ахихгүй. Товчхондоо бол үнэхээр дур сонирхолтой хүн л зураач болж чадна. 

-Зураач болох сонирхолтой хүний тоо нэмэгдэж байгаа юу?

-Миний үетэй харьцуулахад багассан шүү. Биднийг шалгалт өгч байхад 200-300 хүүхэд өрсөлдөж, тэднээс шигшэж байгаад 40, 50-ийг нь л авдаг байлаа. Харин одоо элсэлтийн шалгалтад харьцангуй цөөхөн хүүхэд бүртгүүлж байна. Гэхдээ хувийн секц, дугуйлангууд их болсон байна лээ. Хүүхдүүд ч их хичээллэдэг болж. Энэ зөв л дөө. Яагаад гэвэл багаасаа хичээллэсэн хүүхэд илүү өндөр амжилт гаргадаг юм. 

-Гаднын том зураачид бүтээлээ өндрөөр үнэлүүлж, үүнийхээ ачаар элбэг хангалуун амьдардаг. Харин Монголын зураач нарын хувьд ямар байдаг бол. Бүтээлээ үнэлүүлж чадаж байна уу?

-Нэг үеэ бодвол өөрчлөгдсөн шүү. Уран бүтээлээрээ олон нийтэд танигдаж, бүтээл нь өндөр үнэ хүрээд, юугаар ч дутахгүй сайхан амьдарч буй уран бүтээлч цөөнгүй. Гэхдээ уран бүтээлээ зах зээлд гаргахад куратор буюу менежерийн үүрэг их. Сайн куратортой байхад тухайн хүний бүтээл олонд хүрч, танигдах боломжтой. Харин зураач хүн өөрөө бүтээлээ бариад, зараад гүйнэ гэж байхгүй шүү дээ. 

-Монгол зураачдын бүтээл гаднынханд өндөр үнээр зарагдсан ямар тохиолдол байдаг вэ?

-Гаднынхан байтугай дотоод доо үнэ хүрсэн бүтээл байна ш дээ. Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд гэж мундаг зураач бий. До.Болд гуайн зурагнууд тэрбум төгрөгийн үнэ хүрсэн гэж сонсож байсан. Хоёр, гурван зуун саяар дотоод доо зарагддаг зураг ч байгаа. Гадаадад 100 мянган ам.доллараар зарагдлаа гэж сонсогдож л байдаг.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Таны шинэ уран бүтээлд амжилт хүсье.
























A

Жижиг

A

Дунд

A

Том

Г.Ундармаа: Single ladies-4 кино түүхэн сэдэвтэй

 0 сэтгэгдэл
  • Single ladies киноны төгсгөлийн анги ирэх сард нээлтээ хийхээр болсон

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийн талаар өгүүлэх Single ladies цуврал киноны сүүлийн анги ирэх сарын 2-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус киноны дөрөвдүгээр анги түүхэн сэдэвтэй гэдгээрээ онцлог аж. Single ladies 4 киноны талаар U Film кино компанийн захирал, жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа. 


-
Single ladies 4 кино өмнөх цувралуудаас юугаараа онцлог вэ?

-Нас, насны ганц бие эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан Single ladies киноны төгсгөлийн анги ирэх сард нээлтээ хийхээр болсон. Бид энэ анги дээр маш олон хүний бүрэлдэхүүнтэй, том багаар ажилласан. Ойролцоогоор 220 орчим хүний хүч хөдөлмөр шингэсэн байна. Мөн зураг авалт болон киноны бэлтгэл ажлыг өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад хамгийн урт хугацаанд хийсэн. Түүнчлэн түүхэн сэдэв хөндөж гаргасан бөгөөд төрөл жанр, хийц, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл зэрэгт маш их ач холбогдол өгсөн. Тухайлбал, гадны улсаас мэргэжилтэн авч ирсэн бөгөөд уран бүтээлчдийн хувьд мэргэжлийн ур чадвар сайтай, туршлагатай хүмүүсийг сонгосон. Мөн кинонд ашиглах хувцас, хэрэгслийг шинээр захиалж хийлгэсэн. Улмаар маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж гаргасан уран бүтээл боллоо. 


-Түүхэн  сэдэвтэй кино гэж та хэллээ. Өмнөх ангиуд адал ядалт, инээдмийн төрлийнх. Тэгвэл төгсгөлийн анги ямар жанрынх вэ? 



-Төрөл  жанрыг нь болон үйл явдлын талаар нууцлахыг хүсэж байна. Товч дурдахад, анх ганц бие гурван бүсгүйн амьдралын талаар өгүүлж байсан бол эхний ангид Сарангуа /А.Туяа/ нөхөрт гардаг. Харин гуравдугаар ангид Гэрэлээ /О.Дөлгөөн/ хайр дурлалтайгаа учирдаг. Тэгвэл энэ ангид хамгийн ахмад настай ганц бие Ариунсанаагийн хайр дурлалын тухай өгүүлнэ. Гэхдээ нөхөрт гарах эсэхийг нь хэлмээргүй байна. Үзэгчдэд хүрч эхлэх үед бүх зангилаа тайлагдах байх. 


-Single ladies киног цувралаар хүргэх санаа юунаас үүдэлтэй вэ?

-Анх 2010 оноос ганц бие эмэгтэйчүүдийн талаар кино хийх санаа төрсөн. Учир нь тухайн үед миний ихэнх найз ганц бие байсан учир уулзахаараа ганц бие эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг их ярьдаг байлаа. Тэр үеэс энэ талаар кино хийвэл сонирхолтой юм гэх бодол төрж, ажил болгон хэрэгжүүлээд, гурван жилийн дараа анхны ангиа үзэгчдэд хүргэж байсан. Кино амжилттай болоход хамгийн чухал зүйл бол үзэгчид байдаг. Анхны анги цацагдсны дараа зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд ч маш сайхан хүлээж авсан учраас дараагийн ангийг хийх сэдэл төрсөн. Мөн ганц бие эмэгтэйн талаарх сэдэв маш баялаг бөгөөд олон талын өнцгөөр харуулах боломжтой гэдгээрээ онцлог. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Хувь заяаг минь өөрчилсөн болохоор Баатарван гэдэг нэрэндээ туйлын хайртай

 0 сэтгэгдэл
  • Л.Эрдэнэбулган гуай "Хатанбаатар" МУСК-нд 1981 онд тоглосон. Ленин клубын автобусны буудал дээр зогсож байхдаа найруулагч Г.Жигжидсүрэнтэй таарч, Баатар вангийн дүрд шууд сонгогдсон гэдэг
  • Архи уугаад, амаа нохойд долоолгоод гудамжинд хэвтвэл нүгэл. Баатар ван тэнгэрээс харж байгаа
  • Монголын ард түмэн намайг маш их хайрладаг. “Баатар ван  ороод ирлээ. Та дээшээ суу” гэнэ. Нутагт маань байдаг миний муу байшинг “Баатар вангийн өргөө” гээд нэрлэчихсэн. Үүнээс илүү хүндлэл хайр гэж юу байх вэ
  • Гэрээсээ явахаар шийдсэн удаа надад бий. гарах гэсэн “Булгаан, тэгээд тэр хүн чинь чиний оймсыг өдөр бүр угааж өгөх юм уу. Тийм л хүн байгаасай”  гэсэн. Би буцаж ороод, чемоданаа орон дээр тавьчихаад дуугүй гараад явж билээ. Тэгээд яваагүй юм
  • Нямын Цэгмид гуай “Энэ кино чамд нэр хүнд, алдрыг авчрах шинжтэй байна. Ард түмнийхээ хайр хүндлэлийг алдаж болохгүй. Хэрвээ чи архи уугаад, гудамжинд амаа нохойд долоолгоод хэвтвэл нүгэл. Баатар ван чинь чамайг тэнгэрээс харж байгаа. Тийм юм цухуйвал чамайг тэр чигт нь л явуулчихна. Бодож яваарай” гээд духан дээр минь үнсэж байлаа 
  • С.Удвал гуай намайг насан өөд болтлоо Баатар ван гэж дуудсан
  • Драмын театр, Хүүхэлдэйн театр, ҮДБЭЧ гээд гурван театр газаргүй 70 жил боллоо. 100 ч хүрэхгүй хүүхдийн багтаамжтай Хүүхэлдэйн театртай байж яаж тэднийг хүмүүжүүлж, урлагийн боловсрол олгох вэ
  • Тайзнаа нийт 2427 удаа тоглосон “Учиртай гурван толгой” дуурь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд асар том байр суурь эзэлдэг. Л.Эрдэнэбулган гуай тус дуурийн Юндэнд 319 удаа тогложээ

Чи Дашинчилэнгийн хүүхэд юм биз дээ. Чиний хэлэхийг сонсоод, нэг явдал санаанд орж байна. Б.Ганчимэг сэтгүүлч надаас 20 бил үү, 30 жилийн өмнө яг чам шиг чиг барьж ирээд ярилцлага авч байлаа” гэсээр инээмсэглэн угтсан энэ эрхэм бол олноо Баатар ван хэмээн алдаршсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай. Баатар вангийн баялаг намтар, амьдралын түүхийг ард түмэн хэдийн мэдэх ч “хэнд ч ярьж байгаагүй тийм л зүйл сонсож, уншигчдаа мялаамаар байна” гэж түүнийг шалсаар ярилцсан минь энэ. Цаас, цаг хоёр багадаж байсныг нуугаад яах вэ.

-Та эмээтэйгээ өссөн гэдэг. Эмээтэйгээ өнгөрөөсөн дурсамж, хүүхэд ахуй насны тань талаар ярилцлагаа эхэлье? 

-Би төрснөөсөө хойш бүүвэйн дуу гэгчийг сонсож үзээгүй хүн. Гэхдээ үүнийгээ зовлон үзсэн гэж ярих дургүй. Хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаггүй хувь тавилан намайг дайрсан юм болов уу даа. Өргөж авсан ижий, аав маань намайг долоон настай байхад бурхан болцгоосон. Хоёр аав, хоёр ээжийн бүх хайр, хүн болгох ухааныг эмээ минь надад өгсөн. Монголчуудын соёл, ахуй тун сонин. Хүү, охин хэн байлаа ч ээж, аав нь үгүй бол гэрийнхээ эзэн нь болдог уламжлалтай. Намайг “Гэрийнхээ баруун талд сууж болохгүй шүү. Хоймортоо сууж бай, миний хүү” гэж цайныхаа дээжийг уулгасаар өсгөсөн. Эмээ маань “Миний хүү хүн дээрэлхэж болдоггүй юм. Гэхдээ дээрэлхээд байвал гар хумхиж болохгүй” гэж сургаж ирсэн нь одоо бодоход асар нарийн, нандин ухаан байж. Залуу байхад анхаарч, бодох нь ч бага байж. Монгол ахуй соёл дунд хүн болсон бага насны минь дурсамж эмээгээ нутаглуулснаас хойш дуусаж, эр хүний амьдралын зам руу орсон доо.

-Ард түмэн таныг Баатар ван эсвэл Хатанбаатар гэж дууддаг. Бас, Булганы сохор Толя болон Л.Эрдэнэбулган гэж мэднэ. Сохор Толя гэдэг чухам ямар учиртай нэр вэ. Танд олонд алдаршаагүй өөр нэр бий юу? 

-Энэ тухай маш олон зүйл яримаар санагддаг. Үгийн сайхан олдохгүй юм шиг байна. Чи олбол оноогоод бичээрэй. Хатанбаатарын түүх миний хувь заяаг тэр чигээр нь өөрчилсөн. Ахад нь дутагдах юм ер байдаггүй. Над шиг ийм баян, эрх, түмэн хүрээлсэн уран бүтээлч чухам хэд байдгийг хэлж мэдэхгүй юм. Монголын ард түмэн намайг маш их хайрладаг. Хаана ч очсон хүндэлж, очсон газар бүхэн цайныхаа дээжийг барьдаг. “Баатар ван ороод ирлээ. Та дээшээ суу” гэнэ. Нутагт маань байдаг миний муу байшинг “Баатар вангийн өргөө” гээд нэрлэчихсэн. Үүнээс том хүндлэл гэж юу байх вэ. Гэхдээ намайг Магсаржав гэж дуудвал би айна. Яагаад гэвэл, би Магсаржав биш. Магсаржав бол увдистай, газар шорооныхоо төлөө сэтгэл оюун аливаа бүхнээ зориулсан хүн байсан. Энэ бүхнийг ард түмэн, Богдын засаг үнэлж Баатар ван гэх цол хайрласан. Энэ цолыг түмэн олон надад хүндэтгэн өгсөн болохоор Баатар ван гэдэг нэрэндээ би туйлын хайртай. Манай ангид хоёр Толя байлаа. Шар Толя, сохор Толя гээд. Хотоос шилжиж ирсэн хүүхдийг заавал зодно, гайгүйхэн нөхөр байвал найзална. Охидын гэзгийг холбоод гүйчихдэг дэггүй тархинууд байжээ. Тэмээ өргөдөг Б.Жамъяандорж гуай манай сургуулийн нярав байсан юм. Зооринд байгаа ногоогоор нь тоглож байгаад тэнд цоожтой хоносон удаа ч бий. Сохор Толя нэрийг авсан маань учиртай. Яагаад гэвэл, би том болтлоо нэг талын нүдээ нээхгүй явдаг байсан юм. Тэгээд л сохор гэдэг хоч авчихсан. Орос хүн эх барьж авсан болохоор Толя гэсэн юм билээ. Тухайн үед орос нэртэй хүүхдүүд маш их байлаа. Харин Эрдэнэбулган гэдэг нэрийг хожим авсан. Орос руу тэмцээнд явах болтол заавал монгол нэртэй байх ёстой гэсэн болохоор өөртөө авсан нэр маань. Төрийн бодлого ч байсан байх. Ахаасаа асуутал “Ядах юу байх вэ, Эрдэнэтэд өсөж, Булганд төрсөн юм чинь Эрдэнэбулган гэчих” гээд л ийм нэртэй болсон хүн. Ийм нэр ховор байлаа. Архангай аймагт, бас Хөвсгөл аймагт Эрдэнэбулган сум гэж бий. Бас нэг сонин юм ярих уу. 

-Тэг л дээ? 

-Хэнтий аймгийн Дадал суманд очих үеэр сумын дарга залуугийнд очиж цайллаа. Нэлээд сууж байтал “Эрдэнэбулган гуай, танаас нэг зүйл асууя. Хүүхдийн нэрийг аав ээжийнх нь хэн нь өгдөг вэ” гэж асууж байна. Би ч “Асуух юу байна. Аав нь л өгнө шүү дээ” гэтэл “Миний хүүг Эрдэнэбулган гэдэг юм. Манай авгай Хатанбаатар киног үзээд энэ нэрийг өгсөн” гэдэг юм байна. Хүү нь гэж жигтэйхэн өндөр шар залуу орж ирсэн санагддаг. Миний ичсэн гэж. Тиймэрхүү хөгтэй зүйл зөндөө болно. Энэ бол миний хувьд гэрэл гэгээ, баяр баясгалан юм даа. Одоо ч Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг дарга нь Эрдэнэбулган гэж залуу бий. Сономын Удвал гуай бид хоёрыг тэнд очиход аав, ээж хоёр нь эрэгтэй хүүхэд гарвал Эрдэнэбулган, эмэгтэй хүүхэд гарвал Удвал гэж нэрлэнэ хэмээн ярьсан юм билээ. Толя байх үедээ би их жаргалтай, шувуу шиг эрх чөлөөтэй, задгай сайхан явжээ. Харин Эрдэнэбулган болоод тэр байдлаа жаахан хумьсан байх. 

-Ийм зүйл асууж байгаад уучлаарай. Та олны хайрыг татсан хүндтэй эрхэм. Гэхдээ ханиа ганц нэг гомдоож байсан тухайгаа ярьсан санагдах юм? 

-Нямын Цэгмид гэж лут хүн байсан. Хатанбаатар киноны нээлтийн дараа төв талбайн арслантай хөшөөний гинжин дээр намайг суулгаж байгаад “Энэ кино чамд нэр хүнд, алдрыг авчрах шинжтэй байна. Ийм зүйлд хүн халуурч, ард түмнийхээ хайр хүндлэлийг алддаг юм. Хэрвээ чи архи ууж, гудамжинд амаа нохойд долоолгоод хэвтвэл нүгэл. Баатар ван чинь чамайг тэнгэрээс харж байгаа. Тийм юм цухуйвал чамайг тэр чигт нь л явуулчихна. Бодож яваарай” гээд духан дээр минь үнсэж байлаа. Магсаржавын дүр надад ийм л хайр энэрлийг өгсөн. Би ч багшийнхаа хэлснээр энэ хайрыг дааж явах юмсан гэж их хичээсэн дээ. Миний тоглосон кинонд өөр бүсгүй хүнтэй учир зүггүй ойртсон дүр байдаггүй. Хатанбаатар дээр Цээням гэж сайхан жүжигчинтэй үр хүүхэд, заяа төөргийнхөө тухай ярилцдаг хэсэг бий. Гэхдээ “Нарны унага” гэж золигийн кино бий. Айлын авгай эргүүлж, салгаж байгаа бүтэлгүй дүр л дээ. Энэ дүрээсээ болж нэлээд загнуулсан. “Чи тэр сайхан Баатар вангийн нэр сүрийг бузарлалаа, гутаалаа” гээд л. Мянга тайлбарлаад нэмэр болоогүй. (инээв) Настайчуул харахтай зэрэг л зэмлэдэг байлаа. Ард олон гэдэг сайн сайхан дүрээ тэр чигээр нь хайрлаж, хамгаалах ёстой гэж боддог юм билээ. 

-Тэгэхээр та сайхан ч эр, сахилгагүй ч эр явжээ. Тантай зөрж өнгөрөхдөө эргэж хардаггүй эмэгтэй хүн цөөхөн байсан гэх юм билээ. Ид хав бүрдсэн нь ирвэс шиг дүүлж, ир нь мохсон сүх шиг элэгдэнэ гэдэг цаг хугацааны жам юм уу даа? 

-Нуугаад яах вэ. Кинонд тоглосны дараа хүүхнүүдээс захидал их ирнэ. Би ч тоохгүй, эхнэртээ үзүүлчихнэ. Гэхдээ дотроо харамладаг л байсан байх. “Яахаараа чамд захиа бичээд байдаг юм” гээд л. Би ч ажиггүй “Хөөрхөн болохоор л тэгж байхгүй юу” гэж явуулдаг байлаа. (инээв) Гэр бүлийн минь хүн надад үглэж дуулж, хатуу ширүүн аашилж байгаагүй ээ. Гэрээсээ явахаар шийдэж, чемоданаа бариад гарсан удаа ч надад бий. “Би явлаа” гэтэл миний хань тоосонгүй. “Тэг ээ, тэг. Чи юм хумаа бүрэн авсан уу” гэж байна. “Авсан” л гэлээ. Би ч гайхлаа. Гарах гэсэн “Булгаан, тэгээд тэр хүн чинь чиний оймсыг өдөр бүр угааж өгөх юм уу. Тийм л хүн байгаасай гэж бодож байна даа” гэсэн юм. Би юу ч яриагүй. (уйлав) Тэр үг надад их айхтар туссан. “Өдөр бүхэн чиний минь оймсыг угааж өгөх хүн таараасай” гэж. Бүсгүй хүнд л байдаг ухаалаг чанар гарч ирсэн юм болов уу гэж боддог. Буцаж ороод, чемоданаа орон дээр тавьчихаад дуугүй гараад явж билээ. Тэгээд би яваагүй юм. Амьдралд шалдар булдар юу ч тохиолдож болно. Гэхдээ над шиг будилж явсан нь цөөн байлгүй. Би сүүлд ханьдаа “Бурхнаас чи бид хоёрыг хэн ч салгаж чадахгүй гэр бүл болгож өгсөн юм байна. Би чамдаа баярлаж байна шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж янз бүрийн асуудал болж байсангүй.

-Та ханьтайгаа 50 гаруй жил амьдарлаа. Хүнийг хайрлах ухаан гэж их нарийн эд байх. Алдаж, ухаарч явсан эр хүнээс хайрын тухай асуухгүй өнгөрвөл алдас болох байх? 

-Ер нь бие биедээ итгэх ёстой юм. Миний хань айхтар ноён нуруутай хүн байсан. 50 жил ханилаад саяхан бурхан боллоо. Хүнд амьдралын шугам гэж байх ёстой. Чадраабалын Лодойдамба гэж суут хүн надад “Хүний амьдрал өөрийн гэсэн замтай. Хүн тэр зам дотроо л багтаж явах ёстой. Тэгж чадвал төв шулуун сайхан амьдралыг бүтээж чадна” гэж сургаж байв. Залуу зандан насанд сэтгэлд нийцсэн, нүдэнд туссан сайхан бүсгүйг харах увидас эр хүнд байлгүй л яахав. Тэгснийхээ төлөө амьдралаа, ар гэрээ үрэх юм бол сайхныг шохоорхох биш саваагүйтэхийн шинж гэж боддог. Нэгэнт хань ижил болоод нэг гэрт амьдарч буй хоёр хүн бие биеэ хайрлах үедээ хайрлаж, уучлах үедээ уучилж, ширүүлэх үедээ ширүүлэх ёстой юм. Шохоорхлоор давхиад байвал амьдрал амархан задарна. Шохоорхол гэдэг чинь хайр биш, дурлал биш. Түрхэн зуур үүлэн чөлөөнөөс гарах нар шиг тийм л зүйл. Олон тохиолдвол амьдрал бут үсэрч, тэр жаргалтай сайхан мөчүүдээ үгүй хийнэ. 

-Ханиасаа өөр эмэгтэйд сэтгэл алдарч байв уу. Болгарт сурч байх үедээ ч юм уу? 

-Үгүй ер. Чи ер нь энэ тухай яаж мэддэг нөхөр вэ. Хайртай бүсгүй байсан, байсан. Снеженка гэж сайхан бүсгүй байлаа. Тэр их сонин түүх. Сургуулиа төгсөөд бид хоёр Монгол руу хамт ирнэ гэж ярьдаг байв. Бид хоёр дундаасаа хүүтэй ч байсан. Хүүг маань Богдан гэдэг. Булган гэсэн утгатай юм. Яг явахын даваан дээр аав нь гэнэтхэн “Би чамд охиноо өгч явуулахгүй. Тэр Монгол чинь ямар ч орон юм билээ. Хүчирхэг, сайхан соёл түүхтэй орон гэж дуулсан. Гэхдээ би ганц охиноо өгч чадахгүй” гэж хэлээд биднийг явуулаагүй юм. Би Болгарт таван жил амьдарсан. Аялал жуулчлал өндөр хөгжсөн, сайхан орон. Залуу зандан, яахаас ч буцахгүй явсан үе. Олон аавын хүүхдүүд дунд орж юм үзэж, нүд тайлна гэдэг сайхан шүү дээ. Аав, ээж маань байхгүй юм чинь зун очоод хэрэггүй. Тэртээ тэргүй би монгол хүн юм чинь эх орондоо очиж амьдарна гэж боддог байлаа. Олдсон боломжоо ашиглан юм сурч, амьдрал ахуйтай танилцъя гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд таван жилийг тэнд өнгөрүүлсэн. Эцэст нь түүнийгээ дагуулж ирж чадалгүй, нутаг буцсан даа. Миний хүү Софигийн их сургуульд багшилж байгаад хэдэн жилийн өмнө өөд болсон. Нарийндаа бол энэ явган дурлал байгаагүй юм. Хэн хэн маань амьдаръя, сууя гэсэн хүсэлтэй байсан.

-Хоёр Толя сахилгагүйтэж явсан гэснээс Ардын уран зохиолч Д.Урианхай гуай тантай нэг анги байх аа? 

-Тийм, тийм. Манай ангиас олон алдартнууд төрсөн. Би хичээл номдоо сайн биш ч нэг их дорддоггүй байв. Харин Д.Урианхай хар багын л онц сурлагатан байсан. Бид нялхаасаа л нөхөрлөсөн. Сургууль руу явахдаа тэднийхээр заавал дайрна. Буцахдаа ч дайрна. Гэрийнх нь боорцгийг идэж, хоолыг нь буудаж өссөн дөө. 

-Сономын Удвал гуай таны “Их хувь заяаг” бүтээсэн хүн шүү дээ. Сэтгэл дотроо төсөөлж байсан Хатанбаатар нутгийнх нь хүн байж таардаг бас л хувь заяа байх. Тэр эрхэм хүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би Сономын Удвал, Гомбожавын Жигжидсүрэн гэх хоёр хүнийг шүтэж, бурханчлан залбирч явдаг. С.Удвал гуай мөн ч ялдам сайхан, уужуухан харьцаатай, асар өндөр соёлтой тийм л хүн байсан. Ж.Самбуу гуайг их сайхнаар дурсдаг, тэр хүний охин нь шахуу байсан. Хамт хөдөө гадаа явахаар машиндаа алчуур, чихэр хоёр байнга авч явна. Түүнийгээ мартана гэж үгүй. Заримдаа би “Яасан илүү зан юм дээ” гэж боддог байлаа. Өнчин өрөөсөн хүний ааш төрх ч байж мэднэ, ерөөсөө тэр хүний соёл ч байж мэднэ. Давхиж яваад хот айл харагдвал “Хоёулаа тэнд буугаад, цай уугаад гарах уу” гэнэ. С.Удвал гуайг таньдаггүй хүн ч байхгүй. Хүүхдүүд шаваад ирэхээр л атга атга чихэр алган дээр нь тавьж баярлуулна. Гүзээ нь гарсан хэдэн хөөрхөн юмнууд авах ёстой хишгээ авчихаад л гүйлдээд явчихна. Жолооч нь ч андахгүй. Явахдаа гэрийн эзэгтэй, охид бүсгүйчүүдэд нь алчуур бэлэглэнэ. Хэчнээн мөнгөтэй хүн байлаа ч С.Удвал гуай шиг бэлэг тараавал сэтгэл нь тэвчихгүй байх. Түүнтэй холбоотой өөр нэг сайхан дурсамж бий. 

-Ямар? 

Зохиолчдын хорооноос “Уран үгсийн чуулган” гэх тоглолтыг аймаг бүрд зохион байгуулдаг байв. Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ж.Шагдар гуай гээд олон сайхан зохиолчид шүлэг найргаа уншина. Би дундуур нь ганц нэг дуу аялна. Өвөрхангайд тоглолт дууссаны дараа аймгийн удирдлагууд биднийг хүлээж авлаа. Ц.Гайтав гуай байхгүй байсан юм билээ. Ахайтанд хундага очиход “Та бүхэнд их баярлаж байна. Манай зохиолчдыг сайхан хүлээж авлаа. Хөөрхий, энэ дотор миний муу Ц.Гайтав алга шив дээ. Бодвол та нар архи уудаг гээд л уриагүй биз дээ. Ц.Гайтавыг байхгүйд би хэн юм бэ. Уг нь Монголын соёлд энэ муу хэдэн зохиолчид их юм бүтээж яваа шүү дээ. Нэгийг нь байхгүйд би юу боллоо гэж баярлаж суух билээ. Та бүхэнд сайныг ерөөе” гэж хэлсэн юм. Тэгээд л тэр хүлээн авалт тарчихсан. Би тэр үед С.Удвал гуайг зүгээр ч нэг зохиолчдын ээж гэж хэлүүлдэггүй юм байна гэж бодсон. Өнөө нөхөд чинь хааяа балгана. Балгахдаа С.Удвал гуайгаас зугтаана. Хаана явна, тэр газрынх нь эсрэг талаар орж гарна, ээж гэж хүндэлж дуудна. Кино хийж байхад ч бидэн дээр байнга ирнэ. Жүжигчдийг хүүхэд аятай л чихэр боов тараана. Өнөөдүүл нь ч алга тосоод авна. Ийм л энгийн, даруухан хүн байсан. Монгол бүсгүйн эрхэм сайхан чанарыг дээд зэргээр хадгалсан бүсгүй гэж С.Удвал гуайг л хэлэх байх. Намайг нэрээр минь нэг ч удаа дуудаагүй. Насан өөд болтлоо л Баатар ван гэдэг байлаа. 

-Таны амьдралыг театргүйгээр төсөөлөх боломжгүй. Бүтэн хагас зуун жилийг тэр газарт өнгөрөөжээ. Театрынхаа тухай ярихгүй юу? 

-Миний ажилласан цорын ганц газар бол театр. Би театрт найрал дуучнаас эхлээд гоцлол дуучин, театрын ерөнхий найруулагч, дарга, уран сайхны удирдаачаар ажиллаж явлаа. Болгар, Ленинград руу тус бүр нэг удаа сургуульд явсныг эс тооцвол бүх цаг хугацааг театртаа өнгөрүүлжээ. Эхнэрээ ч театраасаа авсан. Би театраас бүх сайн сайхныг нь өөртөө нааж, шингээсэн гэж боддог. Би энд ажиллахдаа Монгол Улсыг дөрвөн удаа бүтэн тойрсон. Тойрохдоо аймаг, сум, багтай нь тойрсон. Баян-Өлгийд хамгийн цөөн буюу дөрвөн удаа очжээ. Театрынхаа буянаар Монгол орноо бүтнээр нь үзэж, чихэр жимс шиг үзэсгэлэнт байгалиар мэлмийгээ баясгаж явсан минь хэн хүнд олдохгүй хувь заяа. Хатанбаатар газар шороо, уул усныхаа төлөө халуун амиа зориулах ёстой гэсэн сургаалаар л юм үзэж, нүд тайлсан. Мөн 30 гаруй улсын хилийн дээс давж, Монголынхоо соёлыг гайхуулж явсан минь бас нэг бахархал.

-Та “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд 319 удаа тоглосон. Монголын сонгодог урлагийн сод туурвилын нэг энэ бүтээлд оруулсан таны хувь нэмэр тун их санагддаг. 

-Монголын сонгодог урлагийн түүхэнд оруулсан хувь нэмэр надад бий гэж бодож явдаг. 1993 онд фильм опера гэх төрлийг Монголд анх удаа оруулж ирэн, “Учиртай гурван толгой” кино дуурийг найруулсан. Одоо ч гэсэн би театртаа ажиллаж байна. Театрын дарга Ц.Түвшинтөгс “Манай театрт тоглож буй дуурийн 90 хувь нь таных байна. Уран бүтээлч хүнд зодог тайлах гэж байдаг. Та театртаа сайхан уран бүтээл хийгээд зодог тайл. Наян насны тань ойг тэмдэглэе” гэж урьсан. Саяхан Л.Мөрдорж гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Хөхөө намжил” дуурийг тавилаа. Ирэх жил театрын 70 жилийн ойг угтаж “Учиртай гурван толгой” дуурийг Д.Нацагдоржийн эх зохиолоор буюу анхны хэлбэрээр нь тавихаар ажиллаж байна. Тайзнаа нийт 2427 удаа тоглосон энэ дуурь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд асар том байр суурь эзэлдэг. Энэ тоо нэг юм хэлж байгаа биз. Баталгаа ч гэх юм уу. Миний анхны Нансалмаа Ардын элчийн Ариунаа буюу П.Цэвэлсүрэн байлаа. 

-Тухайн үед урлаг соёлоор хүмүүжүүлэх ажил эрчимтэй хийдэг байж. Гэтэл өнөө цагт урлагийн боловсрол үгүй болж, театр руу шагайж ч үзээгүй залуус ихэссэн байна. Барилгыг нь нурааж шинээр барих болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ? 

-Дээр үед урлагийн бригад орон нутгаар үхэр тэрэгтэй явдаг байсан. Тэгж байж л урлаг хөгжсөн. Төр засаг театр, музейгээ шинэчлэх ёстой. Энэ театрт 70 жил гар хүрээгүй. Хүчтэйхэн хүрэхэд тоосго нь үйрч унахаар боллоо. Ганц манай театр ч биш. Нэг л өдөр үзэгчдийн дээрээс театрын хана, тааз нь нураад ирвэл хэн хариуцах юм. Тэгж яривал Драмын театрын энэ ягаан байшин минийх, бидний үеийнхнийх юм шүү. Бид сарын цалингаа өгч бариулсан соёл урлагийн төв гэж болно. Драмын театр, Хүүхэлдэйн театр, ҮДБЭЧ гээд гурван театр бүтээлээ хийх газаргүй 70 жил боллоо. Монголыг хүүхэд, залуусын эх орон гэж ярьдаг. 100 ч хүрэхгүй хүүхдийн багтаамжтай Хүүхэлдэйн театртай байж яаж тэднийг хүмүүжүүлж, урлагийн боловсрол олгох вэ. Драмын театрын Н.Наранбаатараас эхлээд манайд залуухан, чадварлаг найруулагч олон байна. Тэд шинэ зүйл сэдэж, шинэ бүтээл хийх гэхээр бүх тоног төхөөрөмж нь хоцрогдсон байна. 1960-аад оны төхөөрөмж шүү дээ. Театрт орж үзээгүй байж театрын тухай ярьдаг нам засгийн элий балай нөхөд болих хэрэгтэй. Би тэднээс илүү мэднэ. Яагаад гэвэл энэ байшин дотор бүх амьдралаа өнгөрөөсөн. Аль нь сайн, юу нь муу гэдгийг, ямар гайхамшигтай уран бүтээлчид ажилладгийг би мэднэ. Энэ бүх зүйлээ ахмадуудаасаа асууж, шавхуурдах хэрэгтэй. 

-Булганы нөхөд чинь таныг А.И.Филатова гуайн өмнө халааж явсан түүх бий гэдэг. Тэр явдлын талаар нарийн ярихгүй юу? 

-/инээв/ Монгол хүн сансарт ниссэний хүндэтгэлийн концертыг найруулах үүрэг надад оногдсон. Сайхан хувь заяа. Ж.Гүррагчаа баатар нутгийн маань хүн байсан болохоор онгод ч илүү орсон байх. Их хөгжилтэй концерт болсон. Дандар баатар, Зундуйн Дорж хоёр намайг тарчлаасан даа. “Гуравхан минут ярина шүү” гэж даалгавар өгтөл “Тэгэлгүй яах вэ. Ах нар нь түүнээс илүү ярьж чадах ч үгүй” гэсэн юм. Яг концерт эхэлтэл Л.Дандар ах 16 минут ярьсан. Ингээд концерт будаа боллоо. Дараа нь З.Дорж шүлэг уншихдаа бараг л бүтэн номоо унших шахаж, нүүр хийх газаргүй болгосон. Түүнээс болж би ажлаа алдах нь ч тодорхой болов. Гэхдээ юм гэдэг учиртай. Маргааш нь Ю.Цэдэнбал даргын авгай дуудаж байна. Асуудал ч ойлгомжтой. Харин н.Баатарцогт сайд “Л.Эрдэнэбулган дурак, Л.Дандар, З.Дорж, Ж.Гүррагчаа нар чинь нэг нутгийнх юм. Тэгээд л сэтгэл нь хөөрсөн байх” гэж байж аварч билээ. “Авгай” / Цэдэнбал Филатова/-г хүмүүс муу хэлдэг. Уг нь муу хүн биш. Би тэр хүнд загнуулж ч явлаа, хайрлуулж ч явлаа. 

-Монгол хүн сансарт ниссэнтэй холбоотой дурсамж танд ганц нэгээр тогтохгүй байх. 

-Тэр үед Литвийн найруулагч Монголд ирж, би үйлчилж явсан юм. “Авгай”-гийн машиныг унаж байсан. Их тэнгэрийн аманд очтол Улс төрийн товчоо тэр аяараа цуглачихсан биллиард тоглоод байж байна. Улаан, ногоон хоёр өнгийн боолттой, юмнууд нэг буланд нь овоолчихсон. Н.Лувсанравдан гуай надад “Чи Булганых гэл үү. Аз л мэднэ дээ. Энэ хоёрын нэг нь танай Булганых юм” гэж байна. Боодолтой юм нь Булган, Архангайн хоёр нисгэгчийн хэн нь ниснэ. Тэр нь задлах ёстой зүйл байж. 00:00 цагийн үед “За, танай хүн ниссэн гэнэ шүү” гэж хэлээд намайг дайрчих шахам гарч явсан. Надад унаа хөсөг байх биш. Литва найруулагчдаа “Манай аймгийн хүү сансарт нисжээ. Би талбай дээр очмоор байна. Монголын ард түмэн тэнд бужигнаж байна. Надад унаа байдаггүй” гэтэл өнөөх маань “Чи, “Авгай”-тай хэр үү” гэж байна. Би ч танихгүй шахуу л гэлээ. Найруулагч нөхөр маань утас цохиж надад машин өгөхийг гуйтал “Асуудал гарвал хоёулаа хариуцлага хүлээнэ шүү. Дуурийн театрын залуу найруулагч байгаа юм. Би мэдэж байна” гээд машинаа өгсөн түүхтэй. “Авгай”, дарга хоёр хоёулаа л сэтгэл нь хөөрөөд унтаагүй байсан юм билээ. Ингээд “Авгай”-гийн “Бенз”-ийг унаад талбай дээр иртэл түмэн амьтан. Цас том томоор малгайлж орсон тэр намуухан үдэш дарга цэрэггүй баярлаж хоносон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа л Монголын ард түмэн ингэж баярласан гэдэг. Маргааш өглөө нь кино үйлдвэр рүү давхиад очтол Жийгээ /Г.Жигжидсүрэн/ нэг шил архи бариад сөхөрчихсөн сууж байна. “Бууж өглөө. Танай аймаг мундаг юм байна” гээд л. /инээв/ Энэ түүхийг би хэнд ч яриагүй юм шүү. Хөөрөөд ярьчихлаа. “Авгай”-н тэргийг би 24 цаг унасан. Тэр хүнийг би муу гэж хэлэхгүй, харин бэрээ захирч чадаагүй Улс төрийн товчоо л буруутай. Бас нэг түүх бий. 1979 онд Далай лам Монгол Улсад анх удаа айлчлах үеэр Чойжилын Чимид гуай над руу утасдаад “Өнөөдөр Монголд чамаас илүү мэдэлтэй хүн алга. Далай ламаас адис авах гэсэн чадахгүй байна” гэсэн. Театрыг гурван давхар бүсэлсэн юм. Хүмүүс явсан газрынх нь шороог маажиж, цаасанд боогоод л. Шашин гэдэг тийм айхтар. Би Ч.Чимид гуайг “Концертод орох гэж байгаа” гэж худал хэлээд оруулж байлаа. Далай багш руу ортол дарга сууж байна. Бал дарга ч Ч.Чимид гуайг тун сайн таних юм. Ингээд би Бал дарга, Ч.Чимид гэсэн эрхэм хүмүүстэй хамт Далай багшаас адис хүртсэн дээ. Тэр сайхан хүнд зориулж концерт хийсэндээ баярлаж, бахархаж явдаг.